Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/109

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Арсланбаатар,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.У, түүний өмгөөлөгч Л.Б,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э, түүний өмгөөлөгч Ч.Мөнхбаяр, Г.Алтанчимэг,

Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Ж, түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл,

Шүүгдэгч П.Т, түүний өмгөөлөгч Н.Нармандах,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                                           

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П-ийн Тд холбогдох 2328002630003 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Биеийн байцаалт:               

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч П.Т нь жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон байхад Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум явах засмал замын 67 дахь километрт 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Б.Жы эзэмшлийн ... улсын дугаартай “Toyota kluger” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4б дэх заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Б.Бийн амь нас хохирч, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.            

ТОДОРХОЙЛОХ нь:   

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч П.Тыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч П.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Ийм зүйл болно гэж бодоогүй. Би буруугаа хүлээж байна. Ж намайг яваад ир гээд үзүүлчхээд явж байхад ийм зүйл болсон гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би нөхөртэйгөө 2019 оны 12 дугаар сараас хамт амьдарсан. Тэр хугацаанд манай М охин төрсөн. Манай нөхөр барилгын дотор засал хийдэг байсан. Ж ахтай хамт ажилладаг байсан. Мөн “UB cab” ХХК-д дуудлагын жолоочоор давхар ажиллаж байсан. Тухайн үедээ Цогт-Овоо сум руу ажил хийнэ гээд явсан. 09 дүгээр сарын 05-ны өдрийн 01 цаг өнгөрч байхад над руу манай нөхрийг нас барсан гэж ярьсан. Нөгөө талаас ахыг нь хууль ёсны төлөөлөгчөөр томилоход гомдолгүй гэж хэлсэн байсан. Би нөхрөө алдсан хүн гомдолгүй байна гэж байхгүй. Тийм учраас өмгөөлөгч аваад охиныхоо хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа. Нөхөр бид хоёр гэрлэлтийн баталгаагүй байсан учраас би охиныхоо хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа. Сэтгэл санааны хохиролд 198,000,000 төгрөг, өмгөөллийн зардалд 5,000,000 төгрөг, шатахууны зардалд 2,383,834 төгрөг, тэжээгчээ алдсан тэтгэврийн зөрүүнд 34,553,088 төгрөг, нийт 239,936,922 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.У шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Сэтгэл санааны хохиролд 83,600,000 төгрөг нэхэмжилж байгаа. Тын зүгээс 12,000,000 төгрөг өгсөн. Гэхдээ надтай уулзаагүй, уучлалт гуйгаагүй. Ж бүх зүйлийг дааж, тусалж байсан. Сэтгэл санааны хохирлыг зээ хүүхдэдээ өгөх байсан. Надад шуналдсан зүйл байхгүй. Оршуулгын зардал 20,000,000 төгрөг болсон. Уг 12,000,000 төгрөгийг  оршуулгын зардалд оруулсан. Үлдэгдэл 8,000,000 сая төгрөгийг гаргуулж өгнө үү. Э надтай хүүхдийг уулзуулахгүй байгаа. Миний сэтгэл өвдөж байна гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Ж шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хамтрагчаа алдаад, мөн эд хөрөнгөөрөө хохирч байгаад харамсаж байна. Тухайн үедээ би машинаа нэхэмжлэхгүй гэж байсан ч одоо шүүгдэгчээс нэхэмжлэх хүсэлтэй байгаа. Дүгнэлтээр 11,000,000 төгрөгийн үнэлгээтэй гарсан гэв.

Иргэний хариуцагч Б.Ж шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Эхнэр, 3 хүүхэд, хадам эхийн хамт амьдардаг. Нэг хүүхэд асаргаанд байдаг. Эхнэр хөгжлийн бэрхшээлтэй. Хадам эх нойргүйдлийн өвчтэй. Гэр бүлээсээ би хөдөлмөр эрхэлдэг. Хохирол төлбөрийг төлөх боломжгүй гэв.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод 3, 4 дүгээр хороололд сургуулийн хүүхдийнхээ хувцсыг нь авах гээд явж байхад 14 цаг болж байхад манай дүүтэй цуг ажил хийж байсан Ж /Ж/ гэдэг залуу нь миний дугаар руу талийгаачийн гар утсаар над руу залгасан. Тэгээд юу болсон талаар асуухад талийгаач дүүг маань замын осолд орсон эмнэлэг рүү аваад явсан гэж ярьсан. Талийгаач дүүгийн гар утаснаас дахиж Ж нь залгахдаа нас барсан талаар хэлсэн.” /1 дүгээр хавтаст хэргийн 38-42 дахь тал/

Насанд хүрээгүй хохирогч Б.Мгийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Миний охин М нь талийгаач Б.Бийн төрсөн охин бөгөөд одоо 9 сартай энэ хэргийн гол хохирогч нь миний охин Б.М гэж үзэж байна. Мөн талийгаач бид хоёр 2019 оны 12 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сарын 06-ний өдөр хүртэлх хугацаанд хамтран амьдарч ажиллаж, хөдөлмөрлөж байсан бид хоёр гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Иймд би энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа. Талийгаач нь Б овогтой Жтай барилгын засал чимэглэл, интерьер заслын ажлыг хамтарч хийдэг байсан бөгөөд Б.Ж ахлахаар нь ажилладаг байсан ба Ж ах байгууллагуудтай ажлын гэрээг байгуулж, тохирсон ажлын хөлсийг авч, улмаар хийсэн ажлын хөлсийг хамтарч ажилласан хүмүүс болон Б.Бт түүний данс руу ажлын хөлс гэж шилжүүлж өгдөг байсан гэж ярьдаг байсан. Талийгаач 2023 оны 08 дугаар сарын 29-нд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум руу компанийн кемп 7 хоногийн хугацаанд барихаар Б.Ж болон Т нарын хамтаар явсан. 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр талийгаач над руу залгаад би ажлаа хийж байгаад нүдэндээ төмөр оруулаад түүнийгээ Өмнөговь аймгийн эмнэлэгт очиж авхуулчихаад Ж ахтай хамт буцаад ажил руугаа явж байна, маргааш бас ирж авхуулна миний нүдэнд орсон төмрийн 70 хувийг өнөөдөр авсан, маргааш 30 хувийг авна гэж хэллээ гэж ярьсан. Маргааш нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 06-ны 08 цаг өнгөрч байхад талийгаач фейсбүүк чатаар залгаад Өмнөговь аймгийн эмнэлэг дээр ирсэн байна одоо эмнэлэгт үзүүлэх гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би үзүүлчихээд залгаарай гэж хэлсэн. Тэгсэн 09 цаг 26 минутад залгаад нүдний төмрөө авхуулчихлаа одоо нүд зүгээр болсон гэж хэлсэн бөгөөд жолооч Т ах гадаа байсан чинь алга болчихсон байна ахыг хайгаад явж байна гэж хэлээд утсаа тасалсан. Түүний дараагаар 13 цаг 19 минутад талийгаачийн чатнаас би Ж ах нь байна дугаараа явуулчих яаралтай гэсэн чат ирсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө дугаарыг явуулсан, тэгсэн Ж ах над руу залгаад Т, Б хоёр Даланзадгад сум яваад эргээд ирж байхдаа зам тээврийн осолд орсон байна, одоо танай хүн хагалгаанд орж байгаа гэж хэлсэн. Сүүлд нь сонсоход энэ цаг хугацаанд манай нөхөр нас барсан байсан юм байна лээ ингэж нөхрийгөө нас барсан талаар мэдсэн.” /1 дүгээр хавтаст хэргийн 43-48 дахь тал/

Хохирогч хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч П.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Талийгаач миний бага хүү учраас би өөрөө энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцохоор болсон. Миний дунд хүү энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байсныг болиулаад өөрөө оролцохоор болсон. Талийгаач барилгын засал, автомашин засах, таксинд явдаг байсан. Талийгаач нь Б овогтой Жтай барилгын засал чимэглэл, интерьер заслын ажлыг хамтарч хийдэг байсан бөгөөд Б.Ж ахлахаар нь ажилладаг байсан. Өмнөговь аймаг руу ажлаар явлаа гээд 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр манайхаар охин Мтой ирсэн. 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр над руу залгаад хүү нь маргааш ажлаасаа бууна, очоод үүдний амбаар барьж өгнө гэж хэлсэн. Маргааш өдөр нь би автобусанд явж байхад нэг хүн манай хүүгийн дугаараас залгаад Бийн ээж үү гэхээр нь тийм гэсэн чинь танай хүү осолд ороод Өмнөговийн эмнэлэгт ирсэн байна гэж хэлсэн. Би тэгээд шууд яваад Эгийн гэрт очсон. Тэгээд байж байхад манай хүү А залгаад Бийг нас барсан талаар хэлсэн, тэрийг сонсоод би ухаан алдаад унасан. Үүнээс цааш мэдэх зүйл байхгүй байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 52-55 дахь тал/

Иргэний нэхэмжлэгч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:Би Т, А талийгаач Б нарын хамтаар байсан. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас хойш 12 км газарт байх мод үржүүлгийн газарт барилгын ажил хийхээр 2023 оны 08 дугаар сарын 27, 28-ны үед ирсэн. Бид ажлын байран дээрээ ирээд ажлаа хийж байхад 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр талийгаачийн нүдэнд юм орчихлоо юм харж чадахгүй байна гэж хэлэхээр нь би Цогт-Овоо сумын төвд очоод чигээрээ Даланзадгад сумын төв рүү явсан. Даланзадгад сумын төвд ирээд БОЭТ-д үзүүлсэн чинь төмрийн үртэс орсон байна гээд авч өгсөн, эмч хэлэхдээ нүдэнд чинь төмрийн үртэс ороод удсан байгаа тул маргааш өглөө 10 цагт дахин ирж үзүүл гэж хэлсэн. Тэгээд талийгаач бид хоёр буцаад ажлын байр руугаа явсан. Буцаж явахдаа бид хоёр хоорондоо ярилцаад хоёулаа хамт явахаар ажлаа алдаад байна тийм учраас маргааш чи нэгэнтэй нь явчих гэж хэлсэн. Тэгээд ажил дээр очоод Тыг маргааш аймаг хамт яваад өгөх үү гэсэн чинь зөвшөөрсөн. Маргааш өглөө нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө Даланзадгад сум руу явсан. Тухайн өдрийн 10 цагийн үед Т залгаад бид хоёр осолд орчихлоо гэж хэлсэн. Тэгээд би тухайн мод үржүүлгийн захирал Э гэдэг хүнтэй хамт ослын газарт ирэхэд машин замын хажуу тал руу онхолдсон байсан. Тэгэхээр нь би машин дээрээ үлдээд Эыг Даланзадгад сум руу явуулсан. Би тэнд тарсан зүйлүүд болон машины эд ангиудыг цуглуулаад байж байсан чинь барилгын материал ачсан хоёр залуу явж байсан. Тэр хоёр зогсоод машиныг чинь босгоод өгөх үү ах гэхээр нь тэг тэг гээд босгуулчихаад байж байхад аймаг явсан. Э залгаад Бийн бие тааруу байна чи хүрээд ир би цаанаас чинь унаа дуудсан хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би ирсэн унаагаар явж байхад Т залгаад Бийг нас барсан талаар хэлсэн... Миний эзэмшлийн “Toyota Kluger” загварын автомашин байгаа юм, энэ машин одоо Даланзадгад сумын төвд айлын хашаанд байгаа. Энэ машиныг би Транскапитал ББСБ-ийн нэр дээр бүртгүүлж зээл авсан байгаа, би одоо зээлээ хэвийн төлөөд явж байгаа.” /1 дүгээр хавтаст хэргийн 56-59 дэх тал/

Гэрч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Талийгаачтай хамт явах хүн нь ганцхан Орсоо буюу Т байсан болохоор Орсоо явсан. Харин талийгаач маань намайг найз А та хоёр үлдсэн ажлаа хийж бай би Орсоо буюу Т ахтай хамт яваад ирье гээд явсан. Талийгаач дүү маань Өмнөговь аймгаас ирээд будгийн ажил хийгээд бид дөрөв Улаанбаатар хот руу явах ёстой байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 62-63 дахь тал/ 

Гэрч М.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт:2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 042070122058 тоот зээлийн гэрээг үндсэн зээлдэгч Б.Ж хамтран зээлдэгч Э.Д, Д.О нар гарын үсэг зурж баталгаажуулан 22 сая төгрөгийн зээлийг 2,9 хувь 36 сарын хугацаатай авсан. Тус зээлийн гэрээний дагалдан гэрээ болох үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Пидуци/-ээр ... улсын тугаартай “Тоёота клугер” загварын автомашиныг Б.Ж барьцаалсан. Манай байгууллагаас дээр дурдсан Пидуцийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т зааснаар үүрэг гүйцэтгэгчийн баталгаат зөвшөөрлийг дурдсан. Тухайн гэрээнд зааснаар зээлдэгч Б.Ж нь захиран зарцуулах, эзэмших, ашиглах эрхтэй ба хууль зөрчсөний улмаас учирсан хохирлыг зээлдэгч Б.Ж бүрэн хариуцах болно. ... улсын дугаартай автомашин нь автотээврийн үндэсний төвийн дотоод дүрэм журмын дагуу зээлийн барьцаанд зөвхөн манай байгууллага дээр бүртгэлтэй байгаа боловч хууль ёсны өмчлөгч нь Б.Ж юм.” /1 дүгээр хавтаст хэргийн 67-68 дахь тал/

Шүүгдэгч П.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө Цогт-Овоо сумын төвөөс 12 км зайд байрлах Мод үржүүлэхийн газарт 07 цагт өглөөний цайгаа уугаад ажил 08 цаг гээд эхэлдэг. Ажил эхлэхээс өмнө би болон талийгаач Б бид хоёр Өмнөговь аймаг руу явахаар болоод Өмнөговь аймгийн Төв нэгдсэн эмнэлэгт талийгаач Бийн нүдийг үзүүлээд буцаад ажил руугаа 09-10 цагийн хооронд Өмнөговь аймгийн төвөөс гарах гээд Ж руу залгаж хэлсэн. Тэгээд би хар өнгийн “Тоёота клугер” загварын тээврийн хэрэгслийг жолоодоод хажууд талийгаач Б нь суудлаа налуулж хэвтүүлээд гар утсаа оролдоод инээгээд явсан ба Өмнөговь аймгаас гараад 1 цаг орчим явж байхад талийгаач Б нь цонхоо онгойлгосон ба тухайн үед би хэзээ шулуун замд цонх онгойлгодог юм гээд хэлэхэд сонсохгүй болохоор нь өөр рүү нь хараад нудраад эргээд урагшаа замаа хартал замын хажуу тал руу унасан. Тэгээд сэргээд хартал машины дөрвөн дугуй дээшээ харсан байрлалтай би бүсээ бүсэлсэн байсан ба бүсээ тайлах гээд чадахгүй байсан. Талийгаачийг дуудахад би босож чадахгүй байна гэхээр нь би өөрөө арай хийж бүсээ тайлаад гараад талийгаачийг гаргах гээд нөгөө хаалга дээр очиход талийгаач нь машины гадна хэсэгт хэвтэж байсан ба талийгаачийн хоёр хөлийн шагай хэсгээр машины дээвэр хэсэг дарсан байдалтай байсан. Би сандраад талийгаач Бийг гаргах гэтэл машиныг өргөж дийлэхгүй байсан тул зам руу мөлхөж гараад замд явж байсан тээврийн хэрэгслийг зогсоож манай найз даруулчихлаа гээд гуйхад хоёр “Приүс” загварын авто машинтай 3-4 залуу бууж ирж машин өргөлцөж өгч хөлийг нь гаргасан. Тэгээд нөгөө дүү нараас эмнэлэг цагдаа дуудаарай гэж хэлэхэд нөгөө залуучууд цагдаа, эмнэлэг дуудсан гэж хэлсэн. Харин тухайн залуучуудтай байж байхад нэг эмэгтэй бууж ирээд би эмнэлгийн хүн байна, би наад хүнийг нь аваад аймаг явж байя гэхээр нь тухайн эмнэлгийн машинд талийгаачийг аваад би цуг хамт ирсэн. Тэгээд тухайн хүмүүс нь яаралтай тусламжийн тасагт талийгаачийг хэвтүүлж өгөөд явсан. Тэгээд талийгаачийн биеийн байдал нь тогтвортой болж өгөхгүй байна тогтвортой болох юм бол хагалгаанд орох болно гэж эмнэлгийн эмч хэлэх шиг болсон. Тэгээд удаагүй талийгаачийг нас барсан гэж эмч хэлсэн.” /1 дүгээр хавтаст хэргийн 71-73 дахь тал/

 Өмнөговь аймаг дахь Бүсийн шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 128 дугаартай дүгнэлтэд:Б.Бийн цогцост үзлэг шинжилгээгээр баруун талын III-V, зүүн талын II-VIII хавирганы хугарал (VII-VIII хавирганы хоёрлосон хугарал), зүүн уушгины хатгагдсан шарх, голтын цус хуралт, хуйхан доорх цус хуралт, дээд уруул, эрүү, хүзүү, цээж, баруун бөөр орчим, зүүн өгзөг, баруун гуя, шилбэ, зүүн өвдөг, шилбэний зулгаралт, баруун гарын алга, бугуй дахь шарх зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүдийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоох ач холбогдолгүй болно. Б.Б нь олон хавирганы хугарал, уушгины гэмтлийн улмаас амьсгалын дутагдлаар нас баржээ.” /1 дүгээр хавтаст хэргийн 76-79 дэх тал/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээнд: “Toyota Kluger V” загварын автомашин нь 2023 оны 09 дүгээр сарын 06-ны байдлаар зах зээлийн дундаж үнийг 11,000,000 төгрөгөөр тогтоов.” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 94-96 дахь тал/

Шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 41 дугаартай дүгнэлтэд: “1. ... улсын дугаартай “Toyota kluger” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч П.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. мөн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 2. ... улсын дугаартай “Toyota kluger” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч П.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн П.Тын жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох, Тээврийн хэрэгслийн хурднаас шалтгаалж хүний биед болон эд зүйлд учирсан хохирлыг шинжээчийн зүгээс тогтоох боломжгүй байна. Аливаа хэргийн үнэн зөвийг хөдөлшгүй тогтоохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу туршилт хийдэг. Гэхдээ уг хэрэгт туршилт хийх боломжгүй. Учир нь тухайн үед автомашин ямар хурдтай явсныг, цаг агаарын нөхцөл, салхины хурд, мөн зам тээврийн ослын схем зураг, Криминалисткийн шинжээчийн гэрэл зургийн үзүүлэлт зэрэгт уг тээврийн хэрэгслийн тоормосны мөр тэмдэглээгүй байна. 3. Тухайн зам тээврийн осол нь ... улсын дугаартай “Toyota kluger” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч П.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогcoox apra хэмжээ авна. 4.5 дахь асуултуудыг нэгтгэн хариулахад амь хохирогч Б.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 6.1. Тээврийн хэрэгслээр зорчигч дараахь үүргийг хүлээнэ: а/ хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх, 6.2. Тээврийн хэрэгслээр зорчигчид дараахь зүйлийг хориглоно: а/ хөдөлгөөний үед жолоочийн Арлыг сарниулах, жолоодлогод саад болох, гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна мөн ... улсын дугаартай “Toyota kluger” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч П.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. мөн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болж байна. мөн ослын газрын үзлэг, фото зураг схем зураг, оролцогч нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт тусгагдсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 100-101 дэх тал/  

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 154 дугаартай дүгнэлтэд: “П.Т нь сэтгэцийн талаас зан төрхийн өөрчлөлттэй болсон. Мэдрэлийн талаас гэмтлийн шалтгаант энцефалопатия. Зан төрхийн өөрчлөлт, тархины усжилт эмгэгтэй байна. Дээрх мэдрэлийн эмгэг нь олдмол эмгэг болно. П.Т нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. П.Т нь мэдрэлийн талаас гэмтлийн шалтгаант энцефалопатия. Зан төрхийн өөрчлөлт, тархины усжилт эмгэгтэй байх ба мэдрэлийн эмчийн группд хөдөлмөрийн чадвар алдалтын 60%-тай байдаг гэх эмнэлгийн бичиг баримт байна. П.Т нь хэрэг хариуцах чадвартай байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 111-114 дэх тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 14-22 дахь тал/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 23 дахь тал/

2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 27-37 дахь тал/

Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 43 дахь тал/

Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 45 дахь тал/

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13/7202 дугаартай албан тоот /1 дүгээр хавтаст хэргийн 104 дэх тал/

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13/7209 дугаартай албан тоот /1 дүгээр хавтаст хэргийн 107 дахь тал/

Нас барсны бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 167 дахь тал/

П.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 126 дахь тал/

П.Тын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 127 дахь тал/

Гэрлэлт дуусгавар болсны бүртгэл, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 133, 134 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 135 дахь тал/

П.Тын Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /1 дүгээр хавтаст хэргийн 140-141 дэх тал/

П.Тын өвчний түүхийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 148-158 дахь тал/

П.Тын жолоочийн үнэмлэхийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 139 дэх тал/

Б.Бийн төрсний гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 168 дахь тал/

Ц.Эгийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 201 дэх тал/

Б.Мгийн төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 202 дахь тал/

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолын хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 204, 205, 3 дугаар хавтаст хэргийн 140 дэх тал/

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 207 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 181-238 дахь тал/

“Юбикаб” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23/263 дугаартай тодорхойлолт, гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 208-209 дэх тал/

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, төлбөрийн баримт /1 дүгээр хавтаст хэргийн 210-212 дахь тал/

П.Уийн хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 169-191 дэх тал/

Ц.Эгийн хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 213-218, 221-222 дахь тал/

Ц.Эгийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймаг дахь Прокурорын газарт гаргасан хүсэлт /1 дүгээр хавтаст хэргийн 226 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 05-06 дахь тал/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /2 дугаар хавтаст хэргийн 09 дэх тал/

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2023/04698 дугаартай шийдвэр /3 дугаар хавтаст хэргийн 42-43 дахь тал/

Чатны хуулбар /3 дугаар хавтаст хэргийн 66-67 дахь тал/

Ц.Эгийн Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан баримт /3 дугаар хавтаст хэргийн 141-143 дахь тал/

Төлбөрийн баримт /3 дугаар хавтаст хэргийн 128, 138 дахь тал/

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хавтаст хэргийн 129-131 дэх тал/

Б.Б, охин Б.М, Ц.Э нарын гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 133 дахь тал/

Ц.Балжиннямын жолоочийн лавлагааны хуулбар /3 дугаар хавтаст хэргийн 134 /

Автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагааны хуулбар /3 дугаар хавтаст хэргийн 135 дахь тал/

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 4698 дугаартай “Ц.Эг талийгаач Б.Бтой хамтын амьдралтай байсныг тогтоосон тухай” шийдвэр /3 дугаар хавтаст хэргийн 144 дэх тал/

Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Засар даргын тодорхойлолт /3 дугаар хавтаст хэргийн 145 дахь тал/

Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний тодорхойлолт /3 дугаар хавтаст хэргийн 146 дахь тал/

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэр, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 147-148 дахь тал/

Э.Дгийн иргэний үнэмлэхийн хуулбар /3 дугаар хавтаст хэргийн 149 дэх тал/

Э.Дгийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /3 дугаар хавтаст хэргийн 150 дахь тал/

Э.Дгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх /3 дугаар хавтаст хэргийн 151 дэх тал/

Гэрлэлтийн бүртгэлийн хуулбар /3 дугаар хавтаст хэргийн 152 дахь тал/

Ж.Аззаяа, Ж.Билэгт, Д.Билгүүн нарын төрсний гэрчилгээний хуулбар /3 дугаар хавтаст хэргийн 153-155 дахь тал/

Д.Оын иргэний үнэмлэхийн хуулбар /3 дугаар хавтаст хэргийн 156 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд П.Тд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т арван найман насанд хүрээгүй хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шаардлагатай гэж үзвэл түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хаалттай явуулж болохоор заасан бөгөөд хэдийгээр энэхүү хэрэгт бага насны хүүхэд хохирогчоор тогтоогдсон боловч Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.12-т заасан хувь хүний нууцад хамаарах мэдээлэлгүй, оролцогчдын зүгээс хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шүүх хуралдааныг хаалттай явуулах санал, хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдааныг нээлттэй явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч П.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон сэтгэл санааны хохирлыг шүүгдэгчээс нийтдээ 149,936,922 төгрөгийг гаргуулах, үүнээс сэтгэл санааны хохиролд 99,000,000 төгрөгийг нь гаргуулах, бусад хохиролд нь 51,336,922 төгрөгийн хохирлыг гаргуулан бага насны хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Эд олгох, оршуулгын зардалтай холбоотой баримт байхгүй байгаа учраас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй үлдээх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Уранбилигийн хувьд хэрэгт авагдсан баримтаар 12,300,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Энэ нь бүрэн төлөгдсөн гэж шүүх хуралдааны явцад яригдсан. Үүнээс 8,000,000 төгрөгийн баримт нь хавтаст хэрэгт авагдаагүй байгаа учраас энэ талаар баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна гэх,   

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эгийн өмгөөлөгч Ч.Мөнхбаярын хувьд ...Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 137202 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч М, амь хохирогчийн эхнэр Ц.Э нарын сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасны дагуу нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, эсхүл хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх  хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлээд хохирогчид аль ашигтайгаар шийдэхээр шүүхэд эрх хэмжээг нь олгосон байгаа. Сэтгэл санааны хохирлыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр үржүүлэхэд 99,000,000 төгрөг болж байгаа ба хоёр хүнийх нийт 198,000,000 төгрөгийг шаардаж байна. Насны байдлаар нь бодвол 84,425,000 төгрөг болж байгаа. Шүүх өөрөө эрх зүйн дүгнэлт хийх байх гэж бодож байна. Сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудал нь 2023 оны 07 дугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн. Үйл явдал 2023 оны 09 дүгээр сарын 04-нд болсон учраас хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дугаартай эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 1 дүгээр хавсралтын 2 дугаар зүйлийн 2.6.6 дахь хэсэгт насанд хүрээгүй болон хөдөлмөрийн чадваргүй хүмүүсийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцож олгохоор зохицуулсан тул Э, хохирогч  М нарын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаад өмгөөллийн үйлчилгээний хөлс болох  5,000,000 төгрөгийг 2 хэсэгчлэн хувааж төлсөн нь хавтаст хэргийн хүрээнд шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Улаанбаатар хотоос Өмнөговь аймагт Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ирсэн шинжээчийн дүгнэлттэй танилцах, гарын үсэг зурах ажиллагаанд оролцох, мөн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгохоор хүсэлт өгөх гээд 10 дугаар сарын 30, 12 дугаар сарын 09-нд байцаалт өгөх зорилгоор ирсэн замын зардал буюу бензиний зардал, өнөөдрийн шүүх хуралдаанд ирэх хүртэлх хугацааны хоол ус зэрэг нийт 2,383,834 төгрөг болж байгаа. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан 18 нас хүрээгүй хүүхэд авах эрхтэй. Тус хуулийн 508 дугаар зүйлийн 508.4 дэх хэсэг гэм хор учруулсны төлбөрийг дор дурдсан хугацаанд нөхөн төлнө, 508.4.1 бага насны буюу насанд хүрээгүй иргэн 16 нас хүртэл, харин суралцаж байгаа бол 18 нас хүртэлх хугацаатай байхаар зохицуулжээ. Тэгэхээр мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд ноогдох хэсгийг хасаад нас барагчийн цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүр тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хасаж тооцохоор зохицуулжээ. Амь хохирогч ам бүл дөрвүүлээ, насанд хүрээгүй 2 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг байсан ба хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан тул 1 сарын орлогын дунджийг түүний Хаан банкны 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх орлого 6,999,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны сарын орлого 18,199,625 төгрөг буюу энэ хоёрын нийлбэр нь 25,198,675 төгрөгийг тухайн хугацааны буюу 21 сард хувааж дундаж цалин, орлогыг тогтооход 1 сарын дундаж орлого нь 1,199,936 төгрөг ба тус орлогыг гэр бүлийн 4 гишүүнд хуваахад нэг гишүүнд ноогдуулсан 299,984 төгрөг ба үндсэн үнийн дүнгээс насанд хүрсэн эхнэр, дагавар хүүхэд нь ноогдох буюу 599,968 төгрөгийг хасаж, үлдэгдэл 599,968 төгрөгөөс насанд хүрээгүй хохирогч Мг тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон 440,000 төгрөгийг хасаж 1 сарын нөхөн төлбөрийн хэмжээ 159,968 төгрөгөөр тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна. М  нь 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 8 сартай байсан бөгөөд 2041 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 18 насанд хүрэх нөхцөл байдалтай. Иймд 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2041 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл нийт 216 сарыг 159,968 төгрөгөөр үржиж 34,553,088 төгрөгийг гэм хор учруулсны төлбөрт гаргуулах хүсэлтэй байна. Гэм хорын төлбөрт нийт 239,936,922 төгрөгийг шүүгдэгч, иргэний хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байгаа. 2 дугаар хавтаст хэргийн 181-288 дугаар хуудсанд амь хохирогчийн Хаан банкны дансны хуулга байгаа ба тухайн баримтаар нотлогдоно. Мөн яагаад иргэний хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна вэ? гэхээр иргэний хуульд зааснаар тухайн техник хэрэгслийн өмчлөгчийг өмчлөгч өөрөө мэдсээр байж томилсон байгаа тохиолдолд тухайн техник хэрэгслийн ашиглалтын улмаас учирсан хохирлыг өмчлөгч хариуцна гэсэн заалттай учраас уг заалтыг үндэслэл болгоод иргэний хариуцагч, шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэсэн саналтай байгаа гэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эгийн өмгөөлөгч Г.Алтанчимэгийн зүгээс ...миний үйлчлүүлэгч насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Эгийн нэхэмжилсэн хохирлоос улсын яллагч нийтдээ 150,336,922 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар саналаа шүүхэд хэлж байна. Өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Учир нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл саруул биетэй, ажил хөдөлмөрөө хийгээд явж байсан, мөн өөрийн эхнэр, төрсөн хүүхдийн хамт аз жаргалтай сайхан амьдарч байсан хүн ослын улмаас 37 настай Б амь насаа алдсан. Үүний улмаас 1 нас  5 сартай охин М, мөн түүний эхнэр 29 настай Э нар нь өнчрөөд, бүрэн бүтэн байх гэр бүл өнөөдөр хүүхэд нь эцэггүй, ээж нь нөхөргүй хар залуугаараа өнчрөөд хоцорч байна. Хохирогч талаас нийтдээ 239,936,922 төгрөгийн нэхэмжлэлийг гаргасан. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор, мөн иргэний нэхэмжлэгчээр, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тус тус тогтоогдоод хохирогч болон өөрийнхөө сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэхтэй холбоотой шинжээчийн дүгнэлтийг гаргуулахаар хүсэлт гаргасан. Үүний дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газраас 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр насанд хүрээгүй хохирогч М болон түүний хууль ёсны төлөөлөгч Э нар дээр  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэхэмжлэхээр хуульчилсан. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын хувьд М болон өөрт ноогдох хувиа нийлүүлээд 198,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнийг нь гэр бүлийн 2 гишүүн хамт амьдарч байсан гэдэг утгаар нь хуульд зааснаар нэхэмжилж байгаа. Дээрээс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2-т хохирогчийн эрх, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5-д иргэний нэхэмжлэгчийн эрхийг заасан. Энэ хуульд заасныхаа дагуу иргэний нэхэмжлэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй. Үүний дагуу шүүгдэгч П.Т болон иргэний хариуцагч Б.Ж нараас нэхэмжилж байгаа... Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад иргэний хариуцагч Ж нь П.Тд жолоогоо өгч явуулаагүй, талийгаач Бт зөвшөөрөл өгөөд явуулсан гэдэг байдлаар хэлж байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй. Мөн шүүгдэгч П.Т нь хавтаст хэргийн материалд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, мөн өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өөрөө хүртэл Жыг надаа машинаа өгөөд намайг явуулсан гэдгээ хэлж байна. Тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь Ж байсан учраас иргэний хариуцагчаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэлийг нэхэмжлэх, шаардах эрхтэй. Тийм учраас нэхэмжлээд байгаа үнийн дүнг шүүгдэгч болон иргэний хариуцагчаас хувь тэнцүүлээд гаргаад өгнө үү гэж хүсэж байна. Дээрээс нь 18 нас хүртэл нь хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг нэхэмжилж байгаа. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид гарах зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү. Иргэний нэхэмжлэл П.Уээс гаргаж өгсөн хохирлын баримтууд он, сар, өдөргүй, хүлээж авсан гарын үсэггүй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд гаргасан байдаг. Шүүх хохирол төлбөр гаргахдаа эдгээрийг харгалзаж үзнэ үү. Мөн Ц.Э 2024 оны 07 дугаар сарын 01-нд өөрийнхөө тайлбарыг бичгээр гаргасан. Иргэний хуулийн 497, 499, 508, 511 дүгээр зүйлд тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. Мөн гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д хохирогч нас барсан бол түүнийг оршуулахад гарсан зайлшгүй зардлыг нэхэмжлэх эрхтэй ба оршуулгын зардлыг иргэний нэхэмжлэгч Уээс нэхэмжлээд явж байгаа. Оршуулгын зардалтай холбоотой нэхэмжлэлийг Э шаардаагүй, үүн дээр маргах зүйл байхгүй. Мөн 508 дугаар зүйлийн 508.5-д зааснаар шаардаж байгаа. Мөн 511 дүгээр зүйлийн 511.3, 511 дүгээр зүйлийн 511.5, 230 дугаар зүйлийн 1 эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй гэж заасан. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуульд заасны дагуу хохирол төлбөрийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжилж байгаа. Эдгээр хохирлыг шүүх гаргуулж өгнө үү гэж хүсэж байна. Дээрээс нь шүүгдэгч П.Тыг яллах дүгнэлтэд 2 зүйл заалтад зааснаар гэм буруутайд тооцоод хохирлыг шүүгдэгч, иргэний хариуцагчаас хувь тэнцүүлж гаргаж өгнө үү гэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Уийн өмгөөлөгч Л.Бын зүгээс 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүгдэгч П.Т нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан. Уг ослоос миний үйлчлүүлэгчийн төрсөн хүү болох Б амь насаа алдаж хохирсон үйл баримт болсон. П.Тыг Замын хөдөлгөөний холбогдох дүрэм журмыг зөрчсөн болохыг хэрэгт шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоосон. П.Тын хууль бус үйлдэлд тухайн амь хохирогчийн амь насаа алдсантай шалтгаант холбоотой байна гэж үзэж байгаа учраас П.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна... Харин улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхэд тодорхой үйлдэл, холбогдол, хэргийн зэрэглэлийг хүндрүүлэх эрх хэмжээнүүд байгаа. Нэг бүлэгт заасан 2 хүндрүүлэх нөхцөл байдлаар давхардуулан бусдыг яллаж байгаа нь тухайн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа хэлбэр гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд миний үйлчлүүлэгч П.Уийн зүгээс 20,200,000 төгрөгийн бодит зардал гарсан. Энэ зардал нь талийгаачийг оршуулах түүний буяны хойд талын ажил, мөн 21, 49 хоногийн буяны зан үйл, зан үйлд ирсэн ах, дүү, хамаатан садан, найз нөхдийг цайлахад зарцуулсан бодит зардал байгаа. Үүний 12,300,000 төгрөг нь баримттай ба үлдсэн 8,000,000 төгрөг баримтгүй байгаа. Монголчууд бидний хийдэг зан үйл байхад үүнийг нотлох баримтаа бүрдүүлээд дахиад жич нэхэмжил гэж хэлэх нь төдийлөн ёс зүйтэй үг биш байх. Хүний амь нас хохирсон, тухайн цаг хугацаанд хүмүүс төлбөрийн баримт цуглуулаад, та гарын үсгээ зураад өгөөч, би гарын үсгээ хүлээж авсан гэдэг дээр зурчихъя гэж хандах сэтгэл зүйтэй хүн тэр цаг хугацаанд байгаагүй байх. Тэгэхэд өнөөдөр өмгөөлөгч, прокурорын зүгээс баримтгүй байна, үүнийг Араарай гэж байна. Яах вэ? Үнэн, гэхдээ эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг дээр тийм юм яриагүй шүү. Хүний алтан амь нас хохирсон хүн болгон хууль мэддэг байх албагүй. Тухайн хүмүүс эрх зүйн мэдлэггүй, баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж чадаагүй байж болно. Гэхдээ хүний амь нас хохироод үүнтэй холбоотой заншлын хэм хэмжээгээр зан үйлийг хийдэг нь монголчуудын заншил. Үүн дээр ийм юм ярьж байгаад нь өмгөөлөгчийн хувьд эмзэглэлтэй хандаж байна. Хохирогчийн зүгээс оршуулгын зардалд нийт 20,200,000 төгрөг нэхэмжилснээс П.Тын зүгээс 12,000,000 төгрөгийг төлсөн. Иргэний хариуцагч Б.Жы тухайд 4,000,000 төгрөгийг төлсөн, үлдсэн 4,300,000 төгрөгийг гэм буруутай этгээд болох П.Т, иргэний хариуцагч Б.Ж нараас гаргуулах нь зүйтэй байна.Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудлуудыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан. Хэрэг 202023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гарсан. Дээрх заалттай холбогдуулаад Улсын дээд шүүх Хууль зүйн болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан журам гарсан. Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 3.3-д хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу хохирлыг нөхөн төлөх асуудлыг аль ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэж заасан. Сая Эгийн өмгөөлөгч Мөнхбаяр өмгөөлөгч Шүүх шинжилгээний тухай хуулийн албан бичгээр сэтгэцэд учирсан хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд зааснаар шийдээрэй гээд шүүхэд эрх олгосон гэдэг агуулгаар яриад байна. Хүн нас барсан бол энэ хэрэг дээр сэтгэл санааны хохирол тооцохоор шинжээч томилох зохицуулалт байхгүй. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд зааснаар явдаг зохицуулалт юм. Эгийн талаас шинжээч томилж өгөөч гэдэг хүсэлт гаргасны дагуу явуулахад ирсэн хариу юм. Энэ дээр шинжээч томилох шаардлагагүй, мөн хуулийн 511 дүгээр зүйлд зааснаар асуудлыг шүүх шийдээд явдаг. Гэтэл үүнийг өөр байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Нөгөөтээгүүр Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д гэр бүлийн гишүүн тус бүрд нь сэтгэл санааны хохирлыг олгоно гэсэн заалт байхгүй. Гэтэл насанд хүрээгүй хохирогч М, түүний хууль ёсны төлөөлөгч Э тус бүрд нь нэхэмжилнэ гэж тайлбарлаад байх шиг байна. Бид нар хуульч хүн, хууль зүйн дүгнэлт гаргахдаа хуульд нийцсэн байдлаар дүгнэлт гаргах ёстой. Тэгэхээр гэр бүлийн гишүүд тус бүрд нь сэтгэл санааны хохирлыг нөхөн олгох зохицуулалт байхгүй байна. Шүүх шинжилгээний тухай хууль, Иргэний хууль, Улсын дээд шүүхийн тайлбар, тогтоол, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267, А/275 дугаартай журмуудаас гэр бүлийн гишүүний сэтгэцэд нь учирсан хохирлыг мөнгөн дүнгээр гаргая гэдэг зохицуулалт байгаа. Үүнийг 150, эсхүл насны зөрүүгээр нь олго гэдэг зохицуулалт байна. Тэгэхээр гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагууд нь хууль зүйн үндэслэлгүй нөхцөл байдал харагдаж байна. Хүүхдийн тэжээгчээ алдсан тэтгэмж, бусад өмгөөллийн зардал дээр хэлэх тайлбар алга. Нэхэмжлээд явах нь зүйн хэрэг байх, Миний үйлчлүүлэгч П.Уранбилигийн хувьд тухайн амь хохирогч Бийг төрүүлсэн цагаасаа хойш 2021 он хүртэл эх, үр гэж нэг гэр, нэг гал голомтод Эрдэнэт хот, Сонгинохайрхан дүүрэг, Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүс. Эгийн талаас гэр бүлийн гишүүн биш гэдэг нь шүүхэд гаргаж байгаа хүсэлт, тайлбаруудаас харагддаг. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хууль зүйн нэр томьёо дээр хууль зүйн дүгнэлт өгөх байх. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд гэрлэлт гэж насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй 2 хүн сайн дурын эрх тэгш хамтын үндсэн дээр гэр бүл болоод үүнийгээ улсын бүртгэлд бүртгүүлснээрээ гэрлэгчид гэдэг хууль зүйн ойлголт яригдана. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-д гэр бүлийн гишүүн, гэрлэгчид гэж тэдэнтэй хамт амьдарч байгаа, төрсөн, үрчилж авсан хүүхэд, төрөл садангийн хүнийг ойлгохоор заасан байгаа. Тд холбогдох эрүүгийн хэрэгт амь хохирогч Б, насанд хүрээгүй хохирогч Мгийн хууль ёсны төлөөлөгч Э нар харьяалал бүхий улсын бүртгэлийн газарт гэрлэлтээ батлуулсан нотлох баримт хэрэгт байхгүй. Тэгэхээр энэ 2 хүнийг гэрлэгчид, гэр бүл болсон эхнэр, нөхөр гэж үзэх хууль зүйн үндэслэл алга байна. Шүүх хурлын явцад өмгөөлөгч нар нь эхнэр, нөхөр, эхнэр нь бэлэвсрээд хоцорлоо гэдэг зүйлийг яриад байна. Хууль зүйн гэр бүл гэж үзэх үндэслэл алга байна. Иймд хохирогч Уранбилигт сэтгэл санааны хохирол болох 83,600,000 төгрөгийг гаргуулж олгож өгнө үү. Үүнийг өмгөөлөгчийн хувьд тооцохдоо насны зөрүү 30,4 жил наслах байсан гэж үзээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлэхээр 2,750,000 төгрөг байгаа, 2,750,000 төгрөгөө 30,4 жилдээ үржүүлбэл 83,600,000 төгрөг гарч байна. Энэ сэтгэл санааны хохирол, хор уршгийг амь хохирогчийн төрсөн эх П.Ут олгож өгнө үү. Энэ хүн шүүхийн танхимд хүртэл та бүхэн харж л байгаа байх, үрээ алдчихсан уйлаад, хэлж ярих зүйлээ олж ядаад, хэлэх зүйлээ хэлж чадахгүй уйлаад тогтворгүй байж байна гэх,

Иргэний  нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч И.Оюунгэрэлийн зүгээс тухайн гэмт хэргийн улмаас манай үйлчлүүлэгчийн эд хөрөнгө буюу тээврийн хэрэгсэлд 11,000,000 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан. Үүнийг Иргэний хуулийн 497.1 болон 510.1 дэх хэсгийг үндэслэн П.Таас гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Иргэний хариуцагчийн хувьд П.Уийн зүгээс гэм буруутай этгээд П.Таас хохирол төлбөрөө нэхэмжилнэ гэдэг тайлбарыг гаргадаг. Эгийн зүгээс аль алинаас нь 50 хувиар гаргуулна гэсэн саналыг гаргадаг. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар, санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гээд заасан байдаг. Тухайн осол нь хэний буруутай үйлдлээс болж гарсан бэ? гэдгийг шинжээчийн дүгнэлтээр шинжлэн судлуулж танилцуулсан. Тухайн үед жолоодож явсан жолооч болох Тын буруутай үйл ажиллагаа, мөн дотор нь зорчиж явсан талийгаачийн буруутай үйл ажиллагаанаас болж тухайн зам тээврийн осол гарсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Тухайн үед тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нь Ж учраас хохирол, хор уршгийг хариуцах ёстой гэдэг зүйлийг яриад байна. Гэтэл эзэмшигч, өмчлөгч нь Ж мөн юм уу?, иргэний хариуцагчаа зөв тодорхойлсон юм уу? гэдэг асуудал гарч ирж байна. 2 дугаар хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр нь “Транс капитал” банк бус санхүүгийн байгууллага гэсэн өмчлөгчтэй явж байна. Гэтэл яагаад өнөөдөр манай үйлчлүүлэгч Жаас хохирол, хор уршгийг нэхэмжлээд байгаа юм бэ?. Тухайн машины хууль ёсны эзэмшигч нь өөр хүн байна гэдгийг хэлмээр байна. Тийм учраас манай үйлчлүүлэгч гэм хорыг хариуцах эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Дээрээс нь манай үйлчлүүлэгч ганцаараа гэр бүлдээ ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ тэжээж явдаг хүн. Өөрийнх нь гэрт 3 хөдөлмөрийн чадваргүй хүн байна. Хөдөлмөрийн чадваргүй өндөр настай хадам эх, хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсан эхнэр, хөдөлмөрийн чадвараа 56 хувиар алдсан хүүхэд, бага насны хүүхэд гээд олон хүнийг тэжээж тэтгэж явдаг. Мөн Т ч байна, талийгаач ч байна, талийгаачийн ар гэрийнхнийг ч энэ хүн хамт ажиллаж, ажил хөдөлмөрөөр энэ хүн олж эдгээр хүмүүстээ амьдрал ахуйг залгуулж явсан. Яагаад өнөөдөр энэ хүн рүү бүгд дайрч давшлаад байгааг би ойлгохгүй байна. Харин ч баярлаж талархаж явах ёстой хүн гэж бодож байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжлээд байгаа энэ нэхэмжлэл төлбөр дээр нь хууль зүйн үндэслэлгүй юмнуудыг нэхэмжилж байгааг тодруулж хэлэхгүй байхын арга алга байна. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна. Сэтгэл санааны хохирол нь гэр бүлийн гишүүн бүрд олгоно гэсэн хууль эрх зүйн зохицуулалт байхгүй.

Гэр бүлийн гишүүнд нэг л олгохоор хуульчилсан. Үүнийг тодруулаад Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэг дээр гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан эдгээр хүмүүсийн аль нэг нь авах эрхтэй гээд хуульчилсан байгаа. Гишүүд бүр авна гэсэн юм байхгүй. Аль нэг нь л авах эрхтэй. Тийм учраас эхнэр нь авна, хүүхэд нь авна, 2 хүний 198,000,000 төгрөг гэж нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд мөрдөгдөж байсан хууль тогтоомжийг баримтлах ёстой. Тухайн үед гэмт хэрэг гарах үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг байсан. Үүгээр тооцож олгох нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн хүүхдийн тэтгэмжийн зөрүү нэхэмжилдэг. Нийтэд нь 18 нас хүртэл нь 34,000,000 төгрөг нэхэмжлээд байдаг. Үүнийг Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1-д хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдуулан төлбөрийг сар тутам төлнө гэсэн болохоос биш бөөнд нь нэхэмжилж гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Мөн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дээр гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн хариуцах гэм хорын хэмжээг багасгах хуулийн зохицуулалттай. Тухайн зам тээврийн осол гарахад хохирогчийн хайхрамжгүй үйлдэл, болгоомжгүй үйлдэл, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдлүүд нөлөөлсөн гээд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаа. Хэрвээ зорчиж явахдаа хамгаалалтын бүсээ зүүсэн явж байсан бол өнөөдөр ийм асуудал гарах байсан уу?, үгүй юу?, ийм хохирол, хор уршиг өдий хэмжээнд өсөх байсан уу?, үгүй юу? гэдэг дээр Арч үзэх ёстой. Тийм учраас хохирогчийн хайхрамжгүй үйлдэл хохирол, хор уршиг нэмэгдэхэд нөлөөлсөн гэдгийг тодруулж хэлмээр байна. Эцэст нь миний үйлчлүүлэгч энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдах хууль зүйн үндэслэл байхгүй учраас иргэний хариуцагчаар тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, хохирол төлбөр гаргуулж төлүүлэх үндэслэлгүй гэсэн саналыг гаргаж байна гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нармандахын зүгээс 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр болсон зам тээврийн ослоос эрдэнэт хүний амь нас хохирсонд амь хохирогч Бийн хамтран амьдрагч Э, түүний ээж нараас гүнээ уучлалт хүсэж байна. Энэ гэмт хэрэг нь миний үйлчлүүлэгч П.Тын үйлдлийн улмаас үйлдэгдсэн хэрэг байгаа. П.Тын хувийн байдалтай холбоотойгоор хэлэхэд сэтгэцийн өвчний нэг хэлбэр болох зан төрөхийн өөрчлөлттэй болох нь хавтаст хэрэгт авагдсан сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаа. Сэтгэцийн өвчний нэг хэлбэр болох зан төрөхийн өөрчлөлт нь тухайн хүний сэтгэл санаа нь тогтворгүй болох, хөдөлгөөн, авир нь жолоодлогогүй болох байдлаар илэрдэг өвчин байна. Энэ өвчин нь Тын хувьд 2009 онд авто осолд орсны улмаас бий болсон. Мөн хавсраад тархины усжилт гэдэг зүйл бий болсон. Тархины усжилт гэдэг нь зүгээр нэг тархин дотор үрждэг ус биш тархинаас байнгын шингэн ялгарч байдаг. Энэ нь тухайн хүний ой санамж, өөрийгөө удирдах байдал бүх л зүйлд нь нөлөөлдөг хүнд хэлбэрийн өвчин юм байна. Хэдийгээр энэ хэлбэрийн “жи эн 93” гэсэн өвчин нь хорих ял оногдуулахаас чөлөөлөгдөх хэмжээний өвчин биш боловч энэ нь нэлээн хүнд үр дагавартай, өөрийнхөө үйлдлийг мэддэггүй байдалтай байдаг юм байна. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт Тыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нартай холбогдоогүй, хохирол төлбөрөө барагдуулаагүй, ирж уучлалт гуйгаагүй, ямар нэгэн байдлаар туслаагүй гэсэн зүйлүүд их яригдлаа. П.Тын хувьд энгийн хүмүүсээс онцлогтой гэдгийг нь би сая хэллээ. Ямар ч үйлдэл хийсэн, дандаа хажуудаа хүн давуулж явдаг, ирэх болгондоо нэг хүн дагуулж ирдэг. Өнөөдрийн хувьд ахтайгаа ирсэн, аав ээж нь доор хүлээгээд байж байгаа. Өөрийнх нь хэт ачаалал ихэссэн юм уу?, ажил хийгээд ядарсан үедээ уналт таталт өгдөг өвчтэй хүн юм байгаа. Тэгээд хөдөлмөр эрхэлж чаддаггүй, тэр ганц хөдөлмөр эрхлээд явсан нь Жтай хамт цөөн хоногоор явах юм байна гээд явуулахад ийм хэрэгт холбогдсон үйлдэл болсон. Хохирол төлбөрийн талаар хэлье. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эгийн зүгээс 239,936,922 төгрөг нэхэмжилж байна. Үүний 198,000,000 төгрөг нь сэтгэл санааны хохирол гэсэн байдалтайгаар нэхэмжилж байна. Өмгөөлөгч Б болон Оюунгэрэл нар сая хангалттай тайлбарлалаа. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-д  гэр бүлийн гишүүд гэдэгт гэрлэгчид, тэдэнтэй хамтран амьдарч байгаа хүүхэд, төрсөн болон дагавар хүүхэд, гээд хэн нь тэргүүн ээлжид гэр бүлийн гишүүн байх вэ? гэдэг нь хуульчлагдаад заагаад өгсөн байгаа. Өнөөдрийн хавтаст хэрэгт авагдсан материалд Б, Э нарыг хамтран амьдарч байсныг тогтоосон шүүхийн шийдвэр байна. Энэ нь эдгээр хүмүүсийг хамтран амьдарч байсныг нь тогтоосон шийдвэр болохоос энэ хүмүүс Монгол Улсын хуулийн дагуу гэрлээд гэрлэлтээ бүртгүүлсэн зүйл ерөөсөө шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байна. Тэгэхээр гэр бүлийн гишүүн гэдэгт хамтран амьдрагч орох уу? гэдэг нь эргэлзээтэй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Уийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт тайлбар гаргахдаа сүүлийн 2 жил Этэй хамтран амьдарсан, бараг үерхэж яваад хүүхэдтэй болсон гэсэн тийм тайлбарыг хэллээ. Тэгэхээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.У нь мөн энэ амь хохирогч Б гэж хүний гэр бүлийн гишүүн мөн үү? гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Энэ хүн сүүлийн 2 жил ямар ч байсан хамт амьдраагүй, нэг ам бүлд тоологддог гэсэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Тэгэхээр сэтгэл санааны хохирлыг эдгээр хүмүүс нэхэмжлэх эрхтэй юу? гэдгийг шүүх тунгааж үзээсэй гэж хүсэж байна. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар амь хохирогчийн гэр бүлийн гишүүн сэтгэл санааны сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилж авах эрхийг заасан. Тэгэхээр энэ хүнтэй хамаарал бүхий хэн ч сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх эрхгүй. Зөвхөн гэр бүлийн нэг л гишүүнд учирсан сэтгэл санааны хохирлыг буруутай этгээдээс гаргуулах хуулийн зохицуулалт байна. Үүнийг шүүх Арч үзээсэй гэж хүсэж байна. Зам тээврийн осол гарах болсон нэг хүчин зүйлийг Оюунгэрэл өмгөөлөгч нэлээн тодорхой ярилаа. Энд амь хохирогч хамгаалалтын бүсээ зүүгээгүй үйлдэл нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлд хохирогчийн гэм буруу, гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэх зүйл хэсэг байна. Мөн зүйлийн 514.1-д гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасан байна. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр сэтгэл санааны хохирол болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хариуцагчаар тогтоогдсон Ж, шүүгдэгч Т нараас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нэхэмжилж байгаа. Хэн буруутай этгээд нь хариуцах байсан ч уг гэмт хэрэг нь хохирогчийн буруутай үйлдлээс шалтгаалж гарсан байгаа тул энэ хуулийн зохицуулалтыг хэрэглэж гэм хорын хэмжээг нь багасгаж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна. Тэжээгчээ алдсаны тэтгэврийн хувьд тэжээгчээ алдсаны тэтгэврийг сар болгон хохирогчид олгох мөнгө, тухайн хүүхдийг 18 нас хүртэл нь сараар нь үржүүлж нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлгүй. Тэгэхээр сараар нь тооцож мөнгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Иргэний хариуцагчийн хувьд өөрөө жолоогоо бусдад шилжүүлсэн байгаа. Энэ үедээ жолоо шилжүүлэх үеийн эрсдэлийг өөрөө хариуцах үүрэгтэй байгаа. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т тээврийн хэрэгсэл ашиглагчийн өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан хохирлыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Тэгэхээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хариуцагч хариуцан арилгах үүрэгтэй. Энэ гэмт хэргээс учирсан хохирол болон сэтгэл санааны хохирол, гарч байгаа хохирлыг бүгдийг иргэний хариуцагч хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэж байна. Яллах дүгнэлт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсэгт зааснаар Тын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн байгаа. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг нь нэг зүйл хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний хэд хэдэн шинжийг агуулж байвал хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн ойлголт байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Тын үйлдлийг зүйлчлэх саналыг оруулж байна гэх дүгнэлтүүдийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эгийн зүгээс нэхэмжлэлээ дэмжиж байна, хүний амь нас хохироочихоод гэр бүл дээр нь ирээд уучлалт гуйх хэрэгтэй байсан, танихгүй хүн шиг өнгөрч байсанд гомдож байна, уучлаарай гэж хэлсэн бол хүний сэтгэл тайвширна биз дээ гэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Уийн зүгээс миний сэтгэл санааны хохирол 83,600,000 төгрөг гаргуулж өгнө үү, төрсөн эх нь би байхад хамт амьдарч байсан хүнийг гэрлэгсэд гэдэгт оруулж байгаад гайхаж байна гэх,

Иргэний нэхэмжлэгч Б.Жы зүгээс тээврийн хэрэгслийн үнийг нэхэмжилж байна гэх,

Иргэний хариуцагч Б.Жы зүгээс мэдэхгүй, шүүх шийдэх байх гэх,

Шүүгдэгчийн зүгээс миний буруутай үйлдлээс болсон гэж гэмшиж байна, энэ хүмүүсийн хохирлыг барагдуулахын тулд хоригдмооргүй байна, маргах зүйл байхгүй, уучлаарай, би талийгаачийн ах руу залгаад уулзъя гэхэд надтай уулзаарай гээд уулзаагүй байж байгаад надаас 10,000,000 төгрөг нэхэмжилсэн, тэгээд шүүх хуралдааны дараа уулзъя гэж хэлсэн гэх тайлбарыг тус тус гаргав.    

Өмнөговь аймгийн Прокуророос шүүгдэгч П.Тд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тул тус гэмт хэргийг тус тусад нь зүйлчлэхгүйгээр хамгийн хүндрүүлэх шинжид багтааж зүйлчлэх нь зүйтэй гэж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокуророос шүүгдэгч П.Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөн зүйлчилж шийдвэрлэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч П.Т нь жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон байхад Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум явах засмал замын 67 дахь километрт 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Б.Жы эзэмшлийн ... улсын дугаартай “Toyota kluger” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4б дэх заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Б.Бийн амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдож байна.   

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Агийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38-42 дахь тал/, насанд хүрээгүй хохирогч Б.Мгийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эгийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 43-48 дахь тал/, хохирогч хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч П.Уийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 52-55 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Б.Жы мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 56-62 дахь тал/, гэрч М.Сийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 67-68 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 128 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 76-79 дэх тал/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 94-96 дахь тал/, шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 41 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 100-101 дэх тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 154 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 111-114 дэх тал/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 23 дахь тал/, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 27-37 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.      

Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч П.Тын “В, С” ангиллын жолоочийн жолоодох эрхийн үнэмлэх /1 дүгээр хавтаст хэргийн 139 дэх тал/-ийн хүчинтэй байх хугацаа 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дууссан байх тул шүүгдэгч П.Тыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн гэж үзэх үндэслэлтэй байна.  

Шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 41 дугаартай дүгнэлтээр “1. ... улсын дугаартай “Toyota kluger” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч П.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. мөн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: 6/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;... Тухайн зам тээврийн осол нь ... улсын дугаартай “Toyota kluger” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч П.Т нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогcoox apra хэмжээ авна... мөн ... улсын дугаартай “Toyota kluger” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч П.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. мөн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болж байна. мөн ослын газрын үзлэг, фото зураг схем зураг, оролцогч нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт тусгагдсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 100-101 дэх тал/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоосон тул шүүгдэгч П.Тыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэлээ.   

Шүүгдэгч П.Тын гэм буруутай үйлдлийн улмаас Б.Б нь олон хавирганы хугарал, уушгины гэмтлийн улмаас амьсгалын дутагдлаар нас барсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 128 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 76-79 дэх тал/-ээр тогтоогдож байна.      

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн үхлийн шалтгааныг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.     

Шүүгдэгч П.Т нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хэдий ч өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.Т нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж хүний амь нас хохироох санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.    

Иймд шүүгдэгч П.Тыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.    

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Уийн зүгээс оршуулгын зардалд баримттай 12,300,000 төгрөг, баримтгүй 8,000,000 төгрөг, нийт 20,300,000 төгрөг нэхэмжилснээс мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П.Тын зүгээс 12,300,000 төгрөг /1 дүгээр хавтаст хэргийн 145, 146  дахь тал/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Ж 4,000,000 төгрөг тус тус төлсөн талаар оролцогчид маргаагүй бөгөөд үлдэх 4,000,000 төгрөг, хохирогч нас барсны улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 83,600,000 төгрөг, нийт 87,600,000 төгрөг нэхэмжилсэн болно.

Дээрх нэхэмжлэлээс шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Уийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөрт нэхэмжилсэн 83,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтоохоор хуульчилсан байна.  

Энэхүү хуульд заасан “гэр бүлийн гишүүн” гэх нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Иргэний хуулийн 2 дугаар зүйлд заасантай нийцнэ гэж үзлээ.  

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгохоор хуульчилсан ба хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.У нь амь хохирогч Б.Бийн төрсөн эх болох нь тогтоогдож байх боловч тус зүйлийн 3.1.5-д заасан “төрлийн хүн”-д хамаарч байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Уийн зүгээс амь хохирогч Б.Бтой 2019 оноос хойш хамт амьдарсан гэх, түүний гэр бүлийн гишүүн мөн болохыг тогтоосон холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул “гэр бүлийн гишүүн” гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэн тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Уийн зүгээс оршуулгын зардалд нэхэмжилсэн үлдэх 4,000,000 төгрөгийн холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.          

Мөн бага насны хохирогч Б.М, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Эгийн зүгээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгөөр тооцож 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу нэг хүнд 99,000,000 төгрөг, хоёр хүнийх 199,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлсэн төлбөрт 5,000,000 төгрөг, Улаанбаатар хотоос Өмнөговь аймагт ирж мөрдөн шалгах ажиллагаанд оролцоход гарсан унаа болон хоолны зардалд 2,383,834 төгрөг, бага насны хохирогч Б.Мд тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү сарын 159,968 төгрөгөөр тооцон, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2041 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх 216 сарыг 159,968 төгрөгөөр үржүүлэн 34,553,088 төгрөг, нийт 239,936,922 төгрөгийг тус тус шүүгдэгч П.Т, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Ж нараас хувь тэнцүүлэн нэхэмжилсэн болно.

Монгол Улсын Их хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасан эдийн бус гэм хор арилгах тухай заалтад гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтоох; гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтоохоор тус тус өөрчлөлт оруулжээ.

  Энэхүү Иргэний хуульд хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд эдийн бус гэм хор арилгах тухай заалтад оруулсан, нэмэлт, өөрчлөлтийг Шүүх шинжилгээний тухай хууль (шинэчилсэн найруулга) хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.

Шүүх шинжилгээний тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж дагаж мөрдөх тусгайлсан хугацаа тогтоожээ.

Мөн дээрх хуулиудад дагалдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт заалт оруулж, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хамтарсан А/268, А/275 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ыг тус тус баталсан байна.

Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.3-т хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж,

Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.5-д Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана,

2.10-д энэ журмын 2.1.1-2.1.5-д зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно” гэж заажээ.

Дээрх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасан эдийн бус гэм хор арилгах тухай заалтад орсон нэмэлт, өөрчлөлт болон “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”, “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-д зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасан хоёр аргачлалын аль ашигтайгаар нь шүүхээс шууд тогтоохоор заасан байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Уийн өмгөөлөгч Л.Б, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгохоор заасан ба амь хохирогч Б, насанд хүрээгүй хохирогч Мгийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э нар нь Улсын бүртгэлийн газарт гэрлэлтээ батлуулсан нотлох баримт хэрэгт байхгүй учир энэ 2 хүнийг гэрлэгчид, гэр бүл болсон эхнэр, нөхөр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж маргаж, мэтгэлцэж оролцов.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг;

3.1.2.“гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг;

3.1.3.“гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг;

3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгохоор тус тус хуульчилсан байна.    

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э нь амь хохирогч Б.Бтой албан ёсны гэрлэлтийн баталгаагүй ч 2019 оноос 12 дугаар сараас түүнийг нас барах хүртэл буюу 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан, тэдний дундаас 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Б овгийн Бийн М төрсөн болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2023/04698 дугаартай шийдвэр /3 дугаар хавтаст хэргийн 42-43 дахь тал/, Б.Мгийн төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 202 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул  бага насны хохирогч Б.Мгийн сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөрийг шүүх хангаж шийдвэрлэсэн болно.  

Оролцогчдын хувьд Ц.Э, амь хохирогч Б.Б нарыг албан ёсны гэрлэлтийн баталгаагүй, гэрлэгчид гэж үзэхгүй хэмээн маргаж мэтгэлцэж байгаа боловч хамтын амьдралтай байсныг, дундаасаа хүүхэдтэй болохыг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.

Мөн оролцогчид Бийн Мг амь хохирогчийн хүүхэд мөн биш талаар маргаагүй, төрсний гэрчилгээгээр амь хохирогчоор овоглосон, хамтын амьдралтай байх хугацаанд төрсөн ба Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 11 дэх хэсэгт ...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж хуульчилснаас гадна Монгол Улсын нэгдсэн орсон Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Аливаа хүүхэд арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ болон төрсөн байдлаар алагчлагдахгүйгээр өөрийн гэр бүл, нийгэм, төрийн зүгээс насанд хүрээгүйнхээ хувьд шаардлага бүхий хамгаалалт эдлэх эрхтэй.”,

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн удиртгал хэсэгт энэхүү конвенцид оролцогч улсууд Нэгдсэн Үндэстний Байгууллага Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүүхэд онцгой халамж, туслалцаа авах эрхтэй гэж тунхагласныг сануулж, улмаар 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Оролцогч улсууд хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч буюу түүний төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээх бусад этгээдийн эрх, үүргийг харгалзан, хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна.”,

Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бүх хүүхэд, өсвөр насныхны тухайд гэр бүлийн гарал буюу бусад үндэслэлээр алагчилахгүйгээр хамгаалах, тусламж үзүүлэх онцгой арга хэмжээ авч байх ёстой. Хүүхэд, өсвөр насныхныг эдийн засаг, нийгмийн дарлал мөлжлөгөөс хамгаалж байх ёстой.” гэж тус тус зааж, хүүхдийн эрх ашгийг эн тэргүүнд тавихаар зохицуулжээ.

Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах” зарчмыг баримтлан ажиллахыг хуульчилсан байна.

Иймд дээрх Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомжид заасан хүүхдийн эрх, мөн эцэг, эхээр тэжээн тэтгүүлэх, халамжлуулах, хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалах зэрэг хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн нөхцөл байдлыг үндэслэн бага насны хохирогч Б.Мг мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт хохирогчоор тогтоосон нь хууль зөрчөөгүй байх тул шүүх сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөрийг түүнд ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Ингэхдээ бага насны хохирогч Б.М, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Эгийн зүгээс Б.Б нас барсантай холбогдуулан сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөрт 2 хүний нийт 198,000,000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүх сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөрийг 85,250,000 төгрөг болгон өөрчилж шийдвэрлэв. Учир нь:

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж хуульчилсан.

Амь хохирогч Б.Б нь 1987 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 166 дахь тал/, нас барсны бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 167 дахь тал/, төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 168 дахь тал/ зэргээр тогтоогдож байх ба хохирогч Б.Б нь тухайн гэмт хэргийн улмаас нас барах үедээ 36 настай байсан байна. Нийтэд илэрхий баримт болох 2023 оны Үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээллээр эрэгтэй хүний улсын дундаж наслалтыг 67.62 гэж тогтоосон бөгөөд нас барсан 36 насыг хасахад амь хохирогч Б.Бийн дундаж наслалтын зөрүү 31 нас гэж гарч байна.  

Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 550,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд энэхүү тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх үед буюу 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гэмт хэрэг гарсан байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550,000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна.

Хүн амын дундаж наслалтын зөрүү болох 31 насыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэхэд 85,250,000 төгрөгийн сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөр гарч байх тул бага насны хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид ашигтайгаар буюу 85,250,000 төгрөгийн сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөрийг хангаж шийдвэрлэв. 

Иймд бага насны хохирогч Б.М, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Эгийн зүгээс сэтгэцэд учирсан, нөхөн төлбөрт 198,000,000 төгрөг нэхэмжилснээс шүүх 85,250,000 төгрөгийн сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөрийг хангаж шийдвэрлэсэн тул үлдэх 112,750,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийг хоёр аргачлалын аль ашигтайгаар нь хохирогчид олгохоор хуульчлахдаа гэр бүлийн гишүүдийн тоогоор бус, аль нэгэнд нь олгохоор шийдвэрлэсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.У, Ц.Э нарын нэхэмжилсэн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийг гаргуулах үндэслэлгүй байна.

Түүнчлэн насанд хүрээгүй хүн гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч эсхүл хохирогч болсон тохиолдолд уг гэмт хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа ердийн журмаас гадна тусгай журмыг удирдлага болгох бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах зорилгоор хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчөөс гадна өмгөөлөгчийг оролцуулдаг онцлогтой тул өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлсэн төлбөр болох 5,000,000 төгрөгийг, мөн бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эгийн зүгээс Улаанбаатар хотоос Өмнөговь аймагт хэд хэдэн удаа ирж мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул замын болон хоолны зардал 2,383,834 төгрөгийг, нийт 7,383,834 төгрөгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч И.Оюунгэрэлийн зүгээс ... улсын дугаартай “Toyota kluger” загварын тээврийн хэрэгслийн жинхэнэ өмчлөгч нь “Транскапитал ББСБ” ХХК тул Б.Жыг иргэний хариуцагчаар тогтоосон нь үндэслэлгүй байна гэх агуулга бүхий дүгнэлтийг гаргаж мэтгэлцэж оролцов.

Шүүгдэгч П.Тын гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан тээврийн хэрэгсэл болох ... улсын дугаартай “Toyota kluger” загварын тээврийн хэрэгсэл нь “Транскапитал ББСБ” ХХК-ийн өмчлөлд байгаа талаарх тээврийн хэрэгслийн гэрчилгээ /2 дугаар хавтаст хэргийн 9 дэх тал/ авагдсан хэдий ч гэрч М.Сийн  “2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 042070122058 тоот зээлийн гэрээг үндсэн зээлдэгч Б.Ж хамтран зээлдэгч Э.Д, Д.О нар гарын үсэг зурж баталгаажуулан 22 сая төгрөгийн зээлийг 2,9 хувь 36 сарын хугацаатай авсан... манай байгууллага дээр бүртгэлтэй байгаа боловч хууль ёсны өмчлөгч нь Б.Ж юм.” /1 дүгээр хавтаст хэргийн 67-68 дахь тал/ гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Б.Жы ...талийгаач бид хоёр буцаад ажлын байр руугаа явсан. Буцаж явахдаа бид хоёр хоорондоо ярилцаад хоёулаа хамт явахаар ажлаа алдаад байна тийм учраас маргааш чи нэгэнтэй нь явчих гэж хэлсэн. Тэгээд ажил дээр очоод Тыг маргааш аймаг хамт яваад өгөх үү гэсэн чинь зөвшөөрсөн. Маргааш өглөө нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө Даланзадгад сум руу явсан. Тухайн өдрийн 10 цагийн үед Т залгаад бид хоёр осолд орчихлоо гэж хэлсэн... Миний эзэмшлийн “Toyota Kluger” загварын автомашин байгаа юм, энэ машин одоо Даланзадгад сумын төвд айлын хашаанд байгаа. Энэ машиныг би Транскапитал ББСБ-ийн нэр дээр бүртгүүлж зээл авсан байгаа, би одоо зээлээ хэвийн төлөөд явж байгаа.” /1 дүгээр хавтаст хэргийн 56-59 дэх тал/ гэх мэдүүлгээр ... улсын дугаартай “Toyota kluger” загварын тээврийн хэрэгслийн жинхэнэ өмчлөгч нь Б.Ж болох нь тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ /Автомашин/-г /2 дугаар хавтаст хэргийн 16-17 дахь тал/ нэг талаас “Транскапитал ББСБ” ХХК, нөгөө талаас Б.Ж нар хоорондоо харилцан тохиролцож байгуулсан бөгөөд уг гэрээний 2.4.6-д “Хөрөнгийг гэмт хэрэг, хууль бус ажиллагаанд ашиглах, ашиглуулахыг хатуу хориглоно. Зөрчсөний улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр бүрэн хариуцахыг баталж байна.”, мөн 2.4.7-д “Хөрөнгийг эзэмших ашиглах явцад бусдын хөрөнгөд учруулсан хохирлыг бүрэн хариуцаж барагдуулна.”, мөн 2.4.8-д “Гэрээний 2.3 хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйгээс үүсэх хохирол, хариуцлагыг бүрэн хариуцна.” гэж заасан тул иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар Б.Жыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Зам тээврийн осол гарах болсон үндсэн шалтгаан нөхцөл нь шүүгдэгч П.Тын гэм буруутай үйлдлийн улмаас гарсан ба иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Жы хувьд П.Тыг тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, хөдөлмөрийн чадварын алдалтыг 60 хувиар тогтоосон, группт байдаг хүн гэдгийг мэдсээр байж тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн байх тул хохирлоос үүдэн гарсан хор уршгийн нэхэмжлэл болох 7,383,834 төгрөгийн 60 хувь буюу 4,430,300 төгрөгийг шүүгдэгч П.Таас, үлдэх 40 хувь буюу 2,953,533 төгрөгийг иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Жаас гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Иймд шүүгдэгч П.Таас сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөр 85,250,000 төгрөг, мөрдөн шалгах ажиллагаанд оролцоход гарсан унаа болон хоолны зардал 4,430,300 төгрөг, нийт 89,680,300 төгрөгийг гаргуулан бага насны хохирогч Б.М, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Э нарт олгохоор шийдвэрлэв.

Түүнчлэн хууль ёсны төлөөлөгч Ц.Э нь бага насны хохирогч  Б.Мд тэжээгчээ алдсаны тэтгэвэрт нийт 34,553,088 төгрөг нэхэмжилж байх боловч амь хохирогч Б.Бийн ажил хөдөлмөр эрхэлж байсан болохыг нотлох нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх болон хүн амын орлогын албан татвар төлсөн баримтыг шүүхэд ирүүлээгүй, түүний ажил хөдөлмөр эрхэлж байсныг дансны хуулгаар тодорхойлох үндэслэлгүй гэж үзэж шүүх хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч П.Тын гэм буруутай үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Жы эд хөрөнгөд 11,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ “Toyota Kluger V” загварын автомашин нь 2023 оны 09 дүгээр сарын 06-ны байдлаар зах зээлийн дундаж үнийг 11,000,000 төгрөгөөр тогтоов.” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 94-96 дахь тал/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч П.Таас 11,000,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Жд олгох нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч П.Тыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэлийг танилцуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч завсарлага авч, шүүхээс бага насны хохирогч Б.М, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Э нарт олгохоор тогтоосон нийт 89,680,300 төгрөг, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Жд олгохоор тогтоосон 11,000,000 төгрөгөөс 2,953,533 төгрөгийг төлсөн болох нь оролцогчдын тайлбараар тогтоогдож байх тул уг төлсөн төлбөрийг хасаж, үлдэх 8,046,467 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Жд олгох нь зүйтэй байна.     

Мөн иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Ж нь шүүхээс бага насны хохирогч Б.М, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Э нарт олгохоор тогтоосон 2,953,533 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.       

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч П.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, энэ ялыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлах, шүүгдэгч П.Таас 8,467,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Жд олгуулах тухай,  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эгийн өмгөөлөгч Ч.Мөнхбаярын зүгээс Эрүүгийн  хариуцлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлүүдийг харгалзан үзэж шүүхээс оногдуулах эрх хэмжээтэй байгаа. 1 нас 8 сартай насанд хүрээгүй хохирогчийн эрхийг хуулийн хүрээнд хамгаалж хуульд захирагдаж байгаад маш их талархаж байна. Харин насанд хүрээгүй хүүхдийг үл хүндэтгэж, бусадтай нийлж үгүйсгэж, ямар ч эрх нь зөрчигдөөгүй, хамааралгүй мэтээр санал дүгнэлт илэрхийлж байсан бусад оролцогч нарт маш их гомдолтой байна. Гэмт хэргийн улмаас учирсан гэм хор болон хохиролд нийт 92,633,834 төгрөгийг сая хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эгийн дансанд шүүгдэгч П.Таас шилжүүллээ. Цаашид шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хохирол төлбөр байхгүй. Ийм учраас шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд хэсэгт заасан шударга ёсны зарчимд үндэслээд тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байдлаар эрүүгийн хариуцлагыг хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх болов уу? гэсэн саналтай байна гэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эгийн өмгөөлөгч Г.Алтанчимэгийн зүгээс шүүхээс миний үйлчлүүлэгчид тогтоогдсон хохирол төлөгдсөн байна. Гэхдээ хохирогч тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг нэхэмжилж байгаа, үүнийг шүүх шийтгэх тогтоолдоо нээлттэй үлдээж өгнө үү. Дээрээс нь шүүгдэгчид улсын яллагчийн зүгээс 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулах санал гаргаж байна. Үүнд санал алга. Гэхдээ шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нөхцөл байдал, мөн хохирогчийн санал хүсэлтийг харгалзаад хуулийн дагуу ял шийтгэлээ оногдуулах нь зүйтэй байх гэж үзэж байна гэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Уийн өмгөөлөгч Л.Бын хувьд улсын  яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлтийг сонслоо. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3-5 жилийн хүртэл хугацаагаар хасах, 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хугацаагаар хорих ял оногдуулах ялын заалттай. Улсын яллагчийн зүгээс хууль тогтоогчийн тогтоосон хамгийн доод хэмжээгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулъя гэдэг санал оруулж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцэж байгаа юу?, үгүй юу? дээрх шударга ёсны зарчим нь гэмт хэрэг үйлдсэн тухайн хүний хувийн байдал, учруулсан хохирол, хор уршигт тохирсон байх ёстой.  Шүүгдэгч П.Тын хууль бус үйлдлээс болж эрдэнэт хүний алтан амь эрсэдсэн. Мөнгөн дүнгээр барагдуулж болох хохирол барагдсан байж болно. Гэхдээ хүний алтан амь эрсэдсэн хэрэг дээр 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял гэдэг улсын яллагчаас оруулж байгаа санал хууль зүйн үндэслэлгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд харж байгаа. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмын хүрээнд эрүүгийн хариуцлагыг оногдуулах байх. Өмгөөлөгчийн хувиар тэдэн жил гэж би тоон дээр ярих нь зохисгүй байх гэж харж байгаа. Энэ талаарх санал гомдлоо талийгаачийн эх хууль ёсны төлөөлөгч П.У өөрийнхөө байр суурийг илэрхийлэх байх гэж бодож байна гэх,

Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч И.Оюунгэрэлийн зүгээс улсын яллагчийн гаргасан саналтай санал нэг байна, ялын санал дээр тусгайлан гаргах саналгүй байна гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нармандах нь шүүгдэгч П.Тын үйлдэл холбогдлыг анхан шатын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцсон. Тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг хэрэг байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэсэн байдаг. Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгч П.Тыг 5 жилийн хугацаагаар жолоодох эрхийг хасах, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын саналыг оруулж байна. Улсын яллагч дээгүүр харж байгаад ялын саналаа хэлээгүй байх. Миний үйлчлүүлэгчийн хувьд зан төрхийн өөрчлөлттэй буюу сэтгэцийн хүнд хэлбэрийн өвчтэй хүн байгаа. Үйлдэл хийж байгаад тэрийгээ хэсэг хугацааны дараа мартчихдаг, өөрийгөө удирдах чадваргүй, нэлээн тогтворгүй сэтгэл зүйн байдалтай хүн байгаа. Энэ байдлаа магадгүй шүүхийн хэлэлцүүлгийн шатанд, түүний шүүх хуралдаанд оролцож байгаа байдал болон хавтаст хэрэгт авагдсан өвчний талаарх сэтгэцийн дүгнэлтүүд, хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр зэргийг харгалзан улсын яллагч саналаа оруулж байгаа болов уу? гэж  миний хувьд үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь зорчих эрх хязгаарлах, хорих ял оногдуулах ялтай. Улсын яллагчийн гаргасан ялын саналыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Маш баяртайгаар хүлээж авч байна. Миний үйлчлүүлэгчийн хувийн зан төрхтэй холбогдуулан энэ саналаа гаргасан байх гэж үзэж байна. Гэвч миний үйлчлүүлэгч сэтгэцийн хүнд хэлбэрийн  өвчтэй гэдгийг нь би түрүүн хэлсэн. Зорчих эрхийг хязгаарлах ялын хувьд энэ хүн гав зүүгээд цэнэглүүлэх, хяналт тавих нь маш сул. Байнга хүний асаргаа, хяналтад байдаг, асарч хянаж байгаа хүмүүс нь гавных нь цэнэг дуусахаас өмнө цэнэглэж чадах уу?, үгүй юу?. Сонгинохайрхан дүүргээс гарч явж болохгүй шүү гэдгийг манай хүн хэр ойлгох бол гэдэгт би эргэлзэж байна. П.Тын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 буюу анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид анхан шатны тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагыг дуудаж түүнийг эмнэлэгт хүргэсэн нөхцөл байдлууд харагддаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалтыг хууль тогтоогч оруулж өгсөн байдаг. 1.2-т нь тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсвэл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсвэл хорих ял оногдуулахгүйгээр 5 жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр зохицуулсан байдаг. Тэгэхээр П.Тын хувьд хуульд заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр оногдуулаад үүнийг мөн тэнсэн хянан харгалзаж өгнө үү. П.Тын хувьд хохирол, төлбөр нь бүрэн төлөгдсөн, өөрийнхөө үйлдсэн хэрэгт гэмшиж байгаа энэ байдлуудыг харгалзаад дээрх ялын саналаа оруулж байгааг хүлээж авч шийдвэрлэж тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтүүдийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эгийн зүгээс хүний алтан амь нас эрсэдсэн. Миний охин ой 8 сартай эцгээсээ өнчирч хоцорлоо. Би 29 насандаа хань ижлээ алдаад ийм зовлон үзнэ гэж санасангүй. Хүүхдийн минь эрх маш их зөрчигдсөн. Шүүгдэгч эрүүл мэндийн шалтгаантай, мөн жолоодох эрхийн үнэмлэхгүй байж татгалзах боломжтой байсан гэж үзэж байна. Жолоодоогүй байсан бол манай нөхрийн амь нас эрсдэхгүй байсан. Энэ хугацаанд Т над дээр өөрөө ирж уучлалт гуйгаагүй. Ж ах ч бас ирж уулзаагүй. Эхнэр, хүүхэд нь өнчрөөд хоцорсон байхад өөрсдөө  жаргалтай байвал болоо гэж бодоод байгаа юм байлгүй. Би хань ижлээ алдсан хэцүү байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү гэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Уийн зүгээс ийм сайхан залуугаа алдсандаа маш их гомдолтой байна. Болгоомжгүй болсон ч гэсэн миний хувьд маш их гомдолтой байна. Сэтгэл санааны хохирлыг авсан ч гомдолтой байна. Тэглээ гээд тэр хүн босоод ирэх биш. Хуулийн дагуу шийдүүлмээр байна. Цаашдаа намайг хэн ч харж хандахгүй. Маш их гомдолтой байна гэх,

Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Жы зүгээс хэлэх зүйл байхгүй гэх,

Шүүгдэгчийн зүгээс ийм зүйл болсонд гэмшиж байна. Чадах чинээгээрээ тусалж холбоотой байя гэж бодож байна. Унаж татдаг учраас тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү, миний бие дийлэхгүй байх. Гэм буруугаа ойлгож байгаа. Их гэмшиж байна гэх тайлбарыг тус тус гаргав.            

Шүүгдэгч П.Т нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдсэний дараа бага насны хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Эд 89,680,300 төгрөг, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Жд 2,953,533 төгрөг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Монгол Улсын Их хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялд өөрчлөлт оруулсан бөгөөд уг зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасныг “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж өөрчилжээ.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын доод, дээд хэмжээ нэмэгдсэн байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацааг тодорхойлсны дагуу шүүгдэгч П.Тд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэхээр шийдвэрлэв. 

Шүүхээс шүүгдэгч П.Тыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, G93 тархины бусад эмгэгээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоолгосон хувийн байдал зэргийг харгалзан хоёр төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.   

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэв.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхаас гадна гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэхээр хуульчилсан байна. Гэмт хэргийн улмаас бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүргийн дагуу гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх эсхүл, учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх байдлаар илэрхийлэх учиртай.      

Энэхүү гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь нөхөх, гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх боломжгүй хохирол учир Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.                                     Шүүгдэгч П.Тыг зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Бусад асуудлаар.                 

Шүүгдэгч П.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч П.Т нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ут 12,300,000 /арван хоёр сая гурван зуун мянга/ төгрөг, хохирогч Б.М, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Эд 89,680,300 /наян есөн сая зургаан зуун наян мянга гурван зуу/ төгрөг, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Жд 2,953,533 /хоёр сая есөн зуун тавин гурван мянга таван зуун гучин гурав/ төгрөг,

Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Ж нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ут 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг, хохирогч Б.М, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Эд 2,953,533 /хоёр сая есөн зуун тавин гурван мянга таван зуун гучин гурав/ төгрөгийн хохирол төлбөрийг тус тус төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдав.  

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:       

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокуророос Б овгийн П-ийн Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Б овгийн П-ийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.              

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.         

4. Шүүгдэгч П.Тыг зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.     

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.     

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Таас 8,046,467 /найман сая дөчин зургаан мянга дөрвөн зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Жд олгож,  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Уийн сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөрт нэхэмжилсэн 83,600,000 /наян гурван сая зургаан зуун мянга/ төгрөг, хохирогч Б.М, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Э нарын нэхэмжлэлээс сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөрт илүү нэхэмжилсэн 112,750,000 /нэг зуун арван хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,  

бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эгийн тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү 34,553,088 /гучин дөрвөн сая таван зуун тавин гурван мянга наян найм/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Уийн оршуулгын зардал 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.           

8. Шүүгдэгч П.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч П.Т нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Ут 12,300,000 /арван хоёр сая гурван зуун мянга/ төгрөг, хохирогч Б.М, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Эд 89,680,300 /наян есөн сая зургаан зуун наян мянга гурван зуу/ төгрөг, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Жд 2,953,533 /хоёр сая есөн зуун тавин гурван мянга таван зуун гучин гурав/ төгрөг,

иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Ж нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Ут 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг, хохирогч Б.М, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Эд 2,953,533 /хоёр сая есөн зуун тавин гурван мянга таван зуун гучин гурав/ төгрөгийн хохирол төлбөрийг тус тус төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдсугай.        

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

                                                 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ