Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/хт2024/00149

 

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 152/ШШ2024/00076 дугаар шийдвэртэй,

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 224/МА2024/00020 дугаар магадлалтай,

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй

“Б” ТӨХК-д холбогдох

“Б” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.08.09-ний өдрийн Б/168 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Ц.Б- нь “Б” ТӨХК-д холбогдуулан “Б” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.08.09-ний өдрийн Б/168 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 152/ШШ2024/00076 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар “Б” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.08.09-ний өдрийн Б/168 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Ц.Б-ийг туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б-ийн гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч “Б” ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан Төрийн сангийн 0000 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

3. Увс аймгийн, Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 224/МА2024/00020 дугаар магадлалаар: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.06-ны өдрийн 152/ШШ2024/00076 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Б-ийн “Б” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.08.09-ний өдрийн Б/168 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.04.12-ны өдрийн 224/МА2024/00020 дугаар магадлалийг бүхэлд нь эс зөвшөөрч тус магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 “шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй, 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан “...шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.04.12-ны өдрийн 224/МА2024/00020 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь хангалттай дүгнээгүй гэж үзэж байна.

“Б” ТӨХК-аас 2023.06.26-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдэл өгсөн боловч тухайн мэдэгдэл нь зорилгодоо нийцээгүй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан хуулийн зохицуулалтыг хэлбэр төдий хэрэгжүүлсэн байхад шүүх урьдчилан мэдэгдэх журмыг зөрчөөгүй гэж үзсэн.

Ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэний үндсэн эрх. Энэ утгаараа тухайн эрхийг хөндсөн шийдвэр гаргаж байгаа тохиолдолд ажил олгогч нь урьдчилаад ямар үндэслэлээр цуцалж байгаагаа тайлбарлаж, танилцуулах ёстой. Энэ нь нөгөө талаараа ажилтанд өөрийнх нь хуулиар олгогдсон эрх ямар үндэслэлээр цуцлагдах болсон талаар мэдэх, мэдээлэл авах, энэ талаар тайлбар гаргах боломжоор хангах зорилгоор урьдчилан мэдэгдэх талаар хуульчилсан байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт ажил олгогчийн үүргийг хуульчилсан байх бөгөөд 43.2.10-д “Хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах” үүрэгтэй. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчид “Б” ТӨХК-ийн төлөөллөн удирдах зөвлөлийн 2023.02.17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “Б” ТӨХК-ийн бүтэц орон тооны өөрчлөлтөөр Хэмжүүрийн инженерийн ажлын байр хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдсэн байдаг.

Тухайн мэдэгдэлтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь шинэчлэгдсэн бүтэцтэй танилцаж, өөрийнх нь ажил, албан тушаал хэрхэн яаж хасагдсан, үнэхээр хасагдсан эсэхтэй танилцах талаар ажил олгогч болон хүний нөөц н.Ц нарт удаа дараа хүсэлтээ хэлсэн ч ажил олгогч нь “бид гаргах ёстой шийдвэрээ гаргасан” гэх үндэслэлээр шинэ бүтэцтэй огт танилцуулаагүй талаар нэхэмжлэгч нь У сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаан дээр тайлбар гаргахдаа, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, шүүх хуралдаан дээр тайлбар гаргахдаа ч удаа дараа ТУЗ-ийн 04 тоот тогтоолтой хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаан дээр ирэх хүртэл огт танилцаагүй, танилцах талаар даргадаа хэлж байсан талаараа хэлсэн байдаг.

“Б” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2023.02.17-ны өдрийн 04 тоот тогтоол, түүний хавсралтууд нь Байгууллагын нууцын тухай хуульд заасан нууцын зэрэглэлтэй баримт бичиг биш тул нэгэнт ажил олгогч тус тогтоолыг үндэслэн ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлаж байгаа тохиолдолд ямар тогтоол гарсан, Хэмжүүрийн инженерийн ажлын байр хэрхэн яаж өөрчлөгдөж хасагдсан талаар ажилтанд танилцуулж, тайлбарлах үүрэгтэй байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан зохицуулалт нь 43 дугаар зүйлийн 43.2.10-тай уялдаж хэрэгжих ёстой. Гэтэл хариуцагч тал ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг орон тоо хасагдсан гэх үндэслэлээр цуцлах тухай мэдэгдэл өгсөн ч бүтэц нь хэрхэн яаж өөрчлөгдөж, хэмжүүрийн инженерийн ажлын байр яаж хасагдсан талаар танилцуулах, тайлбарлах үүргээ хэрэгжүүлээгүй нэр төдий мэдэгдэл өгсөн байхад хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж үзэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтуудыг хэт явцууруулж буруугаар тайлбарлан хэрэглэсэн.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Ц.Б-ийн ажлын байр болох Хэмжүүрийн инженерийн ажлын байр “Б” ТӨХК-ийн бүтцээс хасагдсан гэж дүгнэсэн. Хэрэгт авсагдсан тухайн хуулийн этгээдийн бүтэц орон тоог шинэчлэн тогтоосон ТУЗ-ийн тогтоолуудаас харвал ТУЗ-ийн 04 тоот тогтоолоор Реле хамгаалалт, туршилт тохируулгын албыг татан буулгаж тухайн албаны албан хаагчдыг өөр нэгжүүд рүү шилжүүлэн ажлуулсан байдаг. Ингэхдээ Хэмжүүрийн инженерийн ажлын байрыг Техникийн бодлого зохицуулалтын хэлтэс рүү шилжүүлсэн бөгөөд тухайн ажлын байрны нэршил нь туршилт, тохируулга, хэмжүүрийн инженер гэх болсон. Өөрөөр хэлбэл тухайн хуулийн этгээдийн бүтцэд байсан албадыг татан буулгаж хэлтсийн зохион байгуулалттай болгож өргөжүүлсэн. Ингэхдээ туршилт тохируулга, хэмжүүрийн инженерийн ажлын байруудыг нэгтгэсэн байдаг.

Монгол Улсын дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан тайлбарын 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино” гэж тайлбарлажээ. Гэтэл “Б” ТӨХК-ийн ТУЗ-ийн 04 тоот тогтоолоос харвал хэдий Реле хамгаалалт, туршилт тохирууллагын алба татан буугдсан тухайн албаны албан хаагчид албаны даргаас бусад нь өөр нэгж рүү буюу хэлтэс рүү шилжүүлэн оруулсан хэмжүүрийн инженерийн ажлын байрны нэршил Туршилт, тохируулга, хэмжүүрийн инженер болж Техникийн бодлого зохицуулалтын хэлтэст хамаарахаар болсон, мөн ажлын байрны чиг үүргийн хувьд шинээр бий болгосон гэх Туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны зорилт хэсгийн 3 дахь заалтаар өмнөх хэмжүүрийн инженерийн ажлын байрны чиг үүрэг, зорилтыг тэр чигээр нь оруулж өгснөөс харвал тухайн хэмжүүрийн инженерийн ажил, чиг үүрэг тухайн байгууллагын бүтцээс хасагдаагүй одоо ч тухайн хуулийн этгээдийн бүтцэд нэршил, гүйцэтгэх чиг үүрэг, ажил, албан тушаал хэвээр байхад давж заалдах шатны шүүхээс орон тоо хасагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг дуусгаагүй, ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгөөгүй байхдаа одоогийн Туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн албан тушаалд томилох хүнээ тодорхой болгож, өмнөх хүний хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй байхад дараагийн хүнтэйгээ буюу одоогийн Туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерээр ажиллаж байгаа Р.Э-ийн ажлын байрны тодорхойлолтыг 2023.06.12-ны өдөр “Б” ТӨХК-ийн захирал, хүний нөөц нар нь баталсан байдаг. Р.Э-ийг нэхэмжлэгчээс илүү шаардлага хангасан болгож харагдуулахын тулд тухайн шинэ ажлын байрны тодорхойлолтыг баталсан өдрөө буюу 2023.06.12-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд сургалтанд хамруулж чадамжийн гэрчилгээ олгосон зэргээс харвал нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхөөс өмнө аль хэзээний дараагийн ажиллах хүн тодорхой болсон байгаа нь орон тоо хасагдсандаа биш нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөх хэрэгцээ, шаардлага байсан тул түүндээ нийцүүлэн тушаал гаргасан гэж үзэх нөхцөл байдал үүссэн байхад шүүх тухайн нотлох баримтуудыг анхаарч үзээгүй.

Мөн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.8 дахь хэсэгт заасны дагуу ээлжийн амралтаа 2023.01.25-ны өдрөөс 02 дугаар сарын 05-ны өдрийн хооронд ажлын 7 хоног, үлдсэн 13 хоногийн амралтаа 2023.07.25-ны өдрөөс 8 дугаар сарын 09-ний өдрийн дуустал хугацаанд биеэр эдэлсэн байдаг. Ажлаас чөлөөлөх тушаал гаргасан гэх 2023.08.09-ний өдөр нэхэмжлэгч нь ээлжийн амралттай байсан. Гэтэл ээлжийн амралтын хугацаа дуусаагүй байхад ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан байдаг. Хэдий тус тушаал дээр ажлыг 08 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгосугай гэсэн боловч энэ нь нэр төдий ингэж бичигдсэн. Учир нь 08 дугаар сарын 10-ны өдөр ээлжийн амралт дуусаад ажилдаа очиход нэхэмжлэгчийг цагаа бүртгүүлэх шаардлагагүй, өчигдөр буюу 09-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гарсан тойрох хуудсаа зуруулаад яв гэдэг шаардлага тавиад 09 дүгээр сарын 10-ны өдөр ажиллуулаагүй байдаг. Нэхэмжлэгчийн энэхүү тайлбар тухайн хуулийн этгээдийн 2023.08.10-ны өдрийн цагийн бүртгэлээр нотлогддог. Учир нь тухайн өдөр нэхэмжлэгч ээлжийн амралт нь дуусаад ажилдаа очсон ч цагаа бүртгүүлж, ажлаа хийгээгүй байдаг. Эндээс үзвэл тушаалаар нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг 08 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгохоор заасан ч тухайн өдөр буюу 08 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийг үүрэгт ажлаа хийх боломж, нөхцөлөөр хангаагүй буюу ажилуулаагүй байх тул хөдөлмөрийн гэрээг 08 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгосон гэж үзэх боломжгүй тул “Б” ТӨХК-ийн захирлын тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.4, 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгүүдэд тус тус заасныг зөрчсөн байхад энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхгүй орхигдуулсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт зааснаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.04.12-ны өдрийн 224/МА2024/00020 дугаар магадлалыг хүчингүй болгож, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.06-ны өдрийн 152/ШШ2024/00076 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.06.06-ны өдрийн 001/ШХТ2024/00702 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

 ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч “Б” ТӨХК-д холбогдуулан “Б” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.08.09-ний өдрийн Б/168 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “ ...Миний бие нь 2017.07.01-ний өдрийн 162 дугаар тушаалаар “Б” ТӨХК-д хэмжүүрийн техникчээр ажилд орсон. 2019 оноос Техник бодлого зохицуулалтын албаны хэмжүүрийн инженерийн ажилд томилогдон ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчилд холбогдож байгаагүйгээс гадна удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь саадгүй хийж гүйцэтгэж байсан. Миний хийж байсан Техник бодлого зохицуулалтын хэлтсийн хэмжүүрийн инженерийн орон тоо хасагдсаны улмаас намайг үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цааш нь үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж цуцалсан шийдвэр гаргасан. Шинэ бүтэц орон тооны талаар танилцуулаагүй, хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны хурал дээр тухайн бүтэц орон тоо нь миний өмнө ажиллаж байсан ажлыг туршилт, тохируулга, хэмжүүрийн инженер гэж өөрчлөн баталсан талаар мэдсэн, өмнө эрхэлж байсан ажлын чиг үүрэг өөрчлөгдсөн зүйлгүй тул намайг ажлаас чөлөөлсөн нь хууль бус, ... Намайг ажлаас чөлөөлснөөс хойш тус байгууллага нь шинээр 20 гаруй хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авсан байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль бус... ” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч “Б” ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “…Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023.02.17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Компанийн орон тоо, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталсан ба Реле хамгаалалт, туршилт тохируулгын албыг татан буулгаж техник бодлого зохицуулалтын хэлтэстэй нэгтгэж баталсан бөгөөд хэмжүүрийн инженерийн ажлын байр хасагдсан. Шинэ батлагдсан бүтцээр хэмжүүрийн инженерийн орон тоо хасагдаж туршилт, тохируулга, хэмжүүрийн инженер 1 орон тоотойгоор батлагдаж ирсэн. Тус орон тоонд цахилгаан инженер мэргэжилтэй хүн байх ёстой бөгөөд өмнө нь туршилт, тохируулгын инженер хийж байсан Р.Э-ийг олон жил ажилласан туршлага болон мэргэжлийг харгалзан үзэж туршилт тохируулга, хэмжүүрийн инженерээр томилон ажиллуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар хэмжүүрийн инженер Ц.Б-өд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2023.06.26-ны өдөр мэдэгдсэн.Б” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал нь онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийн дагуу төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан бүтцийг дотооддоо хэрэгжүүлэн, удирдан зохион байгуулсан ...” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх “...хэмжүүрийн инженер, туршилт, тохируулгын инженерийн орон тоог нэгтгэн туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн 1 орон тоотой болгосон байх тул нэхэмжлэгч Ц.Б-ийн ажлын байр байхгүй болсон гэж үзэх боломжгүй, ... хэмжүүрийн инженер, туршилт, тохируулгын инженерийн орон тоог нэгтгэн 1 ажлын байр болгон хэн нэгэн ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд тухайн орон тоонд үргэлжлүүлэн ажиллах ажилтныг ямар шалгуураар сонгохыг Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зохицуулаагүй, энэ тохиолдолд хариуцагч хуулийн этгээд нь Хөдөлмөрийн дотоод журамдаа энэ талаар тусгах ёстой боловч энэ талаар тусгаагүй, ... энэ тохиолдолд хэн нэгэн ажилтныг сонгон шалгаруулж ажилд авах тохиолдолд эрхэлж байсан ажлын үр дүн, гүйцэтгэл, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг харгалзан сонгон шалгаруулж авбал зохино. ... хэмжүүрийн инженерээр ажиллаж байсан Ц.Б, туршилт, тохируулгын инженерээр ажиллаж байсан Р.Э нар туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагын чухал шаардлагатай гэснийг хангасан. ... Харин тухайн ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагын шаардлагатай хэсэгт тусгагдсан зохих сургалтад сууж сертификат авсан байх гэх шаардлагыг Р.Э хангаж байх боловч туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн ажлын байранд тус компанийн гүйцэтгэх захирлын 2023.09.11-ний өдрийн А/88 дугаар “Компанийн орон тоо, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” тушаалын хавсралтаар ажилд авахаас өмнө Р.Э-т тухайн ажлын байрны тодорхойлолтыг 2023.06.12-ны өдөр танилцуулсан зөрчилтэй байна. … өмнө нь гүйцэтгэж байсан ажил үүргийн дийлэнх нь ажлын байрны тодорхойлолтод орсон гэх үндэслэлээр Р.Э-ийг туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн ажилд авсан нь Ц.Б-ийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн ...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд хангаж шийдвэрлэсэн байна.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба магадлалд “...Аливаа байгууллага, аж ахуйн нэгж нь зорилгодоо нийцүүлэн, төсөвтөө багтаан дотоод зохион байгуулалт, бүтэц, орон тоогоо өөрчлөн тогтоож, тухайн шинээр тогтоосон бүтэц, орон тоогоор ажиллахын тулд өмнө ажиллаж байсан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр цуцлах эрхтэй бөгөөд … Реле хамгаалалт, туршилт тохируулгын албанд хэмжүүрийн инженерээр ажиллаж байсан Ц.Б-ийг ажлын байр хасагдсан үндэслэлээр 2023.08.10-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасантай нийцсэн байна. Хариуцагч нь … хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр цуцлахдаа мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасны дагуу 30-аас доошгүй хоногийн өмнө буюу 2023.06.26-ны өдөр бичгээр мэдэгдэл гардуулсан нь ... ажил олгогч нь өөрийн санаачилгаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтанд урьдчилан мэдэгдэх журмыг зөрчөөгүй …ажлын байрны тодорхойлолтуудаас үзэхэд, компанийн шинэ бүтцэд орсон туршилт тохируулга, хэмжүүрийн инженерийн ажлын байрны зорилго, зорилт өргөжиж, хэрэгжүүлэх чиг үүрэг өөрчлөгдсөн байх тул компанийн шинэ бүтцэд хэмжүүрийн инженерийн ажлын байр хэвээр хадгалагдаж үлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.” гэсэн дүгнэлт хийжээ.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай зохицуулалтыг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд энэ талаарх нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

12. Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Ц.Б нь “Б” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017.07.04-ний өдрийн 162 дугаар тушаалаар  “ББЭХС” ТӨХК-ийн хэмжүүрийн техникчийн үүрэгт ажилд томилогдож, 2019 оноос Техник бодлого зохицуулалтын албанд хэмжүүрийн инженерээр ажиллаж байгаад  “Б” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.08.09-ний өдрийн  Б/168 дугаар тушаалаар Техник бодлого зохицуулалтын хэлтсийн хэмжүүрийн инженерийн ажлын байр хасагдсан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан, дээрх хугацаанд “Б” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн “Компанийн орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай” 2020.12.03-ны өдрийн 22 дугаар тогтоолоор тус компанийн орон тооны дээд хязгаарыг 153 ажилтантай байхаар баталж, Техникийн бодлого, зохицуулалтын албыг нийт 10 орон тоотой, үүнд хэмжүүрийн инженерийн орон тоо 1, туршилт, тохируулгын инженерийн орон тоо 1 гэж, 2021.02.08-ны өдрийн  02 дугаар тогтоолоор орон тооны дээд хязгаарт өөрчлөлт оруулахгүйгээр “Реле хамгаалалт, туршилт тохируулгын алба”-ыг шинээр байгуулахыг зөвшөөрч, 2020 оны 22 дугаар тогтоолд өөрчлөлт хийхийг тус компанийн гүйцэтгэх захиралд даалгаж, тогтоолын хавсралтад Реле хамгаалалт, туршилт, тохируулгын албаны дарга 1, Реле хамгаалалт, автоматикийн инженер 3, туршилт тохируулгын инженер 1, хэмжүүрийн инженер 1, РХА-ийн монтёр 1, нийт 7 орон тоотой байхаар өөрчилж, улмаар 2023.02.17-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор  нийт 443 орон тоотой, үүнээс Техникийн бодлого зохицуулалтын хэлтсийг хэлтсийн дарга 1, ахлах инженер 1, горим тооцооны инженер 1, холбоо мэдээллийн инженер 1, сэргээгдэх эрчим хүчний инженер 1, реле хамгаалалт, автоматикийн инженер 2, туршилт тохируулга, хэмжүүрийн инженер 1, нийт 9 орон тоотой байхаар тус тус баталсан тухай үйл баримт тогтоогдсон байна.

13. Зохигчийн маргааны зүйл нь дээрх “Б” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023.02.17-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор баталсан орон тоо, бүтэц  зохион байгуулалтын хүрээнд нэхэмжлэгч Ц.Б-ийн ажиллаж байсан хэмжүүрийн инженерийн ажлын байрыг туршилт, тохируулгын инженерийн ажлын байртай нэгтгэн туршилт, тохируулга, хэмжүүрийн инженер болгон өөрчлөхдөө нэхэмжлэгч Ц.Б-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан ажлын байр хасагдсан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь хуульд нийцсэн эсэх асуудал болжээ.

14. Дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүх хариуцагч нь нийт орон тоог нэмэгдүүлсэн боловч туршилт, тохируулгын инженер, хэмжүүрийн инженерийн орон тоог нэгтгэн туршилт, тохируулга, хэмжүүрийн инженер болгосныг ажлын байр байхгүй болсон гэж үзэхгүй, уг ажлын байранд үргэлжлүүлэн ажиллах ажилтныг сонгохдоо  уг ажлын байранд тавигдах шаардлагад тусгагдаагүй үндэслэлийг шалгуур болгосон, мөн ажлын байрны тодорхойлолтыг ажилтныг томилохоос өмнө баталж, танилцуулсан нь зөрчилтэй  буюу эдгээр нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх байгууллага зохион байгуулалтын бүтэц, орон тоогоо өөрчилж, ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах нь ажил олгогчийн эрх хэмжээний асуудал, шинэ бүтцэд хэмжүүрийн инженерийн ажлын байр хэвээр хадгалагдаж үлдээгүй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийжээ.

15. Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан “ажлын байр хасагдсан”, “орон тоо цөөрсөн” гэсэн ялгаатай тохиолдлыг ажил олгогчоос ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нөхцөл шаардлагад нийцүүлэн зөв дүгнэж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

16. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заажээ.

Хуулийн энэ зохицуулалтын “ажлын байр хасагдсан” гэдэг нь  тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно.

Харин “орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хасч багасгасныг хэлнэ.

17. Маргаан бүхий энэ тохиолдолд “ажлын байр хасагдсан”  нөхцөл байдал бий болоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.  

Тодруулбал, “Б” ТӨХК-ийн “Реле хамгаалалт, туршилт, тохируулгын алба” нь нийт 7 орон тоотой, үүнээс туршилт тохируулгын инженер 1, хэмжүүрийн инженер 1 орон тоотой байсныг  Техникийн бодлого зохицуулалтын хэлтэс болгож, нийт 9 орон тоотой, үүнээс туршилт тохируулга, хэмжүүрийн инженерийн орон тоо 1  байхаар өөрчилсөн ба хэрэгт авагдсан эдгээр ажлын байрны тодорхойлолтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Б-ийн ажиллаж байсан хэмжүүрийн инженерийн ажлын байрыг туршилт, тохируулгын инженерийн ажлын байртай нэгтгэн туршилт, тохируулга, хэмжүүрийн инженер гэж нэрлэжээ.

Энэ нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан хэмжүүрийн инженерийн ажлын байр хасагдсан буюу тухайн ажлын байр үгүй болсон гэж үзэх үндэслэл болохгүй ба харин өмнө нь байсан туршилт, тохируулгын инженерийн ажлын байртай нэгтгэж, ажлын байрны нэршлийг өөрчилж туршилт, тохируулга, хэмжүүрийн инженер болгож, орон тоог 1 болгон багасгасан нь орон тоо цөөрсөн үндэслэлд хамаарна.  

18. Ийнхүү 2 ажлын байр нэгтгэгдэн 1 болсон тохиолдолд ажил олгогчоос холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, ийнхүү цуцалж дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах үүрэгтэй бөгөөд давж заалдах шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг ажил олгогчийн эрх хэмжээний асуудал гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн  43.2.10, 80 дугаар зүйлийн 80.1.1-д нийцээгүй.

19. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч нь үлдээж ажиллуулах ажилтныг сонгох тодорхой шалгуур, шаардлагыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ зэрэгт тусгах замаар зохицуулах боломжтой юм.

Хариуцагч нь ийнхүү зохицуулаагүй байх ба хэмжүүрийн инженерээр ажиллаж байсан Ц.Б, туршилт, тохируулгын инженерээр ажиллаж байсан Р.Э нараас нэхэмжлэгч Ц.Б-ийг сонгож хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа Р.Э-ийг тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг илүү хангаж байсан гэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй, анхан шатны шүүх энэ талаарх нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Тухайлбал, өмнөх хэмжүүрийн инженерийн ажлын байрны тодорхойлолтод ерөнхий шаардлагын чухал шаардлагатай  гэсэнд дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, цахилгаан, техникийн бүрэн мэдлэгтэй, хэмжүүрийн трансформаторын хоёрдогч хэлхээнд ажиллах чадвартай, цахилгааны хэмжил зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан байх гэж заасан.

Мөн туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагад дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, мэргэшлийн хувьд өндөр хүчдэлийн туршилтын инженер байх, туршлагын хувьд эрчим хүчний салбарт 3-аас доошгүй жил ажилласан байх, өндөр хүчдэлийн туршилтын ажлыг норм журмын дагуу хийх дадал, чадвар эзэмшсэн байх, шаардлагатай үзүүлэлтэд өндөр хүчдэлийн туршилтын сургалтад сууж сертификат авсан байх гэжээ.

Эндээс үзвэл дээрх хэмжүүрийн инженерийн ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай шаардлага нь одоогийн туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн ажлын байрны тодорхойлолтод зааснаас агуулга, зарчмын хувьд ялгаагүй, тухайн 2 ажилтан дээрх шаардлагыг хангаж байсан учраас ажил олгогч эдгээр ажлын байранд ажиллуулж байсан гэж үзэх тул хэн алиныг нь аль нэг шаардлагыг илүү хангасан гэх үндэслэлгүй байна.

20. Улмаар хариуцагч нь ажилтан Р.Э-ийг 2022.10.17-ны өдөр туршилт, тохируулгын инженерээр томилон ажиллуулж байгаад 2023.09.11-ний өдрөөс туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерээр томилсон атлаа түүнд туршилт тохируулга хэмжүүрийн инженерийн ажлын байрны тодорхойлолтыг 2023.06.12-ны өдөр танилцуулж, тэрээр уг ажлын байрны тусгай шаардлагад дурдагдсан өндөр хүчдэлийн туршилт хэмжилтийн мэргэшүүлэх сургалтад 2023.06.12-2023.06.19-ний өдрүүдэд хамрагдаж чадамжийн гэрчилгээ авсан байх ба ажил олгогчоос энэхүү үзүүлэлтийг ажилтан Р.Э-ийн хувьд илүү хангасан гэж үзэж шалгуур болгосон нь үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

21. Түүнчлэн хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухайгаа ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө  буюу 2023.06.26-ны өдөр бичгээр мэдэгдсэн байх боловч дээрх 2 ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа талаарх харьцуулсан дүгнэлт гэсэн баримтад дурдсан үндэслэл, тайлбараа ажилтанд танилцуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т заасан “хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах” үүргээ биелүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

22. Мөн “Б” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2023.02.17-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор компанийн орон тоо, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлахдаа өмнөх 2021.02.08-ны өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан нийт 153 орон тоог 443 болгож, нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Реле хамгаалалт, туршилт, тохируулгын алба” нь нийт 7 орон тоотой байсныг “Техникийн бодлого зохицуулалтын хэлтэс” болгож, нийт 9 орон тоотой болгож нэмэгдүүлсэн байхад ажлын байр хасагдсан үндэслэлээр ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь эргэлзээтэй гэж үзнэ.  

23. Иймд эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Б-ийг “Б” ТӨХК-ийн Техникийн бодлого, зохицуулалтын хэлтсийн туршилт, тохируулга, хэмжүүрийн инженерийн ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс аймгийн, Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 224/МА2024/00020 дугаар магадлалыг хүчингүй болгож, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 152/ШШ2024/00076 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.БАЯРМАА

ШҮҮГЧИД                                                                    Н.БАТЧИМЭГ

                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                         Д.ЦОЛМОН

                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД