| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 105/2020/0983/Э/ |
| Дугаар | 1025 |
| Огноо | 2020-08-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 1025
2020 8 13 2020/ДШМ/1025
Ж.Б, Б.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Мягмаржав, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Цэрэнжамц,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн,
шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Х.Оюунсүрэн,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/1075 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Бгийн өмгөөлөгч Х.Оюунсүрэнгийн гаргасан гомдлоор холбогдох эрүүгийн 1906059040742 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 471 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 10,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн.
2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Да хүрээ” зах дотор үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж Б.Б нь Ж.Бгийн эрүүл мэндэд тархи доргилт, дух, дээд уруулд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Ж.Б нь Б.Бын эрүүл мэндэд тархи доргилт, баруун, зүүн хөх, дал, бугалга, гуяны цус хуралт, шууны арьсны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б, Ж.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б, Ж.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ж.Бг 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ж.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг тус тус 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Бгийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”... Б.Б бол Ж.Бгийн үйлдлийн улмаас гэмтсэн талаар ямар нэгэн асуудал огт дурсаагүй байсан хэрнээ Бгийн гомдлын дагуу цагдаагийн байгууллага 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 4 хоногийн дараа дуудаж мэдүүлэг авахад Бд мөн адил зодуулсан гэж мэдүүлж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан бөгөөд учирсан гэх гэмтэл нь Бгийн санаатай, гэм буруутай үйлдлийн улмаас учирсан болох нь эргэлзээгүй нотлох баримтаар нотлогдоогүй юм. ... Хүн дээр нь гараад зодох үед дор нь байгаа хүн босохын тулд, эрүүл мэнд, амь насаа хамгаалахын тулд гар, шуу, цээжнээс нь хоёр гараараа барьж тэмцэлдсэн. Энэ байдлаас болж шуунд цус хуралт, хоёр хөхний хоёр талд цус хуралт үүссэн гэмтлүүд учирсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ гэмтэл үүссэн гэж үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруугүйгээр хохирол, хор уршиг учирсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэсэн гэм буруугийн зарчим байдаг. Уг зарчим Ж.Бгийн үйлдэлд үйлчлэх ёстой гэж үзэж байна. Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ болон шүүх дүгнэлт хийхдээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзсэн. Санаатай учруулна гэдэг нь өөрөө хүссэн идэвхтэй үйлдлээрээ учруулсан гэмтлийг хэлнэ. Гэтэл Ж.Бгийн ямар үйлдлээс Б.Бад гэмтэл учирсан гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй, хэргийн материалд авагдсан баримтаар тогтоогдоогүй. Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн “тархи доргилт нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоогдоно. ... Анхан шатны шүүх Б.Бг Б.Бын эрүүл мэндэд гэмтэл учруулсантай маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүхийн дээрх дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр нотлогдоогүй юм. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх явцад хохирогч гэх Бад Б нь тархи доргилт болон зөөлөн эдийн цус хуралт, шалбаралт гэмтлийг санаатайгаар учруулсан гэж үзэхдээ ямар үйлдэл хийсний улмаас энэ гэмтлийг учруулсан талаар дүгнэлт хийгдээгүй нь Бг Бын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхдээ таамаглал, магадлалд тулгуурласан гэж үзэхэд хүргэж байна. Иймд Ж.Б Б.Бын биед хөнгөн гэмтэл учруулсан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Б.Б манай дэлгүүрт орж ирээд машины наклад шидээд янз бүрийн хэл амаар доромжилж хашхирч байгаад гарч явсан. Тэр үед би дуугүй байж байгаад араас нь ороод “чи яагаад байгаа юм бэ” гэхэд намайг үсдэж унагаагаад цохисон. Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.
Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч С.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... цагдаагийн байгууллага харилцан, хэнд зодуулсан бэ гэдгийг шалгахдаа Б.Б өөрөө болсон явдлыг ярьж, өөрт учирсан гэмтлүүдээ үзүүлж шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлт хэрэг гарснаас хойш 4 хоногийн дараа гарсан боловч хөнгөн зэргийн гэмтэл Анагаахын шинжлэх ухаанаар буюу гэмтлийн шинжлэх ухаанаар 30 хоногийн дотор эдгэрдэг гэсэн дүгнэлт байдаг. Тийм учраас өөрт учирсан гэмтлүүдээ үзүүлж, үйл явдлыг ярьсан учир гэмт үйлдэл нь хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Мөн 2020 оны 4 дүгээр сард хохирогч Б.Б прокурорт хүсэлт гаргасан боловч тухайн үйл явдал анх Ж.Бгийн өрөөнд гарсан, маргаан дууссан байхад Ж.Б Б.Бын өрөөнд орж дахин маргаан үүсгэсний улмаас харилцан бие биедээ гэмтэл учруулсан. 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Б.Быг түлхэлцсэний улмаас уг гэмтлийг авсан талаар дахин шалгуулах тухай хүсэлт гаргасан боловч урьд авагдсан баримт хууль зүйн шаардлага хангасан байсан учир прокурор хүсэлтийг хүлээж аваагүй. Урьд болсон үйл явдал энэ хэрэгт хамааралгүй байхад асуудлыг хөндөж хохирогчийн сэтгэл зүйд нөлөөлж дайралт хийж байгааг дурдах нь зүйтэй. Б.Бын биед учирсан гэмтэл нь Ж.Бгийн хохирогч, гэрчээр өгсөн мэдүүлэгт үснээс татаад унагасан” Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээр машин техникийн сэлбэг хэрэгсэл байдаг жижиг зайтай газарт унаж гэмтэл учирсан. Хэрэв Ж.Б ороод Б.Бын биед хүрээгүй, түлхэлцээгүй, хоорондоо мөргөлдөөгүй бол гэмтэл учрахгүй байсан тул давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна:” гэв.
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид ах дүүсийн холбоотой хүмүүс учир хоёулаа хөтлөлцөөд буруутан болсноос нэг нь буруутан болсон дээр гэж үзсэн. Мөн Ж.Б надаас дүү учир би мэдүүлгээ өөрчилж мэдүүлж байсан.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Б.Б, Ж.Б нар нь 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Да хүрээ” зах дотор хоорондоо үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж Б.Б нь Ж.Бгийн эрүүл мэндэд тархи доргилт, дух, дээд уруулд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Ж.Б нь Б.Бын эрүүл мэндэд тархи доргилт, баруун, зүүн хөх, дал, бугалга, гуяны цус хуралт, шууны арьсны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
шүүгдэгч Б.Бын хохирогчоор өгсөн “... тухайн өдөр намайг ажил дээрээ сууж байх үед Б гаднаас орж ирээд “чи яасан даварсан авгай вэ” гэж хэлээд лангуун дээр байсан түлхүүрийн иж бүрдлийг авч над руу шидээд цээжин хэсэгт оносон. Дараа нь шилний резин авч шидсэн ч намайг оноогүй ба намайг үсдээд авахаар нь би Б өөрөөсөө холдуулах гэж мөр рүү нь түлхэхэд надаас холдохгүй байсан. Бид хоёр зууралдаж байгаад өнхрөлдөөд газарт унасан. Миний цээж хөхөрсөн, хумсны ором гарсан, шалбарсан байсан. Мөн зүүн талын хавирга хөхөрсөн, баруун талын гарыг майжсан, хоёр хөл, гуя хөхөрсөн. ...”/хх 17-18/
шүүгдэгч Ж.Бгийн хохирогчоор өгсөн “... лангуун дээр байсан накладыг над руу авч шидээд биеийн баруун хэсэгт оносон. ...би дараа нь удалгүй Бын дэлгүүрт очиж лангуун дээр нь байсан машины шил арчигчийн резинийг авч түүн рүү шидэхэд Б лангууны араасаа гарч ирээд миний үснээс зулгааж доош дарж газарт хэвтүүлээд цээжин дээр гарч суугаад “чамайг алсан ч яадаг юм бэ” гэж хэлсэн. Гаднаас Даш гэх манай зах дээр ажил хийдэг ах орж ирээд Б бид хоёрыг салгах гээд чадаагүй гарч явсан ба Б бид хоёр нилээд удаан ноцолдсон. Б миний үснээс туг тугаар тасдаж унагаад “чи наадах үсээ цагдаад үзүүлээрэй” гэж хэлсэн. Даш буцаж орж ирээд бид хоёрыг салгахад Б манай дэлгүүрээс зугтаад гарсан. ... ” /хх 23-24/
шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн “... 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Б манай дэлгүүрт орж ирээд над руу түлхүүрийн иж бүрдэл авч шидсэн ч намайг оноогүй. Тэгээд Б бид хоёр барилцах үед би юм мөргөсөн. Газарт шланк, ременүүд хөлд тээглэж лангууны ирмэг болон хайрцагтай сэлбэг мөргөж, Б бид хоёр биедээ гэмтэл авсан. Сүртэй зодолдсон зүйл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /хх 16-18/,
шүүгдэгч Ж.Бгийн яллагдагчаар өгсөн “... “2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр намайг өөрийн дэлгүүртэй сууж байх үед гаднаас Б орж ирээд лангуун дээр байсан том оврын машины накладыг шидэж миний биеийн баруун хэсэгт оносон. Над руу орилж хашгираад байсан ч би юм дуугараагүй учир Б дэлгүүрээс гарч явсан. Хэсэг хугацааны дараа би Бын дэлгүүр рүү орж лангуун дээр нь байсан машины шил арчигчийн резинийг авч Б руу шидэхэд Б лангууныхаа араас гарч ирээд миний үснээс доош дарж зулгаан намайг газарт хэвтүүлээд дээр гарч суугаад миний толгой, нүүр хэсэгт олон удаа гараараа цохисон. Тухайн үед Б “би өмнө нь хүн алаад хүн амины хэрэгтэй цагдаад мөнгө өгөөд гарсан, чамайг алсан ч мөнгө өгөөд гараад ирэх чадал надад байна” гэж хэлсэн. Тэр үед Даш гуай орж ирээд салгах гээд чадаагүй буцаад гараад явсан. Тэр үед манай ажлын хоёр хүн шагайж харсан ч бид хоёрыг салгаагүй. ...” /хх 34-37/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 12027 дугаартай шинжээчийн “Б.Бын биед тархи доргилт, баруун, зүүн хөх, дал, бугалга гуяны цус хуралт, шууны арьсны зулгаралт гэмтэл тогтоогдож, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй” дүгнэлт /хх 27/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 11858 дугаартай шинжээчийн “... Ж.Бгийн биед тархи доргилт, дух, дээд уруулд цус хуралт гэмтэл тогтоогдож, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонгид нөлөөлөхгүй” дүгнэлт /хх 28/,
Шинжээч эмч О.Болороогийн: “... Тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилт гэмтэл нь хохирогчийн дух, дээд уруулд цус хуралт гэмтлийн аль нэгтэй нь хамт тухайн гэмтлийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ...” /хх 72/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Шүүгдэгч Б.Быг Ж.Бгийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, шүүгдэгч Ж.Бг Б.Бын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Б нь Ж.Бгийн эрүүл мэндэд тархи доргилт, дух, дээд уруулд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Ж.Б нь Б.Бын эрүүл мэндэд тархи доргилт, баруун, зүүн хөх, дал, бугалга, гуяны цус хуралт, шууны арьсны зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Ж.Бгийн өмгөөлөгч Х.Оюунсүрэнгийн “... Б Бын биед хөнгөн гэмтэл учруулсан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын хувьд, шүүгдэгч Ж.Б нь хохирогч Б.Бын эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, хохирогч Б.Бын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан... “бид ах дүүсийн холбоотой хүмүүс учир хоёулаа хөтлөлцөөд буруутан болсноос нэг нь буруутан болсон дээр гэж үзсэн. Мөн Ж.Б надаас дүү учир би мэдүүлгээ өөрчилж мэдүүлж байсан.Миний биед учруулсан гэмтлийг Ж.Бучруулсан.Миний хохирогчоор өгсөн мэдүүлэг үнэн”... гэх агуулга бүхий тайлбараар үгүйсгэгдэж байх бөгөөд шүүгдэгч Ж:Бгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах талын нотлох баримт хэрэгт өөрөөр байхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Шүүхээс Б.Б, Ж.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон бусад байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор буюу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Бгийн өмгөөлөгч Х.Оюунсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/1075 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Бгийн өмгөөлөгч Х.Оюунсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ