Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 159/ШШ2022/0013

 

 

 

                              

 

 

                                                                                              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                              

Хэргийн индекс: 159/2022/0006/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Баяртайван

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/166 дугаар захирамжийн Б.Баяртайванд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргалбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Минжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Баяртайванд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 125 дугаар захирамжаар хүнсний ногоо тарих зориулалтаар нийт 4 га газрыг эзэмшүүлжээ.

Гэтэл Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/166 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Баяртайваныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр түүний эзэмшлийн 4 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Дээрх захирамжийг нэхэмжлэгч тус сумын газрын даамалд газрын эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэх тухай хүсэлтийг гаргах үед мэдэж улмаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/166 дугаар захирамжийн Б.Баяртайванд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.

Нэхэмжлэгч Б.Баяртайван 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: “... Б.Баяртайван миний бие 2008 онд гэр бүлийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар суманд хүнсний ногоо тарих зорилгоор нийт 4 га газрыг 4 сая орчим төгрөгөөр худалдан авч, улмаар тус сумын 34-р км төмөр замын баруун хэсэгт байрлах:

Нэгж талбарын 171701312 дугаар бүхий 2 га газар эзэмших эрхийн 0159285

Нэгж талбарын 171701303 дугаар бүхий 1 га газар эзэмших эрхийн 0158852

Нэгж талбарын 171701406 дугаар бүхий 0.5 га газар эзэмших эрхийн 0158891

Нэгж талбарын 171701228 дугаар бүхий 0.5 га газар эзэмших эрхийн 0158892 нийт 4 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг 60 жилийн хугацаатайгаар өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Үүнээс хойш буюу 10 жилийн турш миний бие гэр бүлийн хамт тасралтгүй ногоо /төмс, лууван, байцаа, тарвас гэх мэт/ тарьж байсан боловч 2018, 2019 онуудад үер бууж төмөр замын гарам үерт автаж зам хаагдсаны улмаас ногоогоо тээвэрлэх боломжгүй болсон. Учир нь бид тарьсан ногоогоо тээвэрлэж ачихдаа төмөр замын гарман доогуур гарч тээвэрлэн цааш хот руу тээвэрлэж худалдаалдаг юм. Гарц зам хаагдсаны улмаас бид ногоогоо тээвэрлэх болон тарих боломжгүй болсон.

Ингээд 2020 оноос ногоогоо тарих гэсэн боловч дэлхий нийтээр тархаж буй Ковид-19 цар тахлын улмаас хот хоорондох зам удаан хугацаагаар хааж, бүхий л орон нутагт хорио цээрийн дэглэм барьж үүний улмаас мөн л Шаамараас Улаанбаатар руу ногоо ачих боломжгүй, биднээс үл шалтгаалан хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байсан. 2021 онд газрын гэрчилгээ шинэчлэгдэж байгаа учир шинэчлүүлэх тухай хүсэлтээ холбогдох газрын албанд гаргах тухай мэдээллийг олон нийтийн телевизээр харж улмаар хүсэлтүүдээ бичсэн боловч хот хоорондын зам хаалттай байсан тул хүсэлтээ тухайн үед өгөх боломжгүй байсан. Ингээд энэ жил буюу 2022 оноос газраа боловсруулж хагалаад ногоогоо таръя гэж төлөвлөн дээрх газрын гэрчилгээнүүдээ шинэчлэх тухай хүсэлтүүдийг эхнэр маань миний өмнөөс авч яван газрын албаар хөөцөлдөхөөр Шаамар сумын газрын даамалтай уулзахад “... танай эзэмших эрхийн газар цуцлагдсан, учир солихгүй” гэсэн тул үүнийг тодруулж лавлахаар эхнэр Засаг даргатай уулзах гэхэд тус өдөр байхгүй байсан гэсэн. Ямар учир шалтгаанаар цуцлагдсан талаар даамлаас асуухад “сүүлийн 2 жил ногоо тариагүй” гэсэн үндэслэлээр цуцалсан гэсэн. Ингээд газрыг цуцалсан талаар ямар нэгэн шийдвэр, баримт бичиг байгаа юу, тийм юм байвал эгчдээ хэвлээд өгөөч гэхэд Засаг даргын нарийн бичиг гэх хүн Шаамар сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/166 дугаар “Газар эзэмших эрхийг хүчингүйд тооцох тухай” захирамжийг хэвлэж өгч, бид тухайн өдөр өөрийн эзэмшлийн газрыг хүчингүй болгосон тухай мэдэж, захирамжтай танилцсан. Энэхүү захирамжид манай газрыг 4.8 га газар гэж илт зөрүүтэй бичсэн байсан.

Тус захирамжийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгосон байна. Гэтэл 2018, 2019 онуудад үер бууж, 2020-2021 он хүртэл хугацаанд цар тахлын улмаас ногоогоо нийлүүлэх болон тарих зогсоох бус биднээс үл шалтгаалсан гэнэтийн нөхцөл байдлын улмаас өнөөдөр ийм үр дагаварт хүрээд байна. Түүнчлэн Шаамар сумын Засаг дарга тус хуулийн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ.” гэж заасан үүргээ биелүүлээгүйн улмаас газар эзэмшигч миний бие тус хуулийн 40.3-т “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.” гэж хуульд заасан эрхээ хэрэгжүүлж чадаагүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд уг захирамжийг гарсан тухай мэдсэн, танилцсан өдрөөс тооцож эрхээ хэрэгжүүлэх зорилгоор ийнхүү шүүхэд гомдол гаргаж байна.

Шаамар сумын Засаг дарга уг захирамжаар газар эзэмшигч миний нөхцөл байдлыг огт харгалзан үзээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар ямар ч мэдээлэл аваагүй, дүгнэлт гаргаагүй атлаа өөрийн үзэмжээр “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/166 дугаар “Газар эзэмших эрхийг хүчингүйд тооцох тухай захирамж”-ийн Б.Баяртайван миний биед холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Тус сумын иргэн Б.Баяртайваны нэр дээрх Сэлэнгэ аймгийн Шаамар сум 2 дугаар баг Манжийн тохойд байрлах 4.8 га талбайн 2019, 2020 онуудад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу 2 жил дарааллан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үйл ажиллагаа явуулаагүй тул сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/166 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Тус захирамжийг иргэн Б.Баяртайваны эхнэрт 2022 оны 01 дүгээр сард газар эзэмших эрхийн гэрчилгээг цахим болгох гэж ирэхэд нь мэдэгдсэн. Ажлын хэсгийг 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/107 дугаар захирамжаар байгуулсан.

Мэдэгдэл хүргүүлэх тухай хуудсыг иргэн, аж ахуйн нэгж бүрээр гарган холбоо барих утсаар холбогдож цахим хаяг болон шуудангаар илгээсэн. Үүнд тус иргэний нэгж талбарын хувийн хэргийн мэдээлэлд байсан холбогдох утсаар хоёр удаа холбогдож мэдэгдэл хүргүүлэх гэсэн боловч утас холбогдохгүй байсан учир мэдэгдэл дээр тухайн өдрийн залгасан цаг минутыг тайлбарын хамт бичиж баталгаажуулсан болно. 2021, 2022 оны нэгдүгээр улирал хүртэлх ирсэн, явсан бичгийн дэвтэрт тухайн иргэнтэй холбоотой албан бичиг байхгүй болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүгч нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”  125 дугаартай болон мөн оны 326, 284 дугаартай захирамжуудаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн иргэн Б.Баяртайванд тус сумын 34 дүгээр км төмөр замын баруун хэсэгт төмс, хүнсний ногоо тариалах зориулалтаар 4 га газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж гэрээ байгуулан гэрчилгээ[1] олгожээ.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүйд тооцох тухай” А/166 дугаартай захирамж[2]-аар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар иргэн Б.Баяртайваны эзэмшлийн дээрх 4 га газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч Б.Баяртайван нэхэмжлэлдээ 2008 оноос хойш 10 жилийн турш гэр бүлийн хамт тасралтгүй ногоо тарьж байсан боловч 2018, 2019 онуудад үер бууж төмөр замын гарам үерт автаж зам хаагдсаны улмаас ногоогоо тээвэрлэх боломжгүй болсон “... 2020 онд ногоогоо тарих гэсэн боловч дэлхий нийтээр тархаж буй Ковид-19 цар тахлын улмаас хот хоорондох зам удаан хугацаагаар хааж бүхий л орон нутагт хорио цээрийн дэглэм барьж, үүний улмаас мөн л Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас Улаанбаатар хот руу ногоо ачих боломжгүй, биднээс үл шалтгаалах нөхцөл байдал үүссэн ...” хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй тооцох тухай” А/160 дугаартай захирамжийн Б.Баяртайванд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэж маргажээ.

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тухайд:

Нэг: Үер буусан талаар

Нэхэмжлэгч нь 2018, 2019 онуудад үер бууж төмөр замын гарам үерт автаж зам хаагдсаны улмаас ногоо тээвэрлэх боломжгүй болсон энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэх үндэслэлээр маргасан нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Тухайлбал Сэлэнгэ аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 07/51 тоот “Цаг агаарын тодорхойлолт[3]”-оор “... 2019 оны 04 дүгээр сарын 20-ноос 05 дугаар сарын 20-ны хооронд Сэлэнгэ аймгийн Шаамар сум орчмоор 2019 оны 04 дүгээр сард 4 удаа хур тунадас орсон сарын нийлбэр тунадасны хэмжээ 0.9 мм буюу олон жилийн дунджаас 7.5 мм-ээр бага, 2019 оны 05 дугаар сард 8 удаа хур тунадас орсон, сарын нийлбэр тунадасны хэмжээ 1.3 мм буюу олон жилийн дунджаас 18.8 мм-ээр бага хур тунадас орсон байна.” гэх тодорхойлолтоос үзвэл тухайн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт 2019 онд голын усны түвшин ихэссэнээс үер буугаагүй байна. /Хариуцагч нь 2019, 2020 онуудад 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэн тул 2018 оны ус цаг уур, орчны шинжилгээний газрын тодорхойлолтыг гаргуулаагүй болно./

Нэг талаас тухайн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 34 дүгээр км нэртэй газарт нэхэмжлэгч Б.Баяртайвантай хөрш залгаа хүнсний ногоо тариалдаг гэрч нар болох Б.Нямцэрэн, Д.Зоригт, Л.Атарцэцэг, А.Дэлгэрмаа нар шүүхэд дараах мэдүүлгийг өгчээ.

Гэрч Д.Зоригт “ ... Миний хувьд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд суурин амьдардаггүй 2019, 2020 онд бороо устай байсан гэхдээ ногоогоо тариад тээвэрлээд болоод байсан. 34 дүгээр км нь урд, хойд нүхэн гүүртэй голдуу хойд нүхэн гүүрээр ногоогоо тээвэрлэдэг Б.Баяртайваных урд нүхэн гүүртэй ойр санагдаж байна урд, хойд нүхэн гүүр хаагдсан тохиолдолд бид төмөр замаа давж ногоогоо тээвэрлэдэг” гэх мэдүүлэг[4].

 Гэрч Л.Атарцэцэг “ ... 2019, 2020 онуудад нүхэн гүүр хаагдсан зүйл болоогүй асуудалгүй ногоогоо тээвэрлэсэн нүхэн гүүр усанд автвал төмөр замаа давуулаад ногоогоо тээвэрлээд болоод л байдаг. 2021 онд гол үерлэж нүхэн гүүр рүү ус орсон. 2019, 2020 онд ногоо тарьсан. Тарьсан ногоогоо нүхэн гүүрээр тээвэрлэсэн, Б.Баяртайваных манай хүнсний ногоо тариалдаг газраас 100 метр зайтай байрладаг. Б.Баяртайван нь 2019-2021 онуудад хүнсний ногоо тариалаагүй. Хүнсний ногоо тариалахад коронавируст халдварт өвчний улмаас хүндрэл үүсээгүй. Харин тариалсан хүнсний ногоогоо зарж борлуулахад 2020 оны намар хөл хорио тогтоосонтой холбоотой хэсэг хүндрэл үүссэн. Манайх урд нүхэн гүүрээр ногоогоо тээвэрлэдэг. 2021 оны үер талбай руу орсон зүйл байхгүй нүхэн гүүр рүү жоохон ус орсон.” гэх мэдүүлэг[5].

Гэрч А.Дэлгэрмаа “ ... 2019, 2020 онуудад талбай бол усанд автаж, үер болсон зүйл байхгүй. Манай тэр хэсгийн газар намгархаг, шавар ихтэй тул бороо их орсон үед нүхэн гүүр рүү ус орсны улмаас машин явах боломжгүй болдог. 2019-2021 онуудад Б.Баяртайваных хүнсний ногоо тариалаагүй.” гэх мэдүүлэг[6].

Гэрч Б.Нямцэрэнгийн “ ... 2019, 2020 онуудад хүнсний ногоо тариалсан, нүхэн гүүр хаагдсан зүйл байгаагүй ногоогоо нүхэн гүүрээр тээвэрлэсэн. Манайх Б.Баяртайваны эзэмшлийн газраас 400 метр орчим зайтай байрладаг. Б.Баяртайван 2019, 2021 онд хүнсний ногоо тариалаагүй. Коронавируст халдварт өвчний улмаас тариалалттай холбоотой хүндрэл үүсээгүй, борлуулалттай холбоотой хүндрэл бол байсан.” гэх мэдүүлэг[7].

Нөгөө талаас Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 15 тоот шүүхэд ирүүлсэн албан бичигт  нэхэмжлэгч Б.Баяртайван нь 2019-2020 онуудад тариалалт хийж ургац хураагаагүй, хөдөө аж ахуйн мэдээллийн санд бүртгэлгүй талаар дурьдсан. Мөн шүүхээс хийсэн үзлэгийн явцад Шаамар сумын Засаг даргын Тамгын газрын хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтнээс гаргаж өгсөн “... Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэн, аж ахуйн нэгжийн хүнсний ногоо тариалалтын эцсийн мэдээнд нэхэмжлэгч Б.Баяртайван 2019, 2020 онуудад хүнсний ногоо тариалаагүй.” тухай нотлох баримт хэрэгт авагджээ.

Хоёр:  Коронавируст халдварт өвчин нөлөөлсөн эсэх талаар

Монгол Улсын Их хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар /ковид/-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг батлан гаргасан бөгөөд уг хуулийн зорилт нь коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар хуульд заажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын  2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 62 дугаартай тогтоол гаргаж шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс мөн оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын 64 дугаартай тогтоолоор бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгаж, Улсын онцгой комиссийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор нийслэл, аймаг, сумаас гарах хот хоорондын зорчигч тээвэр болон, хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 07.00 цагаас 03 дугаар сарын 16-ны өдрийн 07.00 цаг хүртэл зогсоож, Улсын онцгой комиссийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэсэгчлэн түр зогсоох тухай” 10 дугаартай тогтоолоор Улаанбаатар, Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн орох, гарах чиглэлийн хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 21.00 цагаас 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 06.00 цаг хүртэл түр зогсоож шийдвэрлэж байснаас өөрөөр 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд ямар нэг хөл хорионы хязгаарлалтыг тогтоогоогүй байна.

Үүнээс дүгнэхэд 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх буюу Монгол Улсын Засгийн газрын “Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх тухай” 178 дугаартай тогтоол гарах хүртэлх хугацаанд Ковид-19-тэй холбоотой ямар нэг хөдөлгөөний хязгаарлалт тогтоогоогүй байх бөгөөд нэхэмжлэгч нь 2020 оны хавар буюу 04 дүгээр сарын 25-наас хойш хүнсний ногоогоо тариалж 2020 оны намар 10 сард хураан авах бүрэн боломжтой байсан тул Ковид-19 цар тахал нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлгүй байна.

Жич: Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа нь хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаанд орсон. Мөн нэхэмжлэгч Б.Баяртайваны хөрш залгаа хүнсний ногоо тариалагч Б.Нямцэрэн нар нь /4 иргэн/ шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө Ковид-19 нь хүнсний ногоо тариалахад ямар нэг хүндрэл учруулаагүй талаар мэдүүлдэг.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Шаамар суманд байрлах өөрийн эзэмшлийн газартаа 2018-2021 оны хооронд хүнсний ногоо тариалах ямар нэг оролдлого хийгээгүй мөртлөө үер усны гамшиг болон Ковид-19 цар тахал нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай гэж маргасан нь үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Баяртайваны “Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/166 дугаар захирамжийн Б.Баяртайванд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.ОДБААТАР

 

 

 

 

 

   

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 4-7 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 49 дүгээр тал

[3] Хавтаст хэргийн 65 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 78-79 дүгээр тал

[5] Хавтаст хэргийн 80-81 дүгээр тал

[6] Хавтаст хэргийн 83-84 дүгээр тал

[7] Хавтаст хэргийн 98-99 дүгээр тал