Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 0019

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд

                   Нэхэмжлэгч                                     Л.Х

               Хариуцагч                                        Д.Б

               Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн

               итгэмжлэгдсэн төлөөлөгч               О.Сарантуул

                          Хариуцагчийн өмгөөлөгч                Р.Цэрэнханд

    Нарийн бичгийн дарга                     С.Гончигбал нарыг оролцуулан

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 437 дугаартай шийдвэртэй

Л.Х-ийн нэхэмжлэлтэй Д.Б-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гаргуулах,

гуравдагч этгээд Б.Б-ийн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ноогдох хэсгээ гаргуулах тухай бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч Д.Б-ийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Л.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Б-тай 1993 онд танилцаж дотносон 1994 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 1995 онд охин, 1999 онд охин, 2002 онд хүү, 2015 онд хүүтэй болж нийт 23 жил хамт амьдарсан билээ. Д.Б нь суусан цагаасаа эхлэн ааш авир гаргадаг байсан. Би 2007 онд зодуулж дарамтлуулсны улмаас З сар тусдаа амьдарсан. Тэр үед цагдаад мэдэгдээгүй хэдий ч уулзангуутаа зодож дарамталсан. Сүүлдээ эвлэрч гэртээ харьсан. 2014 онд зодуулж нуруундаа гэмтэл авч цагдаад хандсан бөгөөд хэрэг шүүхэд шилжин шийдвэр гаргахад дахин зодохгүй гэхээр нь гомдлоо буцааж, эвлэрсэн. Тэгсэн хэдий ч засраагүй эрүүл болон согтуугаар байнга дарамталж зодох, хоолой боох, мориор хөөх, бэлгийн харьцааны болон сэтгэл санааны дарамт үргэлж өгдөг байсан. Толгой нь ажиллахгүй гичийг толгойг нь тасдаад хаячих юмсан, хоёр нүдийг чинь ухна гэх зэргээр байнга харааж, өдөр бүрийг хэрүүлтэй өнгөрөөдөг байсан. Би дөрвөн хүүхдээ бодож энэ бүхнийг 23 жил тэвчиж хамт амьдарсан. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүүхдээсээ болж зодсон, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ялимгүй зүйлээс болж хөлдүү баасаар толгой болон нуруулуу цохиж хоолой боохыг завдсан. Тэгээд тэвчээр барагдаж салъя гэж шийдээд эгч Хишигдаваа руу нууцаар мессеж бичсэн. Эгч Булган аймаг дахь Цагдаагийн газарт өргөдөл өгч хуулийн дагуу шалгаж үзээд шүүхийн шийдвэрээр хорих ялыг нь 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан. Би зодуулсны улмаас толгой нурууны гэмтэлтэй болж эмнэлэгт хэвтсэн бөгөөд надад 50000 төгрөгнөөс өөр юу ч өгөөгүй. Энэ хүнд хүнийг хайрлах, өрөвдөх сэтгэл байдаггүй. Би цаашид хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү

Хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч, тэтгэлэг тогтоолгоно. Том охин Ууганчимэг 23 настай, 2017 онд холбооны инженерээр төгсөж одоо Улаанбаатар хотод “Жи-Мобайл” ХХК-д ажилладаг. Охин Бумбасамбуу 20 настай, Улаанбаатар хотод “Этүгэн” их сургуульд эм зүйчийн 2 дугаар курсын оюутан. Хүү Сумъяабазар 16 настай, Улаанбаатар хотын Барилгын коллежийн 1 дүгээр курсын оюутан. Одоогоор мал дээр хүнгүй тул сургуулиас нь хагас жилийн чөлөө авч мал маллаж байгаа. Гурван хүүхдүүд минь оюутны дотуур байранд амьдардаг, бага хүү Үлэмж З настай гэртээ байдаг. Эцэг нь намайг зодож загних үед хүүхдүүд минь салгах гэхээр хүүхдүүдээ элдвээр харааж гичий нохойгоор нь дуудаж ална шүү гэх зэргээр заналхийлдэг. Хүүхдүүд маань аавыгаа согтуу ирвэл байнгын айдастай, сэтгэл санаа түгшүүртэй байдаг. Эрүүл үедээ ч хүүхдүүдтэйгээ зөв харьцдаггүй харааж зүхдэг.

Миний бие 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс бага хүү Үлэмжийг дагуулан ах дүүгийнхээ гэрт амьдарч байна. Энэ хугацаанд хүү бид хоёрт эмчилгээний болон амьжиргааны мөнгө төгрөг өгөөгүй. Охин Бумбасамбуу дүүгээ авч аав дээрээ очиж хэд хоноход та нар хэнийг нь дагах юм, намайг дагахгүй бол юу ч өгөхгүй гэх мэтээр дарамталсан байсан. Хамт байгаа хүү Сумъяабазарыг чи надтай хөдөө мал маллаж амьдар, ээжтэйгээ байна гэж байхгүй, сургуулиас чинь гаргана гэсэн байна лээ. Дөрвөн хүүхдээ би тайван орчинд айх айдасгүй амьдруулах хүсэлтэй байна. Насанд хүрээгүй 2 хүүхдээ өөрийн асрамжиндаа авч тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.

Хамтран өмчлөх эд хөрөнгийн тухайд: Миний бие анх 1994 онд Б-тай гэр бүл болоход миний ээж унагатай гүү -1, тугалтай үнээ-2, хонь-20, ямаа-20 тооны малыг тасдаж надад өгсөн. Б-ийн аав, ээж нь тугалтай үнээ-2, шар-1, хонь-100-г тус тус өгч 2 талаасаа сууж байсан. Бид хоёр 23 жил амьдрахдаа эцэг эхийнхээ өгсөн малыг маллаж дөрвөн хүүхдээ өсгөж сургууль соёлтой болгосон. Хашаа байшин, машин, эд хогшил авч дундын өмчтэй болцгоосон. Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон насанд хүрээгүй 2 хүүхдэдээ оногдох хувь хэсгийг гаргуулах хүсэлтэй байна. Гэрийн эд хогшил гэвэл өвлийн байшин 1, зуны байшин 2, зургаан хантай гэр 1, Bongo маркийн машин 1, трактор, эмээл 2, хазаар, ташуур, хөөрөг, угаалгын машин, телевизор,  адуу-36, үхэр-86, хонь-178, ямаа-96, зэрэг хөрөнгө байгаа бөгөөд эдгээр хөрөнгөнөөс гэр, Бонго маркийн машин, хазаар, ташуур, эмээл, угаалгын машин, ширээ хувцасны шкаф, сандал, гудас, гал тогооны шкаф, хөнжил, усны сав, тогоо зэргийг авна. Мал адуу 32 толгой байгаагаас морь 9, азарга 1, даага 2, гүү 5, унага 4, үхэр 97 байгаагаас байгаагаас бух 1, соёолон үхэр 7, үнээ 12, сувай үнээ 4, хязаалан үхэр 10, шүдлэн үхэр 17, бяруу 12, хонь 220 толгой байгаагаас эр хонь 4, эм хонь 50, төлөг 32, хурга 60, ямаа 108 толгой байгаагаас эр ямаа 2, эм ямаа 10, ишиг 10, шүдлэн ямаа 18, хязаалан ямаа 10-ыг тус тус авна. Нийтдээ 59628000 төгрөгийн эд хөрөнгийг авна. Энэ малын тоог одоо байгаагаар нь гаргаж ирсэн байгаа. Охин Бумбасамбуугийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Адууны хувьд Бумбасамбуугийн авах адууг нэмж гаргуулахаар тооцсон байгаа” гэжээ.         

Хариуцагч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  “Миний бие Л.Х-тэй гэр бүл болж 4 хүүхдийн эх, эцэг болсон. Л.Х-ийн ярьж байгаа зарим нэг зүйл нь үнэн. Зарим нь илт худлаа байна. Би байнга архи ууж, агсам тавьж зодоод байдаг асуудал байхгүй. Архийг хааяа л уудаг. Х өөрөө ч архи уудаг. Өөрөө сална гээд явчихаад ирэхгүй, мал ахуй, гэр орноо ч анхаарахгүй байна. Хүүхдүүдээ өнчрүүлэхийг хүсэхгүй байна. Гэвч энэ хүн сална гэж байгаа бол гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Том хүү Сумъяабазарыг өөрийн асрамжинд авна. Тэтгэлэг төлөхгүй. Эд хөрөнгийн хувьд Л.Х-т гэр бүл болохдоо авчирсан малыг нь өгнө. 2 том охиндоо өгөх малыг Х-т өгөхгүй. Гэр доторх эд хогшилоос авахаа авна биз, надад маргах зүйл байхгүй. Эмээл, хазаар, хөөрөг, ташуур зэргийг Х-т өгөхгүй. Энэ эд хөрөнгийг би 2 хүүдээ өгөх гэж бэлдсэн. Нас биед хүрэхээр нь өгнө.  6 ханатай гэрийг өгөхгүй. Тав тухыг нь бодвол өвлийн байшин нь дээр байх. Мал, хөрөнгө гэр бүлийн 6 гишүүнд хуваагдах биз. Эр хүний эдэлж хэрэглэдэг эмээл, хазаар, ташуур, хөөрөг зэргийг өгөхгүй. Охин Бумбасамбуугийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Би охиндоо  авахыг хүссэн зүйлийг нь өгнө” гэжээ.

Гуравдагч этгээд Б.Бумбасамбуу шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “Манай аав, ээж 2 гэр бүлийн таарамжгүй харьцаатай байгаа бөгөөд гэрлэлт цуцлуулах өргөдөл өгч тэд тусдаа амьдарч байгаа. Миний хувьд насанд хүрсэн бөгөөд гэр бүлээсээ тусдаа өрх тусгаарлан гараагүй боловч гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ноогдох хэсгээ гаргуулж авах хүсэлтай байна. Үүнд 393 толгой малаас өөрт ноогдох эд хөрөнгө буюу 17 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Бумбасамбуу нь Б, Х нарын 2 дахь охин бөгөөд насанд хүрсэн, “Этүгэн” дээд сургуульд суралцдаг оюутан юм. Тэрээр насанд хүрсэн хэдий ч өрх тусгаарлаагүй тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ноогдох хэсгийг гаргуулах эрхтэй байна. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 17500 000 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Өөрөө малаасаа шар үхэр 1, сувай үнээ 1, тугалтай үнээ 3, хязаалан үхэр 3, шүдлэн үхэр 4, бяруу 3, хониноос төлөг 8, эр хонь 1, ихэр хурга 2, ямаанаас эр ямаа 1, эм ямаа 2, ишиг 2, борлон ямаа 5, хязаалан ямаа 3 авахыг хүссэн. Адууг ээж Х-ийн авах адуутай хамтатган тооцсон байгаа”  гэжээ.

   Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 437 дугаартай шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-д заасныг баримтлан Л.Х, Д.Б нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр төрсөн хүү Б-гийн Үлэмж, 2002 оны 3 дугаар сарын 9-ний өдөр төрсөн хүү Б-ийн Сумъяабазар нарыг эх Л.Х-ийн асрамжинд үлдээж,

 Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр төрсөн хүү Б-ийн Үлэмжийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр төрсөн хүү Б-ийн Үлэмж,  2002 оны 3 дугаар сарын 9-ний өдөр төрсөн хүү Б-ийн Сумъяабазар нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Д.Б-аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Л.Х-т даалгаж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж,

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.6, 130 дугаар зүйлийн 130.3, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Х-т: 10 000 000 төгрөгийн үнэ бүхий өвлийн байшин 1, 1000 000 төгрөгийн үнэлгээ бүхий  зуны байшин 1, 3000 000 төгрөгийн үнэ бүхий Bongo маркийн машин 1, 4000 000 төгрөгийн үнэ бүхий 10 завхай эмээл 1, 250 000 төгрөгийн үнэ бүхий  угаалгын машин 1, 100 000 төгрөгийн үнэ бүхий модон ор 1, 25000 төгрөгийн үнэ бүхий модон сандал 1, 50000 төгрөгийн үнэ бүхий модон ширээ 1, 200 000 төгрөгийн үнэ бүхий хувцасны шкаф 1, 150 000 төгрөгийн үнэ бүхий гал тогооны тавилга 1, тус бүр 20 000 төгрөгийн үнэ бүхий гудас 4,  тус бүр 10 000 төгрөгийн үнэ бүхий хөнжил 3,  20 000 төгрөгийн үнэ бүхий усны сав 1, тус бүр нь 20 000 төгрөгийн үнэ бүхий тогоо 2, бүгд 18 945 000 /арван найман сая есөн зуун дөчин тав мянга/ төгрөгийн эд зүйл,

-32 толгой адуунаас 600 000 төгрөгийн үнэ бүхий азарга 1, тус бүр 500 000 төгрөгийн үнэ бүхий гүү 3 /3х500 000=1500 000₮/, тус бүр 600 000 төгрөгийн үнэ бүхий морь 5 /5х600 000=3000 000₮/, тус бүр 150 000 төгрөгийн үнэ бүхий даага 2 /2х150 000=300 000₮/, тус бүр 100 000 төгрөгийн үнэ бүхий унага 3 /3х100 000=300 000₮/ бүгд   5700 000 /таван сая долоон зуун мянга/ төгрөг,

-97 толгой үхрээс 600 000 төгрөгийнэ үнэ бүхий бух 1, тус бүр 800 000 төгрөгийн үнэ бүхий үнээ 8 /8х800 000=6400 000₮/, тус бүр 100 000 төгрөгийн үнэ бүхий тугал 8 /8х100 000=800 000₮/, 800 000 төгрөгийн үнэ бүхий сувай үнээ 1 /1х800 000=800 000₮/, 800 000 төгрөгийн үнэ бүхий соёолон үхэр 4 /4х800 000=3200 000₮/, 1000 000 төгрөгийн үнэ бүхий шар 1, 700 000 төгрөгийн үнэ бүхий хязаалан үхэр 10 /10х700 000=7000 000₮/, 500 000 төгрөгийн үнэ бүхий шүдлэн үхэр 10 /10х500 000=5000 000₮/, 200 000 төгрөгийн үнэ бүхий бяруу 7 /7х200 000=1 400 000₮/, нийт 26 200 000 /хорин зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг,

-220 толгой хониноос 80 000 төгрөгийн үнэ бүхий эр хонь 1, тус бүр 60 000 төгрөгийн үнэ бүхий эм хонь 45 /45х60 000=2700 000₮/, тус бүр 50 000 төгрөгийн үнэ бүхий төлөг 20 /20х50 000=1000 000₮/, тус бүр 30 000 төгрөгийн үнэ бүхий хурга 45 /45х30 000=1350 000₮/, нийт 5130 000 /таван сая нэг зуун гучин мянга/ төгрөг,

-108 ямаанаас 80 000 төгрөгийн үнэ бүхий эр ямаа 1, тус бүр 60 000 төгрөгийн үнэ бүхий эм ямаа 20 /20х60 000=1200 000₮/, тус бүр  30 000 төгрөгийн үнэ бүхий шүдлэн ямаа 11 /11х30 000=330 000₮/, тус бүр 20 000 төгрөгийн үнэ бүхий ишиг 30 /30х20 000=600000₮/, нийт 2 210 000  /хоёр сая хоёр зуун арван мянга/ төгрөг, бүгд /18 945 000+39 240 000/ 58 185 000 /тавин найман сая нэг зуун наян таван мянга/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө,

Хариуцагч Д.Б-д /Б.Ууганчимэг/: тус бүр 1000 000 төгрөгийн үнэлгээ бүхий  зуны байшин 1, 700 000 төгрөгийн үнэ бүхий зургаан ханатай гэр 1, 5000 000 төгрөгийн үнэ бүхий Корондо маркийн суудлын машин, 2500 000 төгрөгийн үнэ бүхий бага оворын трактор, хадуур тармуур 1, 5000 000 төгрөгийн үнэ бүхий 12 завхай  эмээл 1, 2000 000 төгрөгийн үнэ бүхий хазаар 1, 2500 000 төгрөгийн үнэ бүхий ташуур 1, 1000 000 төгрөгийн үнэ бүхий хөөрөг 1, 100 000 төгрөгийн үнэ бүхий телевизор 1,  100 000 төгрөгийн үнэ бүхий модон ор 1,  25000 төгрөгийн үнэ бүхий модон сандал 1,  50000 төгрөгийн үнэ бүхий модон ширээ 1, тус бүр  20 000 төгрөгийн үнэ бүхий гудас 4, тус бүр нь 10 000 төгрөгийн үнэ бүхий хөнжил 3, 20 000 төгрөгийн үнэ бүхий усны сав 1, 20 000 төгрөгийн үнэ бүхий тогоо 1, бүгд 20 125 000 /хорин сая нэг зуун хорин таван мянга/ төгрөгийн эд зүйл,

32 толгой адуунаас 600 000 төгрөгийн үнэ бүхий азарга 1, тус бүр 500 000 төгрөгийн үнэ бүхий гүү 4 /4х500 000=2000 000₮/, тус бүр 600 000 төгрөгийн үнэ бүхий морь 6 /6х600 000=3600 000₮/, тус бүр 150 000 төгрөгийн үнэ бүхий даага 2 /2х150 000=300 000₮/, тус бүр 100 000 төгрөгийн үнэ бүхий унага 2 /2х100 000=200 000₮/ бүгд   6700 000 /зургаан сая долоон зуун мянга/ төгрөг,

-97 толгой үхрээс тус бүр 800 000 төгрөгийн үнэ бүхий үнээ 5 /5х800 000=4000 000₮/, тус бүр 100 000 төгрөгийн үнэ бүхий тугал 5 /5х100 000=500 000₮/, 800 000 төгрөгийн үнэ бүхий соёолон үхэр 1 /1х800 000=800 000₮/,  700 000 төгрөгийн үнэ бүхий хязаалан үхэр 2 /2х700 000=1400 000₮/, 500 000 төгрөгийн үнэ бүхий шүдлэн үхэр 2 /2х500 000=1000 000₮/, 200 000 төгрөгийн үнэ бүхий бяруу 3 /3х200 000=600 000₮/, нийт 8 300 000 /найман сая гурван зуун мянга/ төгрөг

-220 толгой хониноос 80 000 төгрөгийн үнэ бүхий эр хонь 3 /3х80 000=240 000₮/, тус бүр 60 000 төгрөгийн үнэ бүхий эм хонь 18 /18х60 000=1080 000₮/, тус бүр 50 000 төгрөгийн үнэ бүхий төлөг 15 /15х50 000=750 000₮/, тус бүр 30 000 төгрөгийн үнэ бүхий хурга 30 /30х30 000=900 000₮/, нийт 2 970 000 /хоёр сая есөн зуун далан мянга/ төгрөг,

-108 ямаанаас тус бүр 60 000 төгрөгийн үнэ бүхий эм ямаа 5 /5х60 000=300 000₮/, тус бүр  30 000 төгрөгийн үнэ бүхий шүдлэн ямаа 5 /5х30 000=150 000₮/, тус бүр 20 000 төгрөгийн үнэ бүхий ишиг 13 /13х20 000=260 000₮/, нийт 710 000 төгрөг, бүгд /20 125 000+18 680 000/ 38 805 000 /гучин найман сая найман зуун таван мянга/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө, 

Гуравдагч этгээд Б.Бумбасамбууд: 32 толгой адуунаас 600 000 төгрөгийн үнэ бүхий морь 1 /1х600 000=600 000₮/, 500 000 төгрөгийн үнэ бүхий гүү 1 /1х500 000=500 000₮/, 100 000 төгрөгийн үнэ бүхий унага 1 /1х100 000=100 000₮/ бүгд   1200 000 / нэг сая хоёр зуун мянга/ төгрөг,

-97 толгой үхрээс тус бүр 800 000 төгрөгийн үнэ бүхий үнээ 5 /5х800 000=4000 000₮/, тус бүр 100 000 төгрөгийн үнэ бүхий тугал 4 /4х100 000=400 000₮/, 800 000 төгрөгийн үнэ бүхий соёолон үхэр 3 /3х800 000=2400 000₮/,  800 000 төгрөгийн үнэ бүхий сувай үнээ 3 /3х800 000=2400 000₮/, 1000 000 төгрөгийн үнэ бүхий шар 1, 700 000 төгрөгийн үнэ бүхий хязаалан үхэр 1 /1х700 000=700 000₮/, 500 000 төгрөгийн үнэ бүхий шүдлэн үхэр 7 /7х500 000=3500 000₮/, 200 000 төгрөгийн үнэ бүхий бяруу 5 /5х200 000=1000 000₮/, нийт 15 400 000 /арван таван сая дөрвөн зуун мянга/ төгрөг

-220 толгой хониноос 80 000 төгрөгийн үнэ бүхий эр хонь 1 /1х80 000=80 000₮/, тус бүр 60 000 төгрөгийн үнэ бүхий эм хонь 12 /12х60 000=720 000₮/, тус бүр 50 000 төгрөгийн үнэ бүхий төлөг 15 /15х50 000=750 000₮/, тус бүр 30 000 төгрөгийн үнэ бүхий хурга 15 /15х30 000=450 000₮/, нийт 2000 000 /хоёр сая/ төгрөг,

-108 ямаанаас 80 000 төгрөгийн үнэ бүхий эр ямаа 1, тус бүр 60 000 төгрөгийн үнэ бүхий эм ямаа 5 /5х60 000=300 000₮/, тус бүр  30 000 төгрөгийн үнэ бүхий шүдлэн ямаа 12 /12х30 000=360 000₮/, тус бүр 20 000 төгрөгийн үнэ бүхий ишиг 5 /5х20 000=100 000₮/, нийт 840 000 төгрөг, бүгд 19 440 000 /арван есөн сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийн эд хөрөнгийг тус тус олгож, гэрлэгчид хамтран авсан малчны зээлийн үлдэгдэл 3 636 641/гурван сая зургаан зуун гучин зургаан мянга зургаан зуун дөчин нэгэн/ төгрөгийг хамтран төлөх үүрэгтэйг дурдаж,

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 852 дугаартай захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан болохыг дурдаж, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн  58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Х-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 202300 /хоёр зуун хоёр мянга гурван зуу/ төгрөг, гуравдагч этгээд Б.Бумбасамбуугийн урьдчилан төлсөн 132000 /нэг зуун гучин хоёр мянга/ төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, гэрлэгчдэд оногдуулсан эд хөрөнгийн үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг тооцон нэхэмжлэгч Л.Х-ээс төлөх хугацааг хойшлуулсан улсын тэмдэгтийн  хураамж 285 850 /хоёр зуун наян таван мянга найман зуун тавин/ төгрөг,  хариуцагч Д.Б-аас 422175 /дөрвөн зуун хорин хоёр мянга нэг зуун далан тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг, Төрийн санд 351975/гурван зуун тавин нэгэн мянга есөн зуун далан тав/ төгрөгийг, гуравдагч этгээд Б.Бумбасамбуугаас 122150 /нэг зуун хорин хоёр мянга нэг зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулан Төрийн санд оруулж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Халиунаад даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн  дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурддурдаж шийдвэрлэжээ.

          Хариуцагч Д.Б давж заалдах гомдолдоо:

“...Хариуцагч миний бие 4 хүүхэдтэй бөгөөд удам залгах 2 хүү минь насанд хүрээгүй байгаа бөгөөд бага хүүгээ ээжид нь үлдээж том хүү Б.Сумъяабазарыгаа өөрийн асрамжинд үлдээх хүсэлтэй байсан ч анхан шатны шүүх 2 хүүг минь хоёуланг нь эхийнх нь асрамжинд өгөхөөр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин шийдвэрийн бусад заалтыг хүлээн зөвшөөрч байгаа.

Ийм учраас давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие өөрийн хүүхдүүдийнхээ эсрэг ямар нэгэн хууль бус үйлдэл гаргаж байгаагүй бөгөөд хүүхдүүдээ эцэг хүний ёсоор хайрлаж халамжилж, өсгөн хүмүүжүүлж өдийг хүрсэн билээ. Миний бие хүүгээ асран хүмүүжүүлэх тэжээн тэтгэх бүрэн чадвартай, бололцоотой хүн. Хэдийгээр эхнэр бид 2 гэрлэлтээ цуцлууж цаашид хамтран амьдрах боломжгүй болж байгаа ч эцэг хүний хувьд энэ амьдралд нэмэр оруулсан, гүйцэтгэсэн үүрэг рольтой байгаа билээ. Гэтэл өдий насандаа хэн ч хүүхдээ өөрийн асрамжиндаа авч чадахгүй ганц биеэр хоцорно гэдэг үнэхээр харамсалтайн дээр туйлын гомдолтой байна.

Миний том хүү Б.Сумъяабазар одоо 16 настай, 2 жилийн дараа насанд хүрнэ. Насанд хүрэхэд нь би эцэг хүний хувьд хүүгийнхээ дэргэд байж, ажил амьдралын ухааныг эр хүнийхээ хувьд зааж сургаж, хүүгээ хүний дайтай өрх тусгаарлаж, гэрлэхэд нь зааж сургаж байхыг хүсэж байна. Би хүүгээ өөр дээрээ авсан ч гэсэн хүү мөн ээж нь дуртай үедээ уулзаж, учрах, хамт байх тал дээр би ямар нэгэн саад тотгор болохгүй. Би мөн адил бага хүүтэйгээ хүссэн үедээ уулзаж, учирч, асарч тэтгэж, анхаарал, халамжаа тавьж байх болно. Иймд анхан шатны шүүхийн 132/ШШ2018/00437 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, миний том хүү Б.Сумъяабазарыг миний асрамжинд үлдээж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

                                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:    

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Л.Хр нь хариуцагч Д.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэл, гуравдагч этгээд Б.Бумбасамбуу нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ноогдох хэсгээ гаргуулах бие даасан шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Л.Х, хариуцагч Д.Б нар нь 1993 онд танилцаж, 1996 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 1995 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр охин Б.Ууганчимэг, 1999 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр охин Б.Бумбасамбуу, 2002 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүү Б.Сумъяабазар, 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүү Б.Үлэмж нар төрсөн байна.

Хариуцагч Д.Б нь хамт амьдрах хугацаандаа 2014 оноос эхлэн Л.Х-рийн бие махбодид нь халдаж 2014 оны 05 дугаар сар, 2016 оны 08 дугаар сар, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус тус зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан үйл баримт тогтоогдсон байна.

Талууд хүүхдийн асрамжийн талаар маргаантай, гэрлэгчид тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүүхдийн асрамжийн асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлан, хүү Б.Сумъяабазар, Б.Үлэмж нарыг эх Л.Х-ийн асрамжинд үлдээж, эцэг Д.Б-аас тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Б нь “хүү Б.Сумъяабазарыг өөрийн асрамжинд авна” гэх гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байх боловч Д.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг зэрэг ёс суртахууны байдал, зан харьцаа, хүүхдийн сурч хүмүүжих орчин нөхцөл, хүүхдийн санал зэргийг харгалзан 2002 оны 03 дугаар сарын 09-ны өдөр төрсөн хүү Б.Сумъяабазарыг түүний асрамжинд үлдээх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хууль болон Гэр бүлийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1, 167 дугаар зүйлийн 167.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч Д.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 437 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Д.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.               

 

    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ё.БЯМБАЦЭРЭН

    ШҮҮГЧИД                                                                С.УРАНЧИМЭГ                                                                          

                                                                                   

                                                                                         М.ХҮРЭЛБААТАР