Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 132/ШШ2021/00283

 

  

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “******* үйлдвэр” ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “******* мөнх” ХХК-д холбогдох,

“******* мөнх” ХХК-д ган бөмбөлгийн цехэд суурилуулсан иж бүрэн цувих шугамаа өөрсдийн зардлаар буцааж авахыг даалгах, 1.987.502.9900 /нэг тэрбум есөн зуун наян долоон сая таван зуун хоёр мянга есөн зуун ер/ төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, 321.181.950 /гурван зуун хорин нэгэн сая нэг зуун наян нэгэн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй 142/2020/00031/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Б.*******, З.*******, хариуцагчийн төлөөлөгч Б.Отгонбаатар, хариуцагчийн өмгөөлөгч О.*******, прокурор Ц.*******, гэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* үйлдвэр” ТӨҮГ нь “******* мөнх” ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам худалдах, худалдан авах 2/304-18 бүртгэлийн дугаартай гэрээг байгуулсан юм. Гэрээний 5.2.1 дэх заалтад “Гэрээнд заасан чанар, стандартын шаардлагад нийцсэн, тоо хэмжээ, иж бүрдэл бүхий биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй барааг дагалдах баримт бичгийн хамт заасан хугацаанд нийлүүлэх” гэсэн үүргээ нийлүүлэгч тал болох “******* мөнх” ХХК зөрчсөн. Уг гэрээнд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар сунгасан бөгөөд гэрээний 4.2, 4.3-т тус тус заасны дагуу “******* мөнх” ХХК-д гэрээний нийт үнийн дүнгийн 70 хувь буюу 749,424,550 /долоон зуун дөчин есөн сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийн урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн. Гэрээний дагуу тухайн ажлыг гүйцэтгэх явц болон гэрээний хугацаа дууссаны дараа “******* мөнх” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаж байгаа эсэх талаар тус үйлдвэрийн газрын Техникийн зөвлөл нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хуралдаж, “******* мөнх” ХХК-ийн нийлүүлсэн Ган бөмбөлөг цувих шугам суурилуулах ажил нь чанарын шаардлага хангахгүй тул цаашид ашиглах боломжгүй гэж дүгнэн 2/304-18 бүртгэлийн дугаартай гэрээг дүгнэх шийдвэр гаргасан, мөн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр уг гэрээг дүгнэх ажлын хэсэг “******* мөнх” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж 2/304-18 бүртгэлийн дугаартай гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу "******* үйлдвэр" ТӨҮГ-ын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ТБ-117-12/1052 тоот албан бичгээр 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам худалдах, худалдан авах 2/304-18 бүртгэлийн дугаартай гэрээг цуцалж байгаа тухай мэдэгдлийг “******* мөнх” ХХК-д хүргүүлсэн.

“******* мөнх” ХХК-ийн гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажил нь туршилтын явцад чанарын шаардлага хангаагүй тул урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 749,424,550 /долоон зуун дөчин есөн сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөг, дээрх гэрээний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Ган бөөрөнцөгийн цехэд цувих шугам суурилуулахтай холбоотойгоор хуучин цувих шугамыг буулгах, бэлтгэл ажлуудыг хангах зорилгоор 7/008-19 бүртгэлийн дугаартай гэрээг “Р” ХХК-тай байгуулж, уг ажлын гүйцэтгэлд 129 760 440 /нэг зуун хорин есөн сая долоон зуун жаран мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийн зардал гаргасан.

Иймд “******* мөнх” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 749,424,550 /долоон зуун дөчин есөн сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөг, “Р” ХХК-аар гүйцэтгүүлсэн ажлын зардал 129 760 440 /нэг зуун хорин есөн сая долоон зуун жаран мянга дөрвөн зуун дөч/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 4,553,875 /дөрвөн сая таван зуун тавин гурван мянга найман зуун далан таван мянга/ төгрөг, нийт 883, 738, 865 /найман зуун наян гурван сая долоон зуун гучин найман мянга найман зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж "******* үйлдвэр" ТӨҮГ-т олгоно уу гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:              

1. “******* үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын орлогчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №ТБ-105/12/1284 дугаартай албан шаардлага, “******* үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын орлогчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №ТБ-39-12/1578 дугаартай албан бичгүүдээр Ган бөөрөнцгийн цехэд суурилагдсан ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамыг буулгаж, буцаан авч талбай чөлөөлөх шаардлагыг “******* мөнх” ХХК-д хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл дээрх албан бичгүүдэд хариу ирүүлээгүй, тоног төхөөрөмжөө буцаан аваагүй. ******* үйлдвэрийн зүгээс үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд аргагүйн эрхэнд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 148 дугаартай шийдвэр гаргаж “******* мөнх” ХХК-ийн суурилуулсан цувих шугамыг буулгах ажлын хэсэг байгуулж энэ ажлыг өөрсдийн 100 хувийн зардлаар буулгасан. Иймд “******* мөнх” ХХК-д Ган бөмбөлгийн цехэд суурилуулсан иж бүрэн цувих шугамаа өөрсдийн зардлаар буцааж авахыг даалгаж өгнө үү.

2. “******* үйлдвэр” ТӨҮГ нь 2018 оны 07 сарын 06-ны өдөр “******* мөнх” ХХК-тай Ган бөөрөнцгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам худалдах, худалдан авах 2/304-18 бүртгэлийн дугаартай гэрээг байгуулж, тус компанийн суурилуулсан шугамаар 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал ган бөөрөнцөг үйлдвэрлэсэн. Энэ хугацаанд олон удаагийн эвдрэл гэмтлүүд гарч, шугам суурилагдсан хүчин чадалдаа хүрч ажиллаагүй. Иймд “******* мөнх” ХХК-ийн ган бөмбөлөг цувих шугам нь техникийн шаардлага хангахгүй, үйлдвэрлэл зогсох нөхцөл байдал үүссэн тул тус үйлдвэрийн газрын Техникийн зөвлөл 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хуралдаж ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам чанарын шаардлага хангахгүй тул цаашид ашиглах боломжгүй гэж үзэн 2/304-18 тоот гэрээг дүгнэх шийдвэр гаргасан, мөн энэхүү гэрээг дүгнэх ажлын хэсэг 2019 оны 05 арын 10-ны өдөр хуралдаж “******* мөнх” ХХК-ийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн. “******* үйлдвэр” ТӨҮГ нь “******* мөнх” ХХК-ийн суурилуулсан шугамын ган бөөрөнцгийн дутуу үйлдвэрлэлт болон бүрэн зогсож дараагийн шугам худалдан авах хүртэл /2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл/ үйлдвэрлэлийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангахын тулд дотоодын болон гадаадын аж ахуйн нэгжүүдээс 40 мм, 80 мм, 100 мм-ын диаметртэй ган бөөрөнцгийг худалдан авсан. Хэрэв “******* мөнх” ХХК-ийн суурилуулсан шугам хэвийн ажиллаж үйлдвэрлэл явуулсан бол Баяжуулах үйлдвэр Ган бөөрөнцгийн цехээс 13901 тонн ган бөөрөнцөг авч хэрэглэхээр төлөвлөсөн боловч 6,289 тонн ган бөөрөнцөг авч 7861 тонн ган бөөрөнцгийг гаднаас худалдан авсан. “******* мөнх” ХХК-ийн суурилуулсан шугам хэвийн ажиллаж байсан бол 7861 тонн ган бөөрөнцгийг 22 200 298 000 төгрөгөөр үйлдвэрлэх байсныг 23 308 188 000 төгрөгөөр худалдан авч 1 108 318 000 /нэг тэрбум нэг зуун найман сая гурван зуун арван найман мянга/ төгрөгийн алдагдал хүлээсэн.

Иймд “******* мөнх” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас “******* үйлдвэр” ТӨҮГ-т 1 108 318 000 /нэг тэрбум нэг зуун найман сая гурван зуун арван найман мянга/ төгрөгийн хохирол учирсан тул тус компаниас дээрх хохирлыг гаргуулж “******* үйлдвэр” ТӨҮГ-т олгоно уу гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анх тендерийн материалд тендерийн баримт бичгийг тусдаа хавтсаар гаргаж өгөхдөө үнийн санал болон төслийн холбогдох хавсралтууд гэсэн хэсэгт Хятад улсын Жинсу мужийн Си чуань машин механизмын үйлдвэр гэж байгаа. Үүнээс өөр үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлсэн байна. Энэ нь Жанжибан гэдэг компани байна. Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар болон манай “******* үйлдвэр” ТӨҮГ-ын техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэл дээр бичигдсэн байгаа. Тэгэхээр анхнаасаа энэ компани тендерт шалгарсан үйлдвэрийн тоног төхөөрөмж авч ирээгүй. Тендерийн баримт бичигт заагдаагүй, шаардлагад нийцэхгүй тоног төхөөрөмж авч ирсэн гэж үзэж байна. Мөн тоног төхөөрөмж угсрах 8 хятад иргэн ирсэн гэдэг нь Тагнуулын газрын тодорхойлолтоор харагдаж байна. Эдгээр ажилтнууд тоног төхөөрөмж суурилуулах ажлыг гүйцэтгэсэн. Тэгэхээр зүгээр нэг бараа авч ирээд хүлээлгэн өгсөн биш, суурилуулах, эвдрэл гэмтэл гарсан үед манай талтай хамтран ажиллаж байсан. Си чуань машин механизмын үйлдвэрийн газрын тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй гэж үзэж байна. Энэ талаар 1 дүгээр хавтаст хэргийн 23 дугаар талд тодорхой бичигдсэн гэв.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...энэхүү гэрээг худалдах, худалдан авах гэрээ гэж үзээд худалдах, худалдан авах гэрээний нөхцөлөөр тайлбарлаж байна. Манай байгууллага нээлттэй тендер зарласан. ... 1 дүгээр хавтаст хэргийн 203 дугаар талд гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийг зааж өгсөн. Үүнд барааг мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн комисс хүлээн авах ба угсарч, суурилуулах, тохируулга хийж, сургалт хийж хүлээлгэн өгнө гэж заасан. Тендерийн баримт бичиг явсаар байгаад гэрээ болж байгаа. Энэ компани гэрээний саналыг хүлээн зөвшөөрөөд тендерт орж ирж байна. Гэрээний саналаа худалдах, худалдан авах гэрээний 3.1 дэх заалтад тоног төхөөрөмжийг угсарч суурилуулж, тохируулга хийж хүлээлгэн өгнө гэж тодорхой зааж өгсөн. Ингэж хүлээлгэн өгсөн тохиолдолд бараа материалыг нийлүүлсэнд тооцно гэж заасан байгаа. Хариуцагч талын тайлбарласнаар тоног төхөөрөмжийг манай үйлдвэрийн “М ТИ ЭС”-ийн агуулах дээр буулгаад, акт гээд зүйл үйлдсэн. Акт бол зөвхөн урьдчилгаа төлбөр авахын тулд үйлдсэн. Дээрээс нь манай үйлдвэр рүү бараа, материал нэвтэрч ороод, бараа ирлээ шүү гэдгийг хэлж байгаа акт болохоос биш бараа, материалыг хүлээлгэн өгөөд, энэ компанийн гүйцэтгэх ажил дууссан гэсэн үг биш. Тэгэхээр гэрээний саналыг хүлээж аваад гэрээ байгуулсан, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан байгаа. Бид нар гэрээний нэрээ худалдах, худалдан авах гэж байгаа боловч гэрээний зорилго, агуулгаас харахад энэ бол түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ. Энэ компанийн ажил бол сургалт хийх, тохируулга хийх, тоног төхөөрөмж бүрэн ажиллаж, манай шаардлагыг хангах бол Ерөнхий захирлын тушаалаар комисс томилогдож хүлээн авах байсан. Бид өмнө нь амраалтын зуухыг хүлээж авсан баримтыг хэргийн материалд өгсөн байгаа. Тэгэхээр яг энэ процессоор явж хүлээлгэн өгсөнд тооцогдоно. Гэтэл өнөөдөр энэ компани тэнд ямар тоног төхөөрөмж нь мэдэгдэхгүй, хайрцагтай юмнууд авч ирж, тэдэн боодол байна гэж акт үйлдээд манай ажил дууссан гэж ярих боломжгүй. ... хариуцагчийн өмгөөлөгчийн хариу тайлбартаа ...угсарч, тохируулга хийж, ажиллуулаад нийлүүлж өгснөөр хүлээлгэн өгөх гэрээ гэж зөвшөөрсөн тайлбарыг өгсөн байна. ...Худалдах, худалдан авах гэрээний үүргээрээ доголдол илэрсэн бол бид бүхэнд мэдэгдэх ёстой ч мэдэгдээгүй гэж байна, бид нар энэ талаар мэдэгдээд хамтарсан хурлыг 8, 9 удаа хийж, Б.Отгонбаатар гэдэг хүн өөрөө хуралд оролцсон. Өнөөдөр ийм эвдрэл гэмтэл гарсан, үүнийг засаж өг, одоо энэ хүмүүсийг ажиллуулъя гэх мэт асуудлыг хэлэлцсэн. ... Хариуцагчийн төлөөлөгч үүнийг зөвшөөрөөд, мэдээд, хэлэлцээд явсан байдаг. Дээрээс нь ган бөмбөлөг цувих шугамыг буулгасныг мэдээгүй гэх үндэслэл байхгүй. Бид нар аргагүйн эрхэнд бололцоотой бүх арга хэмжээг авсны дараа уг ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамыг буулгасан. Манайхаас хүргүүлсэн нэг шаардлагыг Б.Отгонбаатар аваагүй, харин 10 сарны 01-ний өдрийн шаардлагыг гардаж авсан байдаг. ...Си чуань үйлдвэрийн чанартай тоног төхөөрөмж нийлүүлэх үүргээ биелүүлээгүйгээс эхлээд энэ компанийн ажил замхарч эхэлсэн. ... “******* үйлдвэр” ТӨҮГ энэ асуудал дээр маш хариуцлагатай хандаж, чадахаасаа чадахгүйгээ хүртэл ажилласан...

...Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзсан нь үр дагавар адилхан. Энэ компанийн суурилуулсан ган бөмбөлгийн цувих шугамыг өөр бараагаар орлуулах боломжгүй. Өгсөн авсан зүйлээ буцааж байж үүний үр дагавар арилна .... Манай байгууллагаас комисс томилогдож тухайн тоног төхөөрөмжийг хүлээн авах ёстой. Тоног төхөөрөмжийг хэмжээнд нь хүрч ажиллуулаагүй, эвдрэл гарч манай үйлдвэр зогсох хэмжээнд хүрсэн тул шаардлага хангахгүй гэж үзсэн. Нөхцөлөөрөө бид нар гэрээний агуулгаа тодорхойлно. Нийлүүлэх биш тоног төхөөрөмжийг угсарч суурилуулаад, ашиглалтанд хүлээлгэн өгөх ёстой. Гэрээний 3.1 дэх заалтаар явна. Ямар тохиолдолд тоног төхөөрөмжийг нийлүүлсэн гэж үзэх вэ гэдэг гэрээний гол нөхцөлөөр бид бүхэн тохирсон. Тэгэхээр энэ компанид үүрэг болгосон тоо ширхэгийн дагуу хүлээлгэж өгсөн гэдгээр хязгаарлагдаж болохгүй.

...Туршилт хийхийн тулд тодорхой хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Тэгж байж бүтээгдэхүүн чанартай эсэх, төлөвлөгөөнд хүрэх эсэхийг тогтоох гэрээний нөхцөлтэй. Бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн хувьд үйлдвэрлэсэн. Тэгэхдээ энэ компани тухайн тоног төхөөрөмжөө манай байгууллагад хүлээлгэж өгөхийн тулд туршилт хийж үйлдвэрлэсэн. Үүгээр ашиг олсон эсэхийг хариулах боломжгүй.

...Хятад улсаас ирсэн мэргэжилтнүүд тохируулгын ажил хийж байх үед хүлээн авсан акт үйлдээгүй. Чанарын шаардлага хангаагүй, манай байгууллагаас төлөвлөөд байгаа үр дүнд хүрээгүй тул гэрээг цуцалсан. Техникийн зөвлөл хуралдсан. Энэ шугам цаашид ажиллах боломжгүй, туршилт, тохируулга хийх хугацаандаа төлөвлөгөөний  50 хувьдаа ч хүрэхгүй байна, байнга эвдрэл гараад байна гэж дүгнэсэн гэв.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай цех 24 цагаар, 3 ээлжээр тасралтгүй ажилладаг. 1 ээлжиндээ 8 хүн ажилладаг. “******* мөнх” ХХК бол 7 мэргэжилтэнтэй, 2 Монгол инженертэй ажилласан. Манай цех дээр бараа материалыг авч ирсэн цагаас эхлэн хамтран ажилласан. Тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт 12 сарын 25–ны өдөр дууссан. Түүнээс хойш  2019 оны 04 сарын 06-ны өдөр кардан гол хугарч үйл ажиллагаа зогсох хүртэл хамтарч ажилласан. Энэ хугацаанд манай цехийн ажилчид “******* мөнх” ХХК-ийн мэргэжилтнүүдийн зааварчилгаа, зааврын дагуу ажиллаж байсан. Шинэ тоног төхөөрөмж дээр дур мэдэн ажиллах боломжгүй. Гэрээний дагуу энэ компани угсралт, суурилуулалт хийх, бид нарт сургалт өгөх ёстой байсан тул зааврын дагуу ажиллаж байсан. Бэлдцийн хувьд манайх олон улсын стандартад нийцүүлэн гаргасан байгууллагын стандартыг мөрдөж ажилладаг. ...Манай бэлдцийг тухайн үед Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэр нийлүүлж байсан. Диаметрийг стандартад тодорхой заасан байдаг. 40-ын ган бөмбөлөг +2, 80-ын ган бөмбөлөг +3, 100-ын ган бөмбөлөг +4 диаметртэй байж болно гэж заасан. Худалдах, худалдан авах гэрээнд энэ нөхцөлийг оруулж өгсөн. Үүний дагуу бэлдцийн үйлдвэрлэлийг явуулсан байдаг. Бэлдцийн стандарт, тоног төхөөрөмжийн нөхцөл байдлын талаар анх Б.Отгонбаатар 2 мэргэжилтэний хамт 2018 оны 08 сарын 29-ний өдөр цех дээр ирж танилцсан. Тэр үед цехийн удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ байж байгаад танилцуулж байсан. Тухайн үед манай бэлдэц стал 70 буюу нүүрстөрөгчийн агуулга 07-той, 5 метрийн урттай байсан. Мөн хуучин тоног төхөөрөмжөө танилцуулсан. Үүнийг танай компани солино гэдгийг хэлсэн. Техникийн бүх нөхцөлийг тодорхой танилцуулсан. Үүнийг Б.Отгонбаатар хүлээн зөвшөөрсөн. Анх тендер зарлахдаа техникийн тодорхойлолт дээр тусгасан байсан. Тухайн цехийн урт, өргөн, хуучин байсан тоног төхөөрөмжийн суурь, ерөнхий байдал, харьцаж ажиллаж байгаа ган бөмбөлөг цувих шугам, дахин халаах зуух, хөргөлтийн системийн талаар тодорхой танилцуулсан. Мөн бэлдцээ тодорхой танилцуулж, ийм түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ шүү гэдгийг тодорхой хэлсэн. Тэгээд техникийн нөхцөлийг хүлээн зөвшөөрөөд явсан. Анх тендер зарлахдаа захиалагч талаас өмнөх ажиллаж байсан Итали улсын Данель фирмын ган бөмбөлөг цувих шугамтай дүйцэхүйц, хоногт гарах бүтээгдэхүүний хэмжээ нь дүйцэхүйц цувих шугам байна гэж заасан. 12 сарын 25-ны өдөр шугамын угсралт дууссан. Тэгээд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн нь хоногийн гарцад хүрч ажиллаагүй. 20-оос 30 хувийн гүйцэтгэлтэй ажилласан. 2018 оны 12 сарын 29-ний өдрөөс эхлэн тоног төхөөрөмж эвдэрч эхэлсэн. Ер нь ******* үйлдвэр” ТӨҮГ-т тоног төхөөрөмжийн угсралт, туршилт, суурилуулалтын ажил 72 цагийн дотор явдаг байсан боловч энэ компанийн тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажил удсан. Ингээд асуудал үүсч эхэлсэн гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Мэргэжилтнүүд ирж тоног төхөөрөмжийг суурилуулж, хүлээлгэн өгнө гэж ойлгогдож байгаа. Тэгтэл болсон процессын хувьд 12 сарын 25-ны өдөр ган бөмбөлөг цувих шугамын суурилуулалт дууссан. 12 сарын 26-ны өдөр анхны эвдрэл гарсан. Бид бүхэн уг ажилд аль болох дэмжлэг туслалцаа үзүүлж байсан. Тэгээд бэлдэцнээс болоод байна уу гэж үзээд Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс бэлдэцний арзгар хэсгийг тэгшлүүлж авсан. Гэтэл бидний хүлээлт 100 хувь явж чадаагүй. Туршилтын хугацаа 72 цаг байдаг. Өнөөдөр энэ компанийн суурилуулсан шугамыг 3 сарын хугацаанд туршиж байна. ...Гол алдаа нь техникийн мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байсан. Яаралтай хариу арга хэмжээг хоцорч үйлдэл хийсэн, дүгнэлт хийгээгүйн улмаас, ирсэн бүтээгдэхүүний чанар хүссэн хэмжээнд хүрээгүй нь ийм байдалд хүргэсэн.

Гэрээний хугацаа ерөнхийдөө дууссан. Тэгээд манай удирдлагын зүгээс ган бөмбөлгийн цувих шугамын үйлдвэрлэлийн явцыг шалгах үүрэг даалгавар өгсөн. Үүний дагуу ажлын хэсэг байгуулагдан миний бие ахлан явсан. ... Хятад улсын Бугат хотын Си чуань ган бөмбөлгийн үйлдвэртэй танилцаад цаашаа үйлдвэр дээр очсон. Харамсалтай нь бид бүхэн Хятад хэл мэдэхгүй учраас Си чуань компани юм уу Дамбани үйлдвэр юм уу мэдэхгүй, уулзсан Хятад хүмүүстэй “******* мөнх” ХХК,  Б.Отгонбаатар гэж ярихаас биш, болж байгаа процессийг асууж чадахгүй байсан. Ажлын явцыг сонирхож байсан. Тухайн үед үйлдвэрлэлийн явц 70 хувийн гүйцэтгэлтэй, амраах зуух 80 хувьтай байсан...

Шинээр “Бээжин жирэм” ХХК-тай гэрээ байгуулж индукцийн хос цувих шугам оруулж ирсэн. Тэр тоног төхөөрөмж одоо хэвийн ажиллаж байна.

Халаалтын зуухны хамт солих санхүүгийн боломж байхгүй байсан. Улсын онцгой объект тул цехийн найдвартай үйл ажиллагааг хангахын тулд  1997 онд үйлдвэрлэгдсэн техник, тоног төхөөрөмж элэгдэлд орсон тул 2017 оны төсвийн тодотголоор цувих шугамыг солино гэж оруулсан. Харин дахин халаалтын зуухны их засварын ажлыг оруулсан.

Тээвэр ложистикийн 6 дугаар төв агуулах дээр бараа материал буухад чанарын шаардлага хангаж байгаа эсэх, бүрэн бүтэн эсэх талаар шалгаж авах, түүнийг мэдэх техникийн боломж нөхцөл байхгүй ... агуулахад орсон ачааны бүрэн бүтэн байдал, алга болгохгүй байхыг манай байгууллага хариуцна. Түүн дотор ямар тоног төхөөрөмж хэдэн ширхэг байгааг ярих боломжгүй. ...Ган бөмбөлөг цувих шугамыг өөр бараагаар орлуулах боломжгүй. Тэгэхээр өгсөн авсан зүйлээ буцаана. Тоног төхөөрөмжийг цаанаасаа ачуулсан ачаа нь манай байгууллага дээр ирсэн, Хятад мэргэжилтнүүд ирж тоног төхөөрөмжийг угсрах юм байна гэж ойлгосон. Тухайн үед би эсэргүүцэж байсан. Акт үйлдэж аваагүй, орлогод аваагүй би гарын үсэг зурахгүй гэдэг асуудал яригдаж байсан гэв.   

 

Хариуцагч “******* мөнх” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй “******* Үйлдвэр” ТӨҮГазрын манай компанид холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан “...гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирол, улсын тэмдэгтийн хураамж нийт 883.738.865 /найман зуун наян гурван сая долоон зуун гучин найман мянга найман зуун жаран тав/ төгрөгийг гаргуулах... шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч талаас хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг шүүхэд хүргүүлж байна.

Юуны өмнө манай компани нь 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 1 гишүүнтэйгээр гадаад худалдаа, барилгын засварын үйлчилгээ, тоног төхөөрөмжийн худалдаа, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд үйл ажиллагаагаа тогтмол явуулсаар байна.

“******* үйлдвэр” ТӨҮГазраас 2018 онд өөрийн үйлдвэрийн Ган бөмбөлөг цувих цехэд бөмбөлөг цувих иж бүрэн шугам нийлүүлэх...” ИБХ-ТТ/9-2018-1.19.3 дугаартай нээлттэй цахим тендер сонгон шалгаруулалтыг зарласан байсан. Ингэхдээ ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамын техникийн тодорхойлолтонд зааснаар “...ГБЦ-ийн элэгдсэн, ашиглалтын хугацаа дууссан төхөөрөмжийг шинэчлэх, сүүлийн үеийн автомат иж бүрэн цувих шугамаар сольж ган бөмбөлгийн хэлбэр дүрсийг сайжруулж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд одоо ашиглагдаж байгаа МS64 маркын цувих иж бүрэн шугам нь 1996 онд ашиглалтанд орсон, 22 жил болж байгаа цувих иж бүрэн шугам нь элэгдэж, ашиглалтын хугацаа дууссан гэж тодорхойлсон байсан. Мөн тавигдах шаардлага (үйлдвэрийн хүчин чадал, цувих иж бүрдэл, цувих MS64 маркын цувих иж бүрэн шугамтай дүйцэхүйц байх гэх мэт)-уудтай, нийлүүлэгдэж буй бараа нь ашиглагдаагүй шинэ бараа байна... ” гэж тус тус тодорхойлсон байсан.

Манай компанийн хувьд дээр дурьдсан ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам нийлүүлэх нээлттэй цахим тендерт холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлэн оролцсон бөгөөд нийт 5 компани оролцсон бөгөөд тендерийн үнэлгээний хорооноос манай компанийг шалгаруулсан. Үүний дагуу”******* үйлдвэр” ХХК /хуучин нэрээр/ -ний ерөнхий захирлын 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн ХБ-114-12/691 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгож байгааг мэдэгдсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан хугацаанд буюу дээрх мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ”худалдан авах гэрээ ”-г байгуулан Ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам нийлүүлэх гэрээг талууд харилцан тохиролцож бичгээр байгуулсан. Гэрээ байгуулагдсан эсэх, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн эсэх талаар хариуцагч талаас ямар нэгэн байдлаар маргахгүй болно.

Уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт: “...Нийлүүлэгч нь Ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамыг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй энэхүү гэрээнд үнэ, тоо ширхэгийн дагуу худалдаж, захиалагч тал худалдан авна...” гэж гэрээний зүйл тохиролцсон бөгөөд энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан ...Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ... ” гэж заасантай нийцсэн.

Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт гэрээний зүйлийн үнийг 1.070.606.500 /нэг тэрбум далан мянга зургаан зуун зургаа мянга таван зуу/-н төгрөг байхаар тохиролцож уг үнэд НӨАТ, баглаа, боодол, ачилтын зардал, хүргэх цэг хүртэлх тээвэрлэлт, гаалийн татвар бусад холбогдох зардлууд багтсан гэж тохирч улмаар төлбөр хийх нөхцөлийг мөн талууд гэрээгээр тохирсон бөгөөд бараа нийлүүлэх хугацааг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуанлийн 60 хоног гэж анх тохиролцсон.

Манай компанийн зүгээс дээр дурдсан гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэх үүднээс 2018 оны 8 сарын 29-ний өдөр БНХАУ-ын Жиан-Ен хотод байрладаг Жианин /Жиан-Ен/ Жибанг Ган бөмбөлгийн Тоног төхөөрөмжийн үйлдвэртэй “Эдийн засгийн Хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулан уг гэрээний 1.1-т заасан бүслүүрт тасдагч машин/ ком гэсэн тоног төхөөрөмжийг худалдан авагч болох “******* Мөнх” ХХК-д 2.400.000 юань /хоёр сая дөрвөн зуун мянга/-аар худалдан авах гэрээг байгуулсан.

Энэ гэрээний гол нөхцөл нь "... “******* мөнх” ХХК-ний худалдан авагчид гэрээнд заасан төхөөрөмжийн загвар, үйлдвэрлэл, угсралт болон ашиглалтанд бүрэн хүлээлгэн өгөх тухай юм. Гэрээнд барилгын суурь, ус хөргөх систем, техникийн хяналтын өрөө зэрэг нь багтаагүй Төслийн үндсэн агуулга нь Техникийн гэрээнд дэлгэрэнгүй тусгагдсан болно....” гэж тохиролцсон.

Энэ гэрээний дагуу нийлүүлсэн ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамын техникийн гэрээнд дэлгэрэнгүй тусгагдсан тавигдах шаардлага, чадал, угсралт, ажиллуулах заавар зэрэг нь “******* үйлдвэр” ТӨҮГазрын тендерийн бичиг баримтанд дурдагдсан техникийн шаардлага, бусад нөхцөлүүдтэй бүрэн нийцсэн байсан бөгөөд тендерүүд үнэлгээний хороо энэ үндэслэлээр манай компанийг шалгаруулсан байдаг.

Эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу худалдан авагч тал гэрээний нийт дүнгийн 15%-тэй тэнцэх 360000 юань төлснөөр гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлтэй. Харин захиалагчтай байгуулсан гэрээнд зааснаар гэрээний үнийн 30 хувьтай тэнцэх дүнг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 30 хоногийн дотор нийлүүлэгчийн гаргаж ирүүлсэн урьдчилгаа төлбөрийн баталгааг үндэслэн төлнө гэж заасан.

Захиалагчийн зүгээс эхний төлбөрийг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 321.181.950 /гурван зуун хорин нэгэн сая нэг зуун наян нэгэн мянга есөн зуун тавь/ төгрөгийг шилжүүлсэн бөгөөд төлбөрийн хувьд 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 428.242.600 /дөрвөн зуун хорин найман сая дөрвөн зуун дөчин хоёр мянга зургаан зуу/ төгрөгийг хугацаа хоцорч шилжүүлсэн байдаг. Гэрээний бараа ачигдсаны дараа гэрээний үнийн 40 хувьтай тэнцэх дүнг шилжүүлнэ гэж заасан боловч төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй байдаг.

Нийлүүлэгчийн зүгээс барааг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр барааг гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг бөглөн Замын-Үүд дэх гаалийн газраар Монгол улсад оруулж байдаг.

Барааг хилээр нэвтрүүлсэнтэй холбогдуулан тээврийн зардал, гаалийн татвар, барааны үнийг төлөх шаардлага хариуцагч талд үүссэн бөгөөд захиалагч тал 2 дахь төлбөр төлөх үүргээ заасан хугацаандаа биелүүлээгүй тул арга буюу 2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр М.Солонгоотой “Зээлийн гэрээ” байгуулан 700.000.000 /долоон зуун сая/ төгрөгийн зээл авч уг мөнгөөр барааны үнэ болон бусад зардлуудыг төлж барааг хилээр оруулж ирсэн.

Замын-Үүд дэх гаалийн газраас ******* үйлдвэр рүү тээвэрлэлт хийж 2018 оны 11 дүгээр 16-ны өдөр гэрээнд заасан цувих иж бүрэн шугамыг үйлдвэрийн Тээвэр ложистикийн албаны 6-р төв агуулахад захиалагч Ган бөмбөлгийн цехийн төлөөллийг байлцуулан акт үйлдэн бүрэн хүлээлгэн өгсөн. Манай компаний нийлүүлсэн цувих шугамыг Ган бөмбөлгийн цехийн дарга , цехийн цахилгааны механик , цехийн нярав , Тээвэр ложистикийн албаны барааны ахлах мэргэжилтэн , 6-р агуулахын нярав нар шалгаж барааг бүрэн хүлээн авсан болно. Барааг хүлээн авсаны дараа захиалагч гэрээний дагуу төлбөрийн 20%-ийг төлөх үүргээ мөн биелүүлээгүй байгаа болно.

Энэхүү иж бүрэн цувих шугамыг захиалагч хүлээн авснаар гэрээнд заасан нийлүүлэх үүргээ компанийн зүгээс зохих ёсоор, шударгаар, бүрэн биелүүлсэн болно. Акт үйлдэн барааг хүлээн авах үед биет байдлын болон эрхийн ямар нэгэн доголдолгүй гэж үзэн талууд акт үйлдэн барааг харилцан хүлээн авсан тул чанар стандартын шаардлага хангахгүй, биет байдлын доголдолтой байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болжээ.

Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт: “...Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ...” гэж заасан, мөн хуулийн 247.2 дэх хэсэгт: “...Худалдагч худалдсан эд хөрөнгийг худалдан авагчийн хүсэлтээр гэрээнд зааснаас өөр газар хүргүүлэхээр илгээсэн бол тухайн эд хөрөнгийг тээвэрлэгчид, эсхүл эрх бүхий этгээдэд шилжүүлсэн үеэс худалдан авагчид эрсдэл нь шилжинэ...” гэж хуульд тодорхой заасан тул нийлүүлсэн барааг хүлээн авснаас хойш болсон эрсдэл худалдан авагч талд үл маргах журмаар шилжих тул нийлүүлснээс хойш бий болсон аливаа үр дагаврыг манай компани хариуцахгүй болно.

Нөгөө талаар захиалагчтай байгуулсан гэрээний 8 дугаар зүйлд барааг хүлээн авах, гомдол гаргах эрхийн талаар тохиролцсон байх ба гэрээний 8.3-т “..хэрэв нийлүүлэгдэж буй бараа нь болон зохих стандартын шаардлага хангахгүй, тоо хэмжээ дутсан, нэр төрөл өөрчлөгдсөн зэрэг байдал илэрвэл Нийлүүлэгчид хуанлийн 14 хоногийн дотор мэдэгдлээр шаардлага хүргүүлнэ...” гэж заасан байх ба захиалагчийн зүгээс энэ талаар бидэнд бичгээр мэдэгдэл өгч байгаагүй зэргээс үзэхэд чанар, стандартын шаардлага хангахгүй, биет байдлын доголдолтой гэж үзэх боломжгүй юм.

Манай компани нь гэрээний дагуу ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам нийлүүлэх үндсэн үүргийг хүлээсэн, харин захиалагчтай байгуулсан гэрээний 1.2 дэх хэсэгт: “...Нийлүүлэгч нь гэрээний 5-р зүйлийн нөхцлийн дагуу Барааны угсралт ба тохируулгыг гүйцэтгэнэ...” гэж заасан. Гэрээний 5 дугаар зүйлд нийлүүлэгчийн эрх, үүргийг тодорхой заасан байх ба нийлүүлэгчийн эрх үүрэг дотор угсарч, суурилуулах талаар огт дурдаагүй болохыг шүүх анхаарч үзнэ үү.

Харин гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.7 дэх хэсэгт: “...тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах үед дотоодын инженерийн багийг хоёр долоо хоног ажиллуулах, гадаад мэргэжилтнийг тохируулга болон ашиглалтад оруулах ажиллагааг удирдуулж хяналт тавиулах ажлыг тус тус зохион байгуулж зардалыг хариуцна. Мөн тус мэргэжилтэн нь Баяжуулах үйлдвэрийн мэргэжилтнүүдэд босоо тээрмийг ашиглах, засварлах сургалтыг удирдан зохион байгуулна... ” гэсэн заалт оруулсан байх бөгөөд энэ нь угсарч суурилуулсны дараа хийгдэх ажлууд байгааг шүүх шийдвэр гаргахдаа анхаарах ёстой гэж үзэж байна.

Мөн талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж ажил дуусах хугацааг 2019 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл сунгасан байдаг бөгөөд энэхүү өөрчлөлт нь худалдах, худалдан авах гэрээний салшгүй хэсэг байна гэж тохиролцсоноор гэрээний хугацааг талууд сунгасан, захиалагч тал гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш гэрээ цуцлах талаараа бичгээр мэдэгдэл ирүүлсэн байдаг.

Дээр дурдсан үйл баримтуудаар манай компани нь гэрээний дагуу бараа нийлүүлэх үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж үзэж байгаа тул гэрээний нийт үнийн дүнгийн 70 хувь буюу 749.424.550 /долоон зуун дөчин есөн сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөг хохиролд тооцон буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Нэхэмжлэлд дурдсан “...тухайн ажлыг гүйцэтгэх явц болон гэрээний хугацаа дууссаны дараа хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаж байгаа эсэх талаар үйлдвэрийн газрын Техникийн зөвлөл 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хуралдсан гэх асуудал, ажил нь чанарын шаардлага хангахгүй тул цаашид ашиглах боломжгүй гэх шийдвэр, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн гэрээг дүгнэх ажлын хэсэг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн гэрээг цуцлах шийдвэр гаргасан..." гэх үндэслэлээ нэхэмжлэгч тал өөрөө бичгийн баримтаар нотлох үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл худалдагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлээгүй вэ гэдэг үйл үйл баримтыг нотлох ёстой. Үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлийн тухайд худалдагч гэрээний дагуу огт ажил үүрэг гүйцэтгээгүй, бараа нийлүүлээгүй байхыг хуулиар урьдчилан шаардана. Гэтэл бодит байдал дээр барааг нийлүүлсэн үйл баримтын тухайд талууд хүлээж авсан акт үйлдсэн, угсарсан үйл баримт, туршилтаар ажиллуулсан үйл баримт, мөн 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр буюу гэрээг цуцлах талаар мэдэгдэл ирүүлэх цаг хугацаанд Ган бөөрөнцгийн цех үйлдвэрлэл явуулсан зэрэг худалдагч тал гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болох нь нотлогдоно.

Тухайлбал, дээр дурдсан мэдэгдэлд дурдсанаар “...Ган бөөрөнцгийн цех нь 2019 оны 1 дүгээр улиралд 4479 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэхээр төлөвлөсөн хэдий ч цувих шугамын эвдрэл гэмтэл холбоотойгоор 2140 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэж 48 хувийн гүйцэтгэлтэй 2239 тонн ган бөөрөнцөг дутуу үйлдвэрлэсэн...” гэх тайлбараар худалдагчийн нийлүүлсэн цувих шугамыг хүлээн авч цехийг ажиллуулан бөөрөнцөг үйлдвэрлэсэн гэдгээ нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн байх тул үүргээ биелүүлээгүй гэх үйл баримт үгүйсгэгдэнэ.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт: Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ...”, мөн хуулийн 251.2 дахь хэсэгт гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ... ” гэж хууль тогтоогч хуульчилсан. Нэхэмжлэгч нь худалдагч талын нийлүүлсэн эд хөрөнгө биет байдлын доголдолтой гэж үзэж байгаа тохиолдолд үүнийг мөн нотлох ёстой.

Иргэний хуулийн 214 дугаар зүйлийн 214.1 дэх хэсэгт: “...Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй...” гэж заасан. Захиалагч нь нийлүүлэгчийн нийлүүлсэн барааг ашиглан 2140 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэсэн нь нийлүүлсэн эд хөрөнгийг ашиглах бүрэн боломжтой байсан гэж үзэх тул нэхэмжлэгч талын чанар, стандартын шаардлага хангаагүй, үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөн нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл манай нийлүүлсэн цувих иж бүрэн шугамыг ашиглаж байгааг дурдах нь зүйтэй.

Мөн нэхэмжлэлийн шаардлага болох “” ХХК-тай байгуулсан гэрээний ажлын гүйцэтгэлд төлсөн 129.760.440 /нэг зуун хорин есөн сая долоон зуун жаран мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх ба энэ шаардлага нь захиалагч, нийлүүлэгчийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй хэрхэн холбогдож байгаа нь тодорхойгүй байна.

Худалдах, худалдан авах гэрээний дагуу бид захиалагч болох “******* үйлдвэр”-ийн өмнө ган бөөрөнцгийн цехэд цувих шугам суурилуулахтай холбоотойгоор хуучин цувих шугамыг буулгах, бэлтгэл ажлуудыг хангах асуудалд нь манай компанид огт хамааралгүй болно. Өөрөөр туучин шугамын суурийг буулгах, шинээр суурь цутгах ажил нь манай компанийн хийж ажил үүрэг биш тул шаардах эрх нэхэмжлэгч талд үүсэхгүй болно.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд “******* Үйлдвэр” ТӨҮГазрын манай компанид холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан “...гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирол, улсын тэмдэгтийн хураамж нийт 883.738.865 /найман зуун наян гурван сая долоон зуун гучин найман мянга найман зуун жаран тав/ төгрөгийг гаргуулах...” шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянагдаж байгаа болно.

Нэхэмжлэгч тал 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж “...Ган бөмбөлгийн цехэд суурилуулсан иж бүрэн цувих шугамаа өөрсдийн зардлаар буцааж авахыг даалгах...”, “...учирсан хохиролд 1.108.318.000 /нэг тэрбум нэг зуун найман сая гурван зуун арван найман мянга/ төгрөг...” гаргуулахаар нэмэгдүүлсэн байх тул уг шаардлагуудыг бүхэлд нь эс зөвшөөрч тайлбар гаргаж байна.

Эхний буцааж авахыг даалгах шаардлагын тухайд “******* мөнх” ХХК худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн гол үүргээ зохих ёсоор биелүүлж БНХАУ-аас ган бөмбөлгийн цехийн иж бүрэн цувих шугамын тоног төхөөрөмжүүдийг оруулж ирж улмаар хүлээлгэн өгсөн ба /хүлээлцсэн акт хэрэгт нотлох баримтаар авагдсан/ “******* үйлдвэр” ТӨҮГ уг цувих иж бүрэн шугамыг ашиглаж үйлдвэрлэл явуулан ган бөөрөнцөг үйлдвэрлэн ашиглаж /өөрсдөө ган бөөрөнцөг үйлдвэрлэж байсан болохоо үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагадаа хүлээн зөвшөөрч тодорхой тайлбарласан/ байсан тул буцаан авах боломжгүй юм.

“******* үйлдвэр” ТӨҮГазар “******* мөнх” ХХК-тай байгуулсан гэрээг өөрсдөө цуцалсан байж иж бүрэн цувих шугамыг буцааж авахыг даалгах шаардлага гаргаж байгаа нь туйлын ойлгомжгүй, тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээг цуцалж буй тохиолдолд өгсөн авсан зүйлээ харилцан буцаах хууль зүйн үр дагавар үүсдэггүй болно. “******* үйлдвэр” ТӨҮГ худалдах, худалдан авах гэрээг цуцалж буй нь гэрээг цуцлах хүртэл үүргийн харилцаа хүчин төгөлдөр байсныг өөрсдөө нотолж буй хэлбэр юм. Гэрээг цуцлах тухай хууль зүйн ойлголт нь гэрээг цуцлах хүртэл үүргийн харилцаа үргэлжилж байдгаараа гэрээнээс татгалзах тухай хууль зүйн ойлголтоос ялгаатай байдаг.

“******* үйлдвэр” ТӨҮГазар гэрээнээс татгалзаагүй байж худалдах, худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа шилжүүлсэн төлбөрийг буцаан гаргуулах, мөн иж бүрэн цувих шугамыг буцаан авахыг даалгах зэрэг шаардлага гаргах хууль зүйн боломж байхгүй байна. Өөрөөр хэлбэл, “******* үйлдвэр” ТӨҮГ гэрээнээс татгалзсан байсан бол харилцан буцаах үүргийн дагуу энэхүү шаардлагуудыг гаргах боломжтой байсан.

Учирсан гэх хохирол шаардаж буй шаардлагын тухайд МУ-ын Иргэний Хуулийн 247-р зүйлийн 247.1 дэх хэсэгт: “...Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ...”, мөн хуулийн 247.2 дэх хэсэгт: “...Худалдагч худалдсан эд хөрөнгийг худалдан авагчийн хүсэлтээр гэрээнд зааснаас өөр газар хүргүүлэхээр илгээсэн бол тухайн эд хөрөнгийг тээвэрлэгчид, эсхүл эрх бүхий этгээдэд шилжүүлсэн үеэс худалдан авагчид үр шим, эрсдэл нь шилжинэ...” гэж тус тус хуульчилсан байна.

Хариуцагч “******* мөнх” ХХК-ний хувьд Ган бөмбөлгийн цехийн иж бүрэн цувих шугамыг “******* үйлдвэр” ТӨҮГ-т хүлээлгэн өгсөн. Талууд хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаар акт үйлдэж баталгаажуулснаар эрсдэлийг худалдан авагч тал /******* үйлдвэр/ өөрөө хариуцах ёстой. Үүний илрэл нь нэмэгдүүлсэн шаардлагад дурьдагдсан тодорхой тооны /ойролцоогоор 60 гаруй хувьтай/ ган бөөрөнцөг үйлдвэрлэж үйлдвэрт ашигласнаар иж бүрэн цувих шугамыг хүлээн авсан болох нь нотлогдож байх тул үүнээс бий болсон хохирол, хор уршгийг худалдан авагч тал өөрөө хариуцах хуулийн зохицуулалттай тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй болжээ.

Ер нь бодит байдал дээр Ган бөөрөнцгийн цехийн иж бүрэн цувих шугам болон халаалтын зуухыг хамт солих байсныг зөвхөн иж бүрэн цувих шугамыг сольж халаалтын зуухыг хуучнаар нь ашигласнаар эвдрэл, гэмтэл гарах болсон нь “******* мөнх” ХХК-ний буруу биш, харин нэхэмжлэгчийн өөрийнхөн буруутай үйлдэл тул хохирол шаардах эрхгүй гэж үзэж байна. Харин “******* үйлдвэр” ТӨҮГ-т хохирол учирсан гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн дагуу буруутай шийдвэр гаргасан этгээдээс уг хохирлыг шаардах эрхтэй байна.

Харин “******* мөнх” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж иж бүрэн цувих шугамыг нийлүүлснээр дундын болон үлдэгдэл төлбөрөө шаардах эрхтэй гэж үзэж байгаа тул энэ талаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тус шүүхэд “******* Үйлдвэр” ТӨҮГазрын нэхэмжлэлтэй манай компанид холбогдох “...гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирол, улсын тэмдэгтийн хураамж нийт 883.738.865 /найман зуун наян гурван сая долоон зуун гучин найман мянга найман зуун жаран тав/ төгрөгийг гаргуулах...” шаардлага бүхий иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан Ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам нийлүүлэх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ган бөмбөлгийн цувих бүрэн шугам нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тул гэрээний дагуу авах үлдэгдэл санхүүжилт болох 321.181.950 /гурван зуун хорин нэгэн сая нэг зуун наян нэгэн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Манай компани нь дээрх ган бөмбөлгийн цувих иж бүрэн шугамыг БНХАУ-аас 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ худалдан авсан бөгөөд уг иж бүрэн шугамын үнийг бусдаас зээл авах замаар бүрэн төлж барагдуулсан тул бусдын өмнөөс манай компани хохирох ёсгүй юм. Гэрээний дагуу 2 удаагийн гүйлгээгээр гэрээний нийт үнийн дүнгийн 70 хувь буюу 749.424.550 /долоон зуун дөчин есөн сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг манай компани авсан бөгөөд үлдэгдэл 30 хувь болох 321.181.950 /гурван зуун хорин нэгэн сая нэг зуун наян нэгэн мянга есөн зуун тавь/ төгрөгийг төлөх үүргээ өнөөдрийг хүртэл захиалагч биелүүлэхгүй гэрээгээр хүлээсэн зарим үүргээ биелүүлээгүй байна. Худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар: "... 3 дахь төлбөр болох гэрээний үнийн 20 хувьтай тэнцэх дүнг бараа ирснээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэх болон захиалагчийн хүлээн авсан тухай актыг үндэслэн төлнө... ” гэж тохиролцсон бөгөөд бараа буюу гэрээнд заасан цувих шугамыг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үйлдвэрийн Тээвэр ложистикийн албаны 6-р төв агуулахад захиалагч Ган бөмбөлгийн цехийн төлөөллийг байлцуулан акт үйлдэн бүрэн хүлээлгэн өгсөн. Манай компаний нийлүүлсэн цувих шугамыг Ган бөмбөлөгийн цехийн дарга , цехийн цахилгааны механик , цехийн нярав , Тээвэр ложистикийн албаны барааны ахлах мэргэжилтэн , 6-р агуулахын нярав нар шалгаж барааг бүрэн хүлээн авсан болно.Энэ талаар талуудын эрх бүхий төлөөлөгч нар 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр акт үйлдэж баталгаажуулан ба энэ үйл баримтын талаар талуудын хэн аль нь хүлээн авсан, аваагүй талаар маргаан үүсгэхгүй гэж ойлгож байгаа болно.

Мөн худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2-т барааг бүрэн хүлээн авч акт үйлдэх, нийлүүлэгч талд төлбөрийг шилжүүлэх үүргийг захиалагч тал хүлээсэн боловч тодорхой шалтаг, шалтгаан тоочин өнөөдрийг хүртэл шилжүүлэхгүй байгаа нь хууль бус юм.

Хэдийгээр гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам алданги тооцож нэхэмжлэх эрхтэй байгаа боловч “******* үйлдвэр” ТӨҮГазрын зүгээс гэрээг цуцалсан гэж үзэж байгаа тул бид алданги шаардахгүй байгаа болно.

Нөгөө талаар танай байгууллагаас ирүүлсэн гэрээг цуцлах талаарх мэдэгдэлд “...Ган бөөрөнцгийн цех нь 2019 оны 1 дүгээр улиралд 4479 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэхээр төлөвлөсөн хэдий ч цувих шугамын эвдрэл гэмтэлтэй холбоотойгоор 2140 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэж 48 хувийн гүйцэтгэлтэй ажиллан 2339 тонн ган бөөрөнцөг дутуу үйлдвэрлэсэн...” гэж тайлбарласнаар бидний нийлүүлсэн иж бүрэн шугамыг ашиглаж байгаа нь нотлогдсон, мөн өнөөдрийг хүртэл нийлүүлсэн иж бүрэн шугам танай талд байгаа учраас гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг манай компани хуульд заасан журмын дагуу шаардах эрхтэй.

Иймд Худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлснийг тогтоож хариуцагч “******* Үйлдвэр” ТӨҮГазраас гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр болох 321.181.950 /гурван зуун хорин нэгэн сая нэг зуун наян нэгэн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан манай компанид олгож, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “******* Үйлдвэр” ТӨҮГ сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ******* мөнх ХХК-иас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

“******* үйлдвэр” ХХК нь “******* мөнх” ХХК-тай 2018 оны 07 сарын 06-ны өдөр Ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам худалдах, худалдан авах 2/304-18 бүртгэлийн дугаартай гэрээг байгуулсан.

“******* мөнх” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа “худалдах, худалдан авах гэрээний дагуу тоног төхөөрөмжөө 2018 оны 11 сарын 16-ны өдөр ******* үйлдвэрийн Тээвэр ложистикийн төвийн 6 дугаар төв агуулахад акт үйлдэн бүрэн хүлээлгэн өгсөн” гэжээ. Ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам худалдах, худалдан авах 2/304-18 бүртгэлийн дугаартай гэрээний 3.1 дэх заалтад “нийлүүлэгч нь барааг энэхүү гэрээнд заасан DDР-******* үйлдвэр ХХК-ийн агуулах нөхцөлөөр нийлүүлнэ. Захиалагч мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн хүлээн авах комисс шалгаж авах ба угсарч, суурилуулж, тохируулга, сургалт хийн хүлээн авч талууд баримт үйлдсэнээр нийлүүлсэнд тооцно” гэж заасан. Энэ заалтын дагуу “******* мөнх” ХХК нь тоног төхөөрөмжийг суурилуулж, туршилт тохируулгыг хийж бүрэн ажиллагаанд оруулж хүлээлгэж өгөх ба цувих шугамын тоног төхөөрөмжүүдийг 6 дугаар агуулахад буулгаснаар гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм. “******* мөнх” ХХК-ийн нийлүүлж суурилуулсан тоног төхөөрөмж нь гэрээний 5.2 дахь заалтад нийлүүлэгч тал болох “******* мөнх” ХХК-ийн үүргийг заасан ба 5.2.1 дэх заалтад “Гэрээнд заасан чанар, стандартын шаардлагад нийцсэн, тоо хэмжээ, иж бүрдэл бүхий биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй барааг дагалдах баримт бичгийн хамт заасан хугацаанд нийлүүлэх” гэж заасан бөгөөд дээрх тоног төхөөрөмж нь чанарын шаардлага хангаж байгаа эсэх талаар тус үйлдвэрийн газрын Техникийн зөвлөл нь 2019 оны 04 сарын 09-ний өдөр хуралдаж, “******* мөнх” ХХК-ийн нийлүүлсэн Ган бөмбөлөг цувих шугам суурилуулах ажил нь чанарын шаардлага хангахгүй тул цаашид ашиглах боломжгүй гэж дүгнэн 2/304-18 бүртгэлийн дугаартай гэрээг дүгнэх шийдвэр гаргасан, мөн 2019 оны 05 сарын 10-ны өдөр уг гэрээг дүгнэх ажлын хэсэг “******* мөнх” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж 2/304-18 бүртгэлийн дугаартай гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн байдаг.

“******* мөнх” ХХК-ийн 2/304-18 бүртгэлийн дугаартай гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажил нь туршилтын явцад чанарын шаардлага хангаагүй, маш олон удаа эвдэрч цехийн үйл ажиллагаа зогсож байсан тул “******* үйлдвэр” ТӨҮГ-аас энэхүү тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн аваагүй ба үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх үндэслэлгүй, харин өмнө шилжүүлсэн бүх төлбөрийг “******* үйлдвэр” ТӨҮГ Иргэний хуулийн 254.1-т зааснаар буцаан шаардах эрхтэй.

Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй тоног төхөөрөмжийг ******* үйлдвэрт суурилуулж ашиглалтад хүлээлгэн өгөх учиртай.

“******* мөнх” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд дурдсан “Ган бөөрөнцгийн цех 2019 оны 1 дүгээр улиралд 4479 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэхээр төлөвлөсөн хэдий ч цувих шугамын эвдрэл гэмтэлтэй холбоотойгоор 2140 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэж 48 хувийн гүйцэтгэлтэй ажиллан 2339 тонн ган бөөрөнцөг дутуу үйлдвэрлэсэн ...” гэж тайлбарласнаар бидний нийлүүлсэн иж бүрэн шугамыг ашиглаж байгаа нь нотлогдсон гэж үзэж үлдэгдэл төлбөрөө шаардах эрхтэй гэжээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр цувих шугамыг угсарч, суурилуулж, тохируулга, сургалт хийн хүлээн авч акт үйлдэнэ гэж заасан. Үүний дагуу туршилт тохируулгын ажлыг эхлүүлж шугамыг ажиллуулж тодорхой хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойлох юм. Мөн тухайн үед “******* мөнх” ХХК-ийн угсарсан цувих шугамын эвдрэл гэмтэлтэй холбоотой талуудыг байлцуулан хийсэн олон удаагийн хурлын тэмдэглэл, хоорондоо харилцсан албан бичгүүд байдаг. Эдгээр тэмдэглэлээс үзэхэд “******* мөнх” ХХК нь цувих шугам, амраах зуухыг суурилуулснаас хойш техникийн бичиг баримтыг гаргаж өгдөггүй, цувих шугамыг суурилуулсан хойно ч гэсэн гэрээний 1.2, 3.1, 5.2.5 дахь заалт болох барааг нийлүүлэхдээ бүрдүүлэх баримт бичиг болох ачааны дагалдах бичиг, чанарын гэрчилгээг шаардаж байж хагас дутуу ирүүлсэн байдаг. Үүнээс харахад “******* мөнх” ХХК нь ган бөөрөнцөг цувих шугам нийлүүлэх санхүүгийн болон ажлын туршлагатай компани байсан эсэх нь эргэлзээтэй төдийгүй гэрээний үүргээ эхнээсээ зөрчсөн байдаг.

 

Иймд “******* мөнх” ХХК-аас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Гэрч шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “******* мөнх” ХХК нь тухайн үед Их барилгын хэлтсээс зарласан ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам нийлүүлэх тендерт оролцож шалгарсан. Тендер шалгаруулах үнэлгээний хороонд миний бие орж ажиллаагүй. 2018 оны сүүлээр гэрээний үүргийн гүйцэтгэл хангалтгүй гэсэн асуудал яригдаж эхэлсэн. 2018 оны 12 сарын эхээр удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс гэрээний үүргийг шалгах үүрэг даалгавар надад болон манай хэлтсийн 2 хуульчид өгөгдсөн. Үүнтэй холбоотой нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжийн газар дээрх нөхцөл байдал, ажиллаж байгаа эсэхийг шалгасан. Үүнтэй холбоотой шалгалтын ажлын тайлан бичиж өгсөн. Дээрээс нь нөхцөл байдлыг фото зургаар баталгаажуулж өгсөн. Тухайн үед нийлүүлэгдсэн тоног төхөөрөмж бүрэн утгаараа ажиллаагүй. Нийлүүлсэн тоног төхөөрөмж биет байдлын доголдолтой, зарим хэсэг нь зэвэрсэн, туршилт хийх явцад мотор нь хагарсан, зарим эд ангиас тос масло гоожсон нөхцөл байдалтай байсан. Тийм учраас тухайн этгээд үүргээ биелүүлээгүй гэсэн хуулийн дүгнэлт гаргаж өгсөн. Миний санаж байгаагаар гэрээний хугацаа 2018 оны 11 сард хугацаа нь дууссан. “******* мөнх” ХХК-ийн захирлаас хүсэлт гаргаж  2019 оны 03 сард хүртэл гэрээний хугацаа сунгагдсан. Тоног төхөөрөмжийг үйлдвэр лүү оруулж, угсрахтай холбоотой зайлшгүй акт үйлдсэн. Уг үйлдвэрийн газар нь улсын 100 чухал объект тул харуул хамгаалалтаа цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлдэг. Үйлдвэр лүү оруулж байгаа тоног төхөөрөмжийг бүртгэж авдаг тул тухайн үед нь акт үйлдэж оруулж байсан. 2019 оны 01 дүгээр сарын эхээр “******* мөнх” ХХК-ийн удирдлага, тоног төхөөрөмжийг угсарч байгаа Хятад иргэдтэй үйлдвэрлэлийн хэлтсийн удирдлагууд болон ган бөмбөлгийн цехийн удирдлагууд оролцсон хамтарсан уулзалт хийсэн. Энэ дээр тоног төхөөрөмжөө угсрах гэхээр эдийн дугаар байхгүй тул хийгдэх боломжгүй гэсэн тайлбар өгсөн. Тоног төхөөрөмж нийлүүлэгдэхдээ эдийн дугаартай байх ёстой. Түүний  дагуу захиалга хийгдэнэ. Дээрээс нь моторын хагарсан эд ангийг “******* үйлдвэр” ТӨҮГ-ийн  төмөр эд анги үйлдвэрлэх хэсэг дээр үйлдвэрлүүлж нийлүүлж байсан. Би энэ компанийн захирал залуутай биечлэн уулзаж яагаад ийм асуудал үүссэн, гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд хуулийн байгууллагад хандаж хохирлоо барагдуулна гэж хэлж байсан. Захирал залуу гэрээний хугацаанд нийлүүлэх ёстой тоног төхөөрөмж, гэрээний үүрэг бүрэн биелүүлнэ гэсэн амлалт өгөөд явж байсан.  ...Энэ гэрээний үнийн дүнгийн дийлэнх хувь буюу 50-60 хувь нь бараа бүтээгдэхүүн нийлүүлэх үнийн дүн байгаа. Үлдэгдэл 30-40 хувь нь тоног төхөөрөмжийг угсарч нийлүүлэхтэй холбоотой задаргаатай байсан. ******* үйлдвэрээс тухайн тендерийг зарласан нь Иргэний хуульд зааснаар гэрээний санал гэж ойлгоно. Нийтэд санал болгохдоо түлхүүр гардуулах нөхцөл буюу тухайн тоног төхөөрөмжийг нийлүүлж угсрах гэрээний санал гаргасан. Энэ гэрээний санал дээр тухайн компани өрсөлдөж орж ирээд гэрээний саналыг хүлээн зөвшөөрсөн. Гэрээгээр гүйцэтгэж байгаа ажлын дийлэнх хувь нь худалдах, худалдан авах гэрээ гэсэн нэршил байгаа боловч нийт гэрээгээр гүйцэтгэгдэх ёстой үүрэг бол тоног төхөөрөмжийг нийлүүлж, бүрэн хэмжээнд нийлүүлж, угсарч, ашиглалтад оруулах ийм төрлийн гэрээ байсан санагдаж байна. Тоног төхөөрөмж, аливаа эд хөрөнгө, материалыг агуулах руу оруулахдаа тэмдэглэл үйлдэж оруулдаг. Хоёрдугаарт гэрээний нөхцөлийн дагуу гүйцэтгэлийг гаргаж, төлбөрийг хуваарийн дагуу  шилжүүлэх үүднээс актыг үйлдсэн. Энэ актыг үйлдсэнээр гэрээний үүргийн гүйцэтгэл дуусгавар болсон гэж үзэхгүй. Гэрээ сунгагдаад нэмэлт гэрээний дагуу 2019 оны 03 сар хүртэл сунгагдсан. 2 талын хийсэн хурлын тэмдэглэл дээр тодорхой болно. Ажил гүйцэтгэх графикийн дагуу . хаанаас авсан нь тодорхой биш, эдийн дугааргүй тоног төхөөрөмж нийлүүлсэн гэхээсээ илүүтэй, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, ашиглалтад оруулах ёстой.

Тухайн эд хөрөнгийг шалгах, гэрээний үүрэг биелсэн эсэх талаар бид нар дүгнэлт гаргасан. Харин гэрээг цуцлах шийдвэрийг үйлдвэрийн удирдлага гаргана. ...Би захиалагчийн хяналтыг хийж байгаа болохоос биш хөндлөнгийн байгууллагын хяналтыг хийгээгүй.

...Ажлын хэсэг хуралдсан. Халаалтын зуух тавигдаагүй байсан үе. Тухайн шугамыг угсрахаар ирсэн Хятад улсын иргэд визны хугацааг сунгах асуудал болсон тул 3 сардаа орж ирнэ гэдэг асуудал яригдсан. Түүнээс биш доголдолгүй юм уу, шууд ажиллана гэсэн ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Ажлын хэсгийн 3 хүн тоног төхөөрөмжийг очиж үзсэн. Тэгээд хамтраад энэ дүгнэлтийг гаргасан. Цаашид бусад удирдлагуудад дамжуулсан гэв.

 

Прокурор Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...“******* мөнх” ХХК ******* үйлдвэр ТӨҮГ-ын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам нийлүүлэх гэрээ байгуулагдаж үүний дагуу тухайн тоног төхөөрөмжөө авч ирсэн байдаг. Тухайн хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмж бол “******* үйлдвэр” ТӨҮГ-ын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор худалдан авсан. Гэтэл энэ хэрэгцээ шаардлага, стандартад нийцэж ажиллахгүй байсан гэх үндэслэлээр гэрээнээс татгалзах тухай шийдвэр гаргаж, мэдэгдэл хүргүүлсэн байна. Нэхэмжлэлийн  шаардлага бол өгсөн авсан зүйлээ буцаах мөн гэрээний үүрэгтэй холбоотой хохирлоо нэхэмжилсэн. Тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл, доголдол, зөрчилтэй байсан эсэх нь  энэ хэрэгт хамааралгүй биш хамааралтай. Яагаад гэвэл гэрээний шаардлагаас гадна гэрээний үндэслэл гэж байгаа. Тухайн тоног төхөөрөмж эрхийн доголдолтой байсан эсэх нь яригдах нь зүй ёсны хэрэг. Гэрээний эрх зүйн маргаан дээр гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах журмын талаар Улсын дээд шүүхийн тайлбараар гарсан байдаг. “******* үйлдвэр” ТӨҮГ гэрээнээс татгалзах тухай мэдэгдлээ өгсөн. Гэхдээ гэрээнээс татгалзаж байгаа гэрээ цуцалж байгаа хоёрын үр дагавар адилхан. Зөвхөн гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг зохицуулсан зохицуулалтыг хэрэглэх ёстой. Түүнээс биш хариуцагчийн өмгөөлөгчийн дурдаж байгаа Иргэний хуулийн 204, 221, 227 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах  аль ч үндэслэлд хэрэглэгдэнэ гэж Улсын дээд шүүхийн тайлбараар тодорхой тайлбарласан байгаа. Тийм учраас “******* үйлдвэр” ТӨҮГ-аас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн дагуу буцаан шаардаж байгаа нь хууль зөрчөөгүй, хуульд нийцсэн. Хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа Улсын дээд шүүхийн тогтоолд энэ талаар дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Бид нар адилхан хуульч тул хуулийг нэг мөр хэрэглэх ёстой. Гэрээг цуцалж байгаа тухай заавал бичгээр мэдэгдэхийг шаардана гэж байна. Хуулинд заавал бичгээр мэдэгдэнэ гэж заасан заалт байхгүй. Мөн ялгаагүй Улсын дээд шүүхийн тайлбар дээр нөгөө талдаа мэдэгдсэнээр гэрээ цуцлах мэдэгдлээ хүргүүллээ гэдэг шаардлага нь заавал бичгээр мэдэгдсэнээр тооцогдоно гэсэн зүйл байхгүй. Тухайн тоног төхөөрөмж удаа шаардлага хангахгүй байгаа, цувих шугамаа буулгаж авах талаар мэдэгдлээ хүргүүлсэн. Энэ нь гэрээ цуцлах тухай мэдэгдлээ хүргүүлж байсан гэж үзэх үндэслэлтэй. Үндсэн шаардлагын хувьд тухайн тоног төхөөрөмж зуухнаас болсон гэж хариуцагчийн өмгөөлөгчийн хэлсэн тайлбар үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дахин халаалтын зуух нь бэлдцийг 100 хувь тохирсон шат дамжлагаар гаргахгүй байснаас болж тухайн тоног төхөөрөмж бүрэн хэмжээгээр ажиллаагүй гэж хэлж байгаа тайлбар нь үндэслэлгүй байна. Тэр зуухыг 100 хувь хүчин чадлаараа ажиллаж чадахгүй, бэлдцээ шаардлагатай температурт гаргаж чадахгүй байгааг нотолсон баримт хэрэгт байхгүй. Хариуцагч талын гаргаж өгсөн дүрс бичлэг бүхий нотлох баримтыг хэзээ, хаана хийсэн нь тодорхойгүй байна. Энэ нь тухайн компанийн суурьлуулсан шугам мөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй. Мэдээж хэргийн оролцогч нар өөрсдөө нотлох баримтаа цуглуулах үүрэгтэй. Тэгэхдээ цуглуулж байгаа нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримт байхыг шаардана. Тийм учраас нотлох баримтыг үнэлэх эсэх, нотлох баримтаас хасуулан тооцуулах эсэх асуудал дээр нэхэмжлэгч тал саналаа хэлсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Нотлох баримтыг үнэлэх асуудал шүүхийн эрх хэмжээний асуудал. Нотлох баримтаас хасуулах санал үндэслэлтэй. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед авагдсан халаалтын зуух, цувих шугамаар гарч байгаа бүтээгдэхүүнийг ганцхан энэ бичлэгээр дүгнэлт хийх боломжгүй. Яагаад гэвэл халаалтын зуух, цувих шугамтайгаа ажиллаж байх үедээ 20-30 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байсан үе байгаа, 80 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байсан цаг хугацаа байна. Үүнийг зөвхөн энэ бичлэгээр тогтоох боломжгүй. Харин хавтаст хэрэгт авагдсан тооцооллууд байгаа. Энэ баримтуудаар дүгнэлт хийх бүрэн боломжтой гэж үзэж байна.  Анхнаасаа гэрээний үүргээ биелүүлээгүй. Гэрээнд заасан тохируулга хийх, суурьлуулах зэрэг үүргүүд биелэгдээгүй. Мөн эрхийн зөрчилтэй тоног төхөөрөмж нийлүүлсэн нь гэрчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Үнэхээр цоо шинэ тоног төхөөрөмж худалдан авсан бол худалдан авалтаа хийгээд тоног төхөөрөмжөө 6 дугаар төв агуулахад хүлээлгэн өгсөн бол тоног төхөөрөмжийн баримт бичиг нь худалдан авалт хийгдэхэд авсан байх ёстой. Түүнээс биш араас нь бичиг баримтыг увуулж цувуулж өгнө гэдэг байдлаар явсан нь бичиг баримт нь бүрэн байсан эсэх нь эргэлзээтэй байна. Тийм учраас гэрээний үүргээ зөрчсөн байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаар  нэхэмжлэгч тал олох ёстой байсан орлого, учирсан хохирлоо гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулах нь үндэслэлтэй. Хавтаст хэрэгт авагдсан эдийн засгийн хэлтсээс гаргаж өгсөн тооцоо, баримтуудаар нотлогдсон байгаа тул гаргуулж өгнө үү гэсэн саналаа дэмжиж байна. Харин өгсөн авсан зүйлээ буцаах мөн учирсан хохирлоо нэхэмжилж байгаа тул нэхэмжлэгчийн 3 дахь шаардлага болгож гаргасан цувих шугамыг тухайн компани өөрсдийн хөрөнгөөр буцаан авах үүргийг даалгаж өгөх шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Харин хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн хувьд гэрээний үүргийг биелэгдсэн гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл тухайн тоног төхөөрөмжийг хүлээн аваад, суурьлуулах турших ажлыг хангалттай хийж чадаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ”******* үйлдвэр” ТӨҮГ нь “******* мөнх” ХХК-д холбогдуулан ган бөмбөлгийн цехэд суурилуулсан иж бүрэн цувих шугамаа өөрсдийн зардлаар буцааж авахыг даалгах, 1.987.502.990 /нэг тэрбум есөн зуун наян долоон сая таван зуун хоёр мянга есөн зуун ер/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдааны шатанд 129.760.440 /нэг зуун хорин есөн сая долоон зуун жаран мянга дөрвөн зуун дөч/ төгрөг гаргуулахаас шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1.857.742.550 /нэг тэр бум найман зуун тавин долоон сая долоон зуун дөчин хоёр мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг,  хариуцагч “******* мөнх” ХХК нь ”******* үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан 321.181.950 /гурван зуун хорин нэгэн сая нэг зуун наян нэгэн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасныг зохигч талууд харилцан эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

 

 “******* үйлдвэр ТӨҮГ нь ******* мөнх ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Ган бөмбөлгийн цех”-д ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам худалдах, худалдан авах тухай 2/304-18 бүртгэлийн дугаартай гэрээ байгуулж,  2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний хугацааг сунгасн байна. /1 хх 6-13, 45-49/

 

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “******* үйлдвэр” ТӨҮГ нь хариуцагч ******* мөнх ХХК-д гэрээний урьдчилгаа төлбөрт 749.424.550 төгрөгийг гэрээний үүрэгт шилжүүлж, хариуцагч ******* мөнх ХХК нь гэрээнд заасан ган бөмбөлгийн цувих иж бүрэн шугамыг нийлүүлсэн байна. /1 хх 21, 96/

 

Гэрээ байгуулсан хийгээд гэрээнд гарын үсэг зурсан эсэх, нэхэмжлэгчээс 749.424.550 төгрөгийг урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн эсэх талаар талууд маргаагүй.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх..., худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг бөгөөд худалдагч тал болох “******* мөнх” ХХК нь худалдан авагчид эд хөрөнгийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн, худалдан авагч тал болох  “******* үйлдвэр” ТӨҮГ нь бараа материалыг хүлээн авч үйлдвэрлэл явуулсан болох нь Ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам болон дулаан боловсруулалтын амраалтын зуухны иж бүрдлийг хүлээн авсан тухай акт”, ******* үйлдвэр ААТҮГ-ын техникийн зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хурлын тэмдэглэл, гэрээ дүгнэх ажлын хэсгийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл, гэрч Т.Нармандах, С.Сумъяабазар, , Б.Чинзориг, Б.Одгарьд, Э.Тэмүүжин8 нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна. /1 хх 96, 22-27, 28-30, 2 хх-55-86, 172-184/

 

Нэхэмжлэгч “******* үйлдвэр” ТӨҮГ нь “******* мөнх” ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам худалдах, худалдан авах 2/304-18 бүртгэлийн дугаартай гэрээг байгуулсан. Гэрээний дагуу “******* мөнх” ХХК нь чанар, стандартын шаардлагад нийцсэн, тоо хэмжээ, иж бүрдэл бүхий биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй барааг дагалдах баримт бичгийн хамт заасан хугацаанд нийлүүлэх үүргээ биелүүлээгүй, “******* мөнх” ХХК-ийн нийлүүлсэн ган бөмбөлөг цувих шугам суурилуулах ажил нь чанарын шаардлага хангаагүй тул “******* үйлдвэр” ТӨҮГ нь “******* мөнх” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан гэж,

хариуцагч “******* мөнх” ХХК нь 2018 оны 11 дүгээр 16-ны өдөр гэрээнд заасан цувих иж бүрэн шугамыг үйлдвэрийн Тээвэр ложистикийн албаны 6-р төв агуулахад захиалагч Ган бөмбөлгийн цехийн төлөөллийг байлцуулан акт үйлдэн бүрэн хүлээлгэн өгсөн. Акт үйлдэн барааг хүлээн авах үед биет байдлын болон эрхийн ямар нэгэн доголдолгүй гэж үзэн талууд акт үйлдэн барааг харилцан хүлээн авсан тул чанар стандартын шаардлага хангахгүй, биет байдлын доголдолтой байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг  хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэх ба гэрээний нэг тал зөвхөн хуульд зааснаар, эсхүл гэрээнд зааснаар гэрээнээс татгалзах эрх эдлэнэ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээтэй холбоотой гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах тухай зохицуулсан заалтууд болох 249, 254, 256 дугаар зүйлүүдэд заасныг үзвэл гэрээний талуудын аль нэг тал нь гэрээний үүргийг зөрчсөн, гэрээний үүргийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл байдал үүссэн, эсхүл худалдсан эд хөрөнгийн биет байдлын болон эрхийн доголдолтой холбоотойгоор нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй байхаар тус тус зохицуулжээ.

 

Мөн Иргэний хуулийн ерөнхий ангийн 204 дүгээр зүйлд гэрээнээс татгалзах журмын талаар, 205 дугаар зүйлд гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаварын талаар, 221, 225 дугаар зүйлүүдэд хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээнээс татгалзах, гэрээний үүрэг зөрчсөнөөс гэрээнээс татгалзах үндэслэлүүдийг тус тус заасан.

 

        Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3-т “Үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй” гэж зааснаас үзвэл хариуцагч “******* мөнх” ХХК-ийн нийлүүлсэн ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамын зарим эд ангид гарсан эвдрэл, гэмтэл нь тухайн эд хөрөнгийг бүхэлд нь доголдолтой байсан гэж үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарласан тайлбар, хавсаргасан баримтууд нь Иргэний хуульд заасан гэрээнээс татгалзах үнлэслэлд хамаарахгүй байна.

 

Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээнээс татгалзах эрхтэй ба хариуцагч талаас гэрээний зүйлийг нийлүүлж, суурилуулж, туршилт хийн гэрээний үүргээ биелүүлсэн, нэхэмжлэгч тал гэрээний зүйлийг хүлээн авч ган бөмбөлгийг үйлдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон.

Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ” гэж заажээ.

 

Иймд “******* мөнх” ХХК-д холбогдох 1.857.742.550 /нэг тэр бум найман зуун тавин долоон сая долоон зуун дөчин хоёр мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулах болон ган бөмбөлгийн цувих иж бүрэн шугамыг өөрийн зардлаар буцаан авахыг даалгах тухай “******* үйлдвэр” ТӨҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Маргаан бүхий ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамыг хариуцагч нь “******* Үйлдвэр” ТӨҮГ-т хүлээлгэн өгсөн нь “... “******* мөнх” ХХК-ийн суурилуулсан шугам хэвийн ажиллаж байсан бол 7861 тонн ган бөөрөнцгийг 22.200.298.000 төгрөгөөр үйлдвэрлэх байсныг 23.308.188.000 төгрөгөөр худалдан авч 1.108.318.000 /нэг тэрбум нэг зуун найман сая гурван зуун арван найман мянга/ төгрөгийн алдагдал хүлээсэн” гэх нэхэмжлэгч талын мэдүүлэг, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам болон дулаан боловсруулалтын амраалтын зуухны иж бүрдлийг хүлээн авсан тухай” акт зэргээр тус тус нотлогдож байна.

 

Талуудын хооронд иргэний эрх зүйн худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд Худалдах, худалдан авах 2/304-18 бүртгэлийн дугаартай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 ...гэрээний үнийн 20 хувьтай тэнцэх дүнг бараа ирснээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэх болон захиалагчийн хүлээн авсан тухай актыг үндэслэн төлнө... гэж заасны дагуу хариуцагч нь 321.181.950 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, хупалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдагч тал тоо, чанар доголдолгүй бараа /ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам/-г худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, харин худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний үүрэгт шилжүүлсэн үнийн дүнгээс шилжүүлээгүй үлдсэн 321.181.950 төгрөгийг нэхэмжлэгч нь хуульд зааснаар шилжүүлэх үүрэгтэй байна гэж дүгнэлээ.

 

Иймд “******* мөнх” ХХК-ийн нэхэмжлэлтэй “******* үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох 321.181.950 /гурван зуун хорин нэгэн сая нэг зуун наян нэгэн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч “******* мөнх” ХХК нь шүүх хуралдаанд “******* Үйлдвэр” ТӨҮГ-ын  ган бөмбөлөгийн цехийн үйлдвэрлэлтийн явцыг бичсэн CD хуурцагыг нотлох баримтаар шинжлэн судалсан боловч дээрх баримт нь нотлох баримтыг цуглуулах талаар хуульд заасан журмыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар дээрх баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй болно.

 

Нэхэмжлэгч ”******* үйлдвэр” ТӨҮГ болон хариуцагч “******* мөнх” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч “******* үйлдвэр” ТӨҮГ-аас 1.763.860 /нэг сая долоон зуун жаран гурван мянга найман зуун жар/ төгрөг гаргуулж, хариуцагч “******* мөнх” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан “******* мөнх” ХХК-д холбогдох 1.857.742.550 /нэг тэр бум найман зуун тавин долоон сая долоон зуун дөчин хоёр мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулах болон ган бөмбөлгийн цувих иж бүрэн шугамыг өөрийн зардлаар буцаан авахыг даалгах тухай “******* үйлдвэр” ТӨҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, “******* мөнх” ХХК-ийн нэхэмжлэлтэй “******* үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох 321.181.950 /гурван зуун хорин нэгэн сая нэг зуун наян нэгэн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ”******* үйлдвэр” ТӨҮГ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.323.615 /арван сая гурван зуун хорин гурван мянга зургаан зуун арван тав/ төгрөг, хариуцагч “******* мөнх” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.763.860 /нэг сая долоон зуун жаран гурван мянга найман зуун жар/ төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч “******* үйлдвэр” ТӨҮГ-аас 1.763.860 /нэг сая долоон зуун жаран гурван мянга найман зуун жар/ төгрөг гаргуулж, хариуцагч “******* мөнх” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      О.ОДОНЧИМЭГ