Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/хт2024/00160

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн

2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 157/ШШ2024/00027 дугаар шийдвэртэй,

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдөах шатны шүүхийн 

2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 226/МА2024/00007 дугаар магадлалтай,

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“З” ХХК-д холбогдох

Хууль ёсны тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуул хийх ажилд саад болж буй зөвшөөрөлгүй барьсан үйлдвэрийг нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч Т.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “М” ХХК нь “З” ХХК-д холбогдуулан хууль ёсны тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуул хийх ажилд саад болж буй зөвшөөрөлгүй барьсан үйлдвэрийг нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 157/ШШ2024/00027 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5, 44.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн эзэмшлийн Хэнтий аймгийн Д сумын нутаг “Х” гэх газар байрлах 0000 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд байрласан хариуцагч "З" ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн барилгыг нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлж өгөхийг хариуцагч “З” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч “З” ХХК-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 226/МА2024/00007 дугаар магадлалаар: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 157/ШШ2024/00027 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “З” ХХК-д холбогдох хууль ёсны тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуул хийх ажилд саад болж буй зөвшөөрөлгүй барьсан үйлдвэрийг нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтыг үндэслэн дараах үндэслэл бүхий гомдлыг гаргаж байна. Үүнд:

4.1 Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянасан магадлалдаа Газрын тухай хуулийн газар эзэмшихтэй холбоотой зохицуулалтыг дурдаж, нэхэмжлэгчийг “газар эзэмшигч” биш тул Газрын тухай хуулийн 35 дугаар зүйл, Иргэний хуулийн 89, 92 дугаар зүйлд заасан шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж хүчингүй болгосон гэсэн нь буруу байх ба хэргийг бүх талаас нь хуульд заасны дагуу, бодитой дүгнээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй хэт нэг талд шийдвэрлэсэн байна. Учир нь нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан газар эзэмшигчийн эрхийг шаардлагын үндэслэлээ огт болгоогүй, уг заалтад албадан чөлөөлүүлэхтэй холбоотой эрх огт тусгагдаагүй байхад уг заалтыг хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч компани нь 2013 оноос Хэнтий аймгийн Д сумын “Х” нэртэй газарт нэгж талбарын 0000 дугаартай, 1006.02 гектар хэмжээтэй газрын солбилцлуудтай, 0000 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг эзэмшиж, ашиглаж байгаа буюу солбилцол бүхий газарт хайгуулын үйл ажиллагаа явуулах “эрх эзэмшигч” юм. Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юм болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд Энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно" гэж, 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж тус тус заасны дагуу маргаан бүхий хайгуулын талбай нь нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа юм.

Гэтэл хариуцагч “З” ХХК нь нэхэмжлэгч компанийн шууд эзэмшил, ашиглалтад байгаа тусгай зөвшөөрлийн талбайд ямар нэг газар ашиглах, эзэмших эрхгүйгээр баяжуулах үйлдвэрийн барилга барьж, хашаалж, нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн талбайдаа хайгуулын үйл ажиллагаа явуулах, цаашилбал ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож үйл ажиллагаа явуулахад саад учруулж байгаа юм. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг /эдийн болон эдийн бус хөрөнгө/ хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ”, 91 дүгээр зүйлийн 91.1-д “Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлийн талбайд жонш баяжуулах үйлдвэр барьж, ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа этгээдийн хувьд “шударга эзэмшигч” бөгөөд хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй юм.

4.2 Нөгөөтэйгүүр хариуцагч компани нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд Газрын тухай хуульд заасны дагуу газар ашиглахад тусгайлсан зохицуулалт, шаардлага тавигддаг ба гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн газар ашиглах эрхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг хэрэглэж, хариуцагчийн газар ашиглаж буй байдал хууль ёсны эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна. Эрх зүйн суурь зарчмуудын нэг нь эрх зүйн этгээдийн зөвхөн “хууль ёсны эрх, ашиг сонирхол” хуулиар хамгаалагдах ёстой байдаг.

Тодруулбал Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “газар ашиглах эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу ... гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг” гэж, 6 дугаар зүйлийн 6.3-т “... гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, ... тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно”, 44 дүгээр зүйлийн 44.9-д “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гадаадын иргэн, харъяалалгүй хүн, хуулийн этгээдэд газар ашиглуулсан Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг цуцалж, ашиглалтын явцад учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ" гэж тус тус заасан.

Гэтэл хариуцагч компани нь БНХАУ-ын 100% хөрөнгө оруулалттай хуулийн этгээд мөртлөө дээрх хууль тогтоомжийг бүхэлд нь зөрчиж, нэхэмжлэгчийн хайгуул хийх тусгай зөвшөөрөлтэй талбайд газар ашиглах эрхийн гэрчилгээ, ямар нэг зөвшөөрөлгүйгээр жонш баяжуулах үйлдвэр барьж, баяжуулах үйл ажиллагаа явуулж байгаа, худалдаж ашиг олж байгаа нь Газрын тухай хуулиас гадна Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг” гэж зааснаас үзвэл хариуцагч нь ашигт малтмалыг тусгай завшөөрөлгүйгээр ашиглаж байгаа ба газар ашиглах эрх хууль ёсны эсэх талаарх нотлох баримтыг огт гаргаж өгөөгүй юм.

Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй, Газрын тухай хулийн дээр дурдсан заалтуудыг хэрэглэж, хамгаалагдах эрх, ашиг сонирхол хууль ёсных эсэхэд дүгнэлт өгөх ёстой байсан. Иймд Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 226/2024/00007 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Хэнтий аймгийн Бор Өндөр сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.30-ны өдрийн 157/ШЗ2024/00027 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.06.13-ны өдрийн 001/ШХТ2024/00784 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

 ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “З” ХХК-д холбогдуулан хууль ёсны тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуул хийх ажилд саад болж буй зөвшөөрөлгүй барьсан үйлдвэрийг нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Нэхэмжлэгч компани нь 2013 оноос Хэнтий аймгийн Д сумын “Х” нэртэй газарт нэгж талбарын 0000 дугаартай, 1006.02 га талбайн хэмжээтэй, газрын солбилцлуудтай, 0000 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу талбайг эзэмшиж ашиглаж байгаа ба  “З” ХХК нь зөвшөөрөлгүйгээр жоншны баяжуулах үйлдвэр барьсан. ... “З” ХХК-д үйлдвэрээ нүүлгэн шилжүүлж газрыг чөлөөлөх талаар удаа дараа шаардлага тавьж, эрх зөрчсөн үйлдлээ таслан зогсоохыг шаардсан ч баяжуулах үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэхгүй үйл ажиллагаа явуулсаар байгаа нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өөрийн хууль ёсоор эзэмшиж буй талбайгаа эзэмших, ашиглах эрхэд саад учруулж байна.” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч “З” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “З” ХХК нь сэндвичин барилга буюу баяжуулах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулаад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Тэгэхээр хууль, ёсны дагуу эзэмшиж, өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгө юм. ... Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ашигт малтмал хайх эрхийг олж авч байгаа хайгуулын тусгай зөвшөөрлийн эзэмшил талбай нь бусдын эзэмшил болон өмчлөх эрхтэйг давхцахгүй байх гэсэн хуулийн зохицуулалт байхгүй.” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх “...Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасан бол мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэжээ. Нэхэмжлэгчийн хуульд заасан зөвшөөрлийн үндсэн дээр өөрийн эзэмшилд авсан хайгуулын талбайд хариуцагч “З” ХХК нь барилга барьсан үйл ажиллагааг хууль бус гэж үзэж, газар чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага нь дээрх хуулийн заалттай нийцсэн, ... хариуцагч “З” ХХК нь хууль ёсоор газар өмчилж, эзэмшиж буй мэтээр тайлбарлаж, газрыг ашиглаагүй гэсэн тайлбар гаргасан нь ... Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, ...мөн “З” ХХК-ийг хууль ёсны дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчилсөн гэх боловч энэ талаарх нотлох баримт буюу Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан баримтуудыг шүүхэд ирүүлсэнгүй.” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...газар өмчлөх, эзэмшиж, ашиглах эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгосноор үүснэ, ... нэхэмжлэгч “М” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч байх ба ... Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газар эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч тал Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан газар эзэмшигчийн эрх болон Иргэний хуулийн 89, 92-т заасан шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй байна.” гэсэн дүгнэлт хийжээ.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг өөр өөрөөр үнэлж, маргаанд хамаарах хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцлээ.

12. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч “М” ХХК нь Хэнтий аймгийн Д сумын “Х улаан” гэх газарт орших 1006.02 га талбайг хамарсан хайгуулын талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 2016.02.04-ний өдрийн XV-0000 дугаартай гэрчилгээгээр ашиг малтмал хайх зөвшөөрлийг авч,  тусгай зөвшөөрлийг 2024.02.04-ний өдрийг хүртэл хугацаагаар эзэмшиж байгаа, хариуцагч “З” ХХК нь тухайн газарт байршилтай үйлдвэрлэлийн зориулалттай 1932 м.кв талбайтай, 6 өрөө, 2 давхар, улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь 0000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдсон, зохигч энэ талаар маргаагүй байна.

13. Нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байршсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн эсэх талаар талууд маргаж байх ба хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тус зөвшөөрлөөр олгогдсон хайгуулын талбайг эзэмших эрхтэй эсэх, уг талбайд хайгуул хийх эрх нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасан шаардах эрхийг үүсгэх эсэх нь маргааны зүйл болжээ.

14. Хоёр шатны шүүх маргааны зүйлийн талаар зөрүүтэй дүгнэж анхан шатны шүүх хариуцагчийг нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу газрыг эзэмших, ашиглах эрхтэй бөгөөд энэ эрх нь хариуцагч тухайн талбайд барилга барьсан нөхцөл байдлын дүнд зөрчигдсөн гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй боловч энэхүү нөхцөл байдал нь түүнийг газар эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэл болохгүй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, хариуцагч нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэжээ.

15. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байх ба давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв боловч ийнхүү шийдвэрлэх болсон үндэслэлийг залруулж, дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “М” ХХК-д газар эзэмших гэрчилгээ олгоогүй гэх үндэслэлээр газар чөлөөлөхийг шаардах эрхийг эдлэхгүй гэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй явдал нь газрын гадаргууг эзэмших эрхийг буюу өмчийн эрх зүйн хэм хэмжээний хүрээнд хамгаалагдах “эзэмшил”-ийг бий болгоно гэсэн нэхэмжлэгчийн энэ үндэслэлийг зөвшөөрөх боломжгүй байна.

16. Хариуцагч “З” ХХК нь маргаан бүхий газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд харин нэхэмжлэгч “М” ХХК-ийн хувьд тухайн газрын доорх ашигт малтмалыг эрэх, хайх эрх авсан тусгай зөвшөөрөл эзэмшигч байна.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 буюу нэхэмжлэгч хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд газар эзэмших эрх олж авсан тул үйлдвэрийн барилгыг буулгах замаар эзэмшил зөрчигдсөнийг сэргээлгэх агуулгаар маргаж байгаагийн зэрэгцээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг үндэслэн эзэмших эрх нь зөрчигдөөгүй боловч ашиглахтай холбоотой бусад эрх нь зөрчигдсөн гэх агуулгаар давхар маргажээ.

17. Шүүх нэхэмжлэгч “М” ХХК-д Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 болон 106.2, 92 дугаар зүйлийн 92.1-т заасан шаардах эрх бий болоогүй гэж үзлээ.

Учир нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг нь мөн хуулийн 106.4 дэх хэсгээр дамжин өмчлөгчөөс гадна эзэмшигчийн шаардах эрхийг зохицуулсан хэдий ч энэ эрхийг эдлэхийн тулд шаардлага гаргаж буй этгээд тухайн эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч байхыг шаардана.

Давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан газар эзэмших эрх газрын гэрчилгээ авснаар үүснэ гэх агуулга бүхий дүгнэлт хийснийг залруулах шаардлагатай.

Тодруулбал Газрын тухай хуульд заасан “газар эзэмших эрх” нь Иргэний хуулийн 11 дүгээр бүлэгт зохицуулсан “эзэмшил” гэх ойлголтоос ялгаатай бөгөөд Газрын тухай хуулийн дагуу төрийн нийтийн өмчийн газрыг эзэмших гэрчилгээ авсан нь тухайн газрыг тус хуулиар заасан зориулалтаар хэрэглэх эд юмсын бие даасан хязгаарлагдмал эрхийг бий болгосон хэлбэр юм. Иргэний хуулиар эд юмсын хэд хэдэн хязгаарлагдмал эрх бий болгосны зэрэгцээ бусад хуулиар энэ төрлийн хязгаарлагдмал эрхийг үүсгэж болохыг зөвшөөрсөн байдаг. Иймд Газрын тухай хуулийн “газар эзэмших эрх” нь Иргэний хуулийн 11 дүгээр бүлэгт зохицуулж байгаа “эзэмшил” гэх ойлголттой давхцахгүй, харин хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгийн хэд хэдэн хязгаарлагдмал эрх, гэрээний үндсэн дээр үүсдэг цогц эрхүүдийн нэгэн адил “эзэмшил” гэх фактыг өөртөө багтаасан ойлголт мөн.

Энэ үндэслэлээр газрыг эзэмших гэрчилгээ аваагүйгээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар “газрын эзэмшил”-ээ хамгаалуулах эрхээ алдах агуулгаар тайлбарласан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу. Иргэний хуулийн холбогдох институцын дагуу хууль ёсны эзэмшил үүссэн бол мөн хуулийн 106 дугаар зүйлд заасан шаардах эрхийг эдлэх учиртай.

18. Харин энэ хэргийн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд Газрын тухай хуульд заасан “газар эзэмших эрх” гэх хязгаарлагдмал эрх үүсээгүйн зэрэгцээ Иргэний хуулийн 11 дүгээр бүлэгт заасан аргаар хамгаалагдах “эзэмшил” мөн үүсээгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “ашигт малтмал эрэх” гэж ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг; 4.1.6-д “ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг, 4.15-д “хайгуулын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг; 4.1.17-д “хайгуулын талбай” гэж энэ хуулийн 4.1.15-д заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг хэлэхээр тус тус заажээ.

Мөн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, хайгуулын ажил явуулах зорилгоор хайгуулын талбайд нэвтрэн орох, шаардлагатай түр барилга байгууламж барих, хайгуулын талбайд нэвтрэн орохын тулд хайгуулын талбайн гаднах газар нутгаар дамжин өнгөрөх, энэ хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөл, эзэмшилд байгаа газарт түүний өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрсний дагуу нэвтрэх, дайран өнгөрөх зэрэг эрхтэй байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах буюу газар эзэмших эрхийг олгоогүй ба харин мөн хуулийн 3.1.4-т зааснаар хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэх буюу газрыг ашиглах эрхтэй байж болно.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу олж авсан хайгуулын тусгай зөвшөөрөл нь тухайн зөвшөөрөлд заасан хайгуулын талбайг эзэмших эрхийг үүсгэхгүй.

Энэ нь хайгуулын ба ашиглалтын үйл ажиллагааны ялгаа, онцлогтой холбоотой буюу ашиглалтын тусгай зөвшөөрлийн явцад заасан талбайн холбогдох хэсгийг эзэмшихгүйгээр ашиглах боломжгүй бол хайгуулын тусгай зөвшөөрлийн явцад хайгуулын талбайг бүхэлд нь тусгай зөвшөөрөл эзэмшигч эзэмшинэ гэж үзэх нь үндэслэлгүй.

Харин зайлшгүй шаардлагын улмаас талбайн аль нэг хэсэгт тоног төхөөрөмж байрлуулах, цооног гаргах гэх мэт үйлдэл, үйл ажиллагаа явуулах шаардлагатай бол талбайн тухайн хэсэгт түр хугацаагаар “эзэмшил” үүсгэх шаардлага гарахыг үгүйсгэхгүй.

Энэ утгаараа ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажил л хийх бөгөөд дээрх хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн хүрээнд газрыг эзэмшиж ашиглах талаар эрх олгогдоогүй байна.

Иймээс энэ хэргийн тохиолдолд хариуцагчийн эзэмшиж, ашиглаж буй тодорхой талбайг чөлөөлүүлэх зайлшгүй шаардлага үүссэн талаар баримт хэрэгт авагдаагүй ба энэ үүднээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан эзэмших эрх зөрчигдсөн үндэслэлээр талбай чөлөөлүүлэхийг шаардах эрх нэхэмжлэгч эдлэхгүй болно.

19. Түүнчлэн нэхэмжлэгч Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шаардах эрхийг эдэлнэ гэж үзэн, түүний эзэмшил талбай дээр үл хөдлөх эд хөрөнгө барьсан үйлдэл нь таслан зогсоогдох учиртай эрх зөрчсөн үйлдэл гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шаардах эрхийг мөн хуулийн 106.4 дэх хэсгээр дамжуулан хууль ёсны эзэмшигч эдлэх боломжтой хэдий ч үүний тулд таслан зогсоолгох үйлдэл нь хууль бус, эрх зөрчсөн үйлдэл байх боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч “З” ХХК нь хууль зөрчин өмчилсөн гэх баримт хэрэгт авагдаагүй ба харин түүний өмчлөх эрхийг гэрчилсэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагджээ.

Энэ агуулгаар үл хөдлөх эд хөрөнгийг зохих журмын дагуу нэгэнт барьж байршуулан ашиглаж байгаа тохиолдлыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 92 дугаар зүйлийн 92.1-д заасан саад болох үйлдэл гэж үзэх үндэслэлгүй байна. 

20. Нөгөө талаас зохигч талууд нь давхцал бүхий нэг байршилд өөр өөр эрхийг хэрэгжүүлж байгаагийн хувьд Иргэний хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор өөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг хязгаарлах эрх сервитут, түүнтэй адилтгах эрхийг нэхэмжлэгч хэрэгжүүлэх боломжтой эсэхийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхтэй холбон тайлбарлах боломжтой.

Гэвч нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хувьд түүний эрхийг зөрчсөн, хайгуул, судалгааны ажилд тухайн үл хөдлөх эд хөрөнгө саад учруулж байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шаардах эрхтэй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

21. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, дүгнэлтийг өөрчлөн залруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 226/МА2024/00007 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул” гэж нэмж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч  “М” ХХК-аас 2024.05.15-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.БАТЗОРИГ 

 ШҮҮГЧИД                                                                     Н.БАТЧИМЭГ

                Н.БАЯРМАА

                                                                                                            П.ЗОЛЗАЯА

                                                                                                            Д.ЦОЛМОН