| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 105/2020/0703/Э/ |
| Дугаар | 1026 |
| Огноо | 2020-08-13 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | П.Мөнхтуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 1026
МАГАДЛАЛ
2020.08.13 2020/ДШМ/1026
А.Кд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Мягмаржав, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Мөнхтуяа,
шүүгдэгч А.Кы өмгөөлөгч Г.Нарантуяа,
хохирогч Э.Уын өмгөөлөгч М.Цэнгүүн,
нарийн бичгийн дарга M.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ЦТ/949 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч М.Цэнгүүний гаргасан гомдлоор А.Кд холбогдох эрүүгийн 1906032832423 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
А.К нь 2010 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” эмийн санд борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа байгууллагын орлого 16,182,484 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Кы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газраас А.Кд холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, А.Кыг цагаатгаж шийдвэрлэжээ.
Прокурор Т.Мөнх-Амгалан бичсэн эсэргүүцэлдээ. “... хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч А.К нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан болох нь тогтоогдсон боловч шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн. Өмнө Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 193 дугаартай шүүгчийн захирамжинд нэмэлт шинжилгээ хийлгэх талаар дурдсан бөгөөд нэмэлт шинжилгээ хийлгэх боломжгүй талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 234 дугаартай дүгнэлт болон тус байгууллагын албан бичгээр ирүүлснийг хавтаст хэрэгт хавсаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заавал шинжилгээ хийлгэх тохиолдлыг хуульчилж өгсөн бөгөөд уг заалтанд дээрх нөхцөл байдал тусгагдаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “нотолбол зохих байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно” гэж заасан тул шүүх хохирлыг тогтоогдсон хэмжээнд өөрчлөн шийдвэрлэх бүрэн эрхтэй юм. Мөн шүүхийн цагаатгах тогтоолд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар мөн яллагдагч А.Кы мэдүүлэг нь дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж тусгасан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар зөвхөн яллагдагч А.Кы мэдүүлэг бус хохирогч Э.У, хохирлын мөнгө, эд зүйл түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрч Г.О, гэрч Ж.Дуламжав, яллагдагч А.Кы дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдсон байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч М.Цэнгүүн давж заалдах гомдолдоо: “... А.К нь “Х” ХХК-д оноос хойш ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллаж байх хугацаандаа байгууллагад 16,182,484 төгрөгийн хохирлыг учруулсан байдаг. Энэхүү үйлдлийг А.К нь учруулсан болохыг өөрөө хүлээн зөвшөөрдөг. Харин шүүхээс А.Кы хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бусад нотлох баримтаар нотолж, тогтоож ирүүлээгүй хэмээн дүгнэлт хийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл хавтаст хэрэгт А.Кыг ажлаас гарах үед хийгдсэн тооллого, харилцагч бусад байгууллагуудаас ирүүлсэн албан бичиг, гэрчийн мэдүүлгүүдээр түүнийг байгууллагын борлуулалтаас олсон мөнгөн хөрөнгийг хувьдаа бэлнээр авдаг, өөрийн Хаан банк дахь дансаар шилжүүлэн авч байсан талаарх баримтууд авагдсан байгааг шүүгч үнэлж, дүгнээгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр “Х” ХХК-ийг санхүүгийн анхан шатны баримтуудыг бүрдүүлж ажиллаагүй, холбогдох гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт зэрэг санхүүгийн баримтуудыг бүрдүүлж ажиллаагүй гэж дүгнэсэн боловч, тухай үед А.К нь тус компанийн борлуулагчаар ажилладаг байсан тул агуулахаас бараа, бүтээгдэхүүнийг хүлээн авч харилцагч байгууллагад түгээж, борлуулж, борлуулалтын орлогыг хураан авч ажилладаг байсны хувьд өөрийн завшсан 16,182,484 төгрөгийн хувьд санхүүгийн баримтуудыг бүрдүүлэлгүй байгууллага хоорондын өр үүсгэж, хувьдаа завшдаг байсан нь өөрийнх нь өгсөн мэдүүлэг болон бусад харилцагч байгууллагуудын албан бичиг, түүний Хаан банк дахь дансны хуулга зэргээс харагддаг. А.К нь ажиллаж байх хугацаандаа өөрийн үүрэгт ажлаа урвуулан ашиглаж байгууллагын хөрөнгийг хувьдаа завшиж буй гэмт үйлдлээ нуун дарагдуулах зорилгоор санхүүгийн бичиг баримтуудыг бүрэн хөтөлдөггүй, борлуулалтын орлогыг хувьдаа авсан боловч аваагүй хэмээн байгууллага хооронд өр үүсгэдэг, санхүүгийн анхан шатны баримтууд болох гэрээ, хэлцэл, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт үйлддэггүй байсныг манай байгууллагын буруутай, хууль зөрчдөг, Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг биелүүлдэггүй хэмээн дүгнэсэн байдаг. Дээрх санхүүгийн анхан шатны баримтуудыг борлуулалтын менежер А.К нь бүрдүүлэн ажиллаж санхүүгийн албанд зохих ёсоор хүлээлгэн өгч, тайлагнах үүрэгтэй бөгөөд үүнтэй тэрээр санал нэг байсан билээ. Иймд А.Кы хэргээ хүлээсэн байдал нь бусад харилцагч байгууллагуудын албан бичиг, түүний Хаан банкин дахь борлуулалтын төлбөр авсан баримт, гэрчүүдийн мэдүүлэг, тооллогын комиссын акт зэрэг баримтуудаар нотлогдож байх тул анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 949 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэжээ.
Прокурор П.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч А.К нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан болох нь тогтоогдсон боловч шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэнийг мэдүүлэг бус хохирогч Э.У, хохирлын мөнгө, эд зүйл түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг, яллагдагч А.Кы мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.
Хохирогч Э.Уын өмгөөлөгч М.Цэнгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан. А.К нь манай байгууллагад борлуулалтын менежер хийж байхдаа бүх анхан шатны санхүүгийн баримтыг бүрдүүлж, цуглуулж байгууллагад өгч, өөрийн данс болон бусад харилцагч байгууллагуудаас авч байгаа төлбөрийг тушааж баримт үйлддэг байсан. Гэвч энэ хугацаанд 16,182,484 төгрөгийн хохирлыг учруулахдаа зарим баримтыг компанидаа өгөөгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байдаг. Бусад баримтыг мөрдөгч холбогдох 10 байгууллага руу илгээж хариу авсан. Эдгээр 10 байгууллагаас ирсэн албан бичгийг шүүх ямар нэг байдлаар үнэлж дүгнээгүй. Мөн А.Кы Хаан банк дахь 5114252239 дугаартай дансанд “Урлан фарм”, “Green Med” зэрэг манай харилцагч компаниудаас нийт 4,154,324 төгрөг шилжиж орсныг харгалзаж үзээгүй. Энэ мөнгөн хөрөнгө А.К гэх борлуулалтын ажилтнаар дамжуулагдсан “Х” ХХК-д орох орлого. Гэтэл А.К байгууллагадаа төлөөгүй, хувьдаа завшсан байдаг. Байгууллагын анхан шатны санхүүгийн баримт бүрдээгүй, үүнд санхүүгийн шинжээч шинжилгээ хийх боломжгүй гээд буруутай этгээдийг цагаатгасан нь буруу юм. 16,154,324 төгрөг бүхэлдээ тогтоогддоггүй бол ядаж түүний өөрийн дансанд орсон 4,154,324 төгрөгийг шүүх яагаад авч үзээгүйд гомдож байна. Мөн А.К ажлаас гарах үедээ өөрийн хариуцаж байсан агуулахад тооцоо нийлсэн байдаг. Нэр бүхий 7-8 хүнтэй тооцоо нийлэхдээ бараа бүтээгдэхүүн дутсан гэдэг нь илэрсэн. Үүнийг анхаарч үзнэ үү. Иймд анхан шатны цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас А.Кыг 2010 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” эмийн санд борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа байгууллагын орлого 16,182,484 төгрөгийг хувьдаа завшсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг асуудлуудыг шалгаж тодруулахаар анхан шатны шүүхээс урьд нь хэргийг мөрдөн байцаалтад буцааж байсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгчийн захирамжид дурьдсан ажиллагааг бүрэн хийгээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хуудасласан байсан дарааллыг өөрчилж үдсэн, хэрэгт нотлох баримтын шаардлага хангаагүй, нотолгооны ямар ач холбогдолтой нь тодорхойгүй нотлох бармтуудыг хавсаргаж ирүүлсэн гэж дүгнэн, нэгэнт хэрэг шүүхэд шилжиж ирсэн тул хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр анхан шатны шүүх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж хэргийн талаар нотолвол зохих байдлыг нотолж ирүүлээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтаар А.Кыг байгууллагын орлогыг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох боломжгүй гэж үзэн А.Кд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.
Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан зөрүүтэй нотлох баримтыг тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн төвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлдэг.
Хэрэгт авагдсан А.Кы яллагдагчаар өгсөн “... 2013 оноос эхлэн 2017 оны хавар 4 сар хүртэл хугацаанд байгууллагын бараа бүтээгдэхүүнийг салбар эмийн сангуудад хүргэж өгчихөөд зарагдсан барааныхаа төлбөр тооцоог авахдаа би өөрийн хувийн 5114222239 тоот Хаан банкны дансаар болон бэлнээр авдаг байсан. Ингэж авсан мөнгөө байгууллагын дансанд тушаахгүйгээр хувьдаа хэрэглэж байсан юм. Би хэзээ, аль байгууллагаас хэдэн төгрөг авч хувьдаа хэрэглэж байснаа одоо санахгүй байна. Тэгээд сүүлд “Х” эмийн сангийн удирдлагууд намайг хувьдаа мөнгө авч хэрэглэж байгааг мэдээд төлбөр тооцооны материал бүрдүүлж үзэхэд 16.182.484 төгрөгний тооцоо дутсан байсан ба би дээрх мөнгийг хувьдаа хэрэглэж үрсэн гэдгээ хүлээн зөвшөөрч уг мөнгийг буцаан төлнө гэдгээ хэлсэн юм. Тэгээд уг мөнгийг төлөх зорилгоор 2019 оны 7 дугаар сард 3.000.000 төгрөгийг “Х” эмийн санд өгсөн байгаа юм. Одоо үлдэгдэл мөнгийг нь энэ 11 сард багтааж өгнө. ...” /1хх 120/,
шүүгдэгч А.Кы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2010 оны 10 дугаар сараас эхлээд ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа нярвын ажлаар ажиллаж байгаад гадаадаас оруулж ирсэн эмийг хариуцаж менежерийн ажил эрхэлдэг болсон. Тухайн бараагаа салбарууд болон компаниудад борлуулдаг байсан. Тэгээд 2017 оны 7 дугаар сараас ажлаасаа гарсан. Хохирогчид учирсан нийт хохирлоос 10.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. ...” /2хх 20/,
хохирогч Э.Уын "... А.К нь 2010 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр манай байгууллагын борлуулалтын менежерээр ажилд орсон юм. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн юм. Манай байгууллагын тухайд Герман улсаас албан ёсоор хүүхдийн эм оруулж ирээд, бараагаа сүлжээ дэлгүүрүүд болон эмийн сангуудаар байршуулан борлуулаад, борлуулагдсан хэмжээгээр нь мөнгөө авдаг байсан ба энэ ажлыг К хариуцан хийдэг байсан. Тэгээд манай байгууллагад шинээр ажилд орсон хүн нь хариуцагч байгууллагууд дээр очиж тооцоо нийлж, зарагдсан барааны мөнгөө авах гэтэл уг байгууллагууд нь Кд өгсөн гэж хэлсэн байсан. Ингээд Кы асуудлыг мэдэж, бүх харилцагч байгууллагуудтай тооцоо нийлж үзэхэд К нь харилцагч байгууллага дээр зарагдсан барааны мөнгө тооцоог өөрийн дансаар болон бэлэн мөнгөний орлого үйлдэж авчихаад түүнийгээ байгууллагад тушаахгүйгээр хувьдаа завшсан үйлдэл гаргасан байна. Урьдчилсан байдлаар манай байгууллагад 16,182,484 төгрөгний хохирол учраад байна. ...” /1хх 9-11/,
“...Анх 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр ирүүлсэн 65 хуудас баримт нь энэ хэрэгтэй хамааралтай буюу манай байгууллага дээр байсан баримт буюу хөндлөнгийн аудит хийгдсэн баримт байгаа юм. Хөндлөнгийн аудит хийгдэж дүгнэлт гаргахдаа зарим баримтыг нэмж бүрдүүлэх шаардлагатай байна гэж дүгнэлт гарсан байсан юм. Ингээд эдийн засгийн шинжилгээ хийгдэж аудитын дүгнэлтийг үнэн зөв үндэслэлтэй эсэхийг нь шинжилгээнд хүргүүлсэн баримтын хүрээнд тогтоох боломжгүй гэх хариу гаргасан юм. Үүний улмаас манай байгууллага нь хариуцагч байгууллагуудаас тухайн үед тооцоо нийлсэн акт болон Кд мөнгө өгч байсан тухайн баримтуудыг боломжит байдлаар нь цуглуулан шинжилгээнд зориулж 81 хуудас баримтыг дахин гаргаж өгсөн юм. Дээрх 81 хуудас баримт нь бүгд эх хувь биш хуулбар хувь болон эх хувь баримтууд холилдож орсон байгаа юм. Ер нь бол К нь манай байгууллагатай харилцагч байгууллагуудад бараа бүтээгдэхүүн өгч зарагдсан барааны мөнгийг нь хувьдаа авч завшсан үйлдэл нь одоогоос 6-7 жилийн өмнөөс эхэлсэн байсан учир энэ талаар баримтыг эх хувиар гаргах боломжгүй юм. Тэгэхээр Кы манай байгууллагад учруулсан хохирол буюу 16,181,484 төгрөгийг харилцагч байгууллагаас хувьдаа авахдаа зарим нэг байгууллага дээр ямар нэгэн нотолгоо үлдээгээгүй, албан ёсны санхүүгийн баримт үйлдээгүй байсан. Учир нь одоо эх хувь баримт гаргах боломжгүй байна. Кыг хувьдаа мөнгө авч манай байгууллагад хохирол учруулсан гэдгийг сүүлд харилцагч байгууллагуудтай уулзаж тооцоо нийлж акт үйлдэн баталгаажуулсан байгаа юм. ... ” /1хх 137-138/,
гэрч Б.Оын “...К ажлаа хүлээлгэж өгөөд явсан хойно харилцагч байгууллагуудын захиалж авсан бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог хийж үзэхэд нэр бүхий 10 гаруй байгууллагаас авах 16.182.480 төгрөгний авлага гарч ирсэн ба тухайн байгууллагаас “бараа бүтээгдэхүүний мөнгийг авъя” гэхээр “танай борлуулалтын менежер Кд өгчихсөн” гээд байсан юм. Тэгээд Ктай утсаар ярьж болсон асуудлын талаар хэлэхэд дээрх мөнгийг К өөрөө аваад хувьдаа хэрэглээд дуусгасан гэдгээ хүлээн зөвшөөрч “буцааж төлнө” гэсэн юм. ...” /1хх 139/,
гэрч Г.Оийн “... Тухайн үед “Х” эмийн сангийн борлуулалтын ажилтан буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч К гэх эмэгтэй ирж манай эмийн санд бараа бүтээгдэхүүн өгөөд, өгсөн бараа бүтээгдэхүүний мөнгийг бэлнээр аваад явдаг байсан юм. Тухайн үед албан ёсны кассын баримт үйлдэхгүйгээр “Х” эмийн сангийн ажилтан өөрийнх нь авч ирсэн баримт дээр “тооцоогүй” гэх баримт хийж гарын үсэг зурдаг байсан юм. Албан ёсны баримт манай байгууллага дээр үлдээгүй учир яг хэдэн сарын хэдний өдөр хэдэн төгрөгний бараа бүтээгдэхүүн авч, хэдэн төгрөг өгч байсан талаар санахгүй байна. ...” /1хх 140/,
гэрч Ж.Дуламжавын “... К нь манай байгууллагын захиалгын дагуу бараа бүтээгдэхүүн авч ирж өгчихөөд манай байгууллагын мөнгө санхүүгийн байдлаас шалтгаалан төлбөр тооцоогоо бэлнээр болон дансаар авдаг байсан юм. Манай байгууллага худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ мөнгийг Кд өгдөг байсан ба энэ тухай тооцоо нийлсэн акт үйлддэг юм. Энэ тооцоо нийлсэн актыг манай байгууллагаас гаргахгүй. К өөрөө “Х” эмийн сангийн тооцооны актыг авч ирээд надаар гарын үсэг зуруулдаг байсан. Ихэнхдээ “Х” эмийн сангийн 502480807501 тоот данс руу шилжүүлдэг байсан ба зарим тохиолдолд К өөрөө бэлнээр авдаг байсан юм. 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр бэлнээр 247.800 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 546.450 төгрөгийг тус тус Кд бэлнээр өгч байсан. Түүнээс бусад мөнгийг нь дансаар өгч байсан. ...” /1хх 141/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 234 дугаартай “... Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч аудитор Б.Бурмаа гэх хүний 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гаргасан “Аудиторын холбогдох гэрээт ажлын тайлан” гэх 3 хуудас дүгнэлтийн үнэн зөв үндэслэлтэй эсэхийг шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд тогтоох боломжгүй байна. Учир нь “Х” ХХК нь шинжилгээнд аудитын дүгнэлтэнд тусгагдсан дээрх 13 нэр бүхий харилцагч эмийн сангуудад олгосон хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан хүний гарын үсэг зурж баталгаажсан анхан шатны зарлагын баримтуудыг ирүүлээгүй, мөн дээрх комданиудаас бэлнээр болно бэлэн бусад төлөгдсөн мөнгийг тулгаж шалгах “Х” ХХК-ийн бэлэн мөнгөний кассын тайлан болон харилцах дансны хуулгуудыг ирүүлээгүй, аудитын дүгнэлтэнд агуулахын тооллогоор дутагдал 2,805,630.00 төгрөгийн дутагдал баримтаар нотлогдсон гэж дүгнэсэн боловч нотлох санхүүгийн анхан шатны болон дэмжих баримт болох борлуулалтын менежер Кы агуулахын бүртгэл, эд хариуцагчийн тайлан, мөн 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр агуулах хүлээлцэж тооллого хийсэн тооллогын комиссын болон ажил хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан хүний гарын үсэг зурж, баталгаажуулсан тооллогын бүртгэл, тооцоо бодсон акт, харицагч байгууллагуудтай тооцоо нийлсэн акт зэргийг ирүүлээгүй байгаа болно. Шинжилгээнд ирүүлсэн баримт нь харилцагч байгууллагын авлагын дэлгэрэнгүй бүртгэлийг программаас хэвлэн нягтлан бодогч нь гарын үсэг зурж санхүүгийн тамга дарж ирүүлсэн, эдгээр гүйлгээг нотлох анхан шатны баримтуудыг ирүүлээгүй мөн нэхэмжлэхийн хуулбар хувийг шинжилгээнд ирүүлсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.1-д “шинжилгээ хийхэд шардагдах тоо хэмжээ, чанарын үзүүлэлтийг хангасан байх”, 10.4.2-т “эх хувь буюу биет байдлаар, эсхүл шинжилгээний шаардлага хангахуйц бусад хэлбэртэй байх” гэсэн заалтыг зөрчиж байгаа тул эдийн засгийн шинжилгээгээр аудитор Б.Бурмаагийн гаргасан гэрээт ажлын тайланг үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй байна. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухайн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “анхан шатны баримт” гэж адил гүйлгээ гаргасныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 12 дугаар зүйлд “хөрөнгө, төлбөр тооцооны тооллогыг дараах тохиолдолд заавал хийнэ”, 12.2.1 “жилийн санхүүгийн тайлан гаргахын өмнө”, 12.2.2-т “эд хөрөнгө хариуцагч болон эд хөрөнгийн тооцоотой холбоотой ажилтан солигдох үед”, 13 дугаар зүйл 13.5-д “анхан шатны баримт түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг, дарснаар уг баримт нь хүчин төгөлдөр болно”, 13.6-д “анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”, 13.7-д “анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус компани нь мөрдөж ажиллаагүй байна. ...” дүгнэлт /1хх 147-149/, аудиторын холбогдох гэрээт ажлын тайлан /1хх 142/ зэргээр А.К нь “Х” эмийн санд борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа байгууллагын орлого 16,182,484 төгрөгийг хувьдаа завшсан нь тогтоогдохгүй байна.
Бусдын эд хөрөнгийг завших гэдэг нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэн хариуцсан этгээд нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшихдаа өмчлөгчид тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг.
Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч А.Кы бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийг ямар аргаар, хэрхэн яаж үйлдэж завшсан, ямар хэмжээний хохирол учруулсныг бүрэн дүүрэн нотолж ирүүлээгүй байх бөгөөд энэ нь прокурорын яллах дүгнэлтэд хэргийн нотолгоо болгон заасан хохирогч Э.Уын /1хх 9-11, 137-138/, яллагдагч А.Кы /1хх 120/, гэрч Б.Оын /1хх 139/, гэрч Г.Оийн /1хх 140/, гэрч Ж.Дуламжавын /1хх 141/ мэдүүлгүүд болон А.Кыг ажилд томилсон, чөлөөлсөн тушаалууд /1хх 17-18/, хохирлын мөнгө, эд зүйл түр хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /1хх 97/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 234 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан “... А.К нь өөрөө үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрдөг, хэрэгт авагдсан зарим нотлох баримтаар тодорхой хэмжээний хөрөнгө завшсан нь нотлогддог.” гэх гомдлын хувьд, шүүгдэгч А.Кы мэдүүлэг нь дангаараа түүний үйлдсэн гэмт хэргийг нотлохгүй бөгөөд хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдон тогтоогдсон байх ёстой байтал дээр дурдсан нотлох баримтуудаар түүний үйлдсэн гэмт хэрэг давхар нотлогдохгүй байгаа, хэрэгт авагдсан тооцооны хуудас, санхүүгийн баримтууд, төлбөрийн нэхэмжлэх, банкны хуулга зэрэг нотлох баримтууд нь А.Кы гэм бурууг хэрхэн, яаж нотолж байгаа нь тодорхой бус, нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа, эдгээр нотлох баримтын талаар прокурор яллах дүгнэлтдээ огт дурдаагүй байдал, хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 234 дугаартай дүгнэлт зэргээс дүгнэж үзэхэд түүний давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол нь үгүйсгэгдэж байна гэж үзлээ.
Бусдын эд хөрөнгө , эд хөрөнгийн эрхийг итгэмжлэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцахаар үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно.
Хэдийгээр А.К нь “Х” ХХК-д ажиллаж байхдаа мөнгө дутаасан нь үнэн боловч уг үйлдэл нь “хөрөнгө завших” эрүүгийн гэмт хэргийн ямар шинжийг хэрхэн агуулсан, энэ үйлдэл нь гэмт хэрэг мөн болохыг прокурор яллах дүгнэлтэндээ дүгнээгүй, мөн хэрэгт буй баримтаар ч тодорхой нотлогдохгүй байна.
“Х” ХХК-иас А.Ктай 2010 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ мөн 2009 оны 12 дугаар сарын 7-ны өдөр буюу хөдөлмөрийн гэрээ байгуулагдахаас өмнө хийгдсэн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /1хх 28/ зэрэг нь “Х” ХХК-иас А.Кд эд хөрөнгийг итгэмжлэн хариуцуулсан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээ хийгдэхээс өмнө эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ хийгдсэн нь хэргийн хувьд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсгэж байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар судалж, хянан хэлэлцээд ямар нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг гагцхүү шүүх шийдвэрлэх бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг тогтоож нотлох хэмжээний хангалттай баримт цугларсан тохиолдолд түүнд үндэслэн гэм бурууг тогтоодог.
Гэтэл хэрэгт авагдсан эдгээр баримтууд нь шүүхээр хэлэлцэж гэм буруутайд тооцож шийдвэрлэхэд хүрэлцээгүй, ач холбогдол хамаарлын хувьд эргэлзээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
Анхан шатны шүүхийн “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг нотлон тогтоож ирүүлээгүй, хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль бус нотлох баримтаар А.Кыг гэм буруутайд тооцох хууль зүйн боломжгүй ...” хэмээн дүгнэн, А.Кд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байх тул прокурорын “... анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч М.Цэнгүүний гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Кы бусдын эд зүйлийг дутаасан, үрэгдүүлсний улмаас өөрт учирсан хохирлоо “Х” ХХК нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/949 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч М.Цэнгүүний гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ