Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 159/ШШ2022/0014

 

 

 

                              

 

 

                                                                                              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                              

Хэргийн индекс: 159/2021/0019/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Алсын өртөө” ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2021 оны А/176 дугаар захирамжийн Б.Ганзоригт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантөмөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч В.Энхтамир, гуравдагч этгээд Б.Ганзориг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Минжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Алсын өртөө” ХХК-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 122 дугаар захирамжаар хүнсний үйлдвэрлэл, төмөр арматур хийх зориулалтаар нийт 1 га газрыг эзэмшүүлжээ.

Гуравдагч этгээд Б.Ганзоригт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр А/176 дугаар захирамжаар үйлдвэрлэлийн барилга байгууламжийн зориулалтаар 8485 м.кв газрыг эзэмшүүлжээ.

Нэхэмжлэгчээс гуравдагч этгээд Б.Ганзоригт үйлдвэрлэлийн барилга байгууламжийн зориулалтаар эзэмшүүлсэн 8485 м.кв газар нь нэхэмжлэгчийн эзэмшлийн 1 га газартай давхцуулж эзэмшүүлсэн байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр А/176 дугаар захирамжийн Б.Ганзоригт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.

Нэхэмжлэгч “Алсын өртөө” ХХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... “Алсын өртөө” ХХК-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга 2004 оны 122 дугаар захирамжаар 1 га газар эзэмшүүлсний дагуу манай компани өнөөдрийг хүртэл газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглан, барилга байгууламж барьж, үйлдвэрлэл эрхэлж, Мандал сумын иргэдийг ажлын байраар тогтвортой хангаж ирсэн болно. Гэтэл Мандал сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 01/4182 дугаартай мэдэгдлээр манайд олгосон газраас 8485 м.кв газрыг 2021 оны А/176 дугаартай захирамжаар иргэн Б.Ганзоригт эзэмшүүлсэн болохыг мэдэгдэж, улмаар энэхүү 8485 м.кв газрыг 2021 оны 10 дугаар сарын 01-ний дотор чөлөөлөх мэдэгдэл ирүүлсэн байна.

Манай компанийн зүгээс А/176 дугаар захирамж болон Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 01/4182 дугаар мэдэгдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь манай компани өөрийн үйлдвэрийн технологийн шаардлагын дагуу газраа хашаалж, үйлдвэрлэлд шаардлагатай үл хөдлөх эд хөрөнгийг барьж байгуулан өнөөдрийг хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа болно. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд Мандал сумын Засаг дарга болон газрын даамлын зүгээс эзэмшил газраа илүү хэмжээгээр хашсан талаар бидэнд мэдэгдэж шаардлага хүргэж байгаагүй төдийгүй улсын төсвийн хөрөнгөөр нэгдсэн журмаар тус суманд хийгдсэн кадастрын зураглалын ажлын хүрээнд манай эзэмшлийн газрыг хашааны хэмжээгээр зураглагдаж, газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэж баталгаажсан байсан болно.

Манай аж ахуйн хашаанд контор болон үйлдвэрийн зориулалттай нийт 10 гаруй объект байдаг бөгөөд эдгээр барилга байгууламжийг улсын бүртгэлийн асуудал хариуцсан байгууллага улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон болно. Гэтэл эдгээр нөхцөл байдлыг харгалзалгүйгээр манай үл хөдлөх эд хөрөнгө байршиж байгаа газрын кадастрын зургаас хасалт хийн улмаар бидэнд мэдэгдэлгүйгээр иргэн Б.Ганзоригт 8485 м.кв газрыг эзэмшүүлсэн Мандал сумын Засаг дарга болон газрын даамлын үйл ажиллагаа нь дараах байдлаар хууль, тогтоомжид нийцэхгүй байна. Учир нь:

1. Манай компанийг илүү хэмжээгээр газар эзэмшиж байна гэж Мандал сумын Засаг дарга болон газрын даамлын зүгээс бидэнд мэдэгдэж илүү хашаалсан /анх хашаалснаасаа хойш бид өнөөдрийг хүртэл илүү газар эзэмшиж байгаа гэдгээ мэдээгүй төдийгүй Мандал сумын зүгээс бидний газрын эргэлтийн цэгүүдийг анхнаасаа тодорхойлж өгөөгүй/ газраа хэсэгчлэн чөлөөлөх арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн бол бид өөрсдийн үл хөдлөх эд хөрөнгөтэй бус сул чөлөөтэй газраа чөлөөлөх боломжтой байсан. Гэтэл энэ боломжийг олголгүйгээр манай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэг нь бидэнд мэдэгдэлгүйгээр, бидний зөвшөөрөлгүйгээр иргэн Б.Ганзоригт эзэмшүүлсэн газарт байршихаар болгосон нь захиргааны байгууллагын үйлдэл, үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль болон Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 6 дахь хэсгийг илтэд зөрчсөн болохыг харуулж байна.

2. Хэрэв бидний бодитоор эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлж байсан газрыг дуудлага худалдааны журмаар бусдад эзэмшүүлж ашиглуулахаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулсан бол бидэнд энэ тухай мэдэгдэх, үүргээ хэрэгжүүлээгүй. Дээрхээс үүдэн бидний тухайн газрыг эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаанд оролцох боломжийг хангаагүйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, Мандал сумын Засаг даргын 2021 оны А/176 дугаартай захирамжийн иргэн Б.Ганзоригт холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг хангаагүй захиргааны акт болжээ.

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэй, газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө /үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй/-тэй газрын зарим хэсгийг иргэн Б.Ганзоригт эзэмшүүлсэн А/176 дугаар захирамж нь бидний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх төдийгүй газар эзэмших, ашиглах эрхийг ноцтой зөрчиж байгаа төдийгүй Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх”, 34 дүгээр зүйлийн 31.10-т “Иргэн аж, ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно” гэж заасныг тус тус зөрчиж байна. Иймд Мандал сумын Засаг даргын 2021 оны А/176 дугаар захирамжийн иргэн Б.Ганзоригт холбогдох хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... “Алсын өртөө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй тул дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. “Алсын өртөө” ХХК нь /2838656/ тус сумын 2-р баг төмөрзамын зүүн гарамын баруун урд байрлах газарт төмөр армотур хийх үйлдвэрлэл явуулах зориулалтаар авто замаас хойд зүгт 30м зайд, 108м*108м харьцаатай 1га газрын бүдүүвч зургийн хамт 2004 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 01 тоот албан хүсэлтэндээ тодорхой дурьдаж ирүүлсэн байна. Дээрх хүсэлтийн дагуу тус байгууллагад үйлдвэрлэл явуулах, төмөр армотур хийх зориулалтаар 1га газрыг сумын Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 122 тоот захирамжаар олгосон байна. Тус газар нь 2004 оны Тухайн жилийн газар зохион байгууллалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж байгууллагад газар эзэмших эрх олгосон, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг дуудлага худалдаа явуулж аваагүй байгаа нь өөрөө Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалттай зөрчилдөж байна. Газрын тухай хуулинд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид зөвхөн ашиглуулж болно гэж заасан байдаг.

Мөн 2004 онд 1га газар эзэмших гэрчилгээ авч хашаа барихдаа 1,5га болгож сунгаж барьсан. Цаашид бага багаар сунгаж 2013 онд 2,24га, 2016 онд 2,4га болгож, ашиглаж байгаа нь “google earth” прагроммд харагдаж байна. Тус байгууллагын газар нь эзэмших хэмжээнээс их буюу 1,3га газрыг тэлж ашигласан талаар 2020 оны 8-9 сард “Алсын өртөө” ХХК-ийн Зүүнхараа дахь үйл ажиллагааг харилцан ажиллуулдаг гэх Баярбат гэж хүнтэй 99076752, Б.Цээпилдорж гэж хүнтэй 99097018 дугаарын утсаар тус тус холбогдож мэдэгдсэн. Үүний дараа “Алсын өртөө” ХХК нь зөрүү газрыг одоо ашиглаж байгаа хэмжээгээр нь эзэмших хүсэлтийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 28 тоот албан хүсэлтээр ирүүлсэн. Б.Цээпилдорж гэж хүн хэмжээ зөрүүтэй 1,3га газраас 8485 м.кв газрыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулахаар санал оруулсан. Учир нь 1,3га газрыг төлөвлөгөөнд тусгаад дуудлага худалдаанд оруулахаар өндөр үнэтэй болно гэж үзээд зайлшгүй ашиглагдаж байгаа 8485 м.кв газрыг төлөвлөгөөнд тусгуулахаар болсон. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 2021 оны 12 тоот тогтоолд Ширхэнцэг 2 дугаар баг үйлдвэрлэлийн зориулалтаар 8485 м.кв газар нь тусгагдаж батлагдсан. Сумын Засаг даргын 2021 оны А/32 тоот Газрын дуудлага худалдааны анхны үнэ байршил тогтоох тухай захирамж гарсан бөгөөд газрын дуудлага худалдааны зарыг орон даяар тараагдах сонинд аймгийн хэмжээнд нэгдсэн журмаар зарласан. Мөн “Мандал сумын газрын алба” фэйж хуудас, mle.mn цахим сайтад 30 хоногийн хугацаатай зарласан.

Дээрх захирамжийн дагуу тус байршлын газрыг MLE.MN /газрын цахим бирж/ -ийн цахим сайтад эхний удаад 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр #2021-6666 дугаараар зарлахад 1 иргэн бүртгүүлсэн учир зохион байгуулсан гэж үзээгүй, хоёрдох удаад 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр #2021-7650 дугаараар зарлахад 2 иргэн оролцож иргэн Б.Ганзориг нь ялалт байгуулж, 34,152,000 төгрөг төлсөн. Тус газрын дуудлага худалдааны талаар “Алсын өртөө” ХХК-нд давуу эрх олгож 99076572 дугаарт 2 удаа, 99097018 дугаарт 3 удаа, 99062148 дугаарт 2 удаа утасдаж мэдэгдсэн боловч “за ойлгосон” гэсэн хариулт өгдөг байсан.” гэжээ.

            Гуравдагч этгээд Б.Ганзориг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрөн дараах тайлбарыг гаргаж байна. 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын газрын албанаас цахимаар зохион байгуулж явуулсан газар эзэмшүүлэх дуудлага худалдаанд Б.Ганзориг миний бие оролцож, Мандал сумын 2 дугаар баг үйлдвэрлэлийн хэсэгт байрлалтай 8485 м.кв газрыг 34.152.000 төгрөгийн үнийн саналаар ялалт байгуулан эзэмших эрхийг олж авсан юм. Үүний дагуу 2021 оны 6  дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай гэрээ байгуулан дуудлага худалдаагаар тогтсон газрын үнийг төлж 34.152.000 төгрөг дэнчингийн үнийг оролцуулан Мандал сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А/176 дугаар шийдвэрийн дагуу газар эзэмших гэрээ байгуулан газрыг 60 жилийн хугацаатай эзэмшихээр 000165606 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүлээн авсан болно.

Би уг 8485 м.кв газрыг эзэмшихдээ Монгол Улсад мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомж, журмын нэг ч заалтыг зөрчөөгүй, бүх процесс хуулийн дагуу ил тод явагдсан нь дуудлага худалдаа зохион байгуулсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдоно. Иймд Б.Ганзориг миний бие нь Мандал сумын 2 дугаар баг үйлдвэрлэлийн хэсэгт байрлалтай 8485 м.кв газрын хууль ёсны эзэмшигч юм.

1. “Алсын өртөө” ХХК нь нэхэмжлэлдээ Мандал сумын Засаг даргын 2004 оны 122 дугаар захирамжаар “Алсын өртөө” ХХК-нд 1 га газар эзэмшүүлсний дагуу уг газар дээрээ барилга байшин барьж, үйлдвэрлэл эрхэлж ирсэн. 2021 онд манайд олгосон газраас 8485 м.кв газрыг Б.Ганзоригт эзэмшүүлсэн болохыг мэдэгдэж улмаар 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор чөлөөлөх мэдэгдэл сумын Засаг даргаас ирүүлснийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Үүнээс үзэхэд тус компаний хууль ёсоор эзэмших 1 га газраас нь 8485 м.кв газрыг тасдан авсан мэт ойлгогдохоор илт худал нэхэмжлэл гаргасан байна. Гэтэл бодит байдал дээр тус компани зөвшөөрөгдсөн 1 га газраасаа 1.4 дахин илүү буюу 2.4 га газрыг олон жил эзэмшиж, дур зоргоороо байшин барилга барьж, үйлдвэрлэл эрхэлж байсныг нь сумын Засаг дарга болон газрын албанаас таслан зогсоож хуулийн дагуу зөвшөөрөлгүй газрыг хураан авч дуудлага худалдаанд оруулсан нь баримтаар тогтоогдоно. Сумын Засаг даргын дээрх үйл ажиллагааг Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-57.5 дахь хэсэгт заасан

-Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга байгууламж барьсан бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.

эдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэх заалтуудыг хэрэгжүүлсэн хууль ёсны арга хэмжээ гэж үзэж байна. Мөн тус нэхэмжлэлд дурьдсанаар “Алсын Өртөө” ХХК нь 17 жилийн үйлдвэрлэл явуулах хугацаанд Мандал сумын Засаг дарга болон газрын даамлын зүгээс эзэмшил газраа илүү хэмжээгээр хашсан талаар бидэнд мэдэгдэж шаардлага хүргүүлж байгаагүй гэж гомдолложээ.

Гэтэл “Алсын Өртөө” ХХК нь шүүхэд хэрэг хянагдаж байх энэ хугацаанд буюу шүүгч Мандал суманд ирж тус компанийн газар дээр ажиллах өдрийн урд нь хашаагаа дотогш татаж барьсан “ул мөр нь тодорхой байгаа” зэргээс дүгнэхэд зөвшөөрөлгүй газар эзэмшиж, ашиглаж байснаа сайн мэддэг төдийгүй, шүүхийг хуурч мэхлэх гэсэн оролдлого гэж үзэх үндэслэлтэй. Бодит байдал ийм байхад тус компани нэхэмжлэлдээ анх барьснаас хойш өнөөдрийг хүртэл бид илүү газар эзэмшиж байгаагаа мэдээгүй тайлбар нь ор үндэслэлгүй зүйл юм.

3. Мандал сумын иргэдийн нэрлэдгээр “Цээпилийн төмрийн үйлдвэр” гэх энэ үйлдвэр нь Монгол Хятадын хамтарсан үйлдвэр бөгөөд энэ үйлдвэрт хятад иргэд ажилладаг. Б.Цээпилдорж нь 2004-2012 онуудад Мандал сумын Засаг даргаар ажиллаж байсан. Одоо ч энэ үйлдвэртэйгээ холбоотой газраа түрээслэдэг гэсэн мэдээлэл байгаа. Тухайн жилүүдэд Засаг даргынхаа хувийн үйлдвэрийг шалгаж хянаад байдаг газрын даамал байсан эсэхийг мэдэхгүй юм. Энэ бүхнээс дүгнэхэд Засаг дарга асны нөлөө энэ асуудалд нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй.

4. Нэхэмжлэгч тал “Газар эзэмшүүлэх ашиглуулах” дуудлага худалдаанд оролцох боломжийг хангаагүйд гомдолтой гэжээ.

Гэтэл энэ дуудлага худалдаа Монгол Улс даяар зарлагдаж хүссэн иргэн оролцох боломжоор хангагдсан. Үүний бодит илрэл нь би өөрөө юм. Дуудлага худалдаа ганцхан удаа ч болоогүй, өмнө нь 2021 оны 4 дүгээр сарын 07-нд зохион байгуулагдаж нэг хүн бүртгүүлсэн байдаг. Иймд энэ гомдол үндэслэлгүй.

Эцэст нь хэлэхэд газрыг өмчлөгчөөс нь буюу төрөөс хуулийн дагуу худалдан авсан жирийн иргэн миний эрх ашиг албан тушаагтан болон бизнесийн бүлэглэлүүдийн ашиг сонирхлын зөрчлөөс болж хохирч болзошгүй байгааг анхааран үзэж хуулийн дагуу шударга шийдвэр гаргаж өгөхийг хүсч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд бусад нотлох баримтуудыг үнэлээд нэхэмлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 122 дугаартай “Газар олгох тухай” захирамжаар “Алсын өртөө” ХХК-нд үйлдвэрлэл явуулах, армотур хийх зориулалтаар Мандал сумын 2 дугаар баг Төмөр замын гарамын баруун урд талд төв замаас 30 метрийн зайд өргөн 108 м, урт нь 108 м газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж гэрээ байгуулан гэрчилгээ олгожээ.

            Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А/176 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар иргэн Б.Ганзоригт Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан дуудлага худалдааны ялагч болсон тул үйлдвэрлэлийн барилга байгууламжийн  зориулалтаар Мандал сум 2 дугаар баг Үйлдвэр 1-ийн 125-а-д 8485 м.кв газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж гэрээ байгуулан гэрчилгээ олгожээ.

            Нэхэмжлэгчээс газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэй, газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газрын зарим хэсгийг иргэн Б.Ганзоригт эзэмшүүлсэн А/176 дугаартай захирамж нь бидний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх төдийгүй газар эзэмших, ашиглах эрхийг ноцтой зөрчиж байгаа төдийгүй Газрын тухай хуулийн 4.1.7-д заасан “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх” 34 дүгээр зүйлийн 34.10-т “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно.” гэж заасныг зөрчсөн тул Мандал сумын Засаг даргын 2021 оны А/176 дугаартай захирамжийн иргэн Б.Ганзоригт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэж маргажээ.

Нэхэмжлэгч “Алсын өртөө” ХХК болон иргэн Б.Ганзориг нарын

газар эзэмших эрх давхцсан эсэх тухайд:

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан бөгөөд иргэн Б.Ганзоригт Мандал сумын Засаг даргын 2021 оны А/176 дугаартай захирамжаар олгосон 8485 м.кв газар нь “Алсын өртөө” ХХК-ийн эзэмшлийн 1 га газартай 932 м.кв хэмжээтэй давхцсан болох нь шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэг, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас хяналтын хэмжилтээр тодруулсан сансрын зураг[1] болон кадастрын зургаар[2] тогтоогдож байна.

Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/28 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

-Иргэн Б.Ганзоригийн эзэмших эрхтэй “... 8485 м.кв талбайтай “Алсын өртөө” ХХК-ийн барьсан гэх хашаа 7883 м.кв, 2 барилга 548 м.кв, 169 м.кв талбайгаар давхцаж байна.

-Засаг даргын баталсан төлөвлөлтийн зураг дахь салаа төмөр зам болон ойролцоох объектууд /консар баазаас 50 метр, НИК колонкоос 150 метр, төв замаас 30 метр/ гэхийг харуулсан зураг ирүүлээгүй байх тул Газрын кадастрийн мэдээллийн сангийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн мэдээлэлд бүртгэлтэй иргэн Б.Ганзоригийн 8485 м.кв, “Алсын өртөө” ХХК-ийн 10000 м.кв талбайтай газруудыг тус газарт хадгалагдаж буй 2021 оны сансарын зурагтай давхцуулан хүргүүлэв.

-2004 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 122 дугаартай захирамжаар “Алсын өртөө” ХХК-нд 1 га газрыг олгох шийдвэр гарч олгосон байх боловч тухайн онд үйлдсэн кадастрын зураг, солбилцлын утга байхгүй байна.

-Газрын кадастрын мэдээллийн сангийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар “... “Алсын өртөө” ХХК болон иргэн Б.Ганзоригийн нэр дээр бүртгэгдсэн газрууд давхцалгүй байна.” гэж дурджээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтээс дараах зүйлүүд тогтоогдож байна. Үүнд:

1. “Алсын өртөө” ХХК өөрийн эзэмшлийн 1 га талбайн хэмжээнээс илүү газрыг хашаалсан,

2. “Алсын өртөө” ХХК-нд анх 2004 онд газар олгохдоо кадастрын зураг хийгээгүй солбилцлын утга байхгүйгээр захирамж гаргаж гэрээ байгуулан гэрчилгээ олгож газар эзэмшүүлсэн.

 Шинжээч дүгнэлтээ гаргахдаа кадастрын зураг, солбилцлын утга байхгүй “Алсын өртөө” ХХК-ийн 2004 онд анх газар эзэмшихийг хүссэн өргөдөл түүнд хавсаргасан баримтууд,  хүсэлт гаргасан газрын тойм гар зураг[3] зэргийг үндэслэн маргаан бүхий газарт очиж тухайн “Алсын өртөө” ХХК-ийн газрын хэмжээ, байршил, солбилцлыг тогтоож, иргэн Б.Ганзоригт олгосон 8485 м.кв газрын кадастрын зураг, солбилцлын утгыг ашиглан тухайн газрууд ямар нэг хэмжээгээр давхцаж байгаа эсэхийг шинжээчид тавьсан асуултын хүрээнд бүрэн тодруулах боломжтой байхад газрын кадастрын  мэдээллийн санг түшиглэн дээрх дүгнэлтийг гаргасан нь нотлох баримтаар үнэлэхэд хангалтгүй байна.

            Өөрөөр хэлбэл “Алсын өртөө” ХХК  2004 онд кадастрын зураглал хийлгээгүй солбилцлын утга байхгүй газар эзэмшихийг хүссэн өргөдлийг  холбогдох баримт,  газрын тойм зургийн хамт Мандал сумын Засаг даргад гаргасан болохыг шүүгчээс Мандал сумын Засаг даргын Тамгын газарт үзлэг хийх явцад нэгж талбарын 4303002406 хувийн хэрэгт авагдсныг хуулбарлан нотлох баримтын шаардлага хангуулан захиргааны хэрэгт нотлох баримтаар хавсаргасан бөгөөд нэхэмжлэгч талын шинжээч томилох хүсэлтийг хангаж, тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай үндэслэлээр маргаж буй газарт мэргэжлийн байгууллагыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан. Зүй нь “Алсын өртөө” ХХК 2004 онд кадастрын зураг хийлгэсэн, солбилцлын утгатай, энэ талаарх нотлох баримт нэгж талбарын хувийн хэрэг болон хавтаст хэрэгт авагдсан тохиолдолд шинжээч томилох шаардлагагүй юм.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... тус газар нь 2004 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмших эрх олгосон, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг дуудлага худалдаа явуулж аваагүй байгаа нь өөрөө Газрын тухай хуулийн 33.1.2 дах заалттай зөрчидөж байна. газрын тухай хуульд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид зөвхөн ашиглуулж болно гэж заасан байдаг...” мөн 2004 онд 1 га газар эзэмших гэрчилгээ авч хашаа барихдаа 1.5 га болгож сунгаж цаашид баг багаар сунгаж 2013 онд 2.24 га, 2016 онд 2.4 га  болгож ашиглаж байгаа нь “33.1.2 дах заалттай зөрчидөж байна. газрын тухай хуульд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид зөвхөн ашиглуулж болно гэж заасан байдаг...” мөн 2004 онд 1 га газар эзэмших гэрчилгээ авч хашаа барихдаа 1.5 га болгож сунгаж цаашид баг багаар сунгаж 2013 онд 2.24 га, 2016 онд 2.4 га  болгож ашиглаж байгаа нь “google earth” программд харагдаж байна...” гэж дурджээ.

            Газрын тухай хуульд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тухайн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, түүний дагуу сумын Засаг дарга захирамж гаргаж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулан гэрчилгээ олгох хуулийн зохицуулалттай бөгөөд тухайн үеийн Мандал сумын Засаг дарга 2004 онд “Алсын өртөө” ХХК-д анх 1 га газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа уг газар нь тухайн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаас илүү хэмжээтэй газар эсэх, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж мөн эсэх талаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг сумын Засаг дарга нягтлан шалгалгүйгээр “Алсын өртөө” ХХК-нд дээрх газрыг эзэмшүүлсэнд  нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм .

            Мөн “Алсын өртөө” ХХК нь эзэмшлийн 1 га газраасаа илүү хэмжээгээр газар хашаалсан тухайд хууль бусаар газар ашиласан гэж үзэх бөгөөд уг харилцаа нь мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгтэй холбоотой Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа болохыг дурьдах нь зүйтэй байна.

            Хариуцагчийн зүгээс дээрх хууль зөрчсөн үйлдлийг дахин гаргаж иргэн Б.Ганзоригт газар эзэмшүүлэхдээ хүсэлт гаргасан болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газар нь бусдын эзэмшил ашиглалтад байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэх хуулийн шаардлагыг зөрчиж “Алсын өртөө” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцуулан олгосон. Үүнд шударгаар дуудлага худалдаанд оролцож ялалт байгуулж газар эзэмших эрхтэй болсон гуравдагч этгээд Б.Ганзоригийг буруутгах боломжгүй юм.

Тодруулбал: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж хуульд заасан үүргээ  хариуцагч огт биелүүлээгүй.

Тухайлбал хариуцагч Мандал сумын Засаг дарга иргэн Б.Ганзоригийн эзэмшлийн 8485 м.кв газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах болон Б.Ганзоригт газар эзэмшүүлэх А/176 дугаартай захирамжийг гаргахдаа тухайн газар нь бусдын эзэмшил ашиглалтад байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцах эсэхийг нягтлан шалгаагүй. Зүй нь уг байрлалд газар эзэмшиж байгаа нэхэмжлэгч “Алсын өртөө” ХХК-ийн эзэмшлийн 1 га газарт хяналтын хэмжилт хийж, тухайн компанийн 2004 онд сумын Засаг даргад гаргасан өргөдөлд хавсаргаж өгсөн баримтад тулгуурлан кадастрын зураглал хийж, солбилцлын цэгийг тогтоосны дараа хил залгаа Б.Ганзоригийн эзэмшлийн гэх газарт дуудлага худалдаагаар газар эзэмшүүлж болох эсэх талаарх бодит нөхцөл байдлыг нарийвчлан шалгаж тогтоолгүйгээр иргэн Б.Ганзоригт газар эзэмшүүлсэн нь уг газрын маргаан үүсэх шалтгаан болжээ.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд хариуцагч нь Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас  иргэн Б.Ганзоригт 8485 м.кв газрыг эзэмшүүлэхдээ “Алсын өртөө” ХХК-ийн эзэмшлийн 1 га газартай 932 м.кв хэмжээгээр давхцуулан олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн байх тул Мандал сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А/176 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн Б.Ганзоригт холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А/176 угаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн иргэн Б.Ганзоригт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.ОДБААТАР

 

 

 

 

 

   

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 146-147 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 51-66 дугаар хуудас