Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 132/ШШ2021/00357

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.*******-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У.*******-д  холбогдох,

3,810,000 төгрөг гаргуулах тухай 132/2021/00067/ индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.*******, хариуцагч У.*******, хариуцагчийн өмгөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... 2018 оны сүүлээр У.*******д өөрсдийн эзэмшлийн хашаа байшин болох үл хөдлөх хөрөнгө болох хашаа байшингаа төрийн банкинд 5,000,000 төгрөгөөр барьцаанд тавьж зээл авмаар байна гэсэн хүсэлтийн дагуу хашаа байшингийн гэрчилгээгээ өгч хамтран зээлдэгч болсон. Тухайн үед зээл аваад удахгүй хашаа байшингийн гэрчилгээг авч өгнө гэсэн боловч ажилтай болоод 6 сар болбол цалингийн зээл аваад хаана гэсэн. *******д хашаа байшингийн зээл авах үед нь *******д мөнгө хэрэгтэй байгаа “Вишнфанд” ББСБ-иас хашаа байшингаа барьцаалан зээл авахаас гэхэд нь “надаас 2,000,000 төгрөгийн зээл тэгээд сар бүр төлөлтөө хийж байхгүй юу” гэж хэлсэн. 2018 онд авсан зээлээ сар бүр өөрсдийн төлдөг зээлээ сар алгасахгүй төлдөг байсан. 2019 оны сүүлээр *******д та одоо ажилтай болсон тул хашаа байшингийн гэрчилгээгээ авъя гэхэд биднийг хүнээс мөнгө аваад хаачих, цалингийн зээлийн хугацаа болохоор авч өгье гэсэн. 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймгийн Ган-Ивээл ХЗХ-оос 2,660,000 төгрөг Гансоёл надаар авахуулж, ******* данснаас *******ы дансанд шилжүүлж авсан. Үлдэх 1,000,000 төгрөгийг өөрөө олох талаар хэлэхэд ломбарднаас 1,000,000 төгрөг авсан тухайгаа хэлсэн.

...Хавар 2 дугаар сард Булганы ломбарднаас надруу залгаж  хар луйварчин энэ тэр гэж хэлэх хэлэхгүй үг  хэлж, ******* чамд зээл авч өгсөн байна, танай даргатай чинь холбогдож, ажилгүй болгон гэж дарамталсан. Ингээд ******* руу залгаж, учир байдлыг хэлтэл надруу бас ломбарднаас залгаад байна. Надад 1,150,000 төгрөг олоод өгөөч гэж хэлсэн. Ингээд 1,150,000 төгрөгийг  5 хувийн хүүтэй олж өгсөн.  ... Надад бүтэн жилийн хугацаанд ганц 100 төгрөг ч өгөөгүй. ... Иймд хариуцагчаас 3,810,000 төгрөг  гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Би У.*******тай найз нөхдийн холбоотой байсан. Тэгээд 2018 онд энэ хүнийг зээл авах хэрэгтэй байна гэхээр нь Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн 2001-А тоотод байрлах хашаа, байшингийн гэрчилгээгээ барьцаанд тавьж зээл авч өгсөн. Зээл авч өгөхдөө бид хоёр амаар тохиролцоо хийсэн. Тухайн үед бид хоёр хамтраад Булган аймгийн Булган сумын Төрийн банкнаас 5,000,000 төгрөгийн зээл авсан. Тэгээд манай нөхөр хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж У.*******ы нэр дээр зээл авсан. Авсан зээлээс би 2,000,000 төгрөг, У.******* 3,000,000 төгрөгийг авсан. Тухайн үед би энэ хүнд байнга тусалдаг байсан ба найзаасаа гуйж байгаад “Жаст ойл” шатахуун түгээх станцад түгээгчээр ажилд оруулж өгсөн. У.******* цалингийн зээл авах хугацаа болчихвол өөрөө зээл аваад уг зээлийг хааж, хашаа байшингийн гэрчилгээг  чинь өгнө гэж хэлсэн. Зээл авснаас хойш 1 жилийн дараа нөхөр бид хоёрт хашаа, байшингийн гэрчилгээ маань хэрэг болоод У.*******д гэрчилгээгээ гаргуулж авъя гэж хэлсэн. Тэгсэн чинь У.******* “чи надад хүнээс мөнгө олоод өгчих удахгүй цалингийн зээл авах хугацаа дөхөж байна гэж” хэлсэн. Тэгээд би 2,660,000 төгрөгийг хүүтэй зээлж У.*******д өгсөн. Үлдэгдэл 1,000,000 төгрөгийг У.******* өөрөө олоод зээл хаана гэж хэлсэн. Тухайн үед би 2,660,000 төгрөгийн хүүг нь төлнө гэж тохироод банкнаас авсан зээлээ хааж байсан. Гэтэл 1 сард над руу ломбардны хүн утсаар ярьж У.******* чиний зээлийг хаахын тулд надаас зээл авсан. Гэвч зээлээ төлөхгүй байна,  чамаар зээл төлүүл гэж хэлсэн гээд 7 хоног дарамталсан. Тэгээд би 2020 оны 03 сард таньдаг эгчээсээ 1,150,000 төгрөг хүүтэй зээлж У.*******ы дансанд шилжүүлсэн. У.******* банкнаас авсан зээлээ хаахдаа үлдсэн мөнгийг өөрөө олно гэж хэлсэн боловч ломбарднаас өндөр хүүтэй мөнгө зээлсэн гэж надад хэлээгүй. Би У.*******д 2 удаа хүүтэй мөнгө зээлж өгсөн ба нийт 3,810,000 төгрөг болсон. Уг мөнгийг 6 сард төлж дуусгана гэж хэлээд надаар зээл авахуулсан боловч зээлээ төлөөгүй.  Би 2,660,000 төгрөгийг 2019 оны 11 сард “Ган эрэл” хадгаламж зээлийн хоршооноос, 1,150,000 төгрөгийг таньдаг эгчээсээ 5 хувийн хүүтэй зээл авсан. Тэгээд 1,150,000 төгрөгийн хүү төлөх хугацаа болсон тул У.******* луу залгасан чинь миний утсыг авахгүй байсан. Өөр хүний утсаар залгахаар “эгч нь ууж байна, энэ асуудлыг мэдэж байгаа, надад одоогоор зээл төлөх боломж байхгүй байна” гэдэг байсан. Би Орхон аймгаас ажлаа тараад орой Булган аймагт ирдэг байсан. У.Бямбасайны гэрийн хаягийг олж тогтоох гэж нилээн удсан. Би У.*******д авч өгсөн 2 зээлийн хүүг бүтэн жил төлсөн. Гэтэл энэ хүн тухайн үед өөрөө цалингийн зээл авах боломжтой байсан. Юу болж байна гэж нэг ч удаа надаас асуугаагүй, 100 төгрөг ч надад өгөөгүй. Би У.*******аас дээрх 2 зээлийн хүүг нэхэмжлээгүй. Зөвхөн 2 удаагийн зээлийн нийт 3,810,000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч У.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 11 сард М.Г бид хоёр хамтраад М.Гын нөхрийн нэр дээр байдаг хашаа байшингийн гэрчилгээг барьцаанд тавьж Төрийн банкнаас 5,000,000 төгрөгийн зээл авсан. Авсан 5,000,000 төгрөгийн зээлээс тус бүр 2,450,000 төгрөгийг авсан. Зээл авсан өдрийн маргааш нь М.Г надтай ирж уулзаж “бараа авах гээд мөнгө хэрэгтэй байна гээд” 480,000 төгрөг авсан. 480,000 төгрөг надаас авахдаа 10 хувийн хүүтэй зээлье гэж хэлээд авсан.  Тэгээд М.Г 2019 оны 11 сарын 07-ны өдөр хүртэл зээлийн эргэн төлөлтөө хэвийн төлсөн. Сард эргэн төлөлтөд 202,500 төгрөг төлөхөөс би 102,500 төгрөг, М.Г 100,000 төгрөг төлдөг байсан. Гэтэл 11 сарын 07-ны өдөр М.Г хашаа, байшингийн гэрчилгээ хэрэг болоод байна гэж утсаар ярьсан. Тэр үед надад мөнгө байхгүй тул зээлээ сар сардаа төлөөд явъя гэж хэлсэн. Тухайн үед М.Г зээлсэн 480,000 төгрөгөө өгөхгүй болохоор нь би өөрийгөө 2,000,000 төгрөгийн зээлтэй гэж бодсон. М.Гд 480,000 төгрөгөө авъя гэж хэлсэн чинь манайх ор,шкаф хоёроо зарна та аваарай гэсэн боловч тэр асуудал чимээгүй болсон. Тэгэхээр би М.Гын авсан 480,000 төгрөгийг хасаад 2,000,000 төгрөгийн зээл авсан гэсэн үг юм. Үүнээс бүтэн жил зээлийн хүүнд 1,200,000 төгрөг төлсөн. Жилийн дараа уг зээлийг хаахад М.Г миний данс руу 2,660.,00 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би ломбардны эгчийг гуйж байгаад барьцаагүй, өдрийн 2 хувийн хүүтэй 1,300,000 төгрөгийн зээл авсан. Ломбардны эгч зээл чөлөөлөхөд зээлийн хүү өдрийн 2 хувьтай байдаг гэсэн. Тэгээд нийт 3,960,000 төгрөгөөр Төрийн банкнаас авсан зээлээ хааж хашаа, байшингийн гэрчилгээг М.Г руу явуулж байсан. Гэтэл М.Г ломбарднаас авсан зээлээ хаахгүй 7 хоног болсон. Гэтэл ломбардны эгч зээлээ  төл гэж уурласан ба зээлийн хүү өдөрт 2 хувиар өсөж байсан. М.Г 12 сар хүртэл зээл бүтэхгүй байна гэж явсан. Би М.Гоос “хашаа байшингийн гэрчилгээгээ барьцаалж зээл авна гэсэн биз дээ гэж” асуухад зээл бүтэхгүй байна гэж хариу хэлсэн. Болохгүй болохоор нь би хадам ээжээр өндөр насны тэтгэврийн зээл авахуулж  зээлийн хүүнд 364,000 төгрөг, 12 сарын 25-ны өдөр 480,000 төгрөгийн хүү төлсөн. Гэтэл ломбардны эгч барьцаа хөрөнгө байвал зээлийн хүүг сарын 15 хувь болгож бууруулъя гэсэн. Энэ талаар М.Гд хэлсэн чинь газрын гэрчилгээ явуулсан үүнийг барьцаалж 2020 оны 02 сараас эхлэн зээлийн хүүг сарын 15 хувь болгосон. Түүнээс хойш зээлийн хүү төлөгдөөд явж байтал барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ М.Гд хэрэг болсон. Би тэр үед зээлийн хүүнд нийт 1,884,000 төгрөг төлсөн дээр нь мөнгө нэмж төлж чадахгүй гэж хэлсэн. Гэтэл М.Г миний данс руу 1,150,000 төгрөг шилжүүлсэн ба би 240,000 төгрөг нэмж нийт 1,390,000 төгрөгөөр 2020 оны 03 сарын 30-ны өдөр ломбарднаас авсан зээлээ хаасан. Би уг мөнгөнөөс өөртөө хэрэглэсэн зүйл байхгүй. Би нийт 3,444,000 төгрөг төлсөн тул зээлээ төлсөн гэж бодож байна. Анх авсан зээлээ сар сардаа төлж байсан бол үүнээс бага мөнгө төлөх байсан. М.Г хашаа, байшингийн гэрчилгээгээ авна гээд надаас ломбарднаас өндөр хүүтэй мөнгө зээлүүлсэн. Уг зээлийг өөрсдөө зээл аваад хаана гэж хэлсэн боловч  хаагаагүй. М.Гын шилжүүлсэн 2,660,000 төгрөг болон 1,150,000 төгрөгийг барьцаанд тавьсан бичиг баримтыг авахад зарцуулсан. Би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Анх авсан 5,000,000 төгрөгийн зээл хүүтэйгээ нийлээд 6,134,662 төгрөг болсон. Үүнээс М.Г 3,670,300 төгрөг, би 3,524,000 төгрөгийг төлсөн. Миний төлсөн мөнгөнд ломбарднаас авсан зээлийн хүү, банкнаас авсан зээлийн хүү, үндсэн зээлийн төлөлт орсон. Тиймээс би төлөх ёстой мөнгөө төлсөн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч У.*******д холбогдуулан, 3,810,000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,810,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарладаг бол хариуцагч У.******* нь үүргээ гүйцэтгэсэн тул төлөх үндэслэлгүй гэж  маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдснийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Б.*******, У.******* нар нь “Төрийн банк” ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 121800084750 тоот зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 жилийн 26.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулжээ.

Нэхэмжлэгч нь дээрх зээл болох 5,000,000 төгрөгийн 2,000,000 төгрөгийг өөрөө авсан, харин үлдэх 3,000,000 төгрөгийг У.******* авсан гэж тайлбарладаг бол хариуцагч нь бид тэнцүү буюу 2,450,000 төгрөгөөр хувааж авсан гэж маргадаг.

Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгтэд /хх-ийн 69/ зээлийн төлөлтөд 204,950 төгрөгийг сар бүр төлөхөөр заасан байх ба нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн гэрээний эргэн төлөлтөд сард 100,000 төгрөг төлдөг гэж тайлбарласан ба хариуцагч нь үүнтэй маргадаггүй. Үүнээс үзэхэд талуудын үүрэг гүйцэтгэх үүргийн хуваарилалт адил байсан нь тогтоогдож байх бөгөөд 5,000,000 төгрөгийн зээлийг тэнцүү хувааж авсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

Талууд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 121800084750 тоот зээлийн гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 3,904,200 төгрөгийн төлөлт хийж гэрээний үүргийг биелүүлснээр гэрээг дуусгавар болгосон байна. /хх-ийн 48/

Уг зээлийн үлдэгдэл төлбөр 3,904,200 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэгч нь 3,810,000 төгрөгийг хариуцагч У.******* руу шилжүүлсэн. Хариуцагч У.******* нь 94.200 төгрөгийг нэмж төлж нийт 3.904.200 төгрөгийг төлж зээлийн гэрээг дуусгавар болгосон байна.

Дээрхээс дүгнэвэл нэг үүрэг гүйцэтгэгч 1,952,100 төгрөг төлөх үүрэг хүлээж байх ба хариуцагч нь 94,200 төгрөгийг төлсөн байх тул уг мөнгийг хасаж тооцон хариуцагчаас 1,857,900 төгрөгийг гаргуулж, үлдэх 1,953,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч У.Бямбасайхнаас 1,857,000 /нэг сая найман зуун тавин долоо мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  1,953,000 /нэг сая есөн зуун тавин гурван мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, -д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нэхэмжлэгчийн 75.910 /далан таван мянга есөн зуун арав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 44.676 /дөчин дөрвөн мянга зургаан зуун далан зургаа/ төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               О.ОДОНЧИМЭГ