| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2021/00317/И |
| Дугаар | 132/ШШ2021/00380 |
| Огноо | 2021-09-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 132/ШШ2021/00380
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Я.******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч Т. *******ад холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2021/00317/И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.*******, хариуцагч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.******* миний бие 1992 онд Т.*******тай танилцаж, 1996 онд хамтран амьдарч 2000 онд гэрлэлтийн 44 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Амьдрах хугацаанд 1993 онд охин С.Э, 1998 онд С.Э, 2000 онд С.Х нар төрсөн.
Би Т.*******тай суухаас өмнө хүнтэй суугаад хүүхэд гаргасан байсан. Тэгээд гэр бүлээ орхиод энэ хүнтэй суусан юм. Хамт амьдарч байх хугацаанд бид хоёрын дунд маргаан байдаг байсан. Энэ бүхнийг зохицуулж явсаар байгаад 2 дахь охиныгоо 8 дугаар ангид орох үед би гэрлэлт цуцлуулах өргөдөл гаргаж байсан. Тухайн үед бид хоёр эвлэрүүлэн зуучлалаар орсон. Энэ хүн архи уудаг. Архи уухдаа хэдэн сараар уудаг. Сүүлд 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр архи уусан. Би тэр өдөр ажлаа тараад гэртээ ирсэн байсан. Энэ хүн унтаж байснаа гэнэт босож ирээд намайг зодсон. Би цагдаад дуудлага өгч 1 хоног баривчлуулсан. Маргааш нь Т.******* маш их ууртай гэртээ ирсэн. Тэр өдөр дахиад архи уусан. Мөн 06 дугаар сарын 29-ний өдөр ч архи уусан. Тэгээд намайг юу юугүй цохиж, зодохгүй байсан хэдий ч зодоход бэлэн байсан. Намайг айлгаж, дарамталж байсан. Би 06 дугаар сарын 30-ны өдөр цагдаад дахин дуудлага өгсөн. Энэ хүн 07 дугаар сарын 1, 2-ны өдөр дахин архи уусан. Намайг цагдаад дуудлага өгсөн тул маш их уурласан. Би өндөр насны тэтгэвэрт гарсан. Гэвч одоогоор ажиллах эмчгүй гээд ажлаа хийж байгаа. Энэ хугацаанд надад маш хэцүү байсан. Т.Сэргэлэнбат архи уусан үедээ байнга хөөдөг. Би тэсээд л байдаг байсан. Одоо би дахин тэсэж чадахгүй болсон тул шүүхэд хандсан. Би өөрийн хүсэлтээр түр хамгаалах байранд амьдарч байна. Энэ талаар Т.*******ад хэлээгүй. Би энэ хүнээс нуугдсан, айсан байдалтай байна. Энэ хүн өөрийгөө их сайн хүн гэж ярьдаг. 5, 6 хоног архи уудаг, заримдаа 30 хоног архи уух нь энгийн үзэгдэл. Харин дунд нь 5, 6 хоног завсарлага авдаг. Архи уусан үедээ ямар ааш, зан гаргадаг аа мэддэггүй. Би байнгын айдас дунд амьдардаг. Энэ хүний үг хэл нь хурц. Би яаж ч өөрийгөө өмөөрөөд нэмэргүй. Худлаа л яриад байдаг. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ийм л байдалтай байсан. Энэ хүн архи уухыг хэвийн үзэгдэл гэж үздэг. Архи уухгүй болохоор бие өвдлөө, даралт ихэслээ гэдэг. Бид хоёр тус тусдаа орлого олоод үр хүүхдүүдээ дээд сургууль төгсөгсөн. Эд хөрөнгөний тал дээр маргаан байхгүй. Ганцхан энэ хүнтэй хамт амьдарч чадахгүй. Би сэтгэлийн хөөрлөөр гэрлэлт цуцлуулах хүсэлт гаргаагүй. Миний тэвчээр барагдсан тул шүүхэд хандсан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд олон хоногоор архи уудаг нь үнэн. Тэгэхдээ би ерөөсөө энэ хүнд хүндрэл учруулдаггүй. Ажлаасаа ирэхэд нь би тасарсан байдаг. Тэгээд өглөө үүр цайлгаад гэрээсээ гараад явчихдаг. Амьдрал ахуйн тал дээр бид хоёрт дутагдах зүйл байхгүй. Би нэг удаа Я.*******д "намайг архи уугаад агсам тавиад байвал эрүүлжүүлэх дуудаад өгчих" гэж хэлсэн. Түүнээс хойш намайг жаахан уухаар цагдаа дууддаг болсон. 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр би Я.*******эг зодоогүй. Үүнийг манай хүүхэд гэрчилнэ. Эхнэр маань намайг согтуу болохоор аавын жижиг байшинд ороод унтсан байх. Би босоод тэр байшингийн цонхыг нь хагалж Т.*******эг айлгасан байсан. Түүнээс хойш би зөндөө уучлалт гуйсан. Би Т.*******эг түр хамгаалах байранд байгааг мэдэж байгаа. Т.*******эг тусдаа амьдарснаас хойш унтаж чадахгүй болсон. Миний даралт ихсээд 10 гаруй килограмм жин хассан. Манай бага охин 4 дүгээр курст сурдаг боловч энэ асуудлаас болж орондоо шээж байна. Охин маань ээжийгээ түр хамгаалах байранд байгааг мэдээд уйлаад бөөн асуудал болсон. Би Я.*******эс салмааргүй байна. Намайг уучлаарай. Энэ хугацаанд Т.*******эг тайван байж толгойгоо амрааг гэж бодоод утсаар яриагүй. Охин бид хоёр Я.*******эг ирэхийг маш их хүлээж байна. 1 охин маань өнөө маргаашгүй төрөх гэж байгаа. Миний эгч хоногоо хүлээгээд эмнэлэгт хэвтэж байна. Би Я.*******д ямар ч хүндрэл учруулдаггүй. Би "Булган жолоо" ХХК-д жолоочоор ажилладаг, машин тэрэг эвдэрхэд Я.*******эс мөнгө нэхэж үзээгүй. Я.*******эг хэдэн төгрөгийн цалин авдаг гэдгийг би мэддэггүй. Архинаас болж ийм байдалд хүрсэн. Охины маань сэтгэл санаа хэцүү байна. Охин маань "аав таниас болсон гэж" байнга загнасан. Би яадгаа алдсан архичин биш. Намайг түлээ худалдаж аваад, хөрөөдөөд тавьсан байхад Т.******* "хэдэн төгрөгөөр худалдаж авсан юм бэ" гэж асуудаггүй. Би энэ хүнийг юугаар ч дутаадаггүй. Бид 50 гарсан настай хүмүүс, цаашид хэд ч наслах юм билээ мэдэхгүй. Сүүлийн 1 сарын хугацаанд гэртээ ганцаараа байхад хэцүү байсан. Надад ах, дүү байдаггүй. Тэгээд найз нөхдийнхөөрөө очихоор архи уудаг. Миний сэтгэл, санаа хэцүү байна. Даралт ихсээд түргэн дээр 2 хоносон. Энэ асуудал зөвхөн бид хоёрын асуудал биш, 2 талын ах, дүү нар бид хоёрт сайн. Манай ах, дүү нар Я.*******д ерөөсөө хир халдаадаггүй. Ах дүү нар маань Я.*******д “Сайн бэр” гэсэн тэмдэг гардуулаад сайхан л байсан. Бид хоёрт сайн сайхан зүйл зөндөө байгаа. Би архи уухаараа өөрийн мэдрэлгүй болчихоод байдаг юм. Наадмын амралтын дараа баривчлагдсан. Тэр үед манай хүүхдүүд ирсэн байсан. Тэгээд аав таныг хөдөө явсан гэж хэлсэн битгий хүрээд ирээрэй гэж байсан. Я.*******э охиноороо худлаа яриулсан. Би тэр үед цагдаагийн даргаас чөлөө аваад гэртээ ирсэн. Тэгтэл Я.******* утсаа бариад жорлон луу явж байсан. Удалгүй 2 цагдаа ирээд намайг 1 хоног баривчилсан. Маргааш нь намайг гэртээ ирэхэд хэн ч байгаагүй. Би эрүүлжүүлэхэд орчихоод Я.*******эг "чи намайг цагдаад барьж өглөө" гэж хэлж үзээгүй. Миний хувьд ганцаараа амьдрах боломжгүй. Я.******* надад ганц удаа ч болов архины асуудлаа шийдье гэж хэлж үзээгүй байж ганцхан тэсрээд гэрлэлтээ цуцлуулна гэж болохгүй шүү дээ. Би айлгаж байгаа юм биш гэхдээ надаас салвал би маргааш нь байхгүй байж магадгүй шүү. Би эхнэрээ дахиж зовоохгүй, гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.******* нь хариуцагч Т.*******ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн гэрлэлт цуцлуулахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Я.*******, Т.******* нар нь 2000 оны 07 сарын 31-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Хариуцагчийн зүгээс гэрлэлт цуцлуулахгүй, эвлэрэх санал гаргасан.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ” гэж заасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т заасан “гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон” гэсэн зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч нь эвлэрүүлэн зуучлагчид хандалгүйгээр нэхэмжлэлээ шүүхэд шууд гаргажээ. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй юм.
Гэрлэгчдийн хоорондын таарамжгүй харьцаа, нэгнийхээ эрхийг зөрчсөн асуудлаас үүдэн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа боловч Гэр бүлийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх шаардлагатай гэж үзвэл өөрийн эрх хэмжээний хүрээнд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авах эрхтэй байдаг.
Гэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан “эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар шүүхийн зүгээс гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авах эрхэд хязгаарлалт тогтоож өгсөн.
Нэхэмжлэгч Я.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Энэ хүн хэдэн сараар архи уудаг. Сүүлд 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр архи уусан, унтаж байснаа гэнэт босож ирээд намайг зодсон. Би цагдаад дуудлага өгч баривчлуулсан. Маргааш нь маш их ууртай гэртээ ирсэн. Тэр өдөр дахиад архи уусан. ...Намайг айлгаж, дарамталж байсан. Т.Сэргэлэнбат архи уусан үедээ байнга хөөдөг. Би тэсээд л байдаг байсан. Одоо би дахин тэсэж чадахгүй болсон тул шүүхэд хандсан. Би өөрийн хүсэлтээр түр хамгаалах байранд амьдарч байна. Би энэ хүнээс нуугдсан, айсан байдалтай байна. Архи уусан үедээ ямар ааш, зан гаргадаг аа мэддэггүй. Би байнгын айдас дунд амьдардаг. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ийм л байдалтай байсан. Энэ хүн архи уухыг хэвийн үзэгдэл гэж үздэг. Эд хөрөнгийн тал дээр маргаан байхгүй. Ганцхан энэ хүнтэй хамт амьдарч чадахгүй” гэх тайлбарыг гаргасан.
Түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарт дурдсан үйл баримт нь Булган аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01/98 тоот албан бичиг /хх-ийн 5/, “Аюулын зэргийн үнэлгээ”-ний тэмдэглэл /хх-ийн 25-27/, Хамгаалах байранд хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 28-29/, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 30-38/, Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээний үнэлгээний маягт /хх-ийн 39-41/, Т.*******ын эрүүлжүүлэгдсэн талаарх хайлтын системийн лавлагаа зэргээр тогтоогдсон.
Хэдийгээр хариуцагч нь гаргасан алдаагаа давтахгүй, эвлэрэх хүсэлтэй гэж байгаа боловч нэхэмжлэгч эвлэрэх саналгүй, нэхэмжлэгчийн бие, эрүүл мэндийн эсрэг үйлдэл гаргасан үйл баримт дээр хариуцагч маргаагүй.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг авсан тохиолдолд бие махбодь, сэтгэл санааны хүчирхийлэл дахин давтагдахгүй гэж үзэх боломжгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол улсын иргэний амьд явах эрхийг баталгаажуулж, хамгаалж өгсөн байдаг ба уг маргааныг шийдвэрлэхэд гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдлыг хангах нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахаас илүү ач холбогдолтой нөхцөл байдал үүссэн байх тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэрлэгчид 18 /арван найм/ хүртэлх насны хүүхэдгүй, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан Я. *******, Т.******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэрлэгчид 18 /арван найм/ хүртлэх насны хүүхэдгүй, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.******* 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.*******д олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Батсайханд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ