Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 132/ШШ2021/00368

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б. ******* ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.*******т холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 12,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2021/00311/И  индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Г.Э,  хариуцагч Ч.*******, түүний өмгөөлөгч М.Д,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь 1999 онд Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон дахь гал унтраах 50 дугаар ангид гал сөнөөгчөөр орж ажиллаж байх хугацаандаа Ч.*******тэй анх 2000 онд танилцаж 2006 онд гэр бүл болж байсан.

Бид хоёр анх танилцаж, гэр бүл болсон цагаасаа л байнга хэрүүл маргаантай амьдарч байсан. Бид хоёрын хэрүүл маргааны гол шалтгаан нь Ч.******* нь гэр бүлээс гадуур өөр хүмүүстэй хувийн харьцаатай болж нууцаар уулздаг байснаас хэрүүл маргаан байнга үүсдэг байсан. Үүний улмаас бид хоёр нэг хэсэг тусдаа амьдарч байсан, үр хүүхэдгүй байгаа дээрээ салъя гэж бодож байсан. ******* ээжийнх нь дүү болох Б гэдэг эгч нь надтай уулзаад би *******т зөндөө хэлж ярьлаа цаадах чинь ахиж ийм асуудал гаргахгүй гэж байна та хоёр буцаад нийлээч гэж гуйсны үндсэн дээр би *******тэй буцаад хамт амьдарсан. Гэвч хэсэг хугацааны дараа мөн л өмнөх үйлдлээ давтаж бидний хэрүүл маргаан дахин үргэлжилсэн. Би их тэвчсэн. *******ийг уулзаад байгаа хүмүүсээс нь холдуулбал гайгүй болох байх гэж бодоод Булган аймгийн гал түймэртэй тэмцэх албаны дарга удирдлагуудад Булган аймгийн төв рүү шилжиж ажиллаж хүсэлт гаргаж Булган аймгийн гал унтраах 20 дугаар ангид ирж ажилласан.

             Ч.******* нь удаа ч үгүй мөн л өмнөх үйлдлээ давтсаар л байсан. Бид хоёр 2011 онд охинтой болсон. Би одоо үр хүүхэдтэй болсон ээж болсон хүн одоо ухаараа байлгүй дээ гэж бодож дотроо баярлаж байсан, гэвч миний бодож санаснаар болоогүй өмнөх алдаагаа давтаж хэрүүл маргаан дахин үүссэн. Бид хоёрын дунд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал үгүй болж хүйтэн хөндий амьдрал үргэлжилсээр байсан.Миний хувьд гэр бүлийн аз жаргал ханийн хайр халамж хүртээгүй өдий хүртэл энэ олон жилийн хугацаанд болохоос нь болохгүйг хүртэл хичээж зүтгэж явсандаа үнэхээр их гомдож гомдолтой байна. Гэр бүлийн байнгын ийм хэрүүл маргаантай, ямар ч утга учиргүй амьдралаас үнэндээ залхаж тэвчихээ болиод 2019 оны 07 дугаар сараас одоог хүртэл тус тусдаа амьдраад бүтэн 2 жил болж байна. Ч.******* бид хоёр ярилцаад гэрлэлтээ цуцлуулахаар шийдвэр гаргасан. Б.******* миний бие нь охин Г.Х гээ өөрийн асрамжид авч сурч боловсрох, эрүүл аюулгүй амьдрах, ирээдүйн амьдралд нь санаа тавьж өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Иймд миний энэ хүсэлтийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2000 онд танилцаж байсан. Хялганат тосгоны Гал унтраах ангид ажилд ороод 2007 онд Булганд аймаг руу шилжиж ирсэн. 2011 онд бид хоёр дундаасаа Х  гэдэг охинтой болсон. 2019 оны 7 дугаар сараас тус тусдаа амьдарч эхэлсэн. 2019 он хүртэлх өнгөрсөн хугацаанд Б.******* нь өөрөө хүртэл манай ажлын хүнтэй холбогдож л байсан. Тэр асуудлын талаар миний хувьд бичсэн зүйл байхгүй. Тэгээд би хүлээн зөвшөөрөөд хоорондоо таарч тохирохгүй, хоёр талд байж, бие биедээ итгэх итгэлгүй болсон. Хамт амьдрах хугацаанд байнгын хэрүүл маргаантай янз бүрийн асуудал үүсдэг байсан. Бие биенээ хардах, янз бүрийн хүмүүстэй холбогдох зэрэг маш олон асуудал гардаг байсан. Өөрөө хүртэл надад хэд хэдэн удаа баригдаж байсан. Би энэ асуудлын талаар бичсэн зүйл байхгүй. Б.******* бид хоёр гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна.  ... охин Г.Х г өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 12,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Зохигч нар шүүх хуралдаанд байгуулсан эвлэрийн гэрээндээ: Б.*******ын нэхэмжлэлтэй Ч.*******т холбогдох Гэрлэлт цуцлуулах, ******* сөрөг нэхэмжлэлтэй хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс оногдох хувь гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийн зохигчид бид доорхи байдлаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд:  Дундын өмчлөлийн маргаан дээрээ эвлэрч Ч.******* Хаан банкинд байгаа одоогийн цалингийн зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг Б.******* нь төлж зээлийг бүрэн хаахаар тус тус тохиролцож эвлэрч байна.

Сөрөг нэхэмжлэл гаргасан Ч.******* нь дундын өмчлөлийн эд хөрөнгө болох хашаа байшин, машины үнээс оногдох хэсгээ гаргуулах шаардлагын зарим хэсгээс татгалзав. Мөн Б.******* нь хүүхдийн асрамжийн асуудал дээр шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзав гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч  Ч.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, Б.*******т холбогдуулан хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 12,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий  нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Б.*******, Ч.******* нар нь 1999 онд танилцаж, 2006 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулсан ба тэдний дундаас 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдөр охин Г.Х  төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Гэрлэгчид нь хамт амьдарч байх хугацаандаа зан харьцааны хувьд таарч тохироогүйгээс хамтран боломжгүй ба цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд итгэлцэл үгүй болсон ба 2019 оны 07 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтийг цуцлахыг хүлээн зөвшөөрч байх тул шүүхээс гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Ч.******* нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 12,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Харин гэрлэгчид нь шүүх хуралдааны явцад хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хашаа байшин, машины үнээс 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад эвлэрэн хэлэлцсэн байна.

Үүнд: 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Г.Х г эцэг Б.*******ын асрамжид үлдээж, Б.******* нь эх Ч.*******ээс хүүхдийн тэтэглэг нэхэмжлэхгүй,

Б.******* нь Ч.******* цалингийн зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөгийн зээлийг бүрэн хаахаар эвлэрч, хариуцагч Ч.******* нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 12,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Гэрлэгчид хүүхдийн асрамж дээр тохиролцсон байх тул 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Г.Х г эцэг Б.*******ын асрамжинд үлдээж, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Хүүхдийг хэний асрамжинд үлдээснээс үл хамааран эцэг, эхийн хэн аль нь нөгөөгөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д заасан үүргээ хэрэгжүүлэхэд нэгэн адил хязгаар тавихгүй байхыг анхаарвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1заасныг баримтлан Б.*******,  Ч.******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Г.Х г эцэг Б.*******ын асрамжинд үлдээсүгэй.

  1. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ч.Чулуунчимэг нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс нргдох хэсэг 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, нэхэмжлэгч Б.******* нь 5,000,000 төгрөгийг Ч.*******т өгөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хаиуцагч Ч.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Ч.Чулуунчимэгээс 70,200 /далан мянга хоёр зуу/  төгрөг, нэхэмжлэгч Б.*******аас 47,475 /дөчин долоон мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж  Төрийн санд олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Ариунжаргалд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    О.ОДОНЧИМЭГ