Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 55

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган улсын яллагч Б.Догмиддорж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох, шүүгдэгч А.Галбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Харнууд овогт Арсланбаатарын Галбатад холбогдох эрүүгийн 201711000117 дугаартай хэргийг 2017 оны 04 сарын 17-ны өдөр өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Харнууд овогт Арсланбаатарын Галбат, Дорнод аймагт 1980 оны 10 сарын 09-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-ЖЮ80100916/, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Аглуут” ХХК-д жолооч кранист ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Нуурын 12 дугаар гудамжны 03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл,

 

Шүүгдэгч А.Галбат нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 13 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Хивсний 5-18в тоот хашаанд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.Ганзоригтой маргалдан зодож улмаар 2 шүдний эмтрэл, баруун бугуйн үе, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 03 сарын 09-ний өдөр 12 цагийн орчимд эхнэрийн хамт хадам ээж Энхтуяагийн гэрт очсон. Эхнэр бид хоёр машинаа хашаанд оруулаад гэр рүү нь орох гэтэл манай хадам ээж Энхтуяа, хадам дүү Хэрлэн нар байшингийнхаа хаалгыг дотроос нь дараад зогсож байсан. Гэтэл Ганзориг хаалгыг татаад “Би орно, хүүхдээ авна” гэж хашгирч байсан...би байшин руу ороход гадаа эхнэр Наранчимэг, хадам дүү Хэрлэн, хадам ээж Энхтуяа, Ганзориг нар үлдсэн. Манай эхнэр Ганзоригт “Хүүхдийг чинь өгөхгүй, яв чи” гэж хэлэхэд Ганзориг манай жирэмсэн эхнэрийн хацар руу алгадаж байхаар нь миний уур хүрээд гарч Ганзоригийг банзаар цохисон. Тэгээд Ганзориг бахирч хашгираад агсам тавиад байхаар нь шанаа руу ахиад нэг удаа цохисон гэв.

Хохирогч Д.Ганзориг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 08-ны шөнө би ажлынхаа газрын хүмүүстэй архи ууж байгаад маргааш өдөр нь 11 цагийн орчим гэртээ очсон. Тэгээд толгойгоо угаачихаад өдөр 12 цагийн орчим Хэрлэн сумын 10-р баг Хивсний гудамжинд байрлах өөрийн эхнэр Хэрлэнгийн гэрт очсон. Гэрт нь хадам ээж Энхтуяа, эхнэр Хэрлэн, эгч Наранчимэг, хадам дүү Ариунаа нар байсан...би эхнэртээ “Охиныхоо хувцасыг авчих, манайх руу явья” гэж хэлэхэд Хэрлэн “Байж бай охиныхоо хувцасыг өмсүүлье” гэж хэлсэн. Тэгээд би “Охиноо аваад гадаа сууж байя, чи араас гараад ирээрэй” гээд гарах гэтэл хадам ээж Энхтуяа үүдний хаалга тэгнэж зогсоод “Охиныг чамд өгч явуулахгүй” гээд байсан...тухайн үед хадам ээж согтуу байсан ба “Би аав нь юм чинь охиноо авч явах эсэхээ өөрөө мэдье” гэж хэлсэн...Тэгэхэд Наранчимэг эгч надад “3 сарын 08-ны өдөр чиний баярын өдөр юм уу, үхчийсэн архичин минь” гэж хэлээд над руу чичилж дайраад байхаар нь “Өөртэй чинь маргахгүй” гэж хэлэхэд Наранчимэгийн нөхөр Галбатын нүүр нь хувьс хийгээд үүдэнд байсан шургааг мод аваад “Чамайг алнаа, гөлөг минь” гэж хэлээд миний толгой руу цохих гэсэн. Тэр үед би гараараа модыг хаасан. Миний гар руу хоёр удаа цохиход гар маань бадайрч доошоо болсон. Би Галбатад “Би чамтай маргахгүй, хэрэлдэхгүй” гэж хэлтэл миний шанаа руу нэг удаа цохисон...Галбатаас зугтаад байшингаас гарахад миний толгой руу модоор цохисон. Гадаа гараад байж байхад үсэрч гарч ирээд дахин миний шанаа руу цохисон. Би цохиулаад газар ойчиход намайг газартай хавсарч зүүн шанаа хэсэгт дахин цохисон. Тэгээд би босч байтал миний дээд талын хоёр шүдний өнгөн хэсэг нь бутарч унасан байсан. Тэр үед би “Та нар миний шүдийг эмтэлчихсэн байна” гэж хэлээд зогсож байхад Галбат дахин миний шанаа руу модоор цохисон. Тэгээд би ээж рүүгээ “Зодлуучихлаа” гэж утсаар ярьсан гэжээ. /хх 26-28/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 сарын 14-ний өдрийн 139 тоот дүгнэлтэд: "1. Д.Ганзоригийн биед баруун бугуйн үе, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна" гэжээ. /хх 49/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны нэмэлт шинжээчийн 2017 оны 04 сарын 03-ны өдрийн 6 тоот дүгнэлтэд: “1.Д.Ганзоригийн биед 2 шүдний эмтрэл, баруун бугуйн үе, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-с доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна" гэжээ. /хх 51/

Гэрч Э.Хэрлэн /хх 31-33/, Э.Наранчимэг /хх 39-41/, Д.Энхтуяа /хх 34-36/, Д.Дашравдан /хх 37-38/, Э.Ариунаа /хх 42-43/, шүүгдэгч А.Галбат /хх 55/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 66/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 63/, болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

     Шүүгдэгч А.Галбат нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 13 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Хивсний 5-18в тоот хашаанд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.Ганзоригтой маргалдан зодож улмаар 2 шүдний эмтрэл, баруун бугуйн үе, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч А.Галбатын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хохирогч Д.Ганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч Э.Хэрлэн, Э.Наранчимэг, Д.Энхтуяа, Э.Ариунаа нарын мэдүүлгүүд, Шинжээчийн 6, 139 тоот дүгнэлтүүд зэрэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Галбатад холбогдох хэрэгт прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч А.Галбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

     Түүнчлэн шүүгдэгч А.Галбатын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах ба шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн болох нь урьд ял шийтгэгдсэн байдлыг шалгах хуудас /хх 63/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, хохирогчийн шүүхэд гаргасан хүсэлт /задгай/ зэргээр тус тус нотлогдож байна.

      Иймээс Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн  71   дүгээр  зүйлийн  71.1,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан үндэслэлээр шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах, түүний эзэмшлээс 700м2 талбай бүхий газар битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" тогтоолыг хүчингүй болгох, бичгийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олговол зохино.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Харнууд овогт Арсланбаатарын Галбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч А.Галбатыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан "хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн" үндэслэлээр түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шүүгдэгчийн эзэмшлээс 2240000 төгрөгийн үнэлгээтэй Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Түмэн-Өлзийтийн 10-13 тоотод байршилтай, Г-0614010310 нэгж талбарын дугаартай 700м2 талбай бүхий газар битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 06-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Хэрэгт баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч А.Галбатын ЖЮ80100916 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

6. Эрүүгийн байцаан  шийтгэх  хуулийн  299  дүгээр  зүйлийн  299.3-т  зааснаар  энэ тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчийн батлан даалтад байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэхүү тогтоолыг   эс   зөвшөөрвөл   шүүгдэгч,   хохирогч нар  шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Ү.ОДГЭРЭЛ