Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 1028

 

2020             8             13                                        2020/ДШМ/1028                              

 

     Н.От холбогдох эрүүгийн

                 хэргийн тухай             

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Мягмаржав, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Хурц,

шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Б.Дашдорж

иргэний хариуцагч Б.Бгийн өмгөөлөгч Я.Батханд,

иргэний хариуцагч Ц.М,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/395 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч Ц.М, шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан гомдлоор холбогдох эрүүгийн 1910019790791 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

          Н.О нь албан болон дипломат паспорт гаргах эрх бүхий албан тушаалтан биш атлаа дээрх паспортыг гаргаж чадна гэж А.Б, Б.Б нарт ойлгуулж тэднээр дамжуулан иргэн Л.Аийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Л.Аийг төөрөгдөлд оруулж, 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Б.Бгийн 500343720 дугаарын данс руу 4,300,000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 500,000 төгрөг, нийт 4,800,000 төгрөгийг шилжүүлснээс Б:Б, Б.Б нараар дамжуулан 1,200,000 төгрөгийг,

          Боловсролын байгууллагад ажилладаггүй, оюутан элсүүлэх эрхгүй атлаа Шинжлэх ухаан, технологийн их сургуульд оюутан элсүүлж чадна гэж Ц.Мт ойлгуулж түүнээр дамжуулан иргэн Р.Рг төөрөгдөлд оруулж, 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс мөн сарын 28-ны өдрийн хооронд 3,015,000 төгрөг шилжүүлснээс Ц.Мээр дамжуулан 1,864,000 төгрөгийг,

 

          Виз гаргах эрх бүхий албан тушаалтан биш атлаа Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө гэж иргэн С.Гыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнийг төөрөгдөлд оруулж, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр С.Гаас 2,000,000 төгрөгийг тус тус авсан буюу 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд өөрт олгогдоогүй эрх, боломжгүй байдлыг болох мэтээр Л.А, Р.Р, С.Га нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, Л.Ат 4,800,000 төгрөгийн, Р.Рд 3,015,000 төгрөгийн, С.Гад 2,000,000 төгрөгийн, нийт 9,815,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оээс 100,000 төгрөг гаргуулж хохирогч Л.Ат, 805,000 төгрөг гаргуулж хохирогч Р.Рд, 1,900,000 төгрөг гаргуулж хохирогч С.Гад, иргэний хариуцагч Б.Бгаас 1,950,000 төгрөг гаргуулж хохирогч Л.Ат, иргэний хариуцагч Ц.Мээс 151,000 төгрөг гаргуулж хохирогч Р.Рд тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.О болон түүний өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”... Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “... шүүгдэгч Н.Оээс 100,000 төгрөг гаргуулж хохирогч Л.Ат, 805,000 төгрөг гаргуулж хохирогч Р.Рд, 1,900,000 төгрөгийг Л.Гад олгохоор заасан бөгөөд Н.Оийн ар гэрээс хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч нарт ямар нэг байдлаар төлөх төлбөр байхгүй болсон. Н.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг үрэн төлж барагдуулсан, өөрийн хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж ухамсарлаж байгаа зэрэг хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл хангагдсан байна. Түүнчлэн Н.О цагдан хоригдсоноосоо хойш ходоодны хорт хавдрын улмаас 2 удаа 461 дүгээр хаалттай хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Энэ талаар хорих ангийн эмнэлгийн баримтуудыг шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдуулан гаргаж өгч байна.

Иймд Н.От оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэв.

 

Иргэний хариуцагч Ц.М давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... миний бие Р.Рд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан боловч мөнгө төлсөн баримтаа дутуу өгсний улмаас анхан шатны шүүхээс 151,000 төгрөгийг төлөх шүүхийн шийдвэр гаргасныг өөрчилж өгнө үү. Надад гаргах гомдол байхгүй. ... Н.Оийн нийгмийн байдал, нэр хүнд, амьдрал ахуй, эрх чөлөө, эрүүл мэндэд нь асар их хохирол учруулж, ийм байдалд оруулсандаа маш их гэмшиж байна. Иймд та бүхэн найзын минь нөхцөл байдлыг харгалзан үзэж суллаж өгнө үү” гэв. 

 

Иргэний хариуцагч Б.Бгийн өмгөөлөгч Я.Батханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хэргийн материалаас үзэхэд холбогдогч Н.О нь тухайн 2,650,000 төгрөгийг Б.Бгаас авахдаа өөртөө авсан. Тэдний хооронд өмнө мөнгө өгч, авсан баримтууд 2 дугаар хавтас хэргийн 12 дахь талаас эхлэн байдаг бөгөөд 2,500,000 төгрөгийн өр авлага байдаг. 2 удаа шилжүүлж 550,000 төгрөгийг төлсөн. “Үлдсэн 1,950,000 төгрөгийг төллөө шүү” гэж хэлээд Аээс авсан 2,650,000 төгрөгөөс 1,950,000 төгрөгийг Б.Бд өгсөн. Үүний дүнд Б.Б нь энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд иргэний хариуцагч гэж гэмт хэргийн улмаас учирсан хохирол дээр ямар нэг байдлаар хууль ёсны дагуу хариуцлага хүлээх этгээдийг хэлнэ гэж заасан. Гэтэл Н.О тухайн мөнгийг өөрөө авч, хүсэл зоригийнхоо дагуу миний үйлчлүүлэгчид “өрөө төллөө шүү” гээд өгснийхөө төлөө 1,950,000 төгрөг төлөх үндэслэл болсон гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Н.О гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “би Аийн 1,950,000 төгрөгийг төлнө, энэ мөнгө Б.Бд хамаагүй мөнгө” гэж хэлдэг. Иймд шийтгэх тогтоолын иргэний хариуцагч Б.Бд холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах хүсэлтэй байна.” гэв.

 

Прокурор Б.Хурц шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... шүүгдэгч Н.Оийн хувьд өөрт оногдох хохирлоо төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг хүссэн байна. Түүнд тус зүйл заалтыг хэрэглэж тэнсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Иргэний хариуцагч Б.Бгийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлттэй холбогдуулан хэлэхэд иргэний хариуцагч гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг хууль ёсны дагуу хариуцвал зохих этгээдийг ойлгоно. Энэ утгаараа Б.Бг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагчаар татсан. Өөрөөр хэлбэл, Б.Б өөрөө аваад өгсөн бол энэ гэмт хэргийн хамтран оролцогч байх ёстой. Гэтэл энэ хэрэгт Б.Б уулзаагүй хэдий ч Н.О уулзаж, боломжгүй нөхцөл байдлыг мэдсээр байж бусдаас мөнгө авсан буюу гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө гэдгийг мэдэж авсан үйлдэл нь нотлогдсон. Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг хууль ёсны дагуу хариуцвал зохих этгээд нь Б.Б мөн гэж үзэх үндэслэлтэй тул иргэний хариуцагчийн хувьд хохирлыг гаргуулж хохирогчид гаргуулах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын иргэний хариуцагч Б.Бд холбогдох хэсгийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Н.О нь албан болон дипломат паспорт гаргах эрх бүхий албан тушаалтан биш атлаа дээрх паспортыг гаргаж чадна гэж А.Б, Б.Б нарт ойлгуулж тэднээр дамжуулан иргэн Л.Аийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Л.Аийг төөрөгдөлд оруулж, 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Б.Бгийн 500343720 дугаарын данс руу 4,300,000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 500,000 төгрөг, нийт 4,800,000 төгрөгийг шилжүүлснээс Б:Б, Б.Б нараар дамжуулан 1,200,000 төгрөгийг,

 

          Боловсролын байгууллагад ажилладаггүй, оюутан элсүүлэх эрхгүй атлаа Шинжлэх ухаан, технологийн их сургуульд оюутан элсүүлж чадна гэж Ц.Мт ойлгуулж түүнээр дамжуулан иргэн Р.Рг төөрөгдөлд оруулж, 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс мөн сарын 28-ны өдрийн хооронд 3,015,000 төгрөг шилжүүлснээс Ц.Мээр дамжуулан 1,864,000 төгрөгийг,

 

          Виз гаргах эрх бүхий албан тушаалтан биш атлаа Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө гэж иргэн С.Гыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнийг төөрөгдөлд оруулж, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр С.Гаас 2,000,000 төгрөгийг тус тус авсан буюу 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд өөрт олгогдоогүй эрх, боломжгүй байдлыг болох мэтээр Л.А, Р.Р, С.Га нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, Л.Ат 4,800,000 төгрөгийн, Р.Рд 3,015,000 төгрөгийн, С.Гад 2,000,000 төгрөгийн, нийт 9,815,000 төгрөгийг залилсан болох нь:

 

          хохирогч Л.Аийн “... 2017 оны 12 сард Б гэх хүнтэй уулзахад тухайн үед Б гэх хүн ногоон виз 14 хоногийн дотор гаргадаг гэсэн. Урьдчилгаа 4,300,000 төгрөг гэж хэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Бгийн дансанд 4,200,000 төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Б гэх хүн над руу яриад “... бичиг баримт чинь бэлэн болсон, 500.000 төгрөг хэрэгтэй байна.” гэж хэлээд 500,000 төгрөг нэмж авсан. Би тухайн үед 500,000 төгрөгийг Б гэх хүний данс руу шилжүүлсэн. ... Тухайн үед зээл авч мөнгө төгрөгөө өгсөн. “Виз гарна гэж худал юм байна. Мөнгөө авья” гэж хэлсэн. Б гэх хүн 2018 оноос хойш 1,930,000 төгрөг,. О гэх хүн 830,000 төгрөгийг цувуулж өгсөн. ... үлдэгдэл хохирол 2.050.000 төгрөг ...” /2хх 171-176/,

         

          хохирогч Р.Ргийн “... 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Мөнхцэцэг эгч “Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн “Лицэй” сургуульд оруулаад өгч болно, 3.500.000 төгрөгөөр оруулдаг” гэсэн. 8 дугаар сарын 10-ны өдөр “эхний ээлжинд 1.500.000 төгрөг өг” гэхээр нь би үдээс хойш 1.300.000 төгрөг явуулсан. Мөн 2 хоногийн дараа 200.000 төгрөг шилжүүлсэн. 7 хоногийн дараа бүртгэлийн хураамж гэж 15.000 төгрөг өгсөн. 8 сарын 27-ны өдөр бэлнээр 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Одоогийн байдлаар надад 3.015.000 төгрөгөөс бага багаар өгөөд 805.000 төгрөгийн үлдэгдэлтэй. ...” /2хх 171-176/,

         

          хохирогч С.Гын “... 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн соёлын төвийн хажууд байрлах Хаан банкнаас эхнэрийн дансаар 1,000,000 төгрөгийг Мөнхцэрэн гэх хүний дансруу шилжүүлсэн. Мөн Отгонтуяа гэх хүний данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. О нь “би Солонгос улсын консулын газарт таньдаг хүнтэй, визийг чинь гаргаж өгнө” гэсэн боловч өнөөдрийг хүртэл виз гаргаж өгөөгүй. Миний мөнгөнөөс 100,000 төгрөг өгсөн. Одоо 1,900,000 төгрөгийн үлдэгдэлтэй. ...” /2хх 171-176/,

         

          иргэний хариуцагч Ц.Мийн “... Би Оийг цаана нь өөр хүн хуурсан юм болов уу гэж итгэсэн байсан. Рд учруулсан хохирлоос үлдсэн байсан 401,000 төгрөгийг би төлсөн. Буруу зүйл найзаасаа гуйж, ийм байдалд хүргэсэндээ уучлалт гуйж байна. ..” /2хх 171-176/

 

иргэний хариуцагч Б.Бгийн “... би Бгээс нийт 3,150,000 төгрөгийг аваад От 1,200,000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдсэн 1,950,000 төгрөгийг О эгчийн надаас зээлсэн мөнгөнөөс хасч авсан. О эгч надад “ногоон паспорт найдвартай гарна” гэж хэлж байсан. Би Аийн 1,950,000 төгрөгийг удахгүй барагдуулах болно. ...” /2хх 110-111/,

 

иргэний хариуцагч А.Бгийн “... .2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б гэдэг хүнд Солонгосын ногоон паспорт гаргадаг гэхээр нь Ат тус болох гээд түүнээс 4,300,000 төгрөг аваад Бд 2,650,000 төгрөгийг өгсөн. ... дараа нь 500,000 төгрөгийг миний дансанд орж ирэхээр нь шууд надад өгч Хаан банкны 5622091510 дугаарын данс руу шилжүүлсэн. ... би Бгийн хэлсэн зүйлийг л дамжуулж хэлсэн. ... 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр над руу мөнгө шилжүүлээд авсан өгсөн, талаараа гэрээ хийгээд нотариат ороод батлуулсан...” /2хх 102-103/,

 

шүүгдэгч Н.Оийн “... Би Р.Р, Л.А, С.Га нарыг залилан мэхэлсэн хэрэгтээ харамсаж байгаа бөгөөд өөрийнхөө хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Би хохирогч нарын хохирлыг барагдуулах болно. Би Р.Ргээс авсан 1,864,000 төгрөгнөөс 900,000 төгрөгийг төлсөн, С.Гаас авсан 2,000,000 төгрөгнөөс 100,000 төгрөг төлсөн. Л.Аийн үлдэгдэл 2,150,000 төгрөгийг би өөрөө барагдуулах болно. Б бид хоёрын дунд 2,500,000 төгрөгийг зээлийн асуудал байсан юм. Үүнээс би Бд 550.000 төгрөгийг төлсөн байсан. Аээс авсан мөнгөнөөсөө 1,950,000 төгрөгийг нь би Бгаас авсан мөнгөндөө суутгуулсан юм. Би ногоон паспорт гаргана гэж Б, Б, А нарыг хуурсан нь үнэн. Миний насыг бодож надад бага ял оногдуулж өгнө үү. ...” /2хх 112-113/ гэсэн мэдүүлгүүд,

 

Хаан банкин дахь А.Бгийн 5005343720 дугаарын дансны гүйлгээний хуулга /1хх 246/,

Хаан банкны 2017 оны 12 дугаар сарын 1, 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /2хх 4/,

Л.А, А.Б, нарын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар /2хх 5/,

Хаан банкин дахь Р.Ргийн 5174056210 дугаарын дансны гүйлгээний хуулга /1хх 17-19/,

Хаан банкин дахь Ж.Мөнхцэцэгийн 5011153415 дугаарын дансны гүйлгээний хуулга /1хх 25-27/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

            Н.О нь албан болон дипломат паспорт гаргах эрх бүхий албан тушаалтан биш атлаа “дээрх паспортыг гаргаж чадна” гэж А.Б, Б.Б нарт ойлгуулж тэднээр дамжуулан иргэн Л.Аийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Л.Аийг төөрөгдөлд оруулж, 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Б.Бгийн 500343720 дугаарын данс руу 4,300,000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 500,000 төгрөг, нийт 4,800,000 төгрөгийг шилжүүлснээс Б:Б, Б.Б нараар дамжуулан 1,200,000 төгрөгийг, Боловсролын байгууллагад ажилладаггүй, оюутан элсүүлэх эрхгүй атлаа Шинжлэх ухаан, технологийн их сургуульд оюутан элсүүлж чадна гэж Ц.Мт ойлгуулж түүнээр дамжуулан иргэн Р.Рг төөрөгдөлд оруулж, 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс мөн сарын 28-ны өдрийн хооронд 3,015,000 төгрөг шилжүүлснээс Ц.Мээр дамжуулан 1,864,000 төгрөгийг, Виз гаргах эрх бүхий албан тушаалтан биш атлаа Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө гэж иргэн С.Гыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнийг төөрөгдөлд оруулж, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр С.Гаас 2,000,000 төгрөгийг тус тус авсан буюу 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд өөрт олгогдоогүй эрх, боломжгүй байдлыг болох мэтээр Л.А, Р.Р, С.Га нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, Л.Ат 4,800,000 төгрөгийн, Р.Рд 3,015,000 төгрөгийн, С.Гад 2,000,000 төгрөгийн, нийт 9,815,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Оийг  бусдыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Иргэний хариуцагч Ц.М нь “Р.Рд учруулсан хохирол болох 151,000 төгрөгийг төлсөн талаар магадлалд тусгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

 

Хэрэгт иргэний хариуцагч Ц.М нь хохирогч Р.Ргийн Хаан банкны 5174056210 дугаарын дансанд 151,000 төгрөгийг шилжүүлсэн талаар баримт /2хх 190/ авагдсан байх тул түүний хохирлыг төлсөн талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгөхийг хүссэн гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

 

Мөн шүүгдэгч Н.О болон түүний өмгөөлөгч Б.Дашдорж нар нь “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгожээ.

Шүүгдэгч Н.О нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн, иргэний хариуцагч гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг хууль ёсны дагуу хариуцвал зохих этгээдийг ойлгоно. Хэрэгт авагдсан баримтаар гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг хууль ёсны дагуу хариуцвал зохих этгээд нь Б.Б гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бг иргэний хариуцагчаар татаж, иргэний хариуцагчийн хувьд хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд иргэний хариуцагч Б.Бгийн өмгөөлөгч Я.Батхандын гаргасан “... хэрэгт Б.Бг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Б.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” утга бүхий хүсэлтийг хүлээн авах боломжгүйг дурьсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 395 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оийг 1 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.От хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаатайгаар тэнссүгэй.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

 

3. “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг тайлбарласугай.”,гэсэн нэмэлт заалт оруулсугай.

4.Шүүгдэгч Н.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Шүүгдэгч Н.О болон түүний өмгөөлөгч Б.Дашдорж, иргэний хариуцагч Ц.М нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч Н.О 59 /тавин ес/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

 

6. Иргэний хариуцагч Ц.М нь 151,000 /нэг зуун тавин нэг мянга/ төгрөгийг хохирогч Р.Рд төлсөн болохыг дурдсугай.

 

7. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧ                                                               Д.МЯГМАРЖАВ

                                    ШҮҮГЧ                                                               Б.БАТЗОРИГ