Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2021/02751

 

 

 

 

 

 

 

 

  2021         09         20                                      101/ШШ2021/02751

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Т

Хариуцагч: Э.Х холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Т  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би, 2018 онд Э.Х той танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2019 оны 4 дүгээр сарын 09-нд охин Х.Мандахнаран төрсөн. Гэрлэлтээ батлуулаагүй. Зан харьцааны таарамжгүй байдлаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2021 оноос салж тусдаа амьдарсан. Охин маань миний асрамжинд өсч байна. Одоо тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э.Х  шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Т  надаас салах шалтгаантай байвал би өөрийн охин Х.Мандахнаранг авах хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Т  нь хариуцагч Э.Х од холбогдуулан, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

Э.Х , Г.Т  нар 2018 онд танилцан хамтран амьдарч, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр охин Х.Мандахнаранг төрүүлсэн, 2021 онд салж тусдаа амьдрах болсон, хүүхэд эхийн асрамжид эрүүл өсч бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Ач-Элбэрэл ӨЭМТ-ийн хүний их эмч Б.Марал-Эрдэнийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний тодорхойлолт, Багануур дүүргийн 5 дугаар хорооны засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 597 дугаартай тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.-д “ Эцэг, эх ... нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж тус тус хуульчлан заасан.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.” 40 дүгээр зүйлийн 40.1.-д “Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно” 40.1.1.-д “11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар”, 40.1.2.-т “11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр” гэж тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Х оос сар бүр тэтгэлэг гаргуулж, хүүхдүүдийг тэжээн тэтгүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй нь хүндэтгэх шалтгаангүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус заасныг баримтлан, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн Х ын М охиныг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл уг түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Э.Х оос тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,865 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Х оос улсын тэмдэгтийн хураамж 37,865 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Т т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

                                       

  

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.УНДРАА