Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2021/02759

 

 

 

 

                         2021        09          21

           101/ШШ2021/02759

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Д-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч:  Б.А-д холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.     

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Д, хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.Д миний бие 2019 оны 12 сард Б.Атай танилцаж, хамтран амьдрах болсон бөгөөд бидний хамтран амьдрах хугацаанд 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр охин Анарын Маргад мэндэлсэн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулж чадаагүй байсан. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас болон Б.А нь охиндоо анхаарал халамж тавьдаггүй. Байдлаас шалтгаалан цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2021 оны 5 дугаар сараас салж тус тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд тогтмол ирж байгаагүй, хааяа л ирдэг байсан. Охин Анарын Маргад нь одоо миний асрамжид амьдарч, өсөж, торниж, байна. Охиныхоо хэрэгцээнд шаардлагатай зүйлсийг би өөрөө хариуцдаг. Иймээс Б.Ат хуульд заасан хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг нь гүйцэтгүүлэхээр ийнхүү шүүхэд хандаж байна. Охин А.М нь одоо 7 сартай эцэг Б.Ааас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид нэг байгууллагад ажилладаг байсан. Манай хүн жирэмсэн болоод хоорондоо ярилцаж байгаад би 5 сарын 15-нд ажлаасаа гарсан. Гэрийнхэнд нь ч хэлсэн салахгүй, намар гэхэд гэр, хашаа бэлдэнэ гэж тодорхой ярьсан. Ажлаасаа гараад Гачууртын шар хоолой үнээний фирм 3 байшин барихаар тэнд байрлаж ажилласан. Тэр үедээ холбоотой байж байгаад сүүлдээ намайг зугаалаад, өөр хүүхэн эргүүлээд байгаа мэтээр аашилж ааш нь хүртэл хувирсан. Хүүхэдтэй мөнгөний тусламж үзүүлдэг байсан. Сална гэдэг шийдвэрийг гэрийнхнээрээ гаргаж байх шиг байна. Нэгэнт надтай амьдрахгүй гэж байгаа бол охиноо бодоод тэтгэлэг төлнө. Охинтой уулзуулахгүй гээд байдаг. Охинтойгоо уулзаж баймаар байнагэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь О.Д нь хариуцагч Б.Ат холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

О.Д, Б.Ат нар нь 2019 онд танилцаж, эр эмийн харилцаатай байж тэдний дундаас 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр охин А-ын М төрж, эхийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа талаарх Мараната өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч О.Д нь хариуцагч Б.Ааас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэх эрхтэй юм.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин А-ын М-ыг 11 нас хүртэл тухайн бүх нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Б.Ааар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин А-ын М-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Б.Ааар тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурьдаж, тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнд өөрчлөлт орох бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,865 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 37,865 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар уг шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батчимэгт даалгасугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ