| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2021/03821/И |
| Дугаар | 101/ШШ2021/03138 |
| Огноо | 2021-10-13 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2021/03138
| 2021 10 13 | 101/ШШ2021/03138 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Г-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийн 50 хувь болох 3,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х.Б миний бие Б.Гтэй 2016 оны 6 дугаар сард танилцаад 2018 оны 1 сард охин Г төрсөн. Бид хамт амьдарч байх хугацаанд Б.Г нь байнга архи ууж, үр хүүхдэдээ анхаарал халамж огт тавьдаггүй, архи уугаад ирэхээрээ зодож цохиж, хүүхдийн хүмүүжилд маш муугаар нөлөөлж байсан, мөн гэр орондоо ирэхгүй гадуур хонож өнжөөд явдаг байж байгаад 2019 оны 5 сараас гэртээ ирэхгүй явснаас хойш одоог хүртэл бид тусдаа амьдарч ирсэн.
Энэ хугацаанд би охиноо өөрийн асаргаандаа байлгаж өсгөж хүмүүжүүлж байгаа бөгөөд Б.Г нь салж явснаасаа хойш хүүхдээ эргэж тойрдоггүй, мөнгө санхүүгээр тусалж дэмждэггүй, хаяа гуйж байж хэдэн төгрөг өгдөг сургууль, цэцэрлэг нь яаж байна гэж огт асуудаггүй хүүхдээ үл хайхардаг тул хүүхдийн тэтгэмж гаргуулах хүсэлттэй байна. Мөн охин Гынхаа ирээдүй сурлага хүмүүжлийг нь сайжруулахын тулд 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “Ивээлийн найзууд” цэцэрлэгт элсүүлсэн бөгөөд тус цэцэрлэгийн сургалтын төлбөр сарын 835,000 төгрөгийг жилээр буюу 7,500,000 төгрөгийг төлж оруулсан байдаг.
Иймээс Б.Гээс охины цэцэрлэгийн сургалтын төлбөр болох 7,500,000 төгрөгийн 50% болох 3,750,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 08 сарын 19-ны өдөр нэхэмжлэгч Х.Б нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Гт холбогдох “Хүүхдийн тэтгэмж тогтоолгох, мөн цэцэрлэгийн төлбөрийн 50% хувь болох 3,750,000 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Б.Г нь 2016 оны 6 сард Х.Бтай танилцаад, 2018 оны 01 сард охинтой болсон. Б.Г нь нэхэмжлэлийн үндэслэл дээр дурдсанаар нэхэмжлэгч Х.Б гар хүрч цохиж зодсон удаагүй, охиндоо буруу үлгэр дуурайлал үзүүлсэн үйлдэл гаргаж байгаагүй. Өглөө эрт ажил руугаа явж, оройтож, заримдаа ажил дээрээ хонох шаардлага бий болдог байсан. Гэтэл Х.Б энэхүү байдлыг ойлгохгүй оройтлоо хэмээн ажил хийлгэлгүй харддаг байсан. Мөн Б.Г нь 219 оны 6 дугаар сарын эхээр бөөрний дутагдал гэх оноштойгоор эмнэлэгт 14 хоног хэвтэн эмчлүүлсэн бөгөөд тухайн үед хоорондын харилцаа муудсан байсан тул буцаж очоогүй тусдаа амьдрах болсон. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлийг хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байдаг бөгөөд Б.Гийн хувьд тогтмол ажил хийдэггүй бөгөөд хувиараа бизнес хийдэг, одоогоор ажилгүй байгаа. Гэвч Б.Гийн хувьд Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг хүнийхээ үүргийг гүйцэтгэж охин Г-д хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг өгч, тэжээн тэтгэхэд татгалзах зүйл байхгүй.
Харин цэцэрлэгийн төлбөр болох 3,750,000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Б.Гийг охин Гтай уулзахыг огт зөвшөөрдөггүй. Б.Г нь 2021 оны 06 дугаар сарын 01-ний хүүхдийн баяраар хүүхэдтэйгээ уулзаж, бэлэг өгөх гэсэн боловч Х.Б нь уулзуулаагүй. Иймд шүүх энэхүү хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хариуцагч Б.Гийг охин Гтай уулзуулж байхыг нэхэмжлэгч Х.Бд даалгаж, шүүхийн шийдвэрт энэ талаар тухайлан зааж өгнө үү.” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Х.Б нь хариуцагч Б.Гд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийн 50 хувь болох 3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Х.Б, Б.Г нар нь 2016 оны 6 сард танилцаж, эр эмийн харилцаатай болж тэдний дундаас 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр охин Ганпүрэвийн Г төрж, эхийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа талаарх “Цэдэн-Эрдэнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Б.Гээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэх эрхтэй юм.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр охин Г-ийн Г-ыг 11 нас хүртэл тухайн бүх нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Б.Гээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Хүүхдийн цэцэрлэгчийн төлбөрийн 50% буюу 3,750,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд;
Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №026 дугаартай “Ивээлийн найзууд” цэцэрлэгийн захиргаа, сурагчийн эцэг, эх (асран хамгаалагч)-тай хийх төлбөртэй сургалтын гэрээ, Ивээлийн найзууд цэцэрлэг ХХК-ийн дансанд Х.Баас 7,500,000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримт зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь охин Г.Гыг төлбөртэй цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлж байгаа нь тогтоогдож байна.
Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар эцэг, эх, асран хамгаалагч хүүхэддээ тохирох цэцэрлэгийн хэв шинж, үйлчилгээний хэлбэрийг сонгох эрхтэй ба мөн хуулийн 14.2.2-т зааснаар хүүхдийг сургуульд элсэхийн өмнөх насанд нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд заавал хамруулах, сургуульд бэлтгэгдсэн байдлыг хангах үүрэгтэй байна.
Хариуцагч тал Гэр бүлийн тухай хуулийн дагуу цэцэрлэгийн төлбөр төлөх талаар эцэг, эх нь гэрээ байгуулж харилцан тохиролцоогүй тул төлбөрийг төлөхгүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч нь өөрийн амьдарч байгаа гэрийн ойр байрлалтай, Монголын оюун ухааны академийн хүүхэд хөгжүүлэх хөтөлбөртэй цэцэрлэгт охин Г.Г шалгалт өгч тэнцэж орсон гэж тайлбарлаж байгаа нь хуулийн дээрх зохицуулалтад заасан эцэг, эхийн эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор шиийдвэрлэсэн асуудал байх ба цэцэрлэгтэй гэрээ байгуулж, сургалтын төлбөрийг төлсөн байх тул уг мөнгийг эцэг, эх хамтран хариуцах нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасантай нийцнэ гэж үзлээ.
Харин цаашид эцэг, эх нь хүүхдээ ямар цэцэрлэг, сургуульд хамруулах талаар харилцан ярилцаж зөвшилцөж байх нь нээлттэй ба гагцхүү хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахгүй байх нь чухал юм.
Иймд хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийн 50% буюу 3,750,000 төгрөгийг хариуцагч Б.Гээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр охин Г-ийн Г -ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Б.Гээр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар хариуцагч Б.Гээс хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийн 50 хувь болох 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Бд олгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурьдаж, тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнд өөрчлөлт орох бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,815 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 112,815 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар уг шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батчимэгт даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ