| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2024/0149/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/149 |
| Огноо | 2024-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/149
2024 07 04 2024/ШЦТ/149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,
Шүүгдэгч: Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Дгийн Тд холбогдох эрүүгийн 2435000000133 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянав.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.... оны 3 дугаар сарын 30-нд Увс аймгийн ............ суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засалч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн ......... сумын ..... дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан Х овогт Дгийн Т /................../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн ........ сумын 3 дугаар багийн нутаг “Улаан хургад” гэх нэртэй газарт Д.Отай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Д.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн ......... сумын 3 дугаар багийн нутаг “Улаан хургад” гэх нэртэй газарт Д.Отай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүнийг зодсон болох нь:
Хохирогч Д.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Малчин суманд ард иргэдийн дунд бооцоотой морины уралдаан болсон юм. Би тухайн өдөр аймгийн төвөөс өөрийн эзэмшлийн “filter” маркийн ........ УВА улсын дугаартай тээврийн хэрэгслээр суманд 14 цагийн үед ирсэн. Сумын төвөөс 5км зайтай газарт “хүрэн морьт” гэх нэртэй газарт морины уралдаан болж байсан. Тэгээд орой 17 цагийн үед сумын төв гарч ирсэн. Тухайн үед надтай Г.Т гэх залуу явж байсан. Тэгээд бид 2 малчин сумын 1 дүгээр багийн нутаг “Чацаргана” гэх газарт Поту гэх хоч нэртэй айлд миний эзэмшлийн 1 үхэр 4 хонь авахаар ирсэн юм. Тэгээд Т бид 2 Б гэх залууг бас замдаа авч явахаар гэрийнх нь гадна очиход машины өөдөөс манай сумын Т гэх залуу гарч ирсэн ба би “Б гэрт байна уу?” гэж асуухад надад байхгүй гэж хариулсан. Тухайн үед Т согтуу байсан. Тэгээд би монгол ёсоор өөрийн хөөргийг гаргаж “сайхан хаваржиж байна уу? Сонин сайхан юу байна?” гэж тамхи өгсөн юм. Тэгэхэд Т учиргүй намайг өөрийн толгой хэсэгт 2 удаа хөөргөөр цохисон тэгээд миний хөөргийг авч яваад “гэр лүү орж ирж ав” гэж хэлсэн. Тэгээд би машинаас буугаад Бын гэр лүү ороход Б гэртээ унтаж байсан. Тэгээд Быг сэрээж энэ хүн миний хөөргийг аваад өгөхгүй байна гэж хэлсэн Б босоод хүний хөөргийг өгөөч ээ гэж хэлэхэд Т “чамд ямар хамаатай юм бэ? Би энэ хүнийг ална” гэж хэлсэн тэгээд би дотроосоо ер нь би хөөргийг нэхэх юм бол асуудал болох юм байна гэж бодоод Тийг дагуулаад явах гэтэл Т араас гарч ирээд том хэмжээний чулуу аваад тухайн чулуугаар миний баруун гараас 2 удаа цохисон ба би болилдоо гэж хэлээд машинаа асаагаад явах гэж байтал миний ам хэсэг рүү гараараа/нударгаараа/ хүчтэй 1 удаа цохисон. Тухайн үйлдлийн улмаас миний урд 2 шүд хөдөлсөн, тийм болохоор би гомдолтой байна. Тухайн үед намайг чулуугаар баруун гар луу 2, гараараа аман тус газар 1 удаа цохисон. Т машин дотор, Б салгах гэж оролдсон. Би шүүхийн шинжилгээний албанд үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. Би Тоос ямар нэгэн мөнгө аваагүй, миний шүдэнд эмчилгээ хийлгэж өгье гэсэн. Миний сэтгэл санаа хэвийн байгаа. Би сэтгэцэд учирсан уршгийг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7, 9 дэх тал),
Гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2024 оны 5 сарын 7-ны өдөр манай гэрээс 800м зайтай байдаг Т гэх айлд очсон ба тухайн айлаас нэг том “боргио” нэх бичиглэлтэй пиво хувааж уусан. Би 18 цагт гэр лүүгээ явсан. Т үлдсэн. Замд манай сумын залуу болох Бтай таарсан ба бид 2 хээр нэг том “боргио” гэх бичиглэлтэй пиво хувааж уусан. Тэгээд гэрт ирээд унтаж байсан юм. Тэгээд 20 цагийн үед манай гэрт Т чанга чимээгээр орж ирсэн, Тийн араас О, Т нар орж ирсэн. Тэгээд О намайг дуудаж “энэ Т миний хөөргийг өгөхгүй байна, боль гэж хэлээч гэсэн”, би Тид хандаж “хөөргийг нь өг” гэж хэлсэн. Тэгээд байж байтал манай гэрээс О, Т нар гараад явсан мөн Т гарсан юм. Би энэ хэд янз бүрийн юм болох вий гэж бодоод бас араас нь гарахад Т нэг том чулуу барьсан О луу дайрсан ба О машинд ороод суусан. Тэгээд очоод би Тийг салгаж гарт байсан чулууг нь хол авч шидсэн. Тэр хооронд машины цонх онгорхой байсан бөгөөд жолооч сууж байсан тал руу Т очоод Оыг гараараа/нударгаараа/ нэг удаа цохисон. Би очиж салгасан О, Т нар яваад өгсөн. Чулуугаар цохисон уу гүй юу мэдэхгүй, гараараа нэг удаа цохисон. Т согтуу О эрүүл байсан. Тухайн үед Т гэх залуутай нийлээд 4 үүлээ байсан. Т Оын биед халдсан өөр зүйл болоогүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),
Гэрч Г.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн баяраас манай сумын Отай тааралдсан. Тэндээс сум ороод Оын аавынд очсон. Тэгээд цай хоол болоод тэндээс гараад Малчин сумын 1 дүгээр баг “чацаргана” гэх газраас 1 үхэр, 4 хонь авч ирэх үү гэхээр нь хамт явахаар болсон. Тэгээд замаараа манай сумын Б гэх залууг авч явахаар болоод гэрт нь очиход нэг залуу гарч ирсэн. Тухайн залуу Т байсан. О Б байна уу гэж асуухад үгүй гэж хариулсан. Тэгээд ойр зуурын юм яриад О хөөрөг гаргаж ирээд Тид тамхилсан. Т хөөрөг аваад өөрийн толгой хэсэг рүү нь цохиод “энийг чинь хагалаад хаячих уу” гээд аваад орсон. Энэ хөөрөг хэрэгтэй бол гэр лүү орж ирж ав гээд. О бид 2 араас нь ороход Б унтаж байсан ба О сэрээгээд энэ хүн миний хөөргийг өгөхгүй байна гэхэд Б хөөргийг нь өгөөч ээ гэхэд “чамд ямар хамаатай юм, би энэ хүнийг ална” гэж хэлсэн ба Т согтуу болохоор О бид 2 хаяад гарсан. Тэгээд Т О луу учиргүй чамайг ална гэж дайраад баахан юм болж байтал Б гарч ирээд Тийн чулууг нь авч шидээд салгаад байж байтал О би одоо явлаа цаашаа байлдаа гээд байж байтал аман тус газар нь гараараа\нударгаараа\ нэг удаа цохисон. Т согтуу байсан. Тухайн үед би Т, Б, О 4 үүлээ байсан. О Тид гар хүрээгүй. Т надад халдсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Н.Оын 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 230 дугаартай “Үзүүлэгч Д.Оын биед үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний сулрал, 2 шүд углуурга хэсгээр хөндлөн хугарал, баруун тохойн үений гадна хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой байна. Цус хуралт гэмтэл нь эдгэж өнгө нь хувирсан байна. Үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний сулрал, 2 шүд углуурга хэсгээр хөндлөн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр тогтонги алдагдуулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1, 2.4.2-д тус тус зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний сулрал, 2 шүд углуурга хэсгээр хөндлөн хугарал гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 4.11, 52.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувиар тогтонги алдагдуулна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал),
Шүүгдэгч Д.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдөр манай суманд “хүрэн морьт” гэх газар морины бооцоот уралдаан болсон. Тухайн газраа Б, Ц гэх залуучуудтай 3 том сэрүүн гэх пиво уусан. Ууж дуусгаад Бтой манайд очиж нэг том сэрүүн нэртэй пиво аваад , Бын гэр лүү явж байгаад Бл, Ш нартай замд таараад хувааж уусан. Тухайн пиво дуусаад бид 2 салаад Бын гэрт очсон. Б ороо засаад хэвтсэн харин би эхнэрээ хүлээгээд сууж байсан. Манай эхнэр Бын эхнэр 2 айлд цагаа хийхээр явсан юм. Тэгээд байж байтал гэрийн гадаа машин ирсэн ба О, Т нар гарч ирсэн. Тэгээд очоод мэндлээд Д.О нь намайг хөөрөглүүлээд ойр зуурын юм ярьж зогссон. Би “ахын хөөрөг ямар үнэтэй хөөрөг вэ?” гэж асуухад “чамаас үнэтэй хөөрөг шүү” гэж хэлсэн. Тэгээд би уурлаад “хүнээс үнэтэй чулуу барьдаг ямар баян бэ?” гээд хөөргийн аваад Бын гэрт орсон. Миний араас О, Т нар орж ирсэн. Тэгээд гэр дотор бас хэрүүл маргаан болсон бөгөөд тэр 2 гэрээс гараад явсан. Тэгээд би араас нь гараад О луу дайрсан. Д.О машиндаа суусан ба машины цонх онгорхой болохоор нь баруун гараараа нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгээд Б намайг ирээд салгаад авсан. О, Т нар явсан. Би тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор нэг үгнээс болоод буруу үйлдэл хийсэн. Миний баруун нүд хараагүй ба групп авдаг, бусдаар миний биеийн байдал хэвийн. Би малчин сумын 3 дугаар багт эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. 2013 онд Увс аймгийн плотехник коллежийг төгссөн “тусгай дунд” боловсролтой. Цэргийн алба хаасан. Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж гэмшиж байна”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал)-үүдээр нотлогдон тогтоогдож байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Н.Оын 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 230 дугаартай “Үзүүлэгч Д.Оын биед үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний сулрал, 2 шүд углуурга хэсгээр хөндлөн хугарал, баруун тохойн үений гадна хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой байна. Цус хуралт гэмтэл нь эдгэж өнгө нь хувирсан байна. Үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний сулрал, 2 шүд углуурга хэсгээр хөндлөн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр тогтонги алдагдуулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1, 2.4.2-д тус тус зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний сулрал, 2 шүд углуурга хэсгээр хөндлөн хугарал гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 4.11, 52.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувиар тогтонги алдагдуулна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал)-ээр хохирогч Д.Оын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Т нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Д.Оын биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
Хохирол хор уршиг
Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн, хэрэг хор уршгийн талаар нотлох баримт авагдаагүй боловч түүний биед үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний сулрал, 2 шүд углуурга хэсгээр хөндлөн хугарал гэмтлүүд учирсан бөгөөд уг гэмтлүүдийг зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай тул уг эмчилгээтэй холбогдон зардал гарах тул тухайн зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Д.Тид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Д.Т урьд нь Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал)-аар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Т нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Гэрч Г.Нгийн өгсөн: “Би Д.Ттой гэр бүл болоод 10 жил болж байна. Манай нөхөр зан ааш гаагүй зантай, хүнд худал яриад байдаггүй, янз бүрийн зан ааш байдаггүй. Хааяа нэг найз нөхөдтэйгөө уудаг, агсам согтуу тавиад байдаггүй. Манай эд хөрөнгийн хувьд 100 гаруй бог малтай, 5 адуу, 10 аад үхэртэй. Манай хятад улаан өнгийн хуучин мотоциклтой 2014 онд 1100000 мянгаар авч байсан. Манайх 4 хүүхэдтэй том хүү Сүлд 11 настай 4 дүгээр анги, 2 дахь хүү соёмбо 9 настай, 3 дахь хүүхэд аялгуу 4 настай, бага хүү Гантүг 2 настай. Манай нөхөр өмнө нь нэг удаа гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байсан. Баруун нүд хараагүй, архаг хууч өвчин байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал), Гэрч Б.Бын өгсөн: “Би Т гэх хүнтэй найз юм. Манай найз зан төлөвийн хувьд сайн, хүмүүстэй харилцахдаа ээлтэй, нийтэч, бусад хүмүүстэй хэрүүл маргаан хийдэггүй, даруухан зан төлөвтэй хүн юм. Хүүхдүүдэд сайн халамжтай аав. Манай найз баяр ёслол, найз нөхөдтэйгөө хаяа хэрэглэдэг. Архи уусан үедээ хүнтэй маргалдаж агсам тавьдаггүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал)-үүд тус тус авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Тид 410 /дөрвөн зуун арав/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Тид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Дгийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Тид 410 /дөрвөн зуун арав/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Д.О нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Тид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ