Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 1027

 

2020             8             13                                        2020/ДШМ/1027                              

 

     Н.Нт холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Мягмаржав, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батбямба,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 2020/ШЦТ/421 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Н болон түүний өмгөөлөгч Б.Батсүх нарын гаргасан гомдлоор Н.Нт холбогдох эрүүгийн 2011006760383 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

           

          урьд бусад шүүхийн 1998 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлсэн,

          Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 8 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, 1231 дугаар зүйлийн 4-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих шийтгэж, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйл, Улсын Дээд шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 244 дүгээр тогтоолын 9 дүгээр зүйлд зааснаар Н.Нт Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 8 сарын хорих ялаас өршөөн хэлтрүүлж, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйл, Улсын Дээд шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 244 дүгээр тогтоолын 10 дугаар зүйлд зааснаар Н.Нт Эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн 4-д зааснаар 5 жилийн хорих ялын 30 хувь буюу 1 жил 6 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлж, эдэлбэл зохих 3 жил 6 сарын хорих ялаас биеэр эдэлсэн 2 жил 5 сар 17 хоногийн хорих ялыг хасаж, нийт 1 жил 13 хоног хорьж шийтгэсэн, 2001 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

          Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 1231 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

          Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 352 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 2 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

 

          Н.Н нь 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 6-83 тоотод “гар утсанд дураараа хүрлээ” гэх шалтгаанаар хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Я.Аийн хацарлуу 1 удаа алгадаж, гараараа духны 2 тал руу цохиж, баруун хөл рүү 2-3 удаа өшиглөж, 2 гуяны гадна хэсэг рүү гараараа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь “зовхи, дух, зүүн, баруун гуя, шилбэний цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

          2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Нтой маргалдан, улмаар түүнийг гараараа алгадах, цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “дух, зүүн хацар, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн завжинд шарх, хүзүүнд цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

          2019 оны 2 дугаар сард Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Соёлын төвийн орчим нийтийн байранд, 2019 оны 12 дугаар сарын 31-ний шөнө, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны шөнө, 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Я.Аийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

          Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Н.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.      

            

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шүүгдэгч Н.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 6 сарын хугацаагаар хорих ял дээр 240 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногт шилжүүлэн 30 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

          Шүүгдэгч Н.Н болон түүний өмгөөлөгч Б.Батсүх давж заалдах гомдолдоо. “... шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь урьд удаа дараа ял шийтгүүлсэн боловч 2015 оны Эрүүгийн хуулинд ялтай байдал гэх ойлголт байхгүй болсон тул анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн боломжтой. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй, энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдал буюу Я.Аийн буруутай үйлдлийн улмаас Н.Н нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Н.Ныг нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. ... гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэхүү гэмт хэрэгт учирсан хохирол, хор уршгийн шинж чанар арилсан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү.” гэжээ.

 

          Прокурор Б.Батбямба шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр эхнэр, мөн бусдын эрүүл мэндэд халдаж 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Энэ нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Мөн эхнэр болох Я.Аийг 2019 оны 12 дугаар сарын 31, 2020 оны 1 дүгээр сарын 13, 2 дугаар сарын 26-ны өдөр тус тус 3 удаа буюу байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж анхан шатны шүүхээс 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг нэмж нэгтгээд 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч нь олон удаагийн ял шийтгэлтэй, байнга бусдын эрх чөлөөнд халддаг тул түүний хувийн байдалд тохирсон гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 2020/ШЦТ/421 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

          Хэргийн бүх ажиллагааг дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

          Н.Н нь 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 6-83 тоотод “гар утсанд дураараа хүрлээ” гэх шалтгаанаар хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Я.Аийн хацарлуу 1 удаа алгадаж, гараараа духны 2 тал руу цохиж, баруун хөл рүү 2-3 удаа өшиглөж, 2 гуяны гадна хэсэг рүү гараараа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь “зовхи, дух, зүүн, баруун гуя, шилбэний цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

          2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Нтой маргалдан, улмаар түүнийг гараараа алгадах, цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “дух, зүүн хацар, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн завжинд шарх, хүзүүнд цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2019 оны 2 дугаар сард Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Соёлын төвийн орчим нийтийн байранд, 2019 оны 12 дугаар сарын 31-ний шөнө, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны шөнө, 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Я.Аийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч Ч.Аийн “... 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Н нь “Чи яагаад утсанд дураараа хүрээд юм уншаад, хүн доромжлоод байгаа юм бэ?” гэж уурлаад миний хацар руу 1 удаа алгадаж, гараа зангидаж байгаад духны 2 тал руу олон удаа цохиод, баруун хөл рүү 2-3 удаа өшиглөж, 2 гуяны гадар хэсэг рүү гараараа нилээн хэдэн удаа цохиод байсан...”, “... 2019 оны 12 сарын дундуур би ажлаасаа шөнө 4 цагт тараад гэртээ харьж амжаагүй байтал Н ажил дээр ирээд “Соёл” караокений орчим гудамжинд миний хөл рүү олон удаа өшиглөж, толгой руу гараараа олон удаа цохиж байгаад хамт гэртээ ирсэн бөгөөд энэ үед манай гэрт манай 4 хүүхэд, найз Ндарь болон 4 сараас 6 насны 3 хүүхэд байсан. Гэрт ороод Н намайг өшиглөж, цохиж байгаад хуванцар сандлаар миний толгой руу цохих үед нь би гараараа хамгаалснаас болж миний зүүн гарын шуу орчим хөхөрч хавдаж байсан. Энэ талаар Ндариас өөр хэн нэгэнд хэлж яриагүй тул мэдэхгүй...”, “...2019 оны 12 дугаар сарын 31-ний шөнө 23 цаг өнгөрч байхад Н намайг “гар утасныхаа сим картыг алга болголоо” гэж уурлаад хацар руу 2-3 удаа алгадаж, толгой руу гараараа 3-4 удаа цохиж, хамт байсан найз Ндарийн үснээс татаж унагааж байсан. ...” /хх 17-18/,

 

гэрч Р.Ндарийн “...Би өөрөө харснаар гэвэл тэдний гэрт хамт байх хугацаанд буюу 2019 оны 12 сард гэртээ орой хоол идэж байтал хүү Отгонгэрэл нь хоолоо халбагаар биш сэрээгээр иднэ гэснээс болж Н уурлаж Аийг “хүүхдээ зөв хүмүүжүүл л дээ” гэж уурлаад Аийн бөөр, нуруу руу нь хөлөөрөө нэг удаа өшиглөж, толгой руу нь хуванцар сандлаар нэг удаа цохиж байсан...” /хх 29/,

 

гэрч Д.Мөнхдаваагийн “...Хамт амьдарч байсан Н гэдэг найз нь над руу 2020 оны 1 дүгээр сарын эхээр утсаар залгаж “Н Аийг ажил дээр нь очиж зодоод гэртээ ирээд бас зодоод байна. Мөн 2019 оны 12 дугаар сард Аийг Н зодоод байсан” гэж хэлж байсан. Тухайн үед үүрийн 6 цаг болж байсан. Би ажилтай байсан болохоор “та нар маргалдаж муудалцахаараа л над руу ярих юм, би ажилтай байна” гээд төвөгшөөгөөд нэг их тоогоогүй. Маргааш нь охин руугаа очиж уулзаж амжаагүй. Түүнээс хойш гайгүй байж байтал 2020 оны 2 дугаар сарын 26-ны шөнө над руу охин маань утсаар мессэж бичээд нөхөртөө зодуулсан талаар мэдэж, цагдаад би хандсан юм...” /хх 34/,

 

хохирогч Э.Нгийн “... 2020 оны 2 дугаар сарын 27-ны орой 23 цагийн үед “Нарантуул” зах дээр байдаг байсан Баагий гэх залуу манай нөхөр рүү залгаад “Дарь эх”-эд байна ирээд гэр рүү хүргээд өгчих гэж хэлсэн бөгөөд нөхөр бид 2 Баагийтай уулзах гээд явж байтал Н ах манай нөхөр рүү залгаад “хаана байна 32 дээрээс ирээд авчих” гэж хэлсэн бөгөөд “эхнэртэйгээ хэрэлдээд эхнэрээ хэд алгадтал хадам ээж өргөдөл бичээд өгчихөж” гэж хэлсэн. Энэ үед манай нөхөр жолоо барьж байсан бөгөөд чанга яригч дээр нь тавиад ярьсан юм. ... Тэгээд Дархаа ах залгаад байхаар нь очиж автал “эхнэр, хүүхдийг хадам ээж аваад явсан. Гэрт цагдаа ирсэн байна уу үзээд өг, намайг барьж авах гээд байгаа юм” гэж хэлсэн бөгөөд би хашаа руу нь ороод гэр рүү дөхөөд хартал үүдний амбаарынх нь хаалга цоожтой байсан. ... Тэгээд би нөхөртэйгөө маргалдаж байтал манай нөхөр буугаад явсан бөгөөд би машинаа унаад сансарын колонк орж газ хийчихээд эргээд ирсэн бөгөөд Дархаа ах надтай хэрэлдээд байсан бөгөөд би “эхнэртэйгээ очиж хэрэлд” гэсэн бөгөөд намайг Н алгадаад авсан юм. Би алгадаад авахаар нь ах, дүү нараараа нийлээд барьж идлээ гээд би хэрэлдсэн бөгөөд тэндээ маргалдаж байгаад Ныг хүргэж өгөхөөр Чингэлтэй дүүрэг 32-ын автобусны буудлын урд талд руу нэг гудамж руу ороод зогссон. ... Тэгээд би Нтай маргалдтал манай нөхөр машинаасаа буугаад явсан. Машин дотор Н миний нүүр рүү 2-3 удаа алгадаад миний нүүр хавдсан бөгөөд, миний хөлийн шилбэ рүү өшиглөсөн. Ингээд байж байтал манай нөхөр Адъяахүү ирсэн бөгөөд би “ах чинь намайг зодсон цагдаа дуудна” гэж хэлтэл “та хоёрын асуудал надад хамаагүй, би ямар хамт байсан биш” гэж хэлсэн. Би дуудлага өгтөл хаягаа хэлж мэдэхгүй байсан бөгөөд “намайг ирэх боломж байна уу” гэж хэлсэн. Би нөхөртэйгөө хамт ирсэн. ...” /хх 137-138/,

 

гэрч Н.Адъяахүүгийн “... 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр би эхнэртэйгээ таксинд явж байтал миний төрсөн ах Н.Н орой 22 цагийн үед надруу залгаад “32-ын автобусны буудал дээр хүрээд ирээч, эхнэртэйгээ маргалдаад гэртээ орж чадахгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би явж байгаад 2 таньдаг дүүгээ аваад, эхнэр бид 4 Н ахыг 32-ын тойргоос очиж авсан. Н ахыг аваад гэр рүү нь явсан бөгөөд “гэрт хүн байна уу хараад өг” гээд манай эхнэрийг, таньдаг 2 дүүгийн хамтаар оруулсан. Тэд нар үзчихээд “хүн байхгүй байна” гээд машинд сууцгаагаад манай эхнэр манай ахад пиво хийж өгсөн. Ах нэг уусан бөгөөд үлдсэнийг нь манай эхнэр танил 2 дүүтэй хувааж уусан. Ингээд би “эхнэрийгээ пиво уулаа” гэж маргаад машинаасаа буугаад явсан. Энэ үед би танил 2 дүүгийн хамтаар явсан. Манай эхнэр, ах хоёр машинд үлдсэн бөгөөд 10 минут яваад ирэхэд манай эхнэр “ах чинь намайг зодсон” гээд орилоод байсан. Би эхнэрээ хартал нүүр, ам нь улайгаад уйлчихсан байсан. “Юунаас болж хэрүүл зодоон болсон юм” гэхэд надад юм хэлээгүй юм. Би өөрийн нүдээр цохиж зодож байхыг нь хараагүй бөгөөд манай эхнэр намайг машинаас буухад зүгээр байсан бөгөөд Дархаа ахтай үлдээгээд эргээд ирэхэд нүүр ам нь улайгаад хавдсан байсан. ...” /хх 145-146/,

 

Н.Нын яллагдагчаар өгсөн “... 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 21 цаг орчимд ... А уурлаж миний толгой руу шанагаар нэг удаа цохихоор нь тоохгүй байж байтал А хэрүүл өдөөд бид хоёр хоорондоо маргалдаж байгаад би Аийн зүүн нүдний орчим гараараа нэг удаа цохиж, хацар хэсэгт нь хоёр удаа алгадаж, хөлийнх нь булчин орчим гараараа 2 удаа цохисон. ... би өөрийн эхнэртэйгээ үл ойлголцсоны улмаас түүнийг зодож биед нь гэмтэл учруулсан. Үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ... би Э.Нгийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөхөр нь учруулсан байх. ...” /хх 49, 155/,

Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Би үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 188/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 3084 дугаартай “... Я.Аийн биед зовхи, дух, зүүн, баруун гуя, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдож, дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, уг гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” /хх 41-42/,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 3115 дугаартай “... Э.Нгийн биед дух, зүүн хацар, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн завжинд шарх, хүзүүнд цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдож. дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, уг гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” дүгнэлтүүд зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

          Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.            

Шүүгдэгч Н.Ныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Я.А, Э.Н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Я.Аийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Н.Н нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Я.Аийн хацар луу 1 удаа алгадаж, гараараа духны хоёр тал руу цохиж, баруун хөл рүү 2-3 удаа өшиглөж, 2 гуяны гадна хэсэг рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь зовхи, дух, зүүн, баруун гуя, шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол, Э.Нтой маргалдаж түүнийг гараараа алгадах, цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь дух, зүүн хацар, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн завжинд шарх, хүзүүнд цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, 2019 оны дугаар сард Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Соёлын төвийн орчим нийтийн байранд, 2019 оны 12 дугаар сарын 31-ний шөнө, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны шөнө, 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 6-83 тоотод хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Я.Аийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

          Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилэхээр хуульчилсан бөгөөд гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд зааснаар давхар зүйлчлэх тохиолдолд тухайн үйлдлийг хэзээ, хаана, ямар хэлбэрээр, 3 ба түүнээс дээш удаа үйлдсэнийг хөдөлбөргүй тогтоосон байх шаардлагатай байдаг.

Хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч Н.Н нь 2019 оны 2 дугаар сард Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Соёлын төвийн орчим нийтийн байранд, 2019 оны 12 дугаар сарын 31-ний шөнө, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны шөнө, 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Я.Аийг зодсон үйлдлүүд тогтоогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн давтамжийн хувьд байнга гэсэн шинжийг хангажээ

 

Шүүгдэгч Н.Н болон түүний өмгөөлөгч Б.Батсүхийн “... гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар арилсан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. 

 

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

 

Хэдийгээр шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаар өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Н.Н болон түүний өмгөөлөгч Б.Батсүхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 8-2ы өдрийн 2020/ШЦТ/421 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Н болон түүний өмгөөлөгч Б.Батсүхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧ                                                               Д.МЯГМАРЖАВ

                                    ШҮҮГЧ                                                               Б.БАТЗОРИГ