Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 416

 

Л.Э-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг,  Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2017/0518 дугаар магадлалтай, Л.Э-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2, 105.2.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Л.Э-ий Есөнбулаг сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/654, Б/12, Б/13 дугаар захирамжуудыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2017/0518 дугаар магадлалаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баасандаш хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шүүхийн магадлалын “хянавал“ хэсэгт “Захиргааны ерөнхий хуулийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр захиргааны албаны тушаалтны шийдвэрүүд нь энэ хуулийн дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож, үр дагаваргүй болсон бол тохирох шийтгэл оногдуулахаар заасныг баримтлан хариуцагч Б/13 дугаар тушаалаар Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.3-д зааснаар ажлаас халсан нь үндэслэлтэй болохыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ” гэж давж заалдах шүүх үзжээ. Ингэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйл 1.2-д “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 7.1-д “Хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн Үндсэн хууль болон холбогдох хууль зарчмыг алдагдуулан хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 22 дугаар зүйлийн 22.1, 24, 25, 26, 27 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хийгээгүй талаар давж заалдах гомдолдоо дурдаад, 29 дүгээр зүйлийн 29.4-д заасны дагуу 29.1, 29.2, 29.3-д заасан ажиллагаа хуулийн дагуу хийгдэж архивлагдсан талаар нотлох баримтад үзлэг хийх хүсэлт гаргаж, шүүх Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газар очиж үзлэг хийсэн боловч Захиргааны ерөнхий хуулийн 29-д заасан “захиргааны шийдвэрийн хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудас” байгаагүй юм. Б/13 дугаар захирамжийг гаргахдаа хуульд заасан захиргааны шийдвэрийн хувийн хэрэг, хяналтын хуудсыг хөтлөөгүй болох нь тогтоогдсон бөгөөд энэ талаар хавтаст хэрэгт авагдсан үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан байгаа юм.

Шүүхийн магадлалд “Хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1/654 дүгээр захирамж гаргасан ба бичиг хэрэг хариуцсан ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас 1/654 дүгээр захирамжийг хуульд нийцээгүй гэж үзэн Б/12 дугаар захирамжаар алдааг засан нэхэмжлэгчийг ажлаас халсан нь холбогдох баримтаар нотлогдсон байна.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хариуцагч... Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 22 дугаар зүйлийн 22.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлд заасныг зөрчсөн” гэх маргааны тухайд, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас батлагдахгүй байх” нэмэлт баталгаагаар төрийн жинхэнэ албан хаагч хангагдах бөгөөд хариуцагч маргаан бүхий тушаалдаа Л.Э нь ажиллах хугацаандаа албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн зөрчил гаргасан тул Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 -д заасныг баримтлан төрийн албанаас халсан.

Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2.3-д заасны дагуу шийтгэл оногдуулсан бөгөөд Л.Э-ийн удаа дараагийн гаргасан тушаал, шийдвэрүүд нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон, байгууллагад хохирол учруулсан зэрэг нөхцөл байдлууд нэгэнт тогтоогдсон байсан бөгөөд энэхүү шийтгэлийг оногдуулахад зайлшгүй хуульд заасны дагуу сонсгох, мэдэгдэх ажиллагааг хийгээгүй хэмээн хариуцагчийг буруутган тушаалуудыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийн хянавал хэсэгтээ “хариуцагчийг буруутган тушаалуудыг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэжээ. Гэтэл нэхэмжлэгч Л.Э Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны 1/654, Б/12, Б/13 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан атал шүүхийн шийдвэрийн хянавал хэсэгт тушаалууд гэж дурджээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ч давж заалдах гомдолдоо ч ямар ч тушаалын талаар гомдол гаргаагүй байхад шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт огт хамааралгүй тушаалыг хүчингүй болгох талаар шийдвэр гаргасан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д заасны дагуу Засаг дарга захирамж гаргах бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан субьект юм. Тийм ч учраас нэхэмжлэгч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Давж заалдах шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн захиргааны үйл ажиллагааны хэлбэрт байхгүй тушаалын талаар авч хэлэлцэн шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь харагдаж байна. Нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг биелүүлэх, хэрэгжүүлэх шаардлагагүй юм байна гэсэн ойлголт, буруу жишгийг захиргааны байгууллага, албан тушаалтанд төрүүлэхээр шийдвэр гаргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 22, 24-29 дүгээр зүйлд заасан ажиллагааг хариуцагч Есөнбулаг сумын Засаг дарга хийж хэрэгжүүлээгүй байхад Давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа хариуцагч Есөнбулаг сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Л.Э-ийг ажлаас халсан  Б/13 дугаар захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хуульд нийцсэн болон хууль зөрчсөн талаар авч үзээгүй нь Монгол Улсын Үндсэн Хууль болон холбогдох хуулийн, хууль дээдлэх зарчим, мөн Монгол Улсын Үндсэн Хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж заасан Үндсэн хуулийн үзэл баримтлал, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “...нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх”-д заасан шүүхийн эрхэм зорилгыг алдагдуулж, эрх зүйт төрийн шударга шүүхэд итгэх итгэлийг үгүй хийлээ.

Иймд давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүй хуулийг зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн шийдвэр гарсан тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 Говь-Алтай аймгийн  Есөнбулаг сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Л.Э-ийг ажлаас халах тухай” 1/654 захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 25 дугаар зүйлийн 25.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2.3-д заасныг тус тус үндэслэн Л.Э-ийг Тамгын газрын даргын албан тушаалаас 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халахаар шийдвэрлэсэн байна.

Мөн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын  22-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/12 захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3-дахь хэсгүүдэд заасныг баримтлан “Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 гэсэн заалтыг орхигдуулсан, 25.1.1 дэх заалтын өмнө Төрийн албаны хууль гэсэн үгийг орхигдуулж, мөн дугаарыг гадагш харилцах албан бичгийн дугаараар сольж бичсэн” гэх үндэслэлээр дээрх 1/654 захирамжийг хүчингүй болгож, дахин захирамж гаргахыг холбогдох этгээдэд даалгажээ.

Үүний үндсэн дээр Есөнбулаг сумын Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Л.Э-ийг ажлаас халах тухай” Б/13 дугаар захирамж гаргаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 25 дугаар зүйлийн 25.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2.3 дахь хэсэгт  заасныг тус тус үндэслэн түүнийг Тамгын газрын даргын албан тушаалаас 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халжээ.

Төрийн албан хаагчийн үүргээ хангалтгүй биелүүлсэн, төрийн албан тушаалд тавих ерөнхий болон үр дүнгийн гэрээнд заасан шаардлага хангаагүй, зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн, сумын Засаг даргын Тамгын газрын ерөнхий нягтлан, төрийн сангийн мэргэжилтэн, нягтлан бодогч, архив бичиг хэргийн эрхлэгч нартай үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээг 2016 онд огт байгуулаагүй, төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас халж, үндэслэлгүй арга хэмжээ авснаар байгууллагад 16749900 төгрөгийн хохирол учруулсан зэрэг зөрчил гаргасан нь хэрэгт цугларсан нотлох бармтуудаар тогтоогдсон, түүнийг ажлаас халсан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/13 захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 25, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн холбогдох заалтуудад нийцсэн болохыг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд дэлгэрэнгүй, тодорхой, зөв дүгнэсэн байна.

Иймээс хариуцагч нь захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй талаар шүүхээс хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Харин маргаан бүхий Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2016 оны 1/654 захирамжийг Б/12 захирамжаар хүчингүй болгосноор тухайн захирамж нь үр дагаваргүй болсноос гадна Б/12 дугаар захирамжаар Л.Э-ийг Тамгын газрын даргын албан тушаалаас халах тушаалыг хуульд нийцүүлэн гаргахыг захиргааны байгууллагын ажилтанд даалгасанаас үзвэл энэ нь нэхэмжлэгчид чиглэгдээгүй /дотогшоо үйлчлэл/, нэхэмжлэгчийн эрх ашгийг  хөндөөгүй Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй байхад шүүх тухайн актуудыг “Захиргааны акт” гэж буруу дүгнэж, эдгээрийг хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

Иймээс нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээс үл хамаарч, Говь-Алтай аймгийн  Есөнбулаг сумын Засаг даргын 2016 оны 1/654, Б/12 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх алдааг зөвтгөн, шүүхийн шийдвэр, магадлалд холбогдох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Шүүхүүд маргааны үйл баримтад хамааралтай Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн  байх тул “... шүүх нотлох баримтуудыг зөв дүгнээгүй, хуулийг буруу тайлбарласан...” гэх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн  давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2017/0518 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1, 2 дахь заалт болгон

“1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Л.Э-ийг ажлаас халах тухай” 1/654, “Захирамж хүчингүй болгох тухай” Б/12 захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах тухай Л.Э-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/13 захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,  “2”, “3”, “4” дэх заалтын дугаарыг “3”, “4”, “5” дахь заалт болгон тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

 

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

               ШҮҮГЧ                                                                        Л.АТАРЦЭЦЭГ