| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2020/02803/И |
| Дугаар | 183/ШШ2021/01628 |
| Огноо | 2021-07-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2021/01628
| 2021 оны 07 сарын 24 өдөр | Дугаар 183/ШШ2021/01628 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.б СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.А-д холбогдох,
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 452.970 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, Г.Э, хариуцагч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б СӨХ-ны гүйцэтгэх захирал Ч.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай СӨХ нь *** дүүргийн 16 дугаар хороо, Д.Б хотхоны 421, 422, 423, 424 дүгээр байрнуудын нийт оршин суугчдын төлөөлөл болж ажилладаг. Оршин суугч, сууц өмчлөгч нь Монгол Улсын Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууц байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу сууц өмчлөгчдийн холбоонд дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлыг төлөх үүрэгтэй бөгөөд тэрхүү мөнгөөр орон сууцны үйлчлэгч, манаач, нягтлан, дарга нарыг цалинжуулах, хог ачих, лифтний төлбөр, орц болон хонгилын дулаан, цахилгааны төлбөр төлөх, мөн дундын эзэмшлийн талбай, шугам сүлжээний засвар үйлчилгээ, орц, подваль, дээвэр, агааржуулалт, ус зайлуулах хоолой зэрэг эвдрэл доголдол гарсан хэсгүүдийг тухай бүрт нь засаж янзлуулах ажлыг сар тутам хийж зардал гарч байдаг. Гэтэл тус СӨХ-нд хамаарах 422 дугаар байрны 16 тоотод оршин суух Г.А нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлыг төлөхгүй, СӨХ болон оршин суугчдын эрхийг зөрчиж байна. Иймд хариуцагч Г.А-аас 452.970 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч д.б СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус СӨХ нь 2017 онд байгуулагдсан ба барилгын компаниас улсын комиссын акт гарангуут төслүүдийг манайд хүлээлгэж өгдөг. Г.А-ийн тайлбарыг сонслоо. Яагаад иргэдийг бүгдийг нь орсноос хойш хурлаа хийгээгүй вэ гэж асуугаад байна. Барилга 2019 оны 5 дугаар сард ашиглалтад орсон. Бүх айлууд орсны дараа хурлаа хийнэ гэсэн хууль байхгүй. Д.Б СӨХ нь 421, 422 дугаар байрууд ашиглалтад ороход байсан. Оршин суугчид энэ СӨХ-ийг хүлээн зөвшөөрөөд хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хүн яагаад надтай уулзаагүй вэ, гэрээ байхгүй гээд байна. Хуулиараа тухайн орон сууцны бүх айлууд гишүүн болж явдаг. Айл өрх бүртэй гэрээ байгуулна гэсэн хууль байхгүй. 422 дугаар байрны оршин суугчид хурлаа хийгээд 422 дугаар байр д.б СӨХ-ны гишүүн болж байгаа. 422 дугаар байрны 66 тоотын айл гэрээ байгуулаагүй учир СӨХ-ны гишүүн биш гэж үзэхгүй. Нэгэнт 422 дугаар байраараа гишүүн болохыг зөвшөөрөөд гишүүнээр ордог. Надтай уулздаггүй гээд байна. СӨХ-ны мэдээллийн сан мөн фэйсбүүкийн группт мэдээллүүд нь байгаа. Байрны гадна самбарт бүх мэдээлээ хүргээд явж байна. Энэ мэдээлэлтэй танилцаагүй нь энэ хүний эрхийн асуудал бөгөөд СӨХ-ийн засвар үйлчилгээ бүх юмыг тодруулах эрх үүрэг нь хариуцагчид байгаа. Би шинэ байранд орчихоод төлбөр төлөөд гээд байна, м.кв-аар нь нийтийн эзэмшлийн талбай юм чинь цэвэрлэгээ хийнэ. Шинэ байр гээд тоос тогтохгүй бохир болохгүй байна гэж байхгүй, цэвэрлэгч, үйлчлэгч цэвэрлээд явж байгаа, 66 тоотод хүн байхгүй гээд үүдний хэсгийг нь угаахгүй байна гэж байхгүй. Энэ бүх үйлчилгээг авч байгаа гэдгээ ойлгоосой гэж хүсэж байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууц байшингийн дундын өмч эд хөрөнгийн тухай хуулийн 13 зүйлийн 2.3, Иргэний хуулийн 147.1, 148.3-т зааснаар дундын эд хөрөнгийг дангаараа ашиглаагүй, ашигласнаас татгалзсан нь дундын өмчлөлийн зүйл ашиглах, засвар үйлчилгээ авах зардлыг хэсэгчлэн буюу бүрэн чөлөөлөх үндэслэл болохгүй. СӨХ нь нийт оршин суугчдын бүх гишүүдийн хурлын 50-иас дээш хувийн ирцтэйгээр зохион байгуулагддаг. Оршин суугч бүгд гишүүнээр бүртгүүлсэн тул тогтоосон хэмжээгээр төлбөрөө төлөх үүрэг хүлээнэ. Иргэний хуулийн 248.2.3-т заасны дагуу бүх гишүүдийн хурлаар тогтоосон тарифын дагуу нэг м.кв-ын үнэ 150 төгрөг, лифт 7000 төгрөг, цэвэрлэгээ 5000 төгрөг байхаар тогтоосон ба дээр нь баримтны үнэ 150 төгрөг нэмэж сард төлөх үүрэгтэй байгаа. Г.А-н орон сууц нь 62.8 м.кв ба/62.8х150/= 9420 төгрөг нийт 21.570 төгрөг болж байна, м.кв-ийн төлбөрт нь хог болон бусад ажилчдын цалин хөлс, зардлууд нь багтдаг. Мөн хуулийн 148.3 дахь хэсэгт зааснаар өмчлөгч орон сууцанд амьдарч байсан эсэхээс үл хамаарч тухайн байрны өмчлөгч СӨХ-ны төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Хариуцагч 2020 оны 4 дүгээр сараас амьдарч эхэлсэн гэдэг боловч 2019 оноос хойш тухайн байрыг өмчилж байсан. 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч нь 289.500 төгрөгийг төлсөн. Иймд нийт нэхэмжилсэн 452.970 төгрөгнөөс 289.500 төгрөгийг хасаж, 163.470 төгрөгийг Г.А-с гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус орон сууцыг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр захиалж, ашиглалтад орсны дараа буюу 2020 оны 5 дугаар сард байраа хүлээн авсан, гэхдээ 2020 оны 4 дүгээр сараас эхлэн амьдарч эхэлсэн. 2020 оны 7 дугаар сард тус СӨХ-өөс төлбөрийн мэдэгдэл ирснийг тодруулж асуухад СӨХ байгуулагдсан хугацаанаас эхлэн төлбөр гарсан гэх хариу өгсөн. Гэвч шинэ орон сууц худалдан авч амьдрахад СӨХ хэзээ байгуулагдсан нь хамаагүй ба өмнөх төлбөрийг орон сууц зарсан болон барьсан хуулийн этгээдтэй хийж дуусган худалдан авсан иргэнийг хэрэглээгүй гэнэтийн өрөнд оруулалгүй амьдарч эхэлсэн хугацаанаас нь тооцон авах ёстой. Орон сууцыг худалдан авахад борлуулагч компаниас ямар ч төлбөрийн үлдэгдэл, тооцоогүй гэж бичиг хийж өгсөн ба өмнө нь хэрэглэсэн хэрэглээний зардлыг 0 төгрөг болгосон гэдэгт СӨХ-ны төлбөр орно гэж бодож байна. Амьдарч буй иргэдээс давхар төлбөр авах санаагүй бол илүү мөнгө нэхэж иргэдийг хохироохгүй байх ёстой. Тус СӨХ-ноос надтай нэг ч удаа уулзаж байгаагүй, эдний СӨХ хэдэн оноос ажиллаж байгаа нь надад хамаагүй, би үйлчилгээ авснаасаа хойш л төлбөрөө төлнө. Би хэн нэгэн хүнд илүү төлбөр төлөхгүй. Уг орон сууц 2019 оны 5 дугаар сард ашиглалтад орсны дараа би очиж уулзаж, заслын ажил байсан тул үүнийг нь янзалсны дараа хүлээж авна гээд би 9 дүгээр сард байраа хүлээж авч, тавилгаа тавиад хөдөө ажлаар явсан. Анх 2020 онд сонгуулийн материал тарааж явсан эгчтэй таарч танайх энд амьдарч байгаа бол СӨХ-ийн мөнгө төлнө гэхээр нь би 4 дүгээр сараас хойш амьдарсан, тэр хугацаанаас хойш төлнө гэж хэлсэн. Тэгээд тэр эгчтэй маргаад 2020 оны 8 дугаар сард намайг шүүхэд өгсөн байсан. Би СӨХ-ны мөнгөө төлөх үүрэгтэйг ойлгож байна. Гэхдээ шинэ байр авчихаад өөрөө ч амьдраагүй байж төлбөр төл гэдгийг л ойлгохгүй байна. Үнэндээ хурал зохион байгуулаад СӨХ байраа хүлээж авдаг юм байж гэхдээ яагаад ийм хурал болсон, м.кв ийм үнэтэй байдаг гэж нэг ч хүн танилцуулаагүй байж надаас төлбөр нэхээд байгаа юм бэ. Манай байрны м.кв 62.8 гэж байна, үүн дээр маргахгүй, орон сууцны гэрчилгээ гараагүй байгаа. Би 1-6 сарын хугацаанд орон нутагт ажиллаж байсан. Би амьдарч байсан, үйлчилгээ авсан саруудаа тооцож, 2021 оны 6 сард 289.500 төгрөг төлсөн. Тэгэхээр миний тус орон сууцанд 2020 оны 4 дүгээр сараас хойш буюу амьдарч эхэлсэн хугацаанаас хойшхийг тооцож үлдэгдэл төлбөрийг төлөх болно гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б СӨХ нь хариуцагч Г.А-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 452.970 төгрөг нэхэмжилж, хариуцагч Г.А 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 289.500 төгрөг төлснөөр нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад шаардлагаа 163.470 төгрөгөөр багасгасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т ...Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна... гэж заажээ.
Нэхэмжлэгч д.б СӨХ-нд 18/05 дугаартай гэрчилгээг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс нэг жилийн хугацаатай олгож, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоолоор гүйцэтгэх захирлаар Ч.Ч-ийг томилсон байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Улаанбаатар хотын даатгал ХХК гэсэн тэмдэг дарсан Д.Б СӨХ-ны тайланд 2001160422000660 гэх хэрэглэгч 2019 оны 6 дугаар сараас 2021 оны 2 дугаар сар хүртэлх төлбөрийг төлөөгүй гэж бичигдсэн байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-нд төлөх үүрэгтэйг зохицуулжээ.
Хариуцагч Г.А нь СӨХ-ны төлбөрөө төлөх үүрэгтэйг ойлгож байна, гэхдээ өөрийн амьдарч байгаагүй хугацааны төлбөрийг төлөхгүй, амьдарч эхэлсэн хугацаанаас хойшхи төлбөрийг төлнө гэж маргасан болно.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар орон сууцанд оршин суугаа өмчлөгч заавал СӨХ-ны гишүүн байдаг ба Г.Анхтуяа нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй юм.
Д.Б СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Үнэ тариф батлах тухай тогтоолоор ...Нэг өрхөд ногдох үйлчилгээний төлбөрийг тухайн сууц өмчлөгчийн сууцны м2 тутамд 150 төгрөг, лифт 7000 төгрөг, цэвэрлэгээ 5000 төгрөг байхаар... тогтоосон ба хариуцагч Г.А-ийн орон сууц 62.8 м.кв талбайтай /62.8х150/=9420 төгрөг, /9420+7000+5000+150 баримтны үнэ/=21.570 төгрөг төлөх айл өрхөд хамаарч байна.
Хариуцагч Г.А тухайн байрыг 2019 оны 5 дугаар сарын 21-нд хүлээн авсан нь болох нь Дистинейшн монголия ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 148.3-т өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан боловч тэрээр уг байранд 2019 оны 9 дүгээр сараас амьдарч эхэлсэн болох нь цахилгааны төлбөр төлсөн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан гэх баримтаар нотлогдож байх тул 2020 оны 9 дүгээр сараас тооцон төлбөрийг гаргуулах зүйтэй гэж үзэж, 98.760 төгрөгийг Г.А-аас гаргуулж, Д.Б СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 64.710 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 16.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А-ас 4550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б СӨХ-нд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Анхтуяагаас 98.760 /ерэн найман мянга долоон зуун жаран/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Азын дөрвөн бэрх СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 64.710 /жаран дөрвөн мянга долоон зуун арван/ төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А-аас 4550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б СӨХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зохигчид давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН