Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго, шүүгдэгч Б.Энхзаяа, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ************ дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго “шүүгдэгч Б.Энхзаяа нь 2019 оноос 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Ховд аймгийн Сум дундын ойн ангийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа үндсэн цалингийн 40 хувиар цалинжих тушаалтай байхад цалингаа бүтнээр бодож 8’851’805 төгрөг, туслах үйл ажиллагааны орлогыг хувийн харилцах дансаар дамжуулан 1’861’188 төгрөг хувьдаа завшиж, хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдэж Ховд аймгийн Сум дундын ойн ангид нийт 10’712’993 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас), албан бичиг (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас), Ховд аймгийн Сум дундын ойн ангийн даргын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/05 дугаартай тушаалын хуулбар (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас), Ховд аймгийн Сум дундын ойн ангийн даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/03 дугаартай тушаалын хуулбар (хавтаст хэргийн 15 дугаар хуудас), Хаан банк дахь шүүгдэгч Б.Энхзаяагийн дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас), Голомт банк дахь шүүгдэгч Б.Энхзаяагийн дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 24-38 дүгээр хуудас), мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас), прокурорын тогтоол (хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас), шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 56-58 дугаар хуудас), шүүгдэгчийн яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас), Голомт банк дахь шүүгдэгч Б.Энхзаяагийн дансны хуулга (хавтаст хэргийн 63-67 дугаар хуудас), орлого зарлагын баримт (хавтаст хэргийн 68-71 дүгээр хуудас), мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 76 дугаар хуудас), хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг (хавтаст хэргийн 77-79 дүгээр хуудас), Аудитын акт (хавтаст хэргийн 85 -88 дугаар хуудас), түрээсийн гэрээ (хавтаст хэргийн 89 дүгээр хуудас), прокурорын тогтоол (хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудас);

- Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын ахлах байцаагчийн акт (хавтаст хэргийн 8 дугаар хуудас), гэрч Ц.Даваахүүгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас), Ховд аймгийн Сум дундын ойн ангийн даргын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/05 дугаартай тушаалын хуулбар (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас), Ховд аймгийн Сум дундын ойн ангийн даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/03 дугаартай тушаалын хуулбар (хавтаст хэргийн 15 дугаар хуудас), прокурорын тогтоол (хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас), мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 76 дугаар хуудас), хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг (хавтаст хэргийн 77-79 дүгээр хуудас), аудитын акт (хавтаст хэргийн 85-88 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 85 дугаар хуудас), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 104 дүгээр хуудас), төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 105 дугаар хуудас), хохирол төлсөн баримтууд (хавтаст хэргийн 113-116 дугаар хуудас), 2’633’000 төгрөгийн хохирол төлсөн баримт зэргийг тус тус шинжлэн судалсан, шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

2.1. Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай “...Б.Энхзаяа нь албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрөө үндсэн цалингийн 40 хувийн тушаалтай байхад цалин бүтнээр бодож 8’851’805 төгрөг, трактор, фургоны орлогыг хувийн харилцах дансаар дамжуулан 3’081’088 төгрөг, нийт 11’932’893 төгрөгийн хохирол төрд учруулсан” гэх албан бичиг (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас);

- Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 35-01/223 дугаартай “...Хувийн харилцах дансанд байршуулж, зарцуулж байгаа туслах үйл ажиллагааны орлого болох 3’081’088 төгрөгийг нягтлан бодогч Б.Энхзаяагаар төлүүлэхээр акт тогтоов” гэх акт (хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас);

- Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 35-01/225 дугаартай “...Тушаал шийдвэр зөрчиж илүү тооцон авсан 8’851’805 төгрөгийг нягтлан бодогч Б.Энхзаяагаар төлүүлж, орон нутгийн төсвийн орлогод оруулахаар акт тогтоов” гэх акт (хавтаст хэргийн 8 дугаар хуудас) гарчээ.

Дээрх актуудад үндэслэж Ховд аймгийн Цагдаагийн газарт “...Ховд аймгийн Ойн ангийн нягтлан бодогч Б.Энхзаяа нь өөрийн үндсэн цалингийн 40 хувийн тушаалтай байхад цалин бүтнээр бодож 8’851’805 төгрөг, трактор, фургоны орлогыг хувийн харилцах дансаар дамжуулан 3’081’088 төгрөг, нийт 11’932’893 төгрөг хувьдаа завшсан байж болзошгүй” гэх (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас) гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл гаргасан байна.

2.2. Ховд аймгийн Ойн ангийн даргын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар шүүгдэгч Б.Энхзаяаг нягтлан бодогчоор томилж, ТҮ-7 ангиллын 1 дүгээр шатлалын 624’357 төгрөгийн үндсэн цалингийн 40% буюу 249’743 төгрөгөөр цалинжуулахаар (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас) тогтоожээ. Мөн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар шүүгдэгч Б.Энхзаяаг нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн (хавтаст хэргийн 15 дугаар хуудас) байна.

2.3. Гэрч Ц.Даваахүүгийн “...Намайг ажиллаж байх хугацаанд жил болгон аудит орж хяналт шалгалт хийдэг. Өмнөх жилүүдийн аудитын хяналт шалгалтаар ямар нэгэн зөрчил заагдаж байгаагүй. Аймгийн Санхүүгийн хяналт дотоод, аудитын албанаас хийсэн хяналт шалгалтаар нягтлан бодогч Б.Энхзаяа өөр дээрээ цалин нэмж авсан гэх зөрчилд акт тавигдсан. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс төрийн байгууллагын санхүүгийн программд өөрчлөлт ороод ямар нэгэн гүйлгээг даргын гарын үсэг зурах шаардлагагүйгээр шууд төрийн санд мэдээлэл очиж төрийн сангаас гүйлгээ хийгддэг болсон байна гэж нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Энхзаяа надад хэлсэн. Б.Энхзаяа нь санхүүгийн программд өөрчлөлт орсны дараагаас төрийн санд гүйлгээ хийхийн өмнө миний кодоор гүйлгээ хийж, өөрийнхөө цалинг нэмсэн байсан. Гүйлгээ хийхэд код ирэх ёстой гэдгийг надад хэлэхгүйгээр нуусан байсан байна. Энэ асуудлыг Санхүүгийн хяналт дотоод, аудитын албаны хяналт шалгалтын явцад тогтоогдсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас);

- Голомт банк дахь шүүгдэгч Б.Энхзаяагийн эзэмшлийн ********** тоот дансны 2023 оны 01 дүгээр сарын 01-ээс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга (хавтаст хэргийн 25-38 дугаар хуудас);

- Голомт банк дахь шүүгдэгч Б.Энхзаяагийн эзэмшлийн ************ тоот дансны 2023 оны 01 дүгээр сарын 01-ээс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны хуулганд үзлэг хийсэн “...1. 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1’166’451,86 төгрөгийн ...Ойн анги, 202301 утгатай орлого; 2. 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 882’033,64 төгрөгийн ...Ойн анги, 202302 утгатай орлого; 3. 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 926’289,98 төгрөгийн ...Ойн анги, 202303 утгатай орлого; 4. 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 350’000 төгрөгийн ...Ойн анги, 202304 утгатай орлого; 5. 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 708’746,35 төгрөгийн ...Ойн анги, 202304 утгатай орлого; 6. 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 420’000 төгрөгийн ...Ойн анги, 202305. Хагас-1 утгатай орлого; 7. 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 611’606,00 төгрөгийн ...Ойн анги, 202305. ІІ Хагас утгатай орлого; 8. 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 500’000 төгрөгийн ...Ойн анги, 202306, Хагас-1 утгатай орлого; 9. 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 423’044,64 төгрөгийн ...Ойн анги, 202306, ІІ хагас утгатай орлого; 10. 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 850’000 төгрөгийн ...Ойн анги, 202307, Хагас-1 утгатай орлого; 11. 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 417’572,31 төгрөгийн ...Ойн анги, 202307, II хагас утгатай орлого; 12. 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 500’000 төгрөгийн ...Ойн анги, 202308, хагас-1 утгатай орлого; 13. 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 1’019’911,73 төгрөгийн ...Ойн анги, 202308, II хагас утгатай орлого; 14. 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 800’000 төгрөгийн ...Ойн анги, 202309, хагас-1 утгатай орлого; 15. 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 1’758’570,19 төгрөгийн ...Ойн анги, 202309, II хагас утгатай орлого; 16. 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 350’000 төгрөгийн ...Ойн анги, 202310, хагас-1 утгатай орлого. Б.Энхзаяагийн Голомт банкны ****************** тоот дансанд 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хугацаанд нийт 11’684’226,7 төгрөгийн “Ойн анги” цалин гэсэн утгатай орлого орсон байв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас);

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Манлайбаатарын “...Б.Энхзаяа нь 40 хувиар цалинжих тушаалтай байхдаа 2023 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарын хооронд өөрийн цалинг 100 хувиар тооцож авсан асуудал нь аудитын шалгалтаар тогтоогдож 8’851’805 төгрөгийн акт тавигдаж ажлаас халагдсан байсан. Мөн 2023 оны 10 дугаар сард манай байгууллага нь өөрийн өмчит тракторыг “Ховд сафари” ХХК-тай гэрээ байгуулж түрээслэн ажилласан гэрээний мөнгө болох 2’500’000 төгрөгийг өмнөх нягтлан Б.Энхзаяа өөрийн хувийн дансаар авч ашигласан талаар мөн аудитын шалгалтаар тогтоогдсон талаар дүгнэлт гарсан. Б.Энхзаяа нь Ховд аймаг дах сум дундын ойн ангид нийт 11’932’893 төгрөгийн хохирол учруулсан талаар аудитын акт гарсан. ...Манай байгууллага бусад байгууллагатай гэрээ байгуулж трактораа түрээсэлж олсон орлогыг төрийн санд төвлөрүүлдэг. Б.Энхзаяагаас Ховд аймаг дахь сум дундын Ойн ангид учирсан 11’932’893 төгрөгийг нэхэмжлэх саналтай байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас);

- Гэрч Б.Халиунаагийн “...Тухайн үед буюу 2023 оны 11 дүгээр сард манай байгууллага тэмцээнд орох гээд хувцас захиалсан байсан. Хувцасны урьдчилгаа мөнгө гэж өмнө Б.Энхзаяа 200’000 төгрөгийг хувцас оёулсан газартаа шилжүүлсэн байсан. Харин үлдэгдэл хувцасны мөнгө болон тэмцээний бооцооны мөнгө болох 360’000 төгрөгийг Б.Энхзаяагаас аваарай гэж манай дарга хэлэхээр нь би ярьж байгаад шилжүүлж авсан. Манай байгууллага нь өөрийн нэр дээр бүртгэлтэй трактораар хувь хүн болон аж ахуй нэг байгууллагуудтай гэрээ хийж ажил үйлчилгээ явуулдаг. Тухайн онд буюу 2023 оны 09 дүгээр сард намайг байхгүй байх үед Ховд Сафари ХХК-тай гэрээ хийж трактораа ажиллуулж тракторын орлогын мөнгө болох 2’500’000 төгрөгийг нягтлан Б.Энхзаяа өөрийнхөө хувийнхаа дансаар авсан талаар би сүүлд аудитын шалгалт хийгдэх үеэр мэдсэн. Мөн Б.Энхзаяа нь 2023 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарын хооронд өөрийн цалинг 100 хувиар тооцож авсан талаар аудитын шалгалт хийх үеэр мэдсэн. Б.Энхзаяа нь тракторын орлогоос 855’900 төгрөгийн үнэ бүхий өнгөт принтер болон байгууллагын ажилчдын хувцас, багаж хэрэгсэл бээлий, хүрз, усны гутал, хүлэмжийн нийлэг хальс камерын зай зэрэг жижиг сажиг зүйлсийг тухайн үед уг орлогын мөнгөнөөс хийж байсан талаар би мэднэ үлдсэн мөнгөнүүдийг нь юунд зарцуулсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81 дүгээр хуудас);

- Дээрх баримтуудаар давхар нотлогдсон шүүгдэгч Б.Энхзаяагийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн сум дундын Ойн ангийн нягтлангаар ажиллах үедээ үндсэн цалингийн 40 хувиар цалинжиж байсан. Харин 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр сарын 30-ны хооронд өөрийн цалинг 100 хувиар бодож 9 сарын хугацаанд 8’851’805 төгрөгийн цалинг авч байсан. Тухайн үед манай дарга Ц.Даваахүү энэ талаар мэдээгүй байсан, харин 2023 оны 09 дүгээр сард манай байгууллага дээр аудитын шалгалт ирснээр энэ талаар мэдсэн. Манай байгууллагад 2022 оны 10 дугаар сард шинэ трактор ирээд 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс ашиглах болсон. Тухайн трактороор модны нүх ухах, шуудуу гаргах зэрэг газар тариалангийн ажил хийлгэдэг байсан. Тухайн үед газар тариалан эрхлэх аж ахуй нэгж болон хувь хүмүүс орлогоо Хаан банкны миний хувийн **************** тоот данс хийж байсан. Тухайн данснаасаа уг тээврийн хэрэгсэл болох тракторын эвдрэл гэмтэл, жолоочийн цалин хөлс, түлш шатахууны зарцуулалтад ашиглаж байсан. Харин фургоны орлого гэсэн зүйл орж ирж байгаагүй энэ талаар сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас);

- Шүүгдэгч Б.Энхзаяагийн яллагдагчаар дахин өгсөн “...Тухайн шалгалтаар 2022 оны 01 дүгээр сард 60’573 төгрөг, 4 сард 42’392 төгрөг, 2023 оны 01-09 сарын цалинд 7’055’516 төгрөг НДШ-д 1’693’324 төгрөг нийт 8’851’805 төгрөгийг тус тус илүү тооцон авсан гэсэн аудитын дүгнэлт гарч намайг ажлаас халсан. Би тухайн гарсан аудитын шалгалтын дүгнэлтэй танилцахад намайг ажлаас чөлөөлж төрд ажиллах эрхийг түдгэлзүүлж байсан. Би өөрийн гаргасан буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. ...Тухайн ХХК-иас түрээсийн урьдчилгаа болох 2’500’000 төгрөгийг 2023 оны 10 дугаар 02-ний өдөр өөрийн *************** тоот Хаан банкны дансанд аваад өөрийн Голомт банкны **************** тоот дансанд шилжүүлж авсан. Өмнө миний дансанд байгууллагын 581’088 төгрөг байсан нийлээд 3’081’088 төгрөг байсан. Би тухайн орлогын мөнгөнөөс Ховд аймаг дах сум дундын ойн ангид 855’900 төгрөгөөр өнгөт принтер авсан, мөн байгууллагын ажилчдын хувцасны мөнгө болох 200’000 төгрөгийг өгсөн, бас хувцасны мөнгөний үлдэгдэл тэмцээн уралдаанд орох үеийн бооцооны мөнгө болох 360’000 төгрөгийг байгууллагын инженер Б.Халиунаагийн дансанд шилжүүлсэн. Мөн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр бүх нийтийн цэвэрлэгээ хийх үед байгууллагын ажилчдад зориулж 30’000 төгрөгөөр ус ундаа, хүнсний зүйлд зарцуулсан. Харин үлдсэн 1’635’188 төгрөгийг би хувьдаа зарцуулсан асуудал байгаа. Би өөрийн гаргасан асуудлыг хүлээн зөвшөөрч байна, холбогдох баримт материалыг гаргаж өгнө” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас) зэргээр шүүгдэгч Б.Энхзаяа нь Ховд аймгийн Сум дундын ойн ангийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарыг хүртэлх хугацаанд үндсэн цалингийн 40 хувиар цалинжих тушаалтай байхад цалингаа бүтнээр бодож 8’851’805 төгрөг, туслах үйл ажиллагааны орлогыг хувийн харилцах дансаар дамжуулан авч 1’861’188 төгрөгийг хувьдаа ашиглаж Ховд аймгийн Сум дундын ойн ангид нийт 10’712’993 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 

Итгэмжлэн хариуцсан этгээд гэж иргэн, хуулийн этгээдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Энхзаяа нь Ховд аймаг дахь сум дундын Ойн ангийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тухайн байгууллагын төсвийн болон төсвийн бус хөрөнгийг итгэмжлэн хариуцаж байжээ.

Хөрөнгө завших гэдэг нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд дур мэдэн хууль бусаар авч, хувийн зорилгодоо хэрэглэсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл бөгөөд шүүгдэгч Б.Энхзаяа нь өөрийн цалинг илүү хувиар бодож өөртөө авсан, мөн үйл ажиллагааны орлогыг хувийн хэрэгцээндээ ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг агуулж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар “үлэмж хэмжээний хохирол” гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно. Тодруулбал шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 10’712’993 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ.

3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэдэг нь хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа бусдын хөрөнгийг завших үйлдэлдээ давуу тал болгон ашигласныг ойлгоно. Шүүгдэгч Б.Энхзаяа нь Ховд аймаг дахь сум дундын Ойн ангийн нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд тэрээр хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргийнхээ хүрээнд тус байгууллагын орлогыг өөрийн дансанд төвлөрүүлж, цалинг тооцож олгох эрхээ давуу байдал болгож ашигласан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангажээ.

3.3. Шүүгдэгч Б.Энхзаяагийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Б.Энхзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

4.1. Шүүгдэгч Б.Энхзаяагийн үйлдлийн улмаас хохирогч Ховд аймаг дахь сум дундын Ойн ангид нийт 10’712’993 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учирсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Энхзаяа Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны буюу төрийн сангийн **************** тоот дансанд 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 500’000 төгрөг (хавтаст хэргийн 104 дүгээр хуудас), 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 940’000 төгрөг (хавтаст хэргийн 113 дугаар хуудас),  2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 1’540’000 төгрөг (хавтаст хэргийн 114 дүгээр хуудас), 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 1’100’000 төгрөг (хавтаст хэргийн 115 дугаар хуудас), 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 4’000’000 төгрөг (хавтаст хэргийн 116 дугаар хуудас); 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 2’633’000 төгрөг буюу нийт  10’713’000 төгрөгийг шилжүүлсэн болох нь мөнгөн шилжүүлэг гэх баримтуудаар нотлогджээ.

Тодруулбал шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн байна.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Б.Энхзаяа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Мөрдөгч шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 99 дүгээр хуудас), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хавтаст хэргийн 100 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 101 дүгээр хуудас), гэрч Э.Баярмаагийн мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 95 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргээр шүүгдэгч Б.Энхзаяа нь нөхөр бага насны хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, тодорхой эрхэлсэн ажилтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Улсын яллагч “...шүүгдэгч Б.Энхзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10’000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10’000’000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх санал;

- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10’000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10’000’000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд буюу 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэх санал;

- Шүүгдэгч “...торгуулийн ял оногдуулж, сар бүр төлөхөөр шийдвэрлэж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялын аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.

Шүүгдэгч Б.Энхзаяад торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тодорхой эрхэлсэн ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгчид 10’000 (арван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10’000’000 (арван сая) төгрөгөөр торгох торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болохоор хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Энхзаяагийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 101 дүгээр хуудас)-оор шүүгдэгч нь Ховд зочид буудалд сарын 600’000 төгрөгийн үндсэн цалинтай, нягтлан бодогчийн ажил эрхэлдэг болох нь тогтоогдсон.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан саналыг хангаж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 25 (хорин тав) сарын хугацаанд буюу сар бүр 400’000 (дөрвөн зуун мянган) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

4. Мөрдөгч 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүгдэгч Б.Энхзаяад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 55 дугаар хуудас) авсан байна. Шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

5. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Энхзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Энхзаяаг 10’000 (арван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10’000’000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Энхзаяад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 25 (хорин тав) сарын хугацаанд буюу сар бүр 400’000 (дөрвөн зуун мянган) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван таван) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт баривчлагдаагүй, цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.МӨНХЗАЯА