| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2024/0130/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/138 |
| Огноо | 2024-06-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго, шинжээч эмч *******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******** дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго “шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***** гэх баарны гадна шалтгаангүйгээр хохирогч *******ийн нүүр рүү нь мөргөж биед нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд, доод зовхи, хамрын хэсэг, хоёр хацрын дээд хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны баруун хэсгийн цус хуралт бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас), хохирогчийн мэдүүлэг (хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас), шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас), согтолтын зэрэг тодорхойлсон тэмдэглэл (хавтаст хэргийн 18- 19 дүгээр хуудас), хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар хуудас), гэрч *******гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас), шинжээчийн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар хуудас), гэрч *******ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас), прокурорын тогтоол (хавтаст хэргийн 43 дугаар хуудас), яллагдагчийн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас), хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дугаар хуудас) зэргийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******: Хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 62 дугаар хуудас), шүүгдэгчээс хохирогчийн ******** тоот дансанд 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 1’000’000 төгрөг шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 66 дугаар хуудас) зэргийг тус тус шинжлэн судалсан, шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
2.1. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай “...*******оос 2024 оны 04 дүгээр сарын 11-ний шөнийн 03 цаг 40 минутад гаргасан: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***** баарны гадна иргэн ******* миний нүүр хэсэгт мөргөж миний биед халдсан” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);
- Хохирогч *******ийн “...Манай найз болох *******ийн төрсөн өдөр 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр болоод найзуудын хамт гадуур явж байгаад найз *******ийг орой гэрт нь хүргэж өгчхөөд Эрдэнэбат гээд дүүгээ дуудаад өөрийнхөө автомашиныг бариулаад *** бааранд ороод Јак гэх виски аваад уугаад сууж байсан. Яг юунаас болсноо мэдэхгүй байна, баарнаас гараад гадна үүдэнд нь зогсож байсан чинь нэг залуу миний хажуу талд зогсож байгаад миний нүүр хэсэгт мөргөсөн. Тэгэхээр нь би ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй. Тухайн үед баарны хамгаалагч гэх залуу ирээд бид хоёрыг салгаж байсан. ...Намайг цохисон залууг би танихгүй урьд өмнө харж байгаагүй. Тэр залуу эхлээд миний толгой буюу нүүр рүү мөргөсөн. Би нүүрээ дараад тонгойтол нүүр хэсэг рүү өшиглөчих шиг болсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар хуудас);
- Гэрч *******гийн “...Миний бие тухайн өдөр *** бааранд хамгаалагчаар ажиллаж байсан ба орой баар хаах үеэр манайхаар үйлчлүүлж байсан 2 залуу эхлээд баарны дотор талын үүд буюу нойлын хажуу талд нэгнийгээ мөрлөж байгаад болиод баарнаас гарсан. Тэгэхээр нь би яасан юм бол гэж бодоод араас нь гартал намхан бор залуу нь өндөр шар ахыг бариад авчихсан цохиж байхаар нь би очиж салгасан. Нөгөө цохиулсан ахын хамраас цус гараад өөрөө арчиж байсан. Нөгөө цохиулсан ах цагдаад дуудлага дуудаад хэсэг хугацааны дараа цагдаа нар ирээд тэр хоёрыг аваад явсан. Намайг хойноос нь гараад очсон чинь нэг нэгнийгээ заамдаад авчихсан байсан ба очих хооронд намхан залуу нөгөө ахыг нэг удаа өөр рүүгээ татаад толгойгоороо нүүр рүү нь нэг удаа мөргөсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас);
- Гэрч *******ийн “...Миний бие 2024 оны 04 дүгээр сарын 10-ны орой гэртээ байж байтал над руу ******* залгаад *** бааранд байна ирээд намайг аваадах” гэхээр нь очсон. Би очоод баарны гадна талд *******той уулзчихаад түрүүлээд баар руу орох гээд явж байтал ард талд нэг залуу *******ийн хажуугаар өнгөрөх гэж байтал намайг цохичихлоо гэхээр нь яасан юу болсон гэж асуусан чинь “миний хажуугаар өнгөрч байгаад миний нүүр рүү цохичихлоо” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас);
- Шүүгдэгч *******н гэм буруугаа хүлээж, яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр би эхнэр болон эхнэрийн нэг найзын хамт бид гурав *** клуб нэртэй бааранд ороод бүжиглэж байгаад дээшээ 2 давхар руу гардаг шатаар гарсан. Тухайн шат дээр нэг залуу надтай зөрөх гэж байгаад намайг мөрлөхөөр нь “яаж байгаа юм бэ” гэсэн чинь “яадаг юм, гарья” гэхээр нь дагаад гарсан. Тэгтэл хажуудаа гурван залуутай явж байсан. Бид 2 баарны гадна талд маргалдаад зогсож байтал миний эхнэр хойноос гэрч ирээд боль гээд намайг дагуулаад баар руу ороод сууж байтал нөгөө залуу хойноос орж ирээд миний эсрэг талыг ширээн дээр сууж байсан. Би бүжиглэх гээд бүжгийн талбай дээр очтол дахиад миний хажууд ирээд намайг шүргээд хажуугаар өнгөрөөд явсан. Би хэсэг хугацааны дараа тамхи татах гээд гараад баарны гадна талын шат дээр зогсож байтал миний араас ирээд намайг түлхсэн. Тэгэхээр нь би толгойгоороо эргээд хартал өөрөө мөргөсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас) зэргээр 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** гэх баарны гадна шүүгдэгч *******, хохирогч ******* нар архидан согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар шүүгдэгч хохирогчийн хамар хэсэгт нэг удаа мөргөсөн үйл баримт тогтоогдож байна.
2.2. Хохирогч *******ийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дугаартай “...*******ийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд, доод зовхи, хамрын хэсэг, хоёр хацрын дээд хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны баруун хэсгийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. *******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. *******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...*******ийн биед учирсан хамар ясны хугарал нь хуучин, харин бусад дээрх гэмтлүүд нь үзлэг хийгдсэн өдрөөс өмнө 4-5 хоногийн дотор үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас);
- Шинжээч эмч *******гийн “...Иргэн *******ийн биед учирсан зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд, доод зовхи, хамрын хэсэг, хоёр хацрын дээд хэсгийг хамарсан цус хуралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Хэрэг учрал болсон гэх хугацаа буюу 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үүссэн байх боломжгүй түүнээс урьд үүссэн хуучин гэмтэл байсан. Үзлэг хийхэд иргэн *******ийн эмнэлэгт үзүүлсэн гэх баримтыг авч үзэхэд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн толгойн тодосгогчгүй КТГ-ын хариунд “...хамар ясны зүүн талд 2,5x0,3 см хэмжээтэй +578-+690 НII нягттай мэс заслын дараах гаднын биеттэй уг гаднын биет дунд 1/3 хэсгээрээ шинэ цөмөрсөн хугаралттай байхаар тодорхойлогдоно...” гэх эмчийн хариу байсан ба гаднын биет гэдэг нь тухайн хүний өөрийнхөн хамар ясны хугарал биш харин урьд нь хамар ясны гэмтэл аваад суулгаж байсан гаднын биет нь шинэ хугарсан гэсэн утга бүхий хариу байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар хуудас) зэргийг дээр тогтоогдсон үйл баримтуудтай харьцуулан дүгнэвэл: Хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу шүүгдэгч хохирогч руу хүч хэрэглэн довтолсон үйлдлийн улмаас учирсан байна.
Тодруулбал шүүгдэгчийн хууль бус довтолгооны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ.
2.3. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** гэх баарны гадна шүүгдэгч *******, хохирогч ******* нар архидан согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар шүүгдэгч хохирогчийн хамар хэсэгт нэг удаа мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны болон хуулиар зөвшөөрөгдөхгүй үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.
2.2. Бусад хүн рүү чиглэсэн цохих, өшиглөх, мөргөх зэрэг аливаа үйлдлийг санаатай үйлдэл гэж үздэг. Учир нь ердийн ухамсрын хүрээнд уг үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл буюу хохирол учирч болохыг тухайн этгээд мэдэх ёстой буюу мэдсэн гэж үздэг. Тодруулбал шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулахыг мэдсээр байж хохирогчийн хамар хэсэгт мөргөсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
2.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгч *******н үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул шүүгдэгчийн үйлдэл уг гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байна.
2.4. Хохирогчийн биед халдсан шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч *******н үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч *******ийн дахин өгсөн “...Надад иргэн ******* хохирлын мөнгө гэж 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 1’000’000 төгрөг өгсөн ба миний бие цаашид Улаанбаатар хотод очиж хамрын хагалгаанд орох шаардлагатай тул гарсан эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 60 дугаар хуудас), 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 100’000 төгрөг, 900’000 төгрөгийг ******** тоот данс руу шилжүүлсэн гэх агуулгатай баримт (хавтаст хэргийн 66 дугаар хуудас), шүүгчийн туслах хохирогчид шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд “хохирол, гомдол, санал байхгүй” гэж хариулсан байх (хавтаст хэргийн 100 дугаар хуудас) тул шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй байна.
Улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх санал гаргажээ. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх эсэх нь түүний хүсэл зориг юм. Хохирогч “хохирол, гомдол, санал байхгүй” гэсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх шаардлагагүй гэж дүгнэв.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч *******н хувийн байдлын талаар шүүгдэгчийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 62 дугаар хуудас), гэрч гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дугаар хуудас), гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргээр шүүгдэгч ******* нь эрхэлсэн тодорхой ажилтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Улсын яллагч “...Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх санал;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600’000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү. Уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэж өгнө үү” гэх санал тус тус гаргасан, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.
Шүүгдэгч *******д торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хохирогчийн биед нэг удаагийн үйлдлээр халдсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
3.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй. Мөн тус зүйлийн 160.2 дахь хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаа дуусгавар болоход шүүгдэгч торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, шүүгдэгчийн саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болохоор журамласан.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар торгох ялыг 120 хоногийн хугацаанд хэсэгчлэн, эсхүл бүтнээр нь биелүүлэх хууль зүйн боломжтой байхад шүүхээс уг хугацааг богиносгож, түүний эрх зүйн байдлыг дордуулж болохгүй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгчид оногдуулах торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэх агуулгатай саналыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т зааснаар торгох ялыг 120 хоногийн хугацаанд төлөх боломжтой бөгөөд тус зүйлийн 160.3-т зааснаар уг хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулан тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлдэг журамтай бие даасан процесс болохыг дурдах нь зүйтэй.
3.3. Мөрдөгч 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас) авсан байна. Шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
4. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *******г энэ хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, цагдан хориогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
4. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА