Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 1029

 

2020             8              13                                        2020/ДШМ/1029                                

 

     Б.Бд холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Мягмаржав, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Мөнхтуяа,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/1042 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Л.Галавын бичсэн эсэргүүцлээр Б.Бд холбогдох эрүүгийн 2006002691284 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

             

 

          Орхон аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29, 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 180,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн.

 

          Б.Б нь 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Жанжины 25-534 тоотод А.Аийн зүүн талын гарын ар хэсгийг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж,  хэргийг шүүхэд шилжүүлжээ.           

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Л.Галав бичсэн эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүх тогтоох хэсгийн 2 дахь заалтаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэн, тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтаараа торгох ялыг эдлүүлэх талаар заасан нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх заалтыг зөрчиж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэл тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 1042 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэгт буцааж өгнө үү.” гэжээ. 

 

Прокурор П.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялаас чөлөөлж шийдвэрлэсэн. Хэдийгээр ялаас чөлөөлсөн боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтад торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх, мөн хорих ялаар солих талаар заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх заалтыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэгт буцаахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Тодруулбал, прокуророос Б.Бг 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Жанжины 25-534 тоотод А.Аийн зүүн талын гарын ар хэсгийг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Үүнээс үзэхэд анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бг ямар үндэслэлээр, ямар хуулийн зүйл, заалт баримтлан торгох ялаас чөлөөлсөн талаар дүгнээгүй, мөн торгох ял оногдуулаагүй атлаа шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгийн торгох ялаас чөлөөлж, мөн торгох ялаас чөлөөлсөн байтал шийтгэх тогтоолын 3, 4 дэх заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр, шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчигдсөн байна.

 

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 1042 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Бд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧ                                                               Д.МЯГМАРЖАВ

                                    ШҮҮГЧ                                                               Б.БАТЗОРИГ