Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 00023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 Нарийн бичгийн дарга                            С.Баянжаргал

 Улсын яллагч                                              Б.Эрхэмбаатар

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                           С.Сувдаа

 Шүүгдэгч                                                      Д.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Ганболдод холбогдох 201618020207 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Монгол Улсын харъяат, 1976 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сум 3 дугаар баг Гандангийн 17 тоотод оршин суух, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №108 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Доржийн Ганболд /РД:М376033071/

Шүүгдэгч Д.Ганболд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Халиарын зоо гэх газарт 2016 оны 10 дугаар сарын 16-ны өглөө 09-10 цагийн орчим улсын дугааргүй 3ил-131 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.1, 21.7, Замын хөдөлгөөний дүрмийн хоёрдугаар хавсралтын 4.4 дэх хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчин осол гаргаж иргэн Б.Дөлгөөний амь нас хохирсон, хохирогч Ц.Мягмярсүрэнгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэрэгт холбогджээ

 

Тодорхойлох нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ганболд мэдүүлэхдээ: ... Би 2016 оны 10 дугаар сарын 13-нд Зүүнхараагаас халиарын зоо гэдэг газар руу самарт явсан. Тэгээд замдаа 3 хоноод халиарын зоо гэдэг газрын наана 500 метрийн наана бид хоносон. Их огцом өгсүүр газар байсан. Өглөө гэгээтэйд өгсөе гээд хоносон. Тэр шөнөдөө цас орсон. Өглөө нь хоол цайгаа хийж идчихээд хүмүүстээ цас орсон байна. Усны гутлаа өмсөөрэй. Нимгэн хувцаслаарай гэж бүгдэд нь хэлсэн. Цааш явж байгаад огцом өгсүүрийн наана ирчихээд бүгд буугаарай гээд машинаа 10-аад минут янзалсан. Диск нь жаахан болохгүй байсан. Тэгээд машинаа асаагаад хий хурааж байгаад өгссөн. Замын хажуугаар сууж байсан хүмүүс дээшээ алхаж байсан. Би бүгд буусан байх гээд дээшээ өгссөн. Тэгээд машины туслах хүндрүүлэгч мултраад хойшоо гулгаад мод мөргөөд 6 дугуй нь дээшээ хараад онхолдсон. Манай хүмүүс эхнэр бид хоёрыг гаргаж авсаны дараа тэвшин дээр хүмүүс байсан байна ш дээ гээд хашгиралдсан. Тэгээд сандраад эвдэрсэн поошигны тэндээс хүмүүсээ гаргаад эвдрээгүй поошигны талд Дөлгөөн даруулсан байсан. Тэгээд поошгийг хөрөөдөж байгаад гаргахад ухаангүй, амьсгалахгүй байсан. Тэгээд араас явж байсан машинаа гуйж бүх хүмүүсээ ачаад Зүүнхараагийн эмнэлэг бараадсан. Ирээд намайг цагдаагийнхан зам шалгалтаар аваад явсан гэх.

            Мөрдөн байцаалтанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Батпүрэв мэдүүлэхдээ: ...Манай талийгаач хүү Дөлгөөн Зүүнхараа руу явахдаа надад өөрт хэлээгүй, дүү нартаа Зүүнхараа руу ажил хийхээр явлаа гэж хэлээд явсан байсан. Самарт явсан талаар нь хэн ч мэдээгүй байсан. Тэгсэн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 10 цаг 30 минутын орчим над руу танихгүй хүн утасдаж “Дөлгөөн нас барчихлаа та Зүүнхараагийн цагдаа дээр ирээрэй” гэж хэлсэн юм...Ингээд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн орчим Зүүнхараад ирж орой 17 цагийн орчим Дөлгөөнийг нас барсаныг мэдэж шарилыг аваад Орхон аймаг руу явсан. Ажил явдал нь Орхон аймагт болсон...Талийгаачийн ажил явдалд 5.000.000 төгрөг зарцуулсан. Нас барсан өдрөөс хойш 21 хоногт нь 1.200.000 төгрөгийн зардал гаргаж ном уншуулсан. Хүүхэд нохой хооллож буян үйлдсэн юм. Би хохирлын баримт нотолгоо цуглуулж чадаагүй зах дээрээс очоод юм авахаар баримт бичиг өгдөггүй юм байна лээ. Би 6200000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг/хх-ийн 21-22-р хуудас /

            Мөрдөн байцаалтанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Мягмарсүрэн мэдүүлэхдээ: ... манай хүү Сугар Зүүнхараад оччихоод 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр утасдаж “Ээж самарт явах тогооч хэрэгтэй гэнэ та хамт явах уу өдөрт 30000 төгрөгийн цалин өгнө гэнэ” гэхээр нь зөвшөөрөөд 2016 оны 10 дугаар сарын 10-аас 2016 оны 10 дугаар сарын 11-нд шилжих шөнө Зүүнхараад галт тэргээр 02 цаг 30 минутанд ирсэн юм. Намайг Зүүнхараад ирээд хоёр хоног өнгөрч 2016 оны 10 дугаар сарын 13-ны орой Зүүнхараагаас уул руу 3ил-131 загварын машинтай явцгаасан юм. Замдаа 3 хоног явж байж Халиарын зоо гэдэг газарт очиж уулын бэлд нь хоносон юм. Бид нарыг Халиарын зоо гэх уулын бэлд хоноход цас орж хоносон юм. Маргааш өглөө нь буюу 2016 оны 10 дугаар сарын 16-ны өглөө босоод хоол унд хийж идээд байж байтал жолооч Ганболд “За та нар хөнгөн нимгэн хувцас, усны гутлаа өмсөөд явганаар уул руу өгсөөрэй” гэж хэлсэн. Тэгээд тэр үед хүмүүс машинаас буугаад уул руу явган өгссөн юм. Би Оюунжаргал, Баттулга хоёртой хамт Ганболдын Зил- 131 машины тэвшин дээр үлдсэн юм. Тэгээд машин уулын өөдөө өгсөхдөө тороосоор татаж гарна гэж хүмүүс ярилцаад байх шиг болохоор нь Оюунжаргал бид хоёр “Хүүе ээ тороос нь тасраад нүүр ам шавхуурдаж магалгүй ерөөсөө бууя” гэж ярилцаад байж байтал Дөлгөөн гэдэг залуу усны гутлаа өмсөхөөр машины тэвшин дээр гарч ирээд гутлаа авч байтал машин гэнэт уулын өөдөө ухас хийгээд өгсөөд хөдөлсөн юм. Машин уулын өөдөө өгсөж байхад тэвшин дээр нь Оюунжаргал, Баттулга,, талийгаач Дөлгөөн бид дөрөв сууж явсан юм. Тэр үед Дөлгөөн “манай машин мундаг ш дээ ийм хүчтэй” гэж яриад явж байтал машины нэг юм нь тас хийгээд дуугарч машин уулын уруу хойшоогоо маш хурдтай ухарч мод мөргөөд онхолдсон. Машин онхолдоод зургаан дугуй нь дээшээ хараад зогсоход бид нар тэвшин доор нь дарагдсан байсан. Тэгтэл хүмүүс гүйж ирээд бид нарыг гаргасан. Би маш их шоконд ороод юу болоод байгааг мэдэхгүй байж байтал Дөлгөөн гэдэг залуу нас барчихсан юм байна лээ...Одоогийн байдлаар 769.200 төгрөгийн зардал гаргаад байна. Жолооч Д.Ганболдоос эмчилгээний зардал мөнгөндөө 1.300.000 төгрөг авсан...гэх мэдүүлэг/хх-ийн 35-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч, иргэний нэхэмжлэгч Г.Оюунжаргал мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шөнө 02 цагийн галт тэргээр Зүүнхараад нөхөр Анхбаяр, ах Баттулга нарын хамт самранд явахаар ирсэн. Тэгээд бид нар тус өдрийнхөө орой 22 цагийн үед Зүүнхараагаас 3ил-131 загварын тээврийн хэрэгсэлтэй, 17-уулаа гарсан...3амдаа 3 хоног яваад Халиартын давааг өгсөөд явж байтал жолооч Ганболд машинаа зогсоогоод тэвшин дээр байгаа хүмүүс буугаарай гэсэн. Тэгээд тэвшин дээрх ихэнх хүмүүс буусан. Би хүмүүсийг буугаад дуусахаар нь ОО-н цаас аваад бууя даа гэж бодоод байж байтал машин хөдлөөд явсан. Тухайн үед тогооч эгч, Баттулга ах бид гурав тэвшин дээр байсан. Хөдлөхөөс өмнө талийгаач Дөлгөөн гутлаа солих гээд тэвшин дээр гараад ирсэн байсан юм. Давааг өгсөөд явж байтал машиных нь нэг юм дуугараад машин хойшоо уруудаад мод мөргөөд хөмөрч осолдсон...Надад нэхэмжлэх зүйл гэвэл эмнэлэгт үзүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 29, 36-р хуудас/   

            Мөрдөн байцаалтанд гэрч Д.Батболд мэдүүлэхдээ: ...2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн орой 22 цагийн үед Зүүнхараагаас самранд явахаар 3ил-131 загварын тээврийн хэрэгсэлтэй 17-уулаа гарсан. Замдаа 3 хоноод Халиартын даваа өгсөөд явж байтал жолооч Ганболд машинаа зогсоогоод бид нарыг тэвшин дээрээс буугаарай гээд буулгасан. Бид нар буугаад замын 2 талаар явж байсан. Удалгүй Ганболд машинтайгаа даваа өгсөөд хөдөлсөн. Тэгсэн гэнэт нэг юм таг гээд дуугарсан. Тэгсэн машин давааны уруу ухраад явж байснаа мод мөргөөд хөмрөөд осол болсон. Ослын дараа бид нар машин дээр очиход машины 4 дугуй дээшээ харсан хөмөрсөн байдалтай байсан. Бүхээгнээс Ганболдыг эхнэртэй нь гаргаад тэвшний доороос хүмүүс гаргаад байж байтал талийгаач Б.Дөлгөөн тэвшний хойд хэсэгт цээжээрээ тэвшинд даруулсан ухаангүй байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч А.Батзориг мэдүүлэхдээ: ...2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр самар түүх газар руу 17 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Ингээд замдаа Ерөөгийн халуун рашаан дээр 1 хоноод мөн Халиарын зоо гэх газар очиж 1 хоноод өглөө нь босож хоол цай хийж идчихээд хөдөлсөн. Уулын өөд гарах гээд Ганболд ах машинаа зогсоогоод дээр сууж явсан хүмүүсээ буугаарай дээшээ өгсөнө шүү гээд дээр сууж явсан хүмүүсээ буулгасан...Машин дээрээс буусан хүмүүс замын хоёр талаар алхаад уулын өөд явж байхад Ганболд ах машиныхаа доод талаар ороод эд ангиа шалгаж үзээд байх шиг байсан. Ингээд машинаа асаагаад хөдөлж яваад уулын орой дээр гарах үед гэнэт так гээд явчихсан машин хойшоо өнхрөөд ирсэн. Жолооч Ганболд ах жолооны хүрдээ дараад машинаа зогсоох гээд машиныхаа бөгсөөр мод мөргүүлсэн боловч эхний мод нь хугараад унасан. Дахиад нэг мод бөгсөөрөө мөргүүлсэн чинь мод нь машин нь хажуу талаараа унаад дээшээ харсан...Тэвшин дор дарагдсан хүмүүсийг гаргаж авахын тулд тэвшний модыг нь ханз татаж аваад дороос нь хүмүүсийг гаргасан. Талийгаач тэвшин дор цээжээрээ дарагдсан байхаар нь тэвшний модыг нь хөрөөдөж аваад талийгаачийг гаргахад нас барсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч С.Даваадорж мэдүүлэхдээ: ...Ганболд жолооч уул өөд өгсөж яваад тэвшин дээр сууж явсан хүмүүсээ бүгдийг нь буу гээд буулгаад машины араас дагаж явж болохгүй шүү хажуу талд нь дагаад яваарай гэсэн. Ингээд тэвшин дээр сууж явсан хүмүүсээс тогоочоор явсан 2 эмэгтэй буугаагүй мөн 1 настай эрэгтэй хүн буугаагүй үлдсэн. Талийгаач залуугийн хувьд уул нь буучихсан алхаад явж байснаа буцаад суучихсан байсныг бид нар мэдээгүй. Машины тэвшин дээрээс буусан хүмүүс уулын мод руу ороод алхаад явж байтал гэнэт машины араа мултарч байгаа чимээ сонсогдоод так гээд явчихсан. Бид нар модноос гараад хартал машин хойшоо хүч алдаад ухраад уруудчихсан. Тэгээд жолооч машиныхаа жолооны хүрдийг хажуу тийш нь дараад машиныхаа бөгсөөр мод мөргүүлж зогсоогоод цаашаа хөндөлдөөд унасан. Энэ үед талийгаач машины тэвшин дор дарагдсан байдалтай нас барсан байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 39-р хуудас/

Мөрдөн байцаалтанд шүүгдэгч Д.Ганболд мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 16-ны өглөө 07 цагт босоод хоол цай хийж хүмүүс хоол цайгаа идэж бөөндөө сууж байхаар нь би “за та нар одоо нимгэн хувцас усны гуталтайгаа өмсөөд уулын өөд явган алхаж гараарай машины урд хойно явж болохгүй хажууд явахаар бол холхон яваарай” гэж хэлээд хүмүүсийг ачиж уулын яг өгсдөгийн тэнд очиж зогсоод буулгасан юм. Тэгээд цаашаа хөдөлж нэг тэгшхэн газар дээр гараад машинаасаа бууж доогуур нь ороод дискээ чангалж 15 минут орчим болсон. Машин дээр байгаа хүмүүс буугаарай гэж хэлчихээд машинаа асааж хий хураалгаж зогсож байгаад уулын өөдөө өгссөн юм. Тэр үед машины кабинд манай эхнэр Амаржаргал бид хоёр л сууж явсан. Өгсөөд явж байтал машины хурдны хайрцгийн хүндрүүлэгч буюу Растачик гэнэт мултарч машин уулын уруу алдахаар нь би хоёр гар кардан, тоормос гишгэсэн боловч гулгаад эрчээрээ хойшоо давхиж яваад мод мөргөөд онхолдсон. Машины кабинаас би эхэлж гараад Амаржаргалыг татаж гаргаад байтал нэг хүүхний н/үр нь халцарчихсан тэвшин доор гурван хүн байгаа шүү дээ гэж хэлэхээр нь би эхлээд хоёр хүнийг гаргаж аваад байтал Дөлгөөн гэдэг залуу доошоо харчихса- байрлалтай тэвшний ирмэг далан дээр нь гарчихан ямар ч хөдөлгөөнгүй болчихсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 115-р хуудас/

Шинжээчийн 231 дүгээр дүгнэлт: Г.Оюунжаргалын биед тархи доргилт, зүүн мөрөнд цус хуралт, хөмсөг, хацрын зүүн хажуу хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо ...дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна./хх-ийн 68-р хуудас/

Шинжээчийн 236 дугаар дүгнэлт: Ц.Мягмарсүрэнгийн биед тархи доргилт, өгзөгний 2 талд шарх, цээж, нуруу, өгзөгөнд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. ...дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 73-р хуудас/

 Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн акт ...талийгаач Б.Дөлгөөний цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр баруун 1,2,3,4-р хавирга, зүүн 2,3-р хавирганы хугарал, зүүн уушигны гялтан хальсны хатгагдсан гэмтэл, цус хуралт, элэгний язралт, хуйхны дотор гадаргуу, духанд цус хуралт, баруун мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. Талийгаач Б.Дөлгөөний биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач Б.Дөлгөөн нь зам тэвэрийн ослын улмаас хавирганы хугарал гэмтэл нь уушгийг гэмтээж амьсгалын хурц дутагдлаар нас баржээ. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байсан байна гэх дүгнэлт /хх-ийн 60-р хуудас/

Шүүх эмнэлгийн нэмэлт үзлэг хийсэн акт №18: Мягмарсүрэнгийн биед сээрний 12-р нугалмын шахагдсан хугарал, тархи доргилт, өгзөгний 2 талд шарх, цээж, нуруу, өгзгөнд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжгой. Зам тээврийн ослын үед үүсэх боломжтой гэмтэл юм. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 94-р хуудас/

Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт №126: Жолооч Д.Ганболд нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.Хүн тээвэрлэх 21.1 .Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино. 21.7.Хүн тээвэрлэхэд зориулан тоноглоогүй ачааны автомашины тэвшинд зөвхөн тухайн ачааг дагалдан буюу хүлээж авахаар яваа хүмүүсийг /тэвшний дээд ирмэгээс нам зассан суудалд/ суулгаж явахыг зөвшөөрнө гэсэн заалтуудыг...Жолооч Д.Ганболдын жолоодон явсан 3ил-131 загварын тээврийн хэрэгсэл нь...Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 4.Хөдөлгүүр, хүч дамжуулах анги. 4.4.Хурдны хайрцгийн араа...өөрөө салдаг...гэсэн гэмтэлтэй байна. Жолооч Д.Ганболд нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.1, 21.7, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 4.4 гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлсэн...гэх дүгнэлт /хх-ийн 102-рхуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10-р хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-19-р хуудас/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 64-66-р хуудас/, Д.Ганболдын сэжигтэн, яллагдагчаар тооцон байцаасан тэмдэглэлүүд, хувийн байдлыг тогтоосон баримт ял шалгах хуудас /хх-ийн 111-117-р хуудас/, жолооны үнэмлэхний хуулбар /хх-ийн 119-р хуудас/ багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 118-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 119-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 120-124-р хуудас/, хохирч Ц.Мягмарсүрэнгийн хохиролын баримтууд /хх-ийн 125-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан баримтаар:

 

Шүүгдэгч Д.Ганболд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Халиарын зоо гэх газарт 2016 оны 10 дугаар сарын 16-ны өглөө 09-10 цагийн орчим улсын дугааргүй 3ил-131 маркын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.Хүн тээвэрлэх 21.1 .Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино. 21.7.Хүн тээвэрлэхэд зориулан тоноглоогүй ачааны автомашины тэвшинд зөвхөн тухайн ачааг дагалдан буюу хүлээж авахаар яваа хүмүүсийг /тэвшний дээд ирмэгээс нам зассан суудалд/ суулгаж явахыг зөвшөөрнө гэсэн заалтуудыг...Жолооч Д.Ганболдын жолоодон явсан 3ил-131 загварын тээврийн хэрэгсэл нь...Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 4.Хөдөлгүүр, хүч дамжуулах анги. 4.4.Хурдны хайрцгийн араа...өөрөө салдаг.. гэмтэлтэй байсан.Мөн жолооч Д.Ганболд нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.1, 21.7, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 4.4 гэсэн заалтуудыг  тус тус зөрчин уулын өгсүүр замд машины туслах хүндрүүлэгч  мултарч машин  арагшаа чаргалж гулгаж 6 дугуй дээш харан онхолдоход тэвшин дээр зочин явсан 24 настай иргэн Б.Дөлгөөн машины тэвшинд дарагдан амь нас хохирсон, мөн  47 настай иргэн Ц.Мягмарсүрэнгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан болох нь нотлогдон тогтоогдож байна. Хэргийн зүйлчлэл тохирсон. Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн дагуу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв. Шүүгдэгч Д.Ганболд нь 2007 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-ээр 05 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэн хорих ял эдэлж байгаад 2009 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдасан, ялтайд тооцогдох хугацаа буюу Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д заасан “ялтай байдал “ нь 2015 оны өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан зүйл хэсэгт хамаарч  байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Анх удаа, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр  хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан  хохиролд нас барагчийн хууль ёсны төлөөлөгч  төрсөн эцэг С.Батпүрэвт 5000000 төгрөг, оршуулгын зардалд 1200000 төгрөг нийт 6200000 төгрөг төлсөн, мөн хохирогч Ц.Мягмарсүрэнд баримтаар цугларсан хохиролд 597000 төгрөг, бэлнээр 1300000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Оюунжаргалд 300000 төгрөгийг тус тус төлсөн. Г.Оюунжаргал, Ц.Мягмарсүрэн нараас эмчилгээний зардлаа авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлтийг   нотариатаар гэрчлүүлж ирүүлсэн. Шүүгчдэгч Д.Ганболдын хийсэн  хэрэгтээ гэмшиж, хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч тал ял шийтгэлийн талаар гомдол саналгүй зэрэг байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Шүүгдэгч Д.Ганболд нь цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Ганболдын ¹112108 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх зэргийг тогтоолд тусгах нь зүйтэй байна.

           

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283,284,286,290 дугаар зүйлийн 290.3,294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Доржийн Ганболдын тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохирсон, нэг хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар Д.Ганболдын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 03 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Д.Ганболдод оногдуулсан 03 жил, 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.Ганболдод оногдуулсан 03 жил, 10 хоногийн  хорих ялыг тэнсэж, 1 жил, 06 сарын хугацаагаар хянан харгалзаж, ялтанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, төлөх төлбөргүйг дурьдсугай.

5.Шүүгдэгч Д.Ганболдын №112108 дугаарын жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг ерөнхий шүүгчийн туслах Д.Төр-Амгаланд даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ганболдод урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.    

8.Эрүүгийн байцан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий  этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол,эсэргүүцлийг Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ                                Б.АЛТАНЦЭЦЭГ