Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2021/00830

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2021/00830

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Э ХХК /РД:4255801/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Ү  ХХК /РД:5282942/,

 

Хариуцагч: Н ХХК нарт холбогдох

 

Гэрээний үүрэгт Ү  ХХК-иас 577.910.010 төгрөг, Н ХХК-иас 142.574.308,5 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э , түүний өмгөөлөгч Д.М , хариуцагч Ү  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З , түүний өмгөөлөгч Б.М , хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э  ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э ХХК нь Ү  ХХК-тай харилцан тохиролцож 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах 2017/03 дугаартай гэрээ хийж, Ү  ХХК-д К /Case IH Magnum/ загварын трактор 1 ширхэг, К  АТХ400 /Case IH ATX400/ загварын үрлэгч 1 ширхэгийг хүлээлгэн өгсөн. Худалдсан техникүүдийн нийт үнэ 409.000 ам.доллар болсон. Дээрх гэрээний дагуу Ү  ХХК манай компанид 100.000 ам.доллар өгсөн байдаг ба үлдэгдэл мөнгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул мөнгөө өгөхийг шаардахад тус компани Н  ХХК-иас авлагатай тул танай үлдэгдэл төлбөрийг Н ХХК өгөхөөр болсон гэсэн. Удалгүй Н  ХХК-ийн захирал Ц.Б манай компанийн хувьцаа эзэмшигч н.Б руу ярьж Ү ХХК-ийн захирал н.М  хэлснээр танай мөнгийг манайх өгөх болсон, танайх манай компанитай гэрээ хийчих гэсний дагуу Э ХХК болон Н  ХХК-ийн хооронд 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 2019/06 дугаартай тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Ингэж гэрээ хийхдээ Ү  ХХК-ийн төлсөн 100.000 ам.долларыг хасч тооцон, Ү  ХХК-ийн төлөхийг зөвшөөрсөн алданги болох 40.000 ам.долларыг нэмж нийт 360.000 ам.долларын гэрээ хийсэн. Ингээд манай компани 2 техникийн төлбөрийг Н  ХХК-иас нэхэмжилж эхэлсэн. Улмаар 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд Н  ХХК-д холбогдуулан трактор 1 ширхэг, үрлэгч 1 ширхэгийг буцаан гаргуулах, хохиролд 634.760.280 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан боловч Н  ХХК-ийн зүгээс маргаан бүхий тоног төхөөрөмж манай компанийн эзэмшилд байхгүй, Дорнод аймагт байрлах Ү  ХХК-ийн эзэмшилд байгаа, Н ХХК-ийн зүгээс Ү ХХК-д төлөх ямар ч өр төлбөр байхгүй, бодитой гэрээ байгуулагдаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ гэж тайлбарласан. Тус шүүхэд Ү  ХХК-д өр авлагын асуудал байхгүй тухай албан бичиг ирүүлсэн. Энэхүү тайлбаруудыг үндэслэн манай зүгээс нэхэмжлэлээ татан авч, Ү  ХХК-иас трактор, үрлэгчийг буцаан авсан. Нэгэнт бодитоор Ү ХХК-д 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах 2017/03 дугаартай гэрээ хийж, хоёр ширхэг техникийг өгсөн тул тус гэрээний 15.1-т заасны дагуу торгууль 122.700 ам.доллар буюу 342.412.755 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн гэрээний 15.3-т зааснаар ашигласан хугацааны элэгдэл хорогдол 147.240 ам.доллар буюу 410.895.306 төгрөг, тухайн техникээс дутаасан, тоносон эд ангийн зардал 62.835.336 төгрөг, тус техникийн эвдрэлийг засах сэлбэгийн зардал 11.912.650 төгрөг, нийт 828.050.604 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс Ү  ХХК-ийн төлсөн 100.000 ам.доллар буюу 279.065.000 төгрөгийг хасч 548.991.047 төгрөгийг нэхэмжилж байна. Н ХХК-ийг Ү  ХХК-д төлөх өр төлбөр байгаагүй, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авсан гэж техник хүлээлцсэн акт үйлдсэн зэрэг хууран мэхэлсэн үйлдлийн улмаас хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан буруутай гэж үзэж байна. Иймээс Э  ХХК болон Н ХК-ийн хооронд 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 2019/06 дугаартай хүчин төгөлдөр бус гэрээний улмаас учирсан хохирол болох гэрээ байгуулснаас нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацааны гадаадын техник нийлүүлэгч компанид төлсөн алданги болох 51.090 ам.долларыг нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцож 142.574.308 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ү  ХХК-ийн тайлбараас харахад талууд 409.000 ам.долларын үнийн дүнтэй гэрээ байгуулагдсан гэдэгт маргахгүй байна. Үүнээс 100.000 ам.доллар төлсөн гэдгийг манайх хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс гэрээний харилцаанд маргаан байхгүй байна гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 14.1-т нэг тал нь үүргээ зөрчсөн бол гэрээгээ цуцална, 14.2-т худалдан авагч гэрээгээ зөрчвөл мөн гэрээний 15.1-т заасан торгууль, хохирлыг худалдан авагчаар төлүүлэх эрхтэй гэж заасан. Нөгөө талын буруутай үйл ажиллагаанаас өөрөөр хэлбэл Ү  ХХК гэрээний үүргээ зөрчсөн тул нийт үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх торгууль төлнө гэж зааснаар 122.700 ам.доллар буюу 342.412.755 төгрөгийг тус компаниас нэхэмжилж байна. Торгуулиас гадна элэгдэл хорогдол нэхэмжилж байгаа. Гэрээний 15 дугаар зүйлд зааснаар мөнгөө төлөхгүй нийлүүлсэн барааг буцаасан тохиолдолд 12 хувийн элэгдэл хорогдол тооцно гэж талууд тухайн үед гарын үсэг зурж, баталгаажуулсан тул элэгдэл хорогдол 147.240 ам.доллар буюу 410.895.306 төгрөг нэхэмжилж байгаа ба тоног төхөөрөмжийн үнийг инженер техникийн ажилчид тоног төхөөрөмж хүлээлгэж өгсөн акттай харьцуулаад тоног төхөөрөмж байхгүй талаар дүгнэлт гаргаад худалдаж авч, энэ тоног төхөөрөмж дутсаны хариуцлага буюу техникийг дутаасан, тоносон эд ангийн зардал 62.835.336 төгрөг, техникийн эвдрэлийг засах сэлбэгийн зардал 11.912.650 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжилсэн. Мөн гэрээний 15.5-т үл маргах журмаар тоног төхөөрөмжийг буцааж өгнө. 15.2.2-т худалдагч талаас өргөж, ачиж буулгасан бүх зүйлийг хариуцна гэж заасан. Үүний дагуу Дорнод аймгийн шийдвэр гүйцэтгэлийн Ирээдүй цогцолборын хашаанд байсан техникээ очиж авсан. Үүнийгээ Дарханд хүргэх хүртэл зардлаа анхан шатны баримтыг гаргаж өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад техник хэрэгслийг буцаан татахад гарсан зардлаа нэхэмжилж шаардлагаа 28.918.963 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Ингээд Ү ХХК-иас нийт 856.975.010 төгрөг нэхэмжилж, үүнээс Ү ХХК-ийн төлсөн 100.000 ам.доллар буюу 279.065.000 төгрөгийг хасч 577.910.010 төгрөгийг тус компаниас гаргуулж өгнө үү. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ байгуулагдсан буруутай этгээдээр учирсан хохирлоо арилгуулна гэж заасны дагуу яагаад хоёр компанийн хооронд байгуулагдсан гэрээний дундуур Н ХХК өөрөө орж ирж, хүсэл зоригоо илэрхийлж, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээнд тамгаа дарж, мөн хэд хэдэн удаа утсаар ярьж, зурвас бичиж мөнгөө хойшлуулж байсан талаарх тэмдэглэл, баримтууд хэрэгт авагдсан байгаа. Иймд хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан буруутай этгээдээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар алданги төлүүлэхээр нэхэмжилж байна. Манайх БНХАУ-ын C  компанитай дилерийн гэрээ байгуулсан компани. Тухайн тоног төхөөрөмжүүдийг өөрсдөө зээлээр оруулж ирдэг. Тиймээс зээлээр авсан барааны төлбөрийг төлөхгүй байна гэсэн шаардлага Хятадын компаниас мэдэгдэл, имэлээр удаа дараа манайд ирж байсан. Ү ХХК төлбөрөө төлж чадахгүй байгаагаас болж манайхаас зээлийн гэрээний хүү, алдангид 132.551.090 долларыг төлөхөөр нэхэмжилсэн. Алданги төлөх ёстой болсон талаар имэйлээр явуулсан албан бичгүүдэд үзлэг хийлгэж нотлох баримтаар бэхжүүлсэн байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ү  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ү   ХХК нь Э  ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 2017/03 дугаар тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг байгуулж, К  /Case IH Magnum/ загварын трактор, К  АТХ400 /Case IH ATX400/ загварын үрлэгчийг нийт 409.000 ам.доллараар худалдан авсан бөгөөд урьдчилгаа төлбөрт 100.000 ам.долларыг төлж, хууль ёсоор эзэмшиж эхэлсэн бөгөөд Дорнод аймгийн Халх гол суманд байрлах манай компанийн газар тариалангийн үйл ажиллагаанд эдгээр техникүүдийг ашиглаж байсан. Манайх 2018, 2019 онуудад ургац алдсан шалтгааны улмаас худалдан авсан техникийн үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь төлж чадаагүй боловч дээрх хугацаанд нийтдээ 29.000.000 төгрөгийг цувуулан төлсөн. Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах талаар хэлэлцээр хийх явцад Н ХХК-ийн захирал Ц.Б  нь Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч н.Б  болон манай компанийн хувьцаа эзэмшигч Ч.М нарыг аль алыг нь таньдаг учраас төлбөр төлөх асуудлаар талуудыг холбож өгч байсан юм. Гэтэл Э  ХХК-ийн зүгээс манай компанийн хууль ёсны эзэмшилд байсан трактор, үрчлэгч машиныг болон 634.760.280 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байсан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 12934 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар трактор, үрчлэгчийг битүүмжлэхээр шийдвэрлэсэн. Уг захирамжийн дагуу ** аймгийн Шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч н.Ч  2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тогтооолоор трактор болон үрчлэгчийг битүүмжилж, хадгалалт, хамгаалалтыг манай компанид хариуцуулсан. Уг иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, дээрх захирамжид ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй, өмнө хийгдсэн битүүмжлэх ажиллагаа хүчин төгөлдөр хэвээр байхад **** шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.М  нь эдгээр техникүүдийг байрлаж байгаа газраас нь 1000 гаруй км-ийн зайтай газарт буюу Дархан-Уул аймгийн Дархан сум, 15 дугаар баг, Үйлдвэрийн районд байрлах Э  ХХК-ийн түрээсийн хашаанд шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Улмаар уг шийдвэрээ хэрэгжүүлэх нэрийдлээр эдгээр техникүүдийг Э  ХХК-д шууд өгч явуулсан бөгөөд Э ХХК техникүүдийг шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнуудтай хуйвалдан буцаан авмагцаа тус шүүхэд Н  ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ татан авсан. Харин одоо Э ХХК дээрх хууль бус үйлдлээ хаацайлахын тулд манай компаниас ямар ч үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ү ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ү  ХХК, Э  ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хоёр төрлийн техник хэрэгслийг 409.000 ам доллараар худалдан авч, өөрийн Дорнод аймгийн Халх гол суманд байрлах компанийн газар тариалангийн ажилд ашиглаж байсан боловч хоёр жил дараалан ургац алдсанаас төлбөрийг төлж чадаагүй, гэрээний үүргээ зөрчсөн нь үнэн. Тийм ч учраас Э  ХХК гэрээнээс татгалзаж худалдсан техник хэрэгслээ татан авсан. Гэрээнээс татгалзсантай холбоотой үр дагаврыг арилгах буюу зарсан техникүүдээ буцааж авах, манайх төлсөн 100.000 ам.доллар 29.000.000 төгрөгийг авна гэсэн үр дагавар үүснэ. Нэгэнт гэрээнээс татгалзаж, техникүүдээ буцаагаад авсан юм чинь буцааж техникүүдээ авъя гэсэн байдлаар маргаад яахав. Техникийг ашиглах явцад элэгдэл хорогдол, техникийн үнэ цэн буурах нь үнэн, гэхдээ уг техникийг жилийн 4 улирал ашигладаггүй, тиймээс үүнтэй холбоотой зардлыг урьдчилгаанд өгсөн 100.000 ам.доллар, 29.000.000 төгрөгийг тооцож авдаг юм байгаа биз. Гэтэл дахиад шинэ техникийн үнэтэй тэнцэх хэмжээний мөнгийг нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан шалтгаан нь урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгөө ашигласан дүнд тооцох боломжтой. Нэгэнт гэрээнээс татгалзаад хоёр тал хоёр тийш болсон. Гэтэл гэрээний заалтыг бариад торгууль, элэгдэл хорогдол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Тиймээс татгалзсан гэрээний заалтыг үндэслэж хохирлоо нэхэмжлэх боломжгүй. Хохирлыг торгуулиар орлуулна гэвэл торгууль нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга, худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга юм. Гэрээнээс татгалзсан тохиолдолд татгалзсан гэрээний заалтыг үндэслэж торгууль авна гэсэн ойлголт байхгүй. Эвдрэл гэмтэл гарсантай холбоотой 68.835.336 төгрөг нэхэмжилсэн. Хавар, намар болгон хийгддэг урсгал засвар буюу ердийн хийгддэг техник үйлчилгээний төлбөрийг техникийг эвдсэн, гэмтээсэн гэх агуулгаар нэхэмжилсэн. Элэгдэл хорогдлоо 30 хувиар тооцно гэж байгаа бол тэгж тооцох ёстой болохоос биш түүн дээр нэмж хавар, намрын хэрэглэсэн тос масло зэргийг нэхэмжлэх ойлголт байхгүй. Энэ техникүүдийг Ү ХХК-д зарахдаа тохирсон гэрээний нөхцөл нь Дорнод аймгийн Халх гол сумын Ү  ХХК-ийн тариан талбай гэсэн нөхцөлөөр тохироод худалдаж авч байгаа нөхцөл нь Улаанбаатар биш, Халх гол суманд аваачиж өгнө гэсэн нөхцөлөөр тохирч өгсөн. Одоо буцааж авахдаа Дарханд аваачсан нь зайлшгүй хийгдэх ажиллагаа биш, нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтээр хийгдсэн ажиллагаа. Үндэслэлгүй нэхэмжилж байгаа торгууль, элэгдэл хорогдлын хүрээнд гарч байгаа зардал буюу жил болгон гарч байгаа урсгал зардал нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлгүй байна. Бодитой хандахгүй бол урьдчилгаа төлбөрийг авчихаад мөнгөө бүрэн төлөөгүй гэж татгалзаж, техникээ буцаан авсан атлаа дахиад техникийн хэмжээний үнэ нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Н  ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Э  ХХК нь Үйзэн тал ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 2017/03 дугаар тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр трактор 1 ширхэг, үрлэгч машин 1 ширхэгийг тус тус Ү  ХХК-д шилжүүлсэн байсан. Гэрээ байгуулахдаа Ү  ХХК 100.000 ам.долларын урьдчилгааг Э  ХХК-д төлсөн. Гэтэл Ү  ХХК нь төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байснаас үүдэн талуудын хооронд маргаан үүсч хоёр жил шийдэж чадахгүй байсан ба Э  ХХК-ийн нэхэмжлэлтэй өмнөх маргааны явцад шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамжаар манай компанийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох, 634.760.280 төгрөгийг шүүхийн дансанд урьдчилан байршуулах шийдвэрүүд гарч бидэнд хохирол учруулсан. Үнэн хэрэгтээ нэхэмжлэлд дурдсан тоног төхөөрөмж нь Ү  ХХК, Э   ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу Дорнод аймагт байрлах Ү ХХК-ийн эзэмшилд шилжсэн байхад Улаанбаатар хотод байрлах бидэнд худалдан, хүлээлгэн өгсөн мэтээр хүчин төгөлдөр болоогүй гэрээ гэгчийг үндэслэн нэхэмжилж байгаа нь илт хууль бус байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т ...Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх... гэж заасан. Гэтэл уг техникийг манай өмчлөлд шилжүүлээгүй, бид ашиглаагүй бөгөөд Ү  ХХК-д шилжүүлсэн тул уг нэхэмжлэл нь илт үндэслэлгүй байна. Н ХХК нь гадаад худалдаа, Монгол Улсын хилээр үржлийн дэгдээхэй, үржлийн өндөг импортлох, өндөг тахианы махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэхэмжлэлд дурдсан газар тариаланд ашиглагдах трактор, үрлэгчийн хэрэгцээ шаардлага байхгүй юм. Э ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд манай компанид холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Маргааны явцад тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 12934 тоот захирамжаар маргаан бүхий трактор, үрчлэгчийг битүүмжилсэн. Тус захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 4/9393 дугаар мэдэгдлээр дээрх техникүүд Дорнод аймгийн Халх гол суманд байрлах Ү  ХХК-ийн техникийн агуулахад байгаа нь тогтоогдсон. Мөн Ү  ХХК-иас 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 20/05 тоот албан бичгээр К  /Case IH Magnum/ загварын трактор, К  АТХ400 /Case IH ATX400/ загварын үрлэгч зэргийг манайх худалдан авсан бөгөөд Н  ХХК худалдаж аваагүй, Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч н.Б  хүсэлтээр биднийг эвлэрүүлэх ажиллагааг хийсэн гэх тайлбаруудаар манай компани Э  ХХК-тай гэрээ байгуулаагүй нь тогтоогдсон. Ингээд Э  ХХК нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргаж, тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 05060 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байгаа тул Э  ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Н  ХХК хоёр компанийн дундуур орж, хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулснаас хохирол учирсан гэж тайлбарлан манайхаас хохирол нэхэмжилжээ. Хариуцагч Ү  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай агуулгын хувьд санал нэг байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т ...Нэг тал гэрээний үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдуулан учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй... гэж заасан ба нэгэнт талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй учраас манайд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа нь үндэслэлгүй. Мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т...Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно... гэж заасан. Э  ХХК болон манай компанийн хооронд үүрэг үүсээгүй учраас үр дагавар үүсэхгүй. Гэрээнээс татгалзсантай холбоотой үр дагаврыг Н ХХК-иас шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. Түүнчлэн талуудын хооронд Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулагдсан гэж тайлбарлаж байгаа боловч хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар шилжүүлсэн бүх зүйлээ буцааж өгөхийг хэлнэ. Гэтэл Н ХХК-д шилжүүлсэн зүйл байхгүй, хэлцэл хийгдээгүй. Тиймээс Н  ХХК ямар нэгэн төлбөр төлөх, гэрээнээс татгалзсантай холбоотой үр дагаврыг хариуцахгүй. Мөн гадаадын компанид төлсөн гэх алдангийг манайхаас нэхэмжилж байгаа боловч тэдний хооронд гэрээ хийгдсэн эсэх, ямар баримтыг үндэслэн алданги нэхэмжилж байгаа нь баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э  ХХК нь хариуцагч Ү  ХХК, Н  ХХК-д тус тус холбогдуулан Ү  ХХК-иас гэрээнээс учирсан хохирол 577.910.010 төгрөг, Н  ХХК-иас хүчин төгөлдөр бус гэрээ хийсний улмаас гадаадын компанид төлсөн алданги буюу хохиролд 142.574.308,5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр Ү ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож, Н ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Э  ХХК 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Ү ХХК-тай 2017/03 тоот тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, Case IH Magnum /К / загварын трактор 1 ширхэг, Case IH ATX400 /К  400/ загварын үрлэгч машин 1 ширхэгийг тус тус худалдаж, гэрээний нийт үнийн дүнг 409.000 ам.доллараар тохиролцож, Ү ХХК төлбөрийг 3 хувааж, сүүлийн төлбөрийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө төлөхөөр тохирчээ.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т ...Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцаан өгөх үүрэгтэй... гэж заасан ба хэргийн баримт, зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд худалдан авагч Ү ХХК гэрээний явцад 100.000 ам.доллар төлж үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд маргаан үүсч, улмаар худалдагч Э  ХХК гэрээнээс татгалзаж, худалдсан эд зүйл болох трактор, үрлэгч машиныг эзэмшилдээ буцаан авсан байх бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т ...Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй... гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч Э  ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээнээс татгалзсан буюу гэрээг цуцлах болсон үндэслэл нь хариуцагч Э ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс хохирол учирсан гэж, хохирлоо талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу торгууль, элэгдэл хорогдол, тоногдсон эд ангийн зардал, тухайн хөрөнгүүдийг хүлээлцсэн акт үйлдэх үед эвдэрч гэмтсэн эд ангийн зардал, техникийг буцаан татсан зардал, гадаадын техник нийлүүлэгч компанид төлсөн алданги зэргийг тооцон тодорхойлсон болно.

 

Гэрээний нэг тал үүргээ зөрчсөнөөс нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, энэ тохиолдолд өгсөн авснаа буцааж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан дагуу хохирлоо буруутай этгээдээс шаардах эрхтэй юм.

 

Нэхэмжлэгч тал гэрээ цуцлагдсны дараа худалдсан техник хэрэгслээ буцаан авсан гэх бөгөөд гэрээнд зааснаар нийт үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх торгууль 122.700 ам.доллар буюу шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож, 342.412.755 төгрөг, тухайн техникийг эзэмшиж, ашигласан хугацаан дахь элэгдэл хорогдол 147.240 ам.доллар буюу 410.895.306 төгрөг, техникийг дутаасан, тоносон эд ангийн зардал 62.835.336 төгрөг, техникийн эвдрэлийг засах сэлбэгийн зардал 11.912.650 төгрөг, техник хэрэгслийг буцаан татахад гарсан зардал 28.918.963 төгрөг нийт 856.975.010 төгрөг нэхэмжилж, үүнээс Ү  ХХК-ийн төлсөн 100.000 ам.доллар буюу 279.065.000 төгрөгийг хасч 577.910.010 төгрөгийг тус компаниас, дээрх хоёр компанийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дундуур Н ХХК орж ирж, хууль бус гэрээ байгуулсан, уг хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан буруутай этгээд болох Н  ХХК-иас гадаадын техник нийлүүлэгч компанид төлсөн алданги 142.574.308,5 төгрөгийг тус тус нэхэмжилж, дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж байна.

 

Харин хариуцагч Ү ХХК нь Э  ХХК-иас худалдаж авсан техникийн үнийг төлж чадалгүй гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа буцаах хуулийн заалтын дагуу нийлүүлсэн техникүүдээ буцаагаад авсан, уг техник хэрэгслийг жилийн 4 улирал ашигладаггүй, тодорхой хэмжээнд ашигласан тул түүнтэй холбоотой зардалд урьдчилгаанд төлсөн төлбөрийг тооцож авахад татгалзах зүйлгүй, гэтэл дахиад шинэ техникийн үнэтэй тэнцэх хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, мөн татгалзсан гэрээний заалтыг баримтлан хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Н ХХК нь нэхэмжлэгч талтай хууль ёсоор гэрээ байгуулаагүй, өөрөөр хэлбэл бие биедээ шилжүүлсэн зүйл байхгүй тул үр дагавар үүсэхгүй, манайхаас хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, түүнчлэн гадаадын компанид төлсөн гэх алдангийг нэхэмжилж байгаа боловч тэдний хооронд гэрээ хийгдсэн эсэх, ямар баримтыг үндэслэн алданги нэхэмжилж байгаа нь баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан тус тус маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч Э  ХХК талуудын хооронд байгуулсан гэрээний 15.1-т ...Гэрээний талууд нөгөө талынхаа буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж гэрээ цуцлагдсан тохиолдолд эсрэг талдаа гэрээний нийт үнийн 30 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг төлнө... гэж зааснаар /409.000х30%/=122.700 ам.доллар буюу шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож /122.700х2790.65/=342.412.755 төгрөг нэхэмжилж байх боловч гэрээний нэг тал буюу худалдан авагч Ү ХХК гэрээгээ зөрчсөнөөс нөгөө тал болох худалдагч Э  ХХК гэрээг цуцалж, гэрээнээс татгалзаж байгаа энэ тохиолдолд гэрээний хариуцлага үгүй болох юм.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т ...Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно... гэж заасан дагуу хохирлыг нэхэмжлэх боломжтой байхад гэрээний хариуцлага болох торгууль нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул торгуульд 342.412.755 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу тухайн техникийг эзэмшиж, ашигласан хугацаан дахь элэгдэл хорогдол тооцсон, техникийг дутаасан, тоносон эд ангийн зардал, техникийн эвдрэлийг засах сэлбэгийн зардал зэргийг хохиролд тооцон нэхэмжилж байгаа боловч гэрээний 15.3-т...Гэрээний дагуу нийлүүлсэн барааг буцаан татахдаа ашигласан улирал болгоноор нийт үнийн дүнгийн 12%-иар элэгдэл хорогдол тооцож, тухайн үеийн эвдрэл, гэмтэл, зайлшгүй хийгдэх ёстой засварын ажлыг үнэлэн авна, гэрээний 15.4-т ...Энэхүү гэрээнд заасан торгууль болон хохирлыг худалдан авагчийн төлсөн урьдчилгаа болон хуваарьт төлбөрөөс суутгаж үлдсэн хэсгийг худалдан авагчид буцаан олгоно. Хэрэв худалдан авагчийн нийт төлсөн төлбөр энэ гэрээнд заасан зардалд хүрэлцэхгүй тохиолдолд дутуу төлбөрийг худалдан авагч нь худалдагчид үл маргах журмаар ажлын 15 хоногт багтаан төлнө... гэж тохиролцжээ.

 

Гэтэл нэхэмжлэгч Э  ХХК нь тухайн техникийг эзэмшиж, ашигласан хугацаан дахь элэгдэл хорогдол 147.240 ам.доллар буюу 410.895.306 төгрөг гэж нэхэмжилж байгаа боловч элэгдэл хорогдлыг яаж тооцож дээрх дүнг гаргасан, түүнчлэн техникүүдээ буцаан татан авах үед хүлээлцсэн актын ард буюу 2 дугаар хавтаст хэргийн 43, 49 дүгээр талд авагдсан баримтыг хэзээ хэн үйлдсэн нь тодорхойгүй байхад уг баримтыг үндэслэн техникийг дутаасан, тоносон эд ангийн зардал 62.835.336 төгрөг, техникийн эвдрэлийг засах сэлбэгийн зардал 11.912.650 төгрөг гэж нэхэмжилж байх боловч гэрээний 15.3-т зааснаар нийлүүлсэн барааг буцаан татахдаа ашигласан улирал болгоноор нийт үнийн дүнгийн 12%-иар элэгдэл хорогдлоо яаж тооцож хэдэн төгрөг болсон, түүнээс тухайн үед эвдрэл гэмтэл, зайлшгүй хийгдэх зардал гарсан бол түүнийг хэрхэн тооцсон, улмаар гэрээнээс татгалзаж техникээ авсан тохиолдолд гэрээний 15.4-т заасан худалдан авагчийн урьдчилгаа төлбөрт төлсөн төлбөрийг яаж суутгасан, дээрх тооцооллыг хэрхэн гаргасан нь ойлгомжгүй байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.3-т ... Үүргийн зүйлийг ердийн элэгдэл хорогдлоос гадуур гэмтээсэн, муутгасан, дутаасан, устгасан бол үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө... гэж заасан ба нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа техникийг эзэмшиж, ашигласан хугацаан дахь элэгдэл хорогдол гэдэг нь ердийн элэгдэл хорогдол эсэх, улмаар элэгдэл хорогдлын хүрээнд гарч байгаа зардал буюу жил болгон гарч байгаа урсгал зардал эсэх, эдгээрийг ямар баримтыг үндэслэн хэрхэн тооцсон нь ойлгомжгүй буюу хохирол гаргуулах шаардлагаа нэхэмжлэгч баримтаар нотолж чадаагүй гэж үзнэ.

 

Иймд тухайн техникийг эзэмшиж, ашигласан хугацаан дахь элэгдэл хорогдол 147.240 ам.доллар буюу 410.895.306 төгрөг, техникийг дутаасан, тоносон эд ангийн зардал 62.835.336 төгрөг, техникийн эвдрэлийг засах сэлбэгийн зардал 11.912.650 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэгэнт гэрээний нэг тал буюу худалдан авагч Ү ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс худалдагч Энсада трактрон ХХК гэрээнээс татгалзаж гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан татсан байх тул гарсан зардлаа нэхэмжлэх эрхтэй гэж үзлээ.

 

Иймд хэрэгт баримтаар өгсөн Э  ХХК, Х.Б нарын хооронд байгуулсан 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ЭТ/03 тоот ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээ, Э  ХХК, Э.М нарын хооронд байгуулсан 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хамтран ажиллах гэрээ, Э ХХК-ийн томилолтын төсөв, зарлагын баримтуудыг үндэслэн трактор, үрчлэгч машиныг Дорнод аймгийн Халх гол сумаас Дархан-Уул аймгийн Дархан суманд тээвэрлэхтэй холбогдож гарсан зардалд хариуцагч Ү  ХХК-иас 28.918.963 төгрөгийг гаргуулж, Э  ХХК-д олгож, үлдэх 548.991.047 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийн баримт, зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд Э  ХХК нь Ү  ХХК-тай тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, маргааны зүйл болох трактор, үрлэгч машиныг худалдаж, худалдан авагч төлбөрөө төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарч, маргааны явцад Ү  ХХК нь Н  ХХК-иас авлагатай тул Э  ХХК-д төлөх төлбөрийг Н  ХХК өгөхөөр болсон гэж удирдлагын хэмжээнд ярилцаж, улмаар Э  ХХК, Н  ХХК-ийн хооронд 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловч уг гэрээ нь дүр үзүүлсэн,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй өөрөөр хэлбэл техник хэрэгслийг Н  ХХК-ийн өмчлөлд шилжүүлээгүй, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөөгүй хүчин төгөлдөр бус гэрээ байх ба талууд энэ талаар маргаагүй болно.

 

Харин нэхэмжлэгч Э  ХХК нь дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийг байгуулахад Н  ХХК буруутай гэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар бусдад учруулсан хохиролд тухайн техник хэрэгслийг гадаадын компаниас зээлээр худалдан авсан, уг компанид төлсөн алдангийг тухайн байгууллагаас 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн мэдэгдэл, алданги төлөх талаарх имэйлийг үндэслэн 142.574.308,5 төгрөг нэхэмжилж байна гэх боловч Э  ХХК нь БНХАУ-ын компанитай дээрх техник хэрэгслийг зээлээр худалдах, худалдан авах гэрээг хэзээ байгуулж, алданги төлөх нөхцөл үүссэн, уг алдангийг тус компанид төлсөн эсэх талаарх баримтыг ирүүлээгүй, өөрөөр хэлбэл тус компанид алданги /142.574.308,5 төгрөг/-ийг төлж, өөрт хохирол учирснаа баримтаар нотлоогүй болно.

 

Иймд Н  ХХК-д холбогдох хүчин төгөлдөр бус гэрээ хийсний улмаас гадаадын компанид төлсөн алданги буюу хохиролд 142.574.308,5 төгрөг гаргуулах тухай Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ү ХХК-иас 28.918.963 /хорин найман сая есөн зуун арван найман мянга есөн зуун жаран гурван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 538.910.047 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н ХХК-иас 142.574.308,5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.918.320 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ү  ХХК-иас 302.545 төгрөгийг гаргуулж, Э  ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН