Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч М.М,

Шүүгдэгч: Я.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Ш овогт Я-гийн Ч-т холбогдох эрүүгийн 2435000000114 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ................................... өдөр Увс аймгийн ........... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Увс аймгийн ........... сумын 3 дугаар багийн ............. тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш овогт Я-гийн Ч-, (Регистрийн дугаар: ............................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Я.Ч- нь 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн ........... сумын 3 дугаар багийн нутагт иргэн Э.П-ыг жирэмсэн болохыг мэдсээр байж үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Я.Ч- нь 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн ........... сумын 3 дугаар багийн нутагт иргэн Э.П-ыг жирэмсэн болохыг мэдсээр байж үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал);

2. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 208 дугаартай “...Үзүүлэгч Э.П-ын биед духанд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Духанд язарсан шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тогтоолд заагдсан тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Духанд язарсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал);

3. Хохирогч Э.П-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Би Увс аймгийн ........... сумын 3 дугаар баг ........... хороололд нөхөр, 5 хүүхдийн хамт амьдардаг юм. Мөн би 8 сартай жирэмсэн эмэгтэй юм. 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагийн орчим Ч- буюу Батаа гэх хүн нь ........... хорооллын эхэнд манай шийр мал бэлчиж байхад манай малыг чулуудаж хөөгөөд байхаар нь би гэрээсээ Маралаа гэх 9 настай охинтойгоо хамт гараад явж очоод “та яагаад өвс идэж байсан мал хөөгөөд байгаа юм” гэж хэлэхэд Б /Я.Ч-/ нь “манай энэ хавиар малаа битгий бэлчээж бай, цаашаа бэлчээрт явуул” гэж хэлээд уурлаад намайг заамдаж аваад газарт унагаагаад барьж явсан нарийхан бураа модоороо миний толгой хэсэг рүү 1 удаа цохихоор нь би орилсон юм. Тэгтэл манай том залуу 15 настай Д-, дунд залуу 13 настай Б хоёр гүйж ирээд салгаж байсан. Мөн Б /Я.Ч-/ нь эхнэр Ө.У- ирээд нөхрөө болиулсан юм. Тухайн үед миний толгойны орой хэсгээс цус гарч байхаар эмнэлгийн байгууллагад очсон юм. Мөн цагдаагийн байгууллагад хандсан юм. Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор, уршиг хохирлыг нэхэмжлэхгүй, тогтоолгохгүй. Я.Ч- нь надад учирсан хохиролд 200.00 төгрөг дансаар шилжүүлж, хохирол барагдуулсан тул надад цаашид нэхэмжлэх зүйлгүй" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-12 дахь тал);

4. Гэрч А.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 18 цаг 33 минутад надад сувилагч Б-ээс яаралтай дуудлага өгөөд ........... сумын эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн өрөөнд орж, иргэн Э.П-ыг үзэхэд толгой хэсгийн духны орой хэсэгт 2 см ил шархтай, цус гарсан, мөн тухайн эмэгтэй нь 33 долоо хоногтой жирэмсэн байсан. Ургийг нь үзэхэд ураг хөдөлгөөнгүй, умай тонус ихтэй байсан. Тэгээд толгой хэсэгт нь даралттай боолт хийж, өвчин намдаах тариа хийж, Улаангом сумын Нэгдсэн эмнэлэг рүү буюу 2 дугаар шатлалаар эмнэлэг рүү авч явсан юм. Улаангом сумын Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн эмчид үзүүлэн толгой хэсгийн духны дээд хэсэгт 2 оёдол тавиулж, мөн төрх тасгийн эмчид үзүүлэхэд ураг талаас ямар нэгэн өөрчлөлтгүй хэвийн байна гэж хэлсэн. Тэгээд төрөх тасгийн эмч булчин суллах эмүүд бичиж өгсөн юм. Надад тухайн үед Э.П- нь манай шийр мал бэлчиж байхад Ч- буюу Б гэх хүн манай малыг хөөгөөд байхаар би очоод "та яагаад мал хөөгөөд байгаа юм гэж асуухад энд танай мал бэлчдэг газар биш" гэж хэлээд Б нь заамдаж аваад унагаагаад нарийхан модоор миний толгой хэсэгт цохисон юм гэж Э.П- надад хэлсэн. Тухайн үед Э.П-ыг нэгдсэн эмнэлэгт үзүүлж байхад цохисон гэх Б-ийн төрсөн охин нь төрөх тасгийн асрагчаар ажиллаж байсан. Мөн тухайн өдөр ээлжтэй байсан байх Э.П-тай өөрийн биеэр уулзаж эмчийн бичиж өгсөн эмүүдийг өөрийнхөө хүсэлтээр авч өгсөн юм...”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-15 дахь тал);

5. Насанд хүрээгүй гэрч Г.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Увс аймгийн ........... сумын 3 дугаар баг ........... хороололд аав, ээж 4 дүүгийн хамтаар амьдардаг юм. Би ........... сумын ерөнхий боловсролын сургуулийн ... ангид сурдаг юм. 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн үед гэртээ байхад Б ах манай ........... хорооллын эхэнд бэлчиж байсан шийр малыг хөөгөөд байсан юм. Тэгээд ээж Э.П- нь манай 9 настай дүү М-тай хамт гэрээс гараад ........... хорооллын эхэнд байсан мал руугаа явсан. Тэгээд хашаан дотор байрлах амбаар дээрээс хараад зогсож байхад Б /Я.Ч-/ ах манай ээжийг түлхээд унагачихсан. Тэгэхээр нь би дүү Г.Б-ийн хамт гүйж очиход манай ээж болон Б ах нар хоорондоо хэрэлдэж байсан. Тэгтэл Б /Я.Ч-/ ах барьж байсан нарийхан модоор манай ээжийн толгой хэсэг рүү 1 удаа цохиход манай ээж уйлаад толгойгоо бариад суусан юм. Удалгүй Б ахын эхнэр Ө.У- эгч ирээд салгасан юм..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал);

6. Гэрч Ө.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагийн үед би гэртээ байхад эмэгтэй хүн уйлах чимээ сонсогдсон юм. Тэгээд гэрээс гараад харахад Э.П- нь уйлчихсан хашаа руугаа орж байсан. Тэгээд нөхөр болох Я.Ч- буюу Б руу очиход Э.П-ын хүү болох Г.Д-, Г.Б нар хамт байсан. Тэгэхээр би Г.Д-, Г.Б гэх хоёр залууг дагуулаад гэр рүү нь ороод юу болсон талаар асуухад Г.Д- гэх залуу Б ах манай ээжийг цохичихлоо гэж хэлсэн юм. Тухайн үед Э.П- нь гэртээ байхгүй эмнэлэг явсан байсан. Тэгээд нөхрөөсөө юу болсон талаар асуухад надад ямар нэгэн юм хэлэхгүй байгаа юм..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх  тал);

7. Шүүгдэгч Я.Ч- өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-42 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Я.Ч-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.П-ын эрүүл мэндэд “духанд язарсан шарх” бүхий гэмтэл учирсан нь тогтоогдсон ба уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 208 дугаартай дугаартай дүгнэлтээр нотлогджээ.

Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Я.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “жирэмсэн болохыг мэдсээр байж” үйлдсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилж, ял сонсгон, яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Хохирогч Э.П- нь гэмт хэрэгт өртөх үедээ 8 сартай жирэмсэн байсан нь түүний яаралтай тусламжийн хуудасны бүртгэлийн хуулбар, хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. (хавтаст хэргийн 8-10, 13-15, 27-28 дахь тал)

Шүүгдэгч Я.Ч- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд прокуророос Я.Ч-ын дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Я.Ч-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Я.Ч- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн асуудлаар маргаагүйг түүний өмгөөлөгч М.Мөнхөө дэмжиж шүүх хуралд оролцсон болно.

Шүүгдэгч Я.Ч-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.П-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон ба шүүгдэгч Я.Ч- нь гэмт хэргийн хор уршигт 200.000  төгрөг төлснөөр хохирогч Э.П- нь шүүгдэгч Я.Ч-аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн нь нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, хохирогчоор өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 12, 59 дэх тал);

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Я.Ч-аас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

   1. Шүүгдэгч Я.Ч- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Я.Ч- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 55 дахь тал);

Шүүгдэгч Я.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 200.000 (хоёр зуун мянга) төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

3. Шүүгдэгч Я.Ч- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

Прокуророос шүүгдэгч Я.Ч-ын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ч-т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Я.Ч- болон түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Иймд шүүгдэгч Я.Ч-ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Я.Ч- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Я.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Я-гийн Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ч-т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ч- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногт сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Я.Ч- нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж,  түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

5. Шүүгдэгч Я.Ч- нь гэмт хэргийн хор уршигт 200.000 (хоёр зуун мянга) төгрөг төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох хохирол, хор уршиггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                                      Б.БОЛОРМАА