Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2021/01950

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 13 өдөр                           Дугаар 183/ШШ2021/01950                                 Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн Х дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХ  байрны ХХ тоотод оршин суух, Ө овогт Ц-ийн Э /рд:ЕЙ6Х000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Х дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, С О-1, Х банк ХХК /рд:ХХХХХ/-д холбогдох,

 

 Орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э /ШТЭҮД-0000/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Э нь А ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд компанийн гүйцэтгэх удирдлагыг давхар хариуцдаг юм. Анукокст ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Х банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 110 000 000 төгрөгийн зээлийг авч, үүргийн гүйцэтгэлд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Чингүнжавын гудамж, К-Х00 байрны АА тоот хаягт байрлах, Ү-220500ХХХ дугаарт бүртгэлтэй орон сууц, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ХХ байр, АА тоот хаягт байрлах Ү-2205ХХХХХХ дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалсан. Ингэхдээ Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Чингүнжавын гудамж, К-Х00 байрны АА тоот хаягт байрлах, Ү-220500ХХХ дугаарт бүртгэлтэй орон сууц, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ХХ байр, АА тоот хаягт байрлах Ү-2205ХХХХХХ дугаарт бүртгэлтэй орон сууцыг БПҮ/113 тоот Баталгаат ипотекийн гэрээ хийж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн, 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр зээлээ бүрэн төлж дуусгасан. Үүний дараа, 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хаан банктай дахин ЗГ-18 тоот зээлийн гэрээ байгуулан, 70 000 000 төгрөгийн зээлийг авсан бөгөөд уг зээлийн үүргийн гүйцэтгэлд Х0-Х0 УНС улсын дугаартай автомашин болон бусад нэр бүхий хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж, БГХ-18 тоот Барьцааны гэрээ үйлдсэн. Дээрх ЗГ-18 тоот зээлийн гэрээний нөхцөлийг 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр харилцан тохиролцож, өөрчилсөн боловч барьцааны зүйлд өөрчлөлт ороогүй. Иймд 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Хаан банктай ЗГ/11Э тоот Зээлийн гэрээний үүрэг бүрэн дуусгавар болсон тул уг гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 2 үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанаас чөлөөлүүлж авахаар Х банк ХХК-д хүсэлт тавьсан боловч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Чингүнжавын гудамж, К-Х00 байрны АА тоот хаягт байрлах, эрхийн бүртгэлийн Ү-220500ХХХ дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн атлаа нөгөө барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 24 байр 43 тоот хаягт байрлах, эрхийн бүртгэлийн Ү-2205ХХХХХХ дугаарт бүртгэлтэй орон сууцыг одоог хүртэл ямар нэгэн хуулийн үндэслэлгүйгээр барьцааны гэрээнээс чөлөөлөхөөс татгалзаж байгаад гомдолтой байна. 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Хаан банктай ЭГ/113 тоот зээлийн гэрээний үүрэг 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр бүрэн дуусгавар болсон тул тухайн өдөр үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулагдсан дагалдах гэрээнүүдийн үүрэг мөн адил дуусгавар болсон гэдгийг Хаан банкны шат шатны удирдлага, ажилтнуудад хэлж байгаа боловч эс тоосоор өнөөдрийг хүрлээ. Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага дуусгавар болсон, эсхүл тэрээр шаардлагаасаа татгалзсан бол ипотек үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид шилжинэ” гэж заасан байх тул өөрийн хөрөнгийг Хаан банкнаас буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна. Мөн Х банк ХХК нь зээлийн гэрээний хугацаа хэтэрснээс улбаалан 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 56 388 961 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тэрээр нэхэмжлэлдээ барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах буюу уг зээлийн гэрээнд барьцаалагдаагүй үл хөдлөх хөрөнгө болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10-р хороолол 24 дугаар байрны 43 тоот,  29 м.кв 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг давхар гаргасан байдаг. Гэтэл энэхүү үл хөдлөх хөрөнгийг 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 18 дугаартай зээлийн гэрээнд барьцаалах ямар нэгэн үйлдлийг хийгээгүй буюу уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалаагүй. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хуульд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлээгүй байдаг. Гэтэл ийм хуульд заасан шаардлагыг хангаагүй барьцааны гэрээ байгуулан, үүнийгээ үндэслээд үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр, магадлалаар барьцаа хөрөнгийн талаар маргаагүй талаар дурдсан байдаг. Одоо уг барьцаа хөрөнгө болох нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх хөрөнгө нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Х банк ХХК-ны нэхэмжлэлийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ажиллагаа явагдаж байгаа. Нэгэнт А ХХК буюу Ц.Э-ын зүгээс авсан зээлийн төлбөрөө гэрээнд заасны дагуу бүрэн төлчихсөн, дээрээс нь хуульд заасны дагуу зээлийн гэрээний үүрэг бүрэн дуусгавар болсон учир Х банк ХХК-ийн зүгээс тухайн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөх үүрэг үүссэн. Гэтэл энэ үүргээ хэрэгжүүлэлгүй явсаар байгаад сүүлд нь энэ үл хөдлөх хөрөнгөд хамааралгүй үүргийн гүйцэтгэлийг уг хөрөнгөөр хангуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Тиймээс нэгэнт үүрэг дуусгавар болсон учраас Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ХХ байр, АА тоот хаягт байрлах Ү-2205ХХХХХХ дугаарт бүртгэлтэй орон сууцыг Х банк ХХК-ийн барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Х банк ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А ХХК болон Ц.Э нар нь Х банк ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр №ЗГ/113 тоот зээлийн гэрээ байгуулж 110 000 000 төгрөгийг жилийн 22 хувийн хүүтэй 8 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зорилгоор, 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/18 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 70 000 000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор тус тус зээл авсан. Дээрх зээлийн барьцаанд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүд болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Чингүнжавын гудамж, К-Х00 байрны АА тоот хаягт байрлах, Ү-220500ХХХ дугаарт бүртгэлтэй орон сууц, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ХХ байр, АА тоот хаягт байрлах Ү-2205ХХХХХХ дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалуулсан болно. Иргэний хуулийн 160 дугаар зүйлд барьцааны эрх дуусгавар болохоор хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлд заасан үндэслэл хамаарахгүй болно. Учир нь зээлдэгч А ХХК болон Ц.Э нар нь 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлдээ нийт зээлийн төлбөрт 56 378 790,46 төгрөг гаргуулахаар, мөн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10-р хороолол 24 байрны 43 тоотод байрлах орон сууц, 60-20 УИС дугаартай суудлын автомашин зэрэг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5315 дугаартай шийдвэрээр А ХХК болон Ц.Э нараас 56 378 790,46 төгрөгийг гаргуулж Х банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн барьцаа хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг А ХХК болон Ц.Э нар нь сайн дураараа биелүүлээгүй учраас Х банк ХХК шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Хаан банкнаас авсан зээлээ 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бүрэн төлж барагдуулсан гэсэн нь үндэслэлгүй ба Баянгол дүүргийн Иргэний эргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/05315 дугаар шийдвэрээр нэхэмжлэл дурдсан улсын бүртгэлийн Ү-2205ХХХХХХ дугаартай Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 24 дүгээр байрны 43 тоот байршилтай 29 м.кв орон сууцыг үүргийн гүйцэтгэлээр хангуулахаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэрээр үгүйсгэгдэж байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж, мөн хуулийн 65 зугаар зүйлийн 65.1.6-д "нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан ба дээрх нэхэмжлэлд дурдсан барьцаа хөрөнгийг үүргийн гүйцэтгэлээр хангуулахаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Э нь Х банк ХХК-д холбогдуулан орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаар, А ХХК болон Ц.Э нар 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Х банк ХХК-тай №ЗГ/113 тоот зээлийн гэрээ байгуулж 110 000 000 төгрөгийг жилийн 22 хувийн хүүтэй 8 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зорилгоор зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Чингүнжавын гудамж, К-Х00 байрны АА тоот хаягт байрлах, Ү-220500ХХХ дугаарт бүртгэлтэй 1 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 24 байрны 43 тоот хаягт байрлах Ү-2205ХХХХХХ дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан болох нь тус тус тогтоогдох бөгөөд дээрх зээлийн гэрээний үүрэг 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон талаар талууд маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч нь “...2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хаан банктай дахин ЗГ-18 тоот зээлийн гэрээ байгуулан, 70 000 000 төгрөгийн зээл авч, зээлийн үүргийн гүйцэтгэлд Х0-Х0 УНС улсын дугаартай автомашин болон бусад нэр бүхий хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Гэтэл 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг бүрэн дуусгавар болсон атал Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 24 байр 43 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцыг одоо хүртэл барьцаанаас чөлөөлөлгүй  Х банк ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд зээлийн гэрээний үүрэг шаардаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх уг зээлийн гэрээнд барьцаалагдаагүй дээрх үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд нэгэнт А ХХК буюу Ц.Э-ын зүгээс авсан зээлээ төлж гэрээний үүрэг бүрэн дуусгавар болсон учир Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д зааснаар дээрх орон сууцыг Х банк ХХК-ийн барьцаанаас чөлөөлүүлэхээр шаардаж байна” гэж тайлбарласан.

 

Талуудын тайлбар, хэргийн баримтаас үзвэл 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Х банк ХХК болон А ХХК, Ц.Э нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр 70 000 000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор зээлдүүлэхээр тохиролцож, уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Х0-Х0 УНС улсын дугаартай автомашин болон 7 нэр төрлийн хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан байна.

 

Гэвч Х банк ХХК Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, хариуцагч нараас дээрх 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардахдаа барьцааны гэрээгээр тохиролцоогүй, нэхэмжлэгчийн маргаж буй Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 24 байр 43 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 5315 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1951 дүгээр магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснээр тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Иймд хариуцагч завж заалдах шатны гомдол гаргахдаа дээрх үндэслэлийг гомдол заагаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар нэхэмжлэгчийн маргаж буй үйл баримтын талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан, Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага дуусгавар болсон, эсхүл тэрээр шаардлагаасаа татгалзсан бол ипотек үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид шилжинэ” гэж заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Э-ын Х банк ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНГӨНТУУЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

е