Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/201

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд /цахимаар/

Шүүгдэгч Д.Дашдаваа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт Дашийн Дашдаваад холбогдох эрүүгийн 2421000000210 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар баг Улзын 501 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Бодонгууд овогт Дашийн Дашдаваа. /РД: ЖВ87122616/

Шүүгдэгч Д.Дашдаваа нь согтуугаар 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 22 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багт оршин суух иргэн Д.Пүрэвдоржийн гэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн төрсөн эх 69 настай М.Цэндсүрэнг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж баруун тохой, зүүн шуу хэсгийг асаагуураар түлж М.Цэндсүрэнгийн биед зүүн хацарт цус хуралт, зулгаралт, баруун тохой, зүүн шуунд түлэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч Д.Дашдаваа шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

 Шүүгдэгч Д.Дашдаваа нь согтуугаар 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 22 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багт оршин суух төрсөн ах Д.Пүрэвдоржийн гэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн төрсөн эх 69 настай М.Цэндсүрэнг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж баруун тохой, зүүн шуу хэсгийг асаагуураар түлж түүний эрүүл мэндэд зүүн хацарт цус хуралт, зулгаралт, баруун тохой, зүүн шуунд түлэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.Дашдаваагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Уул сумын 4 дүгээр баг Бэрх гэх газарт байх гэртээ найзуудын хамт Хараа нэртэй 0.75 граммын 3 шил архи хувааж уусан. Тэгээд гэрээс гараад Баян-Уул сумын 5 дугаар багт амьдардаг төрсөн ах Пүрэвдоржийн гэрт нь ороод шууд өөрийн төрсөн ээж Цэндсүрэнгийн цээж хэсэгт дараад хөдөлгөөнгүй болгоод гар хэсгийг нь асаагуураар шатаасан. Тэр үед миний төрсөн ах Пүрэвдорж, түүний эхнэр Чулуунцэцэг нар намайг болиулах гээд оролдсон боловч би болиогүй.  Тухайн үед оройны 22 цаг өнгөрч байсан. Тэгээд би ахындаа жаахан унтаж байгаад үүрээр 5 цагийн орчимд ахынхаа гэрээс гараад явсан. Би өмнө нь төрсөн ээж Цэндсүрэнтэй муудаж, маргалдсан зүйл байхгүй. Согтуудаа ийм үйлдэл хийсэн...” гэх мэдүүлэг, хохирогч М.Цэндсүрэнгийн “...Би Баян-Уул сумын 4 дүгээр багт хүү  Дашдаваагийн хамт амьдардаг, бага хүү Дашдаваа маань архи их хэмжээгээр уугаад согтуу ирэх болгондоо намайг ална, хядна гэх зэрэг үгээр хэлж, хэл амаар доромжилж намайг цохих гээд гараа далайж байдаг. Тэгээд 2024 оны 04 дүгээр сарын 26-ны шөнө 22 цагийн орчимд том хүү Пүрэвдоржийнд унтаж байхад гаднаас бага хүү Дашдаваа орж ирээд шууд “чамайг шатаагаад ална” гээд миний цээж хэсэгт гараараа дараад хөдөлгөөнгүй болгоод миний зүүн гарын бугуй хэсэг, баруун гарын тохой хэсгийг тамхи асаадаг асаагуураар түлсэн. Маргааш өглөө 05 цагийн орчимд ахынхаа гэрээс гараад явсан. Тухайн үед том хүү Пүрэвдорж, бэр Чулуунцэцэг нар байсан. Салгах гэхэд Дашдаваа үгэнд нь орохгүй байсан. ...Дашдаваа нь байнга архи уудаг, уусан үедээ жаахан аашлаад байдаг хүн байгаа юм. ...Миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.Чулуунцэцэгийн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 25-ны шөнө 22 цагийн орчимд гэртээ нөхөр Пүрэвдорж, хадам ээж Цэндсүрэн нарын хамт унтаж байхад нөхрийн төрсөн дүү Дашдаваа гаднаас согтуу орж ирээд шууд хадам ээжийг шатааж ална гээд цээжин дээр нь гараараа дараад асаагуур гаргаж ирээд гарыг нь шатаасан. Тэгэхээр нь би орноосоо босоод чи болиоч гэхэд больж өгөхгүй байхаар нь нөхрийгөө сэрээсэн. Манай нөхөр мөн адил боль гэсэн чинь болихгүй, дийлдэхгүй  байсан бөгөөд  хэсэг байж байгаад  унтсан. Тэгээд үүрээр 05 цагийн орчимд манай гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Пүрэвдоржийн “...гэртээ эхнэр Чулуунцэцэг, төрсөн ээж Цэндсүрэн нарын хамт унтаж байхад төрсөн дүү болох Дашдаваа гаднаас согтуу орж ирээд ээжийг шатааж ална гээд цээжин дээр нь гараараа дараад асаагуураар гарыг нь шатаасан. Тэгэхээр нь би чи болио гэж хэлээд салгах гэхэд эхэндээ миний үгэнд орохгүй байж байгаад болиод унтсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 230 тоот “...М.Цэндсүрэнгийн биед зүүн хацарт цус хуралт, зулгаралт, баруун тохой, зүүн шуунд түлэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх баруун тохой, зүүн шууны түлэгдсэн шархууд нь өндөр хэмийн үйлчлэлээр, зүүн хацрын цус хуралт, зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эмнэлгийн тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Д.Дашдаваа нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгч Д.Дашдаваагийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Цэндсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч Д.Дашдавааг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Бодонгууд овогт Дашийн Дашдаваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн  нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бодонгууд овогт Дашийн Дашдавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж асаагуураар гарыг нь түлж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Дашийн Дашдавааг 400 /дөрвөн зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дашдаваад оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Дашдаваад мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА