| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/01013/И |
| Дугаар | 183/ШШ2021/02014 |
| Огноо | 2021-09-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 183/ШШ2021/02014
| 2021 оны 09 сарын 28 өдөр | Дугаар 183/ШШ2021/02014 Улаанбаатар хот |
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ..... дүүргийн .... дугаар хороо, .... байрны .... тоотод оршин суух, .... овогт Э.Н /РД:...../,
Нэхэмжлэгч: ..... дүүргийн ....дугаар хороо, ....байрны .... тоотод оршин суух, .... овогт Э.Н /РД:...../ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... дүүргийн ..... дугаар хороо, .... байрны .... тоотод оршин суух, ... .... овогт Э.З /РД:...../-т холбогдох,
Зээлийн төлбөрт 24,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, нарийн бичгийн дарга Ч.Нямжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нараас Э.З удаа дараа мөнгө зээлсэн. Э.Н нь Э.Зын дүү болох н.Мтай найз нөхрийн харилцаатай байсан ба н.М нь Э.Зын компанид нягтлан бодогч ажилтай байсан. н.Мгийн ах Э.Зт мөнгөний хэрэгцээ гараад хүмүүсийн өр өгөх, тендерт орох гээд мөнгө шаардлагатай байна гэх мэтээр мөнгөний тусламж үзүүлээч гэж удаа дараа гуйсан учраас Э.Нгээс 1,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг гээд тухайн үед гуйсан мөнгийг нь зээлдүүлсэн. Заримдаа мөнгө зээлэхээрээ эргүүлээд төлдөг боловч дахиад буцаагаад зээлдэг байсан. Хамгийн сүүлд 2015 оны намар 10,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй зээлж 16,000,000 төгрөг болгож буцааж өгнө. Зайлшгүй хэрэг болоод байна гэж гуйж авсан. Мөн Э.Нгийн төрсөн эгч Э.Нгээс 2017 онд 4,000,000 төгрөгийг тендерийн баримт бичиг үзүүлж тендерт ялбал та нарын мөнгийг хүүтэй нь буцаагаад өгнө санаа зоволтгүй гэж хэлээд зээлж авсан. Э.Заас мөнгөө нэхэж удаа дараа ажил дээр нь очдог, дүү н.Мгаас нэхэхээр ах мэдэж байгаа гэж хэлдэг. Ах Э.Заас нь нэхэхээр дүү н.Мд хамаагүй би энэ мөнгийг авсан нь үнэн учраас өгнө гэж шалтаг хэлж хойшлуулсаар өдийг хүрсэн. Э.Н нь зээлийн хүү алдангитайгаа нийлээд 4,000,000 төгрөг нэмээд нийт 20,000,000 төгрөг, эгч Э.Н нь хүү алданги тооцохгүйгээр 4,000,000 төгрөг нийлээд нийт 24,000,000 төгрөгийг Э.Заас нэхэмжилсэн. Э.Заас энэ мөнгөө удаа дараа нэхэхэд 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр баталгаа гаргаж өгсөн ба баталгаандаа үлдэгдэл мөнгийг 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор 12,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны дотор үлдэгдэл 12,000,000 төгрөгийг төлж барагдуулъя гэсэн боловч энэ хугацаандаа мөнгөө төлөхгүй байгаа тул нэхэмжлэл гаргасан. Э.З уг 20,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч баталгаа гаргаж өгсөн тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Н, Э.Н нар зээлийн гэрээний үүрэгт 24,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Зт холбогдуулан гаргажээ.
Хариуцагч Э.З 2021.05.11-нд нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож буйгаа мэдсэн бөгөөд шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.
Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Э.З нь нэхэмжлэгч Э.Нгээс 6,000,000 /1,000,000, 2,000,000, 3,000,000/ төгрөгийг, 2015 оны намар 10,000,000 төгрөгийг тус тус зээлсэн, түүний эгч Э.Нгээс 4,000,000 төгрөгийг зээлж нийтдээ 20,000,000 төгрөгийг зээлж авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2021.07.06-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн хариуцагч Э.Зын тайлбар зэргээр тогтоогдож байх бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байна.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.02.26-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай тэмдэглэлээс үзэхэд Э.З нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй байх бөгөөд нэхэмжлэгч нараас тодорхой хэмжээний мөнгө зээлж авсан талаар хариуцагч маргаагүй, 2020.05.19-ний өдрийн баталгаа гаргах тухай гэх баримтаар Э.Нгээс зээлж авсан мөнгийг буцааж төлөхийг зөвшөөрсөн байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх үүрэгтэй, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4-т “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.
Иймд талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, мөнгийг зээлдэгч хүлээн авсан тул буцаан төлөх үүрэгтэй болно.
Талуудын хооронд мөнгө шилжүүлсэн эсхүл бэлнээр өгсөн талаар баримтгүй боловч нэхэмжлэгч Э.Нгээс 2015 оны намар 10,000,000 төгрөгийг нэмж авсан, нэхэмжлэгч Э.Нгээс 2017 онд 4,000,000 төгрөгийг зээлсэн гэж нэхэмжлэгч нар тайлбарладаг бөгөөд хариуцагч Э.З нь “...24,000,000 төгрөг зээлсэн, 2 хувааж 2020.07.15-ны дотор 12,000,000 төгрөгийг, 2020.09.15-ны дотор 12,000,000 төгрөгийг тус тус төлөх”-өөр 2020.05.19-ний өдрийн баталгаа гаргажээ.
Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана”, 79.7-д “хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нарын шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзлээ.
Нэхэмжлэгч нар 4 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлсэн гэж тайлбарладаг боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”, 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус зааснаар талууд зээлийн гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү, алдангид тооцсон гэх 4,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 20,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Э.Нд 16,000,000 төгрөгийг, Э.Нд 4,000,000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Э.З нь 2021.07.06-ны өдрийн шүүх хуралдаанд “...нийт 20,000,000 төгрөг аваад 9.450,000 төгрөгийг хүүгийн төлбөрт өгсөн” гэж тайлбарладаг боловч мөнгө төлсөн талаар нотолсон баримтгүй, харин нэхэмжлэгч нараас 20,000,000 төгрөгийг зээлж авсанаа зөвшөөрсөн тул уг мөнгийг буцаан төлөх үүрэгтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 72.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар Э.Заас зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 20,000,000 төгрөг гаргуулж Э.Нд 16,000,000 төгрөгийг, Э.Нд 4,000,000 төгрөгийг тус тус олгож, үлдэх 4,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ