Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 00020

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 Нарийн бичгийн дарга                            С.Баянжаргал

 Улсын яллагч                                              Э.Энхбат

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                           А.Хандмаа

             Шүүгдэгч                                                      Р.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Р.Оюунцэцэгт холбогдох 201618020214 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын харъяат, 1983 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, бага насны  буюу 03-13 насны 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1-р баг Жаст-Ойл шатахуун түгээх станцын  задгай хэсэгт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Урьд нь 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн №346 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6-д зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар ялыг өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай Боржигин овогт Рэнцэндоржийн Оюунцэцэг РД: /МБ83042606/

 

Шүүгдэгч Р.Оюунцэцэг нь хохирогч Т.Болдбаатартай 2002 оноос хойш хамтран амьдрах болсон ба Р.Оюунцэцэг болон 13 настай Эрхэмзаяа, 8 настай охин Анударь, 03 настай хүү Баярмагнай нар нь Т.Болдбаатарын байнгын хууль бус, байнгын шинжтэй хүч хэрэглэсэн, ёс суртахуунгүй үйлдлийн дарамт, хүчирхийлэлд амьдарч байсан, Т.Болдбаатар нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Жаст-Ойл шатахуун түгээх станцийн баруун урд байрлах задгай хэсэгт байрлах өөрийн гэртээ байхад өглөө 10 цагийн орчим 13 настай хүү Эрхэмзаяаг гэрт орж ирэхэд “пизда минь чи яах гэж ирсэн юм, чи миний хүүхэд биш” гэх үг хэллэг хэлээд цохиж авахад нь Эрхэмзаяа гэрээс гарч хэсэг хугацааны дараа дахин орж ирэхэд нь Т.Болдбаатар дахин зодож байхад Р.Оюунцэцэг түүнийг таслан зогсоох үйлдэл хийхэд нь Р.Оюунцэцэгийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан хүчээр дарлаж, улмаар Т.Болдбаатар нь хоолны шүүгээнээс хутга авч “бүгдийг чинь ална, бүгдийг чинь алчихаад шорондоо явна” гэж гэрт байсан бага насны таван хүүхэд болон Р.Оюунцэцэгт бодит заналхийлэл хийж, Р.Оюунцэцэг, О.Эрхэмзаяа нарыг хөөж довтолсоноос Р.Оюунцэцэгийн санаа сэтгэл нь гэнэтийн цочролд орсоны улмаас Т.Болдбаатарын хутгыг булаан авч өөрийг нь хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Оюунцэцэг мэдүүлэхдээ: Энэ хэрэг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болсон. 10 сарын 29-ний орой Гүнжидмаа гэж найз хүүхэн манайд архи барьж ирэн уугаад унтацгаасан. Өглөө нь босоод Гүнжидмаа Болдбаатар 2 архинд явъя гээд би хэрэггүй гэсэн. Тэр хоёр 06 цагт явж архи авчран уусан. Тэгээд тэр өглөө тэр хоёр миний 2 талд суучихаад уу, уу гэж шахаад архи уулгасан. Тэгж байтал  хүү Эрхэмзаяа орж ирэхэд талийгаач чи муу миний хүүхэд биш. Яах гэж орж ирсэн юм бэ. Зайл гээд уурлахад Эрхэмзаяа буцаад гарсан. Дараа нь дахин орж ирэхэд дахин зодсон. Би хүүхдээ битгий зод гээд урдуур нь орж гарыг нь барьж авахад эргэж харан намайг зодсон. Тэгээд Болдбаатар хутга гарган бариад та нарыг ална тэгээд шорондоо орно гэсэн. Би зугтаагаад гэр тойрч гүйхэд араас хөөсөн. Тэр үед би ингээд алуулж дээ л гэж бодсон. Манайд 3 хүүхэд маань, дээрээс нь дүүгийн 2  бүгд  таван хүүхэд байсан. Би их айсан. Тэгээд юу болсоныг сайн мэдэхгүй байна. Нэг харахад талийгаач цустайгаа хутгалдсан газар хэвтэж байсан. Би хүүхдүүдээ эмнэлэг дуудаарай,

            Мөрдөн байцаалтанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эрдэнэчимэг мэдүүлэхдээ: ...Би 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 11 цагийн орчим гэртээ байж байхад манай бага дүүгийн эхнэр Цэрмаа утсаар “Т.Болдбаатарыг нас барчихсан юм уу” гэж асуухаар нь дүү Т.Болдбаатарын гэрт очиход гэрийн гадаа цагдаа нар ирсэн хамгаалалтанд авчихсан хүмүүс оруулахгүй байсан. Хүүхдүүдийг нь яасан бол гээд Сарантунгалаг гэх хүүхнийд орчиход Анударь, Баярмагнай нар байхаар нь байж бай гэж хэлээд цагдаагийн хэсэг дээр очиход Р.Оюунцэцэг уйлчихсан сууж байсан. Гомдол саналгүй нэхэмжпэх зүйл байхгүй...Т.Болдбаатар нь архи уудаг, Р.Оюунцэцэг нэг удаа Улаанбаатар хотод байхдаа Т.Болдбаатар зодоод байхаар нь цагдаад барьж өгсөн талаар хэлж байсан. Р.Оюунцэцэгийн архи ууж байхыг хараагүй сонсоогүй, 2015 онд Сарантунгалагийн хашаанд өвөлжихдөө архи уудаг болчихсон юм болов уу гэж бодож байна. Т.Болдбаатарыг эхнэр хүүхдээ зоддог байсан гэж сонсдог байсан, Р.Оюунцэцэг ч надад хэлж байсан” гэх мэдүүлэг, /хх-42-44, 45-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй гэрч О.Эрхэмзаяа мэдүүлэхдээ:  ...тэр өдөр 10 цагийн үед хойд аав Т.Болдбаатарынд ороход аав Т.Болдаатарын дүү Мэндээ, өөр бас хүмүүс согтуу байсан ба бүгд гараад явахад нэг танихгүй ах үлдсэн байхад аав хойд орон дээр унтаж байснаа гэнэт босож ирээд “чи муу зайл, чи миний хүүхэд биш” гээд миний нүд рүү цохисон. Энэ үед нөгөө ах гэрээс гараад явчихсан, би бас гарч яваад эргээд ороход хойд эцэг Т.Болдбаатар намайг зодоод эхэлсэн ба гэрийн зүүн талын ширээний урд азар уначихсан зодуулж байхад эцэг Т.Болдбаатар хоолны шүүгээний шургуулганаас халцарсан бор өнгийн иштэй хутга аваад ээж Р.Оюунцэцэг рүү хутгаа чиглүүлээд гэр дотор тойруулж элдэж хөөгөөд байсан...Намайг урьд нь нэлээн хэдэн удаа зодож байсан...Хутга аваад эхлээд ээжрүү хутга бариад “бүгдийг нь ална” гээд яриад ээжийг нар зөв багана тойруулаад хөөгөөд зуухны урд үүдний хавьд ноцолдсон” гэх мэдүүлэг, /хх-51-53-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй гэрч О.Анударь мэдүүлэхдээ: Эрхэмзаяа ах орон дээр сууж байсан чинь аав сэрээд босож ирээд “Пизда минь зайлаач, чи миний хүүхэд биш” гээд толгой руу нь цохиод байсан ба Эрхэмзаяа ах гэрээс гараад эргээд ороод ирэхэд аав дахиад толгой руу нь цохиод байсан. Тэр үед ээж “чи болиоч” гэсэн чинь аав түмбүүшигнээс хутга аваад Эрхэмзаяа ахыг гэр дотор хөөгөөд байсан... Хутга аваад эхлээд ээжийг хөөгөөд “та нарыг бүгдийг нь алаад өөрөө шорондоо явна” гээд хөөсөн, дараа нь ахруу дайрахад нь ээж хутгыг нь булааж авсан, багана тойруулаад хөөгөөд байсан...Аав Т.Болдбаатар нь Улаанбаатар хотод байхад намайг хичээлээсээ ирэхэд байнга зоддог байсан, мөн Сараа гэдэг эгчийг авчираад “намайг цаашаа хараад унт” гэж загнаад тэр эгчтэй унтдаг байсан. Баахан хүмүүс гэрт авчираад архи уучаад архины шилээ хагалчихаад архины шилэн дээр унтуулдаг байсан” гэх мэдүүлэг, /хх-54-56-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Ч.Эрдэнэчимэг мэдүүлэхдээ: ...2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 11 цаг өнгөрч байхад Анударь уйлчихсан гүйж явахаар нь яасан талаар асуухад дуугарахгүй гүйгээд явсан. Ингээд Ч.Сарантунгалагийнд очоод буцаад Р.Оюунцэцэгийн гэрт гүйгээд очиход эмнэлэгийн түргэн тусламжийн машин ирсэн байхаар нь хаалгаар нь шагайхад босгоны хажууд Т.Болдбаатар уначихсан байсан. Эмч нар орж болохгүй гэхээр нь буцаад Ч.Сарантунгалагийн гэрт очиход Т.Болдбаатарын Анударь, Магнай гэх хүүхэд бас дүүгийнх нь 2 хүүхэд байсан ба би очихдоо 6 настай Сүхбат хүүтэйгээ очиход Т.Болдбаатарын Магнай нь манай хүүхдэд “манай ээж манай аавыг ийм хутгаар хатгасан” гэхээр нь би Ч.Сарантунгалагт энэ хүүхэд чинь юун хачин юм яариад байгаа юм бэ гэхэд Ч.Сарантунгалаг Б.Магнайг дуудаад яасан талаар асуухад “манай ээж нарийхан хутгаар аавыг хатгачихсан” гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 57-р хуудас/    Мөрдөн байцаалтанд гэрч Ч.Сарантунгалаг мэдүүлэхдээ: ...11 цаг өнгөрч байхад Т.Болдбаатарын охин Анударь гурван дүүгээ дагуулчихсан манай гэрт орж ирээд Анударь болохоор “аав өөрийгөө хутгалчихлаа” гэсэн. Тэгтэл гаднаас эгч Эрдэнэчимэг 6 настай хүү Сүхбатын хамт орж ирээд Т.Болдбаатарын Магнай хүүтэй тоглож байхад Магнай “манай аав үхчихсэн ээж хутгаар хатгачихсан” гээд байхаар би Магнайг дуудаад юу яриад байгаа юм бэ гэхэд “манай аав үхчихсэн, аавыг ээж хутгаар хатгачихсан” гээд долоовор хуруугаараа чичилж үзүүлээд байсан... Т.Болдбаатарынх ноднин 2015 оны өвөл манай хашаанд гэрээ барьж өвөлжсөн ба Т.Болдбаатар байнга архи ууж гэрээ түүвэйж цагдаа нар авч явдаг байсан” гэх мэдүүлэг. /хх-58-59-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Б.Болд-Эрдэнэ мэдүүлэхдээ: ...2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянгол сумын цагдаагийн хэсэг дээр ажил үүрэг гүйцэтгэж байхад 10:47 цагт Оюундарь гэх иргэн “манай хүргэн Т.Болдбаатар агсам тавиад хүү Эрхэмзаяаг зодоод байна” гэхээр нь гарах гэж байхад Эрхэмзаяа гэдэг хүүхэд морь уначихсан давхиж ирээд “аав өөрийгөө хутгалчихлаа” гэж хэлээд гараад гүйсэн. Цагдаа Мөнх-Од бид хоёр 11:05 цагт Хараагийн задгай хэсэгт орших Т.Болдбаатарын гэрт очиход Т.Болдбаатар үүдний хэсэгт нил цус болчихсон дээшээ хараад хэвтэж байхаар нь артерийн судсыг дарахад бага зэрэг цохилж байхаар нь 103-т дуудлага өг гэж хэлчихээд байж байтал гэрийн баруун талын орон дээр 3 хүүхэд суучихсан уйлж байсан ба Р.Оюунцэцэгээс юу болсон талаар асуухад Т.Болдбаатар хутга гаргаж ирээд өөрийгөө хутгалчихлаа” гэхэд нэг хүү “ээж аавыг хутгалаад алчихлаа ш дээ, миний аав үхчихлээ ш дээ, үхэж болохгүй шүү” гээд уйлаад байсан чинь Р.Оюунцэцэг “чи дуугүй бай” гэж загнасан чинь дуугүй болчихсон. Ингээд эмч ирж үзээд нэг тариа хийгээд байж байтал нас барчихсан...Р.Оюунцэцэг ягаан өнгийн гэрийн халаадтай ханцуй нь цус болчихсон байсан... Би Баянгол сумын цагдаагийн хэсэгт 2014 оны 11 сараас ажиллаж эхэлсэнээс хойш сардаа 1 удаа Р.Оюунцэцэгээс дуудлага ирдэг байсан. Очихоор согтуу, хүүхдүүд нь уйлчихсан байдаг байсан ба цагдаагийн хэсэгт авч ирж эрүүл болохоор нь торгоод явуулдаг байсан. Т.Болдбаатар нь агсам зантай, шаардлага эсэргүүцдэг байсан. Олон дуудлага хүлээн авсан яг хэдийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, /хх-75-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч С.Пүрэвдаваа мэдүүлэхдээ: ...2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 09 цагийн үед Гүнжидмаа залгаад “хүрээд ирээч” гэхээр нь Т.Болдбаатарынд очоод архи ууж байхад Мэндбаяр орж ирээд Сарааг аваад явсан, Гүнжидмаа бас явсан, би Т.Болдбаатар, Оюунцэцэг нартай үлдсэн. Тэгтэл Т.Болдбаатарын хамгийн том хүү нь орж ирэхэд Т.Болдбаатар юу ч ярихгүй байж байснаа том хүүгээ нүүр лүү нь гараараа цохиход Р.Оюунцэцэг “яагаад хүүгээ цохиж байгаа юм бэ” гээд уурласан, би бас тэгэж хэлэхэд Т.Болдбаатар “чамд хамаагүй” гэхээр нь би гэрээс нь гараад явсан. Т.Болдбаатарын том хүү уйлаад надтай зэрэг гараад морьтойгоо “эмээгийндээ очино” гээд явсан...Өмнөх 29-ний өдөр хэрүүл маргаан болоогүй, маргааш нь том хүүгээ цохисоноос болж маргалдах шинжтэй үлдсэн” гэх мэдүүлэг. /хх-63-64-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Д.Гүнжидмаа мэдүүлэхдээ: ...Би 12 цагийн орчим Оюунцэцэгийн гэрлүү явж байтал цагдаагийн хүмүүс ирчихсэн байхаар нь зог тусаж зогсоод Сарантунгалаг руу утасдаад асуухад “Болдбаатарын хүүхдүүд орж ирээд хүү Баярмагнай нь ээж аавыг үзүүртэй хутгаар хатгачихсан гэж яриад байна, цагдаа нар хүн оруулахгүй байна” гэхээр нь би буцаад явсан...Урьд өдөр нь тэр хоёр маргалдаагүй, нүд хөхөрсөн зүйлгүй зүгээр байсан...Би Р.Оюунцэцэгийн баруун нүдэндээ яаж гэмтэл авсныг мэднэ, хэдэн он гэдгийг нь санахгүй байна, Т.Болдбаатар гараараа цохиод гэмтээсэн, би яг харж байсан, Баянгол суманд Р.Оюунцэцэгийн ээж Оюундарийн гэрт болсон ба Р.Оюунцэцэгийн нүд өвдөж явсаар байгаад 2 жилийн дараа сохорчихсон  Т.Болдбаатар архи уусан үедээ хэцүү хүндээ,      Р.Оюунцэцэг жаргал ер үзээгүй хүндээ, Т.Болдбаатарт байнга дарамтлуулж зовж яваа хүн, би үхсэнд нь тэгж хэлж байгаа юм биш, энэ бол туйлын үнэн. Архи уух л юм бол эхнэр хүүхдүүддээ байнга агсам тавьж зодож тарчлаадаг, 8 настай Анударь гэдэг охиндоо хүртэл агсам тавьж унтуулдаггүй юм. Жишээ болгож ярихад 2015 оны өвөл Сарантунгалагийн гэрт байж байхад Т.Болдбаатар орж ирээд Р.Оюунцэцэгийг “гэртээ ор” гэхэд нь би юун сүртэй юм гэхэд миний толгойруу сандлаар цохиод зөндөө цус алдаад маргааш нь цагдаад хэлэх гэхэд Т.Болдбаатар Р.Оюунцэцэгийг “найзыгаа аргал” гэж хэлээд манай гэрлүү хөөж явуулсан байсан. Энэ явдлаас хойш Р.Оюунцэцэг гэр дотроосоо “аллаа” гээд орилоод байхаар нь найз Наранзулын хамт яваад ороход Т.Болдбаатар Р.Оюунцэцэгийн дээр гарсан зодож байхаар нь салгатал бид хоёрыг зодож гэмтээж байсан. Би Оюунцэцэгийг бодоод цагдаад хэлж чаддаггүй байсан, энэ бол жишээ” гэх мэдүүлэг, /хх-61-62-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Д.Мөнх-Од мэдүүлэхдээ: Т.Болдбаатар архи уудаг, байнга эхнэр Р.Оюунцэцэг нь “зодоод байна” гээд дуудлага өгөхөөр очиход согтуу байдаг байсан ба сүүлдээ залхаад залгахаар нь ах, дүү нарт нь хэлж хүлээлгэж өгдөг байсан” гэх мэдүүлэг, /хх-78-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Г.Оюундарь мэдүүлэхдээ: ...Би Р.Оюунцэцэгийн төрсөн эх нь байгаа юм. 2003 онд Эрхэмзаяа төрөөд 2006 оноос Т.Болдбаатар ирээд “би аав нь байна” гээд гэрээр орж гарах болсон. Т.Болдбаатар Эрхэмзаяа, Анударь хоёрыг байнга зоддог, миний хүүхэд биш гээд байдаг юм. Анударь аав зодлоо гээд гүйж ирдэг байсан” гэх мэдүүлэг, /хх-71-р хуудас/                      

            Мөрдөн байцаалтанд гэрч Р.Ууганцэцэг мэдүүлэхдээ: Т.Болдбаатар архи уудаг, муухай ааштай, хэрцгий хүн байсан. Би Р.Оюунцэцэгийг сал гэж олон хэлдэг байсан” мэдүүлэг, /хх-72-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч П.Баярцэцэг мэдүүлэхдээ: “...Эрхэмзаяа, Анударь нарын багш нь байгаа юм. Т.Болдбаатар нь Эрхэмзаяаг өөрийнх нь хүүхэд биш гээд байнга зоддог. Анударь заримдаа хичээлээ таслаад байхаар нь асуухад “аав архи уугаад унтуулаагүй дүүгээ хар гээд үлдээдэг” талаар хэлдэг байсан. Анударь хичээлдээ сайн Сэлэнгэ аймгийн шатрын тэмцээний дэд байр эзэлж байсан, ээж нь хэрэгт холбогдсоноос хойш сургалт нь суларсан, сэтгэл зүйн хувьд тогтворгүй болсон” гэх мэдүүлэг, /хх-68-р хуудас/     

            Мөрдөн байцаалтанд гэрч Д.Батцэцэг мэдүүлэхдээ: “...Багийн нийгмийн ажилтанаар ажилладаг ба багийн зүгээс 2015 онд Монгол гэр өгч гэр оронтой болгосон. Т.Болдбаатар хүүхдүүдээ зодож байсан учир багийн засаг даргатай уулзахаар очиход Т.Болдбаатар байхгүй байсан ба үр хүүхдүүдээ болон намайг байнга зоддог талаар Р.Оюунцэцэг хэлж байсан. Гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг судалгаанд хамрагдсан. Амжиргааны түвшин доогуур, хүнсний талон авдаг айл байгаа юм” гэх мэдүүлэг, /хх-69-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Ө.Сувд-Эрдэнэ мэдүүлэхдээ: ...Багийн нийгмийн бодлогын мэргэжилтнээр ажилладаг. Т.Болдбаатар байнга архи уудаг, орон гэргүй байхад нь “Бороо гоулд” ХХК-аас тусламжийн Монгол гэр авч өгсөн. Эхнэр нь “зодоод байна” гэхээр нь            цагдаа Мөнх-Одтой хоёрч удаа очсон байхгүй таараад байсан. Т.Болдбаатар нь            охин Анударийг “миний хүүхэд биш” гээд зоддог байсан талаар Р.Оюунцэцэг хэлсэн. Амжиргааны түвшин доогуур, хүүхдийн мөнгө, группын мөнгөөр амьдардаг айл” гэх мэдүүлэг, /хх-н 73-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч А.Гантулга мэдүүлэхдээ: ...Р.Оюунцэцэгийн нүдийг Т.Болдбаатар сохолсон гэж ярьдаг. Т.Болдбаатар нь архи уудаг, агсам зантай, орилж хашгираад байхаар нь      орохоор хамаг тавилгаа эвдээд эхнэр хүүхэд нь уйлчихсан байдаг байсан ба эхнэр      хүүхэд нь манайд байж байгаад унтахаар нь ордог байсан. Т.Болдбаатарын гэрээр байнга шоронгийн хүмүүс ирж архиддаг байснаас болж би хашаанаасаа хөөсөн. Р.Оюунцэцэг сүүлд архи уудаг болсон, уг нь ууддагүй байсан” гэх мэдүүлэг /хх-77-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Э.Мөнхтуяа мэдүүлэхдээ: Баянгол сумын Баян багийн эмчээр ажилладаг. Р.Оюунцэцэг нь баруун нүдний хараагүйдэл өвчний учир эмнэлэгийн хяналтанд байдаг, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж авдаг” гэх мэдүүлэг, /хх-80-р хуудас/

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх эмнэлэгийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-З-21-р хуудас/

            Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх эмнэлэгийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-82-85-р хуудас/

            Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн №100 дугаартай акт...Т.Болдбаатарын биед үнхэлцэг хальс, зүрх, уушигинд шарх, цээжний зүүн дээд ээрхэсэг, хүзүүний ар хэсэг, баруун даланд шарх, дотуур цус алдалт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, баруун шанаа, баруун хацар,уруул, эрүү, цээжний зүүн хажуу хэсэг, зүүн тохой, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо болон ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Үнхэлцэг хальс, зүрх, уушигинд шарх, цээжний зүүн дээд хэсэг, хүзүүний ар хэсэг, баруун даланд шархны улмаас дотуур цус алдаж нас баржээ” гэх дүгнэлт /хх-88-89-р хуудас/

            ШШҮХ-ийн тусгай шинжилгээний хэлтсийн №9558 дугаартай ...Т.Болдбаатарын цусанд 3.6 промилли спиртийн агууламж илэрч байна, согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /хх-104-р хуудас/

            Р.Оюунцэцэг, О.Эрхэмзаяа нарын биед үзлэг хийсэн эмчийн 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ...Р.Оюунцэцэгийн биед Зүүн нүд хөхөрсөн хавдартай, зүүн шанаа хавдсан, зүүн гарны бугалаганы ард хөхөрсөн, О.Эрхэмзаягийн биед зүүн шанаанд зөөлөн эдийн гэмтэл” гэх тодорхойлолт /хх-127, 130-р хуудас/

            Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №248 дугаартай ...Р.Оюунцэцэгийн биед зүүн нүд, зүүн гарын бугалганд цус хуралт, зүүн нүд, зүүн шанаа хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /хх-131-р хуудас/

            Р.Оюунцэцэгийн сэжигтэн, яллагдагчаар тооцон байцаасан тэмдэглэлүүд /хх-ийн 152-168-р хуудас/, хувийн байдлыг тогтоосон баримт ял шалгах хуудас багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 170-179-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 168-р хуудас зэрэг хэрэгт цугларсан баримтаар:

 

Шүүгдэгч Р.Оюунцэцэг нь хамтран амьдрагч Т.Болдбаатартай 2002 оноос хойш хамтран амьдрах хугацаанд 03-13 насны 3 хүүхэд төрүүлсэн. Шүүгдэгч  Р.Оюунцэцэг нас барагч Т.Болдбаатарын төрсөн хүүхэд болох 13 настай О.Эрхэмзаяа, 8 настай охин О.Анударь, 03 настай хүү Б.Баярмагнай нар нь Т.Болдбаатарын хууль бус байнгын шинжтэй хүч хэрэглэсэн, ёс суртахуунгүй үйлдлийн дарамт, хүчирхийлэлд амьдарч, Т.Болдбаатарын зодолтоос өмнө нь Р.Оюунцэцэгийн баруун талын нүд хараагүй болж, хүнд хор уршиг учирч байсан бөгөөд  2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг  Жаст-Ойл шатахуун түгээх станцын  урд байрлах задгайд  орших  гэртээ  өглөө 10 цагийн орчим 13 настай хүү Эрхэмзаяаг гэрт орж ирэхэд “пизда минь чи яах гэж ирсэн юм, чи миний хүүхэд биш” гэх үг хэллэг хэлээд цохиж, зодон дахин орж ирэхэд нь дахин зодоход нь Р.Оюунцэцэг нь хохирогч Т.Болдбаатарын үйлдлийг таслан зогсоох үйлдэл хийхэд нь шүүгдэгч Р.Оюунцэцэгийг зодож бие махбодид нь  гэмтэл учруулан хохирогч  Т.Болдбаатар нь хоолны шүүгээнээс хутга авч “бүгдийг чинь ална, бүгдийг чинь алчихаад шорондоо явна” гэж гэрт байсан бага насны таван хүүхэд болон Р.Оюунцэцэгт бодит заналхийлэл хийж, Р.Оюунцэцэг, О.Эрхэмзаяа нарыг гэр тойруулан хөөж довтолсноос үүдэн  шүүгдэгч  Р.Оюунцэцэгийн санаа сэтгэл нь гэнэтийн цочролд орсны улмаас хамтран амьдрагч Т.Болдбаатарын барьсан хутгыг булаан авч түүнийг хутгалж санаатай алсан  нь  гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Р.Оюунцэцэг нь нас барагч Т.Болдбаатарт хүчээр дарлагдан, хүндээр доромжлогдон, хохирогчийн  үйлдлээс /өмнө/ нэг нүд хараагүй болж, хүнд гэмтэл учирч байсан, хэрэг учрал болох үед гэм буруутай этгээд болох Р.Оюунцэцэгт болон түүний  гэрт байсан бага насны 5 хүүхдэд хор уршиг учирч болох нөхцөл байдал үүссэн байсныг мөрдөн байцаалт болон Прокурорын хяналтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу   цуглуулж, бэхжүүлж авсан  нотлох баримтуудаар нотлон тогтоосон. ХохирогчТ.Болдбаатарын цусанд 3.6 промилли спиртийн агууламж илэрч байна, согтолтын хүнд зэрэгт, шүүгдэгч Р.Оюунцэцэгийн цусанд 1.9 промилли спиртийн   агууламж илэрч байна, согтолтын дунд зэрэгт байна гэх шинжээчийн дүгнэлтээр хохирогч, шүүгдэгч нар нь хэрэг учрал гарах үед согтуу биеэ удирдан жолоодох чадваргүй байсан нь гэмт хэрэг гарахад нөлөөлөх хүчин зүйл болсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар Шүүгдэгч Р.Оюунцэцэг нь  согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх үндэслэлд тооцов. Шүүгдэгч Р.Оюунцэцэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6-д зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэн хорих ял эдэлж байсан ба Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-д заасан “ялтай байдал”  2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт заасан хамраагдаж өршөөгдсөн тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хуулийн үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл тохирсон Прокуророос ирүүлсэн  яллах дүгнэлтийн дагуу шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүхээс шүүгчдэгчид ял оногдуулахдаа хэргийн нөхцөл байдал, шүүгчдийн хувийн байдал, ар гэрт бага насны 3 хүүхэдтэй зэрэг байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр, хянан харгалзах  хугацаа тогтоох нь зүйтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлтийг /хх-42-44/ гаргасан. Шүүгдэгч Р.Оюунцэцэг нь 2016 оны 10 дугаар сарыг 31-нээс 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 74 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, хохирогч тал оршуулгын зардал, гэм хорын хохирол нэхэмжлэх нотлох баримтыг бүрдүүлж ирүүлээгүй, хохирол  нэхэмжлээгүйг, хураагдан ирсэн иргэний баримт бичиггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн бор өнгийн халцарсан иш бүхий хутга 1 ширхэг, ягаан эрээн өнгийн эмэгтэй хүний халад 1 ширхэг, ягаан эрээн өнгөтэй орны бүтээлэг 1 ширхэг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчид урьд  авсан бусдын даалтан өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх зэргийг шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.  

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283,284,286,290 дугаар зүйлийн 290.3,294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигин овогт Рэнцэндоржийн Оюунцэцэгийн санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар Боржигин овогт Рэнцэндоржийн Оюунцэцэг 4 жил, 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.     

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Р.Оюунцэцэгт оногдуулсан 4 жил, 06 сарын хорих ялыг ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч Р.Оюунцэцэгийн цагдан хоригдсон 74 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Р.Оюунцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1-т зааснаар оногдуулсан 4 жил, 06  сарын хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллах үүргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн бор өнгийн халцарсан иш бүхий хутга 1 ширхэг, ягаан эрээн өнгийн эмэгтэй хүний халад 1 ширхэг, ягаан эрээн өнгөтэй орны бүтээлэг 1 ширхэг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Ерөнхий шүүгчийн туслах Д.Төр-Амгаланд даалгасугай.

6.Хохирогч тал нь оршуулгын зардал, гэм хорын хохирол нэхэмжлээгүйг, битүүжлэгдсэн хөрөнгөгүйг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Оюунцэцэгт урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.    

9.Эрүүгийн байцан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий  этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол,эсэргүүцлийг Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.АЛТАНЦЭЦЭГ