Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 1777

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Уийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/01240 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Уийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Бд холбогдох,

 

Гэм хорын хохиролд 2 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Т

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.У миний бие 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Багшийн хөгжлийн төвийн хашаанаас гарч явахдаа “Тоёота Камри” маркийн автомашины жолооч Б.Бгийн машинд мөргүүлсэн. Замын Цагдаагийн албан хаагч хэргийн газрын үзлэгээр хэмжилт хийн, Б.Бгийн 100 хувийн буруутайг тоггоосон. Хүчтэй мөргүүлж савж унасны гэмтлээс үүдэлтэй тархины доргилт, гэмтлийн дараах тархины бүрхүүлийн үрэвсэл, гэмтлийн шалтгаант нурууны бүсэлхийн баруун хэсгийн нөжрөл, зөөлөн эдийн гэмтэл, элэгний доргилт гэсэн гэмтлийн эмнэлгийн болон шүүх эмнэлгийн дүгнэлтүүд гарсан. Хугарал, бяцрал байхгүй тул хөнгөн зэрэгт хамааруулсан. Үүнээс улбаалан ерөнхий биеийн эрүүл мэндийн байдал доройтон, өвчин зовиуртай болсон. Ослын улмаас эрүүл мэнд, эмчилгээ, эмийн зардал эдийн засгийн байдлаараа хохирч, хариуцагч нь хүн гэмтээж осол үйлдсэн гэмээ ухаарахгүй учирсан хохирлыг барагдуулахгүй өнөөдрийг хүргэсэн. Эрүүл мэндийн хэвийн байдлаа хангахын тулд тодорхой зардлууд гарсан ба “Монгол эм импекс” ХХК-иас болон бусад эмийн сангуудаас гэмтэл учирснаас хойш дээрх эм бэлдмэлүүдийг авч хэрэглэсэн. Иймд гэм хорын хохирол 2 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Уийн 17 ширхэг баримт нь 2 000 000 төгрөг хүрэхгүй, нийт 1 832 930 төгрөг байна. Үүнээс 4 ширхэг баримт нь тодорхойгүй баримтууд байх ба нийт 91 610 төгрөг, мөн огт хамааралгүй эмийн бүтээгдэхүүн хэрэглэсэн баримтууд байна. Шинжээчийн дүгнэлтээр Х.Уийн биед тархины доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг. Дээрх гэмтэлд амникомплекс, лидвер, рингерийн уусмал, гепатамин гэх элэг хамгаалах, мэс заслын дараах амин хүчил дутагдахад, хордлого, элэгний шок болоход хэрэглэдэг эмүүдийг хэрэглэсэн байна. Дээрх нь 947 000 төгрөг болжээ. Мөн эрүүл мэндийн даатгалаас төлөгдсөн гэх 3 нотлох баримт нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар шууд бус орлогод хамаарах тул Б.Б төлөх ёсгүй гэж үзэж байна. Энэ баримтууд нийт 390 510 төгрөг болж байна. Тамга тэмдэггүй, хуулбар хувь гэх 2 баримт хэрэгт авагдсан ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бичмэл нотлох баримтыг эх хувиар эсхүл нотариатаар баталгаажуулсан хуулбар байх шаардлагыг хангаагүй. Мөн бест массаж төвийн 5 000 төгрөгийн баримт, эрүүл мэндийн даатгалаар тархины компьютер томографийн зураг авахуулсан атлаа дахин 300 000 төгрөгөөр хэвлийн компьютер томографийн зураг авахуулсан. Нэхэмжлэлийн шаардлага хэрэгт авагдсан баримтаар нийт 1 832 930 төгрөг болж байгаагаас 1 734 120 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, харин үлдэх 98 810 төгрөгийг хариуцагчийн зүгээс төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бгаас 1 019 755 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Ут олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 980 245 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгаас 28 070 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Ут олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс нотлогдсон гэж үзсэн нөхцөл байдал нь бодит байдал дээр тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэрт дурьдсан дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн 17 ширхэг баримтаас 7 ширхэг баримтанд дурьдсан эм, тариа, шинжилгээ зэргийг зам тээврийн ослын улмаас учирсан хохирлын баримт мөн гэж үзсэн. Үүнд: 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр толгойн КТГрафикийн зураг 300 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шинжилгээ хийлгэсэн 30 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хэвлийн КТГрафикийн зураг 90 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарнн 22-ны өдрийн "Зинерит" эмийн төвөөс авсан гепатамин 380 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн "Монос" эмийн сангаас авсан гэх Аминокомплекс 47 000 төгрөг, эмийн бөөний төв 76 000 төгрөг, нотариатын зардал гэх 2 200 төгрөгийн баримтууд нь 925 000 төгрөг болох бөгөөд ямар аргаар нэмээд 1019 755 төгрөг гарсан болох нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг болон тогтоох хэсэг хоорондоо зөрж байна. Мерит ХХК болон Эмийн бөөний төвөөс гепатамин, аминокомплекс гэсэн 2 эмийг худалдан авсан болохыг тогтоосон баримт байгаа боловч, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон тархины доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтлийг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай гэдгийг тоггоосон зүйл байхгүй.

Нэхэмжлэгч Х.Уийн Эрүүл мэндийн даатгалаасаа төлсөн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шинжилгээ хийлгэсэн 30 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хэвлийн КТГрафикийн зураг 90 000 төгрөг, нийт 120 000 төгрөгийн хувьд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэг заасан гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөнд учирсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй болохоос шууд бус хохирлыг төлөх үүрэг хүлээхгүй юм.

Харин КТГрафикийн авахуулсан гэх 300 000 төгрөгийн баримтын хувьд Тээврийн прокурорын газрын хуулбар үнэн тамга тэмдэгтэй байгаа нь бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

"Монгол эм импекс", "Зинерит" зэрэг эмийн сангуудаас ямар баримтаар, ямар эм, тариа олгосон нь тодорхойгүй. Эдгээр эм, тариа нь эмчлүүлэгчийн картанд бичигдсэн, ослын улмаас учирсан гэмтлийг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай байсан эсэхийг  тодруулаагүй, тодруулах ажиллагааг хийгээгүй нь буруу гэсэн байдаг. Хариуцагч талаас   00849 тоот магадлалд дурьдсан даалгаврыг биелүүлэх зорилгоор хохирлын гэх баримтуудад дурдсан эм, тариа нь Х.Ут ослын улмаас зайлшгүй шаардлагатай эсэхийг тогтоолгохоор хариуцагч талын зүгээс шинжээч томилон, дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1318 тоот магадлалд заасан ослын улмаас учирсан гэмтлийг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай байсан эсэхийг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн.

Шүүхээс гадуур шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн. Зам тээврийн осол гаргах үедээ Б.Б нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээтэй байсан. Хариуцагч Б.Б нь Х.Уийг “Бодь даатгал” ХХК дээр дагуулан очсон боловч Х.У нь даатгалын байгууллагаас санал болгосон хохирлын үнэлгээ болон нөхөн төлбөрийн хэмжээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл “Бодь даатгал” ХХК болон Х.У нарын хооронд хохирлын үнэлгээ, нөхөн төлбөрийн хэмжээ зэрэг даатгалын үйл ажиллагаатай холбоотой маргаан үүссэн гэж хэлж болно. Уг тохиолдолд даатгалын маргаантай холбоотой өргөдөл, гомдлоо эхлээд Санхүүгийн зохицуулах хороонд хандаж шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлж, хорооноос гарах шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд ханддаг журамтай. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байтал, эсрэгээр нь иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х.У нь хариуцагч Б.Бд холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 98 810 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Б.Б 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Багшийн хөгжлийн төвийн хашаан дотор Тоёота камри маркийн УНУ 70-07 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 дахь заалтыг зөрчсөнөөс Х.Уийг мөргөж, биед нь хөнгөн гэмтэл буюу тархи доргилт гэх гэмтэл учруулсан болох нь Замын цагдаагийн газрын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, үзлэг хийсэн тэмдэглэл, газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 12210 дугаар дүгнэлт, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1306 дугаар дүгнэлт, Замын цагдаагийн газрын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 340 дүгээр шинжээчийн дүгнэлт, Тээврийн Прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2921 дүгээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол, зохигчдын тайлбараар тогтоогдсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх 12-22/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрүүл мэндэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээхэд учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр тус тус зохицуулсан бөгөөд талууд зам тээврийн осол гаргасан гэм буруугийн асуудалд маргаагүй тул нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй юм. 

 

Нэхэмжлэгч Х.У нь зам тээврийн ослоос үүдэн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нотлох хэмжээнд 17 ширхэг баримт гаргаж өгснөөс 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн толгойн КТГрафикийн зураг 300 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шинжилгээ хийлгэсэн 30 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн толгойн КТГрафикийн зураг 90 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Зинерит” эмийн төвөөс авсан гепатамин тариа 380 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Монос” эмийн сангаас авсан Аминокомплекс тариа 47 000 төгрөг, эмийн бөөний төвийн 76 000 төгрөг, нотариатын зардал 2 200 төгрөг зэрэг /хх 7-10/ нотлох баримтуудыг анхан шатны шүүх тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагаас 1 019 755 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн боловч тооцооллын хувьд алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан, нийт 925 200 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулан хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас “хохирлын гэх баримтуудад дурдсан эм, тариа нь Х.Ут ослын улмаас зайлшгүй шаардлагатай эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах тухай” хүсэлт гаргасныг шүүх, хэрэгт ач холбогдол бүхий болох нь тогтоогдохгүй гэж дүгнэн хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэжээ.

Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаарх хуульд заасан журамд гэм хорын хохирол шаардах эрх хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр “Бодь даатгал” ХХК-иас шаардах, эсхүл гэм хорын хохирлоо буруутай этгээдээс шүүхийн журмаар нэхэмжлэх эсэхийг өөрөө сонгох эрхтэй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын хувьд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/01240 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бгаас 925 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Ут олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 074 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...28 070 төгрөг...” гэснийг “...26 755 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболдын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 025 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

                                           ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН