| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/01572/И |
| Дугаар | 183/ШШ2021/02055 |
| Огноо | 2021-09-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 183/ШШ2021/02055
| 2021 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 183/ШШ2021/02055 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ..... дүүргийн .... дүгээр хороо, Дүнжингаравын гудамж ..... байранд байрлах А СӨХ /РД:...../-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... дүүргийн . ..дүгээр хороо, Дүнжингаравын гудамж, Астра вилла хотхоны ... байрны .... тоотод оршин суух, Д.Ц /РД:...../-т холбогдох,
дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1.395.600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г, хариуцагч Д.Ц, нарийн бичгийн даргаар Ч.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “.... дүүргийн .... дүгээр хороо, .... гудамж, ..... хотхоны ..... байрны .... тоотод оршин суугч Д.Ц нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний төлбөр болох 2018 оны 11 дүгээр сараас 2021 оны 4 дүгээр сар хүртэлх саруудын төлбөр нийт 1,395,600 төгрөгийг төлөхгүй байгаа тул Д.Цээс Иргэний хуулийн 147 дүгээр зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар төлөгдөөгүй төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Д.Ц шүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа: Төлбөрийн талаар өргөдөл бичээд хөнгөлүүлэх боломжтойгоо сая л мэдсэн. Тиймээс өргөдлөө бичиж өгсөн. Миний бие энэ байранд 3 дахь жилдээ амьдарч байна, миний өмчлөлийн байр мөн, эхний 2 жилийг манай аав төлж байгаа гэж ойлгож байсан. Би өглөө эрт гараад орой ирдэг ажилтай учир сүүлийн 1 жилийн болон өмнөх төлбөр төлөгдөөгүй байгаа талаар мэдсэн ба үүнээс хойш төлөх төлбөр дээрээ нэмж төлөөд дуусгах хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх А СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч А СӨХ нь 2018 оны 11 дүгээр сараас эхлэн 2021 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацааны орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1.395.600 төгрөгийг хариуцагч Д.Цээс гаргуулахыг хүссэн байна.
Хэргийн баримтаас үзэхэд А СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.1, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д зааснаар байгуулагдсан болох нь 2018.05.22-ны өдөр олгогдсон 18/122 дугаар гэрчилгээ, тус СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2018.03.19-ний өдрийн 18/01 тоот хурлын тогтоол зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй, 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар дээрх зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлж байхаар, харин уг зардлыг сууц өмчлөгчдөөс шаардах эрхийг сууц өмчлөгчдийн холбоонд олгосон байх тул А СӨХ шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн гэж үзлээ.
Хариуцагч Д.Ц нь 2018 оны 11 дүгээр сараас эхлэн 2021 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацааны төлбөрийг төлөөгүй байх тул нэхэмжлэгчийн тайлбар, төлбөрийн талаарх Төрийн банкны хуулга, үнэ тариф батлах тухай 2017.10.08-ны өдрийн Астра вилла хотхоны 207-1, 207-2 байрны оршин суугчдын хурлын протокол зэргийг үндэслэн нийтдээ 1.395.600 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй бөгөөд хариуцагч Д.Ц нь тухайн орон сууцны өмчлөгч болохыг зөвшөөрсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар хариуцагч Д.Цээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1.395.600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А СӨХ-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цээс улсын тэмдэгтийн хураамжид 36,020 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ