Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2021/01800

 

 

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2021/01800

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Л.Г-ийн нэхэмжлэлтэй

  Хариуцагч: НШШГГ-т холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: П К ББСБ ХХК

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б.Б нар

Анхны албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоолгож, анхны болон хоёр дах албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А, хариуцагчийн төлөөлөгч С.Г, гуравдагч этгээдийн П К ББСБ ХХК-ийн төлөөлөгч С.Б, гуравдагч этгээд Б.Б-ын төлөөлөгч Б.А, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

  Нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авав.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Л.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.01.06-ны өдрийн 1/4 хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг нэхэмжлэгч нь 2021.01.11-ний өдөр гардан авсан. Анхны албадан дуудлага худалдаа 2018.12.21-ний өдөр болох байсан ба 2018.12.20-ны өдрийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 00000 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй гэж дуудлага худалдааны хурлын тэмдэглэлд тусгаж хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулж байгаа нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж, нэхэмжлэгчийн эрхэд халдаж, тухайн үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж байна. Уг асуудлаар ШШГТХ-ийн 44-т заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэхээр ШШГЕГ-т хандсан боловч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн тул тус шүүхэд анхны албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  УДШүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1634 тогтоолоор Л.Г, Б.Б, Л.Га нараас 146 430 556 төгрөгийг гаргуулж, П К ББСБ ХХК-д олгохоор, үүргийг биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 000000000 хаягт байрлах 372.3 м.кв талбайтай, аялал жуучлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 00000000 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэсэн, шинжээчээр тогтоолгосон хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч төлбөр төлөгч Л.Г шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 00000000 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байдаг. Анхны албадан дуудлага худалдааг тус захирамж гарсны дараагийн өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан. Дээрх шүүгчийн захирамжийг хүлээн аваагүй, холбогдох дуудлага худалдааны тэмдэглэлд энэ талаар тусгагдаагүй байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан байна, энийг зөвшөөрөхгүй байна, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж гарсан байхад дуудлага худалдаанд оруулсан байна гэсэн байдаг. Нэгдүгээрт энэ нь анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй, 2 дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон. Хоёрдугаарт төлбөр авагчийн зүгээс болон шүүхээс албадан дуудлага худалдааг зогсоох хүсэлт ирээгүй, тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийг шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээн аваагүй тохиолдолд товлон тогтоосон тэр хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, албадан дуудлага худалдааг явуулах ёстой, тэр ажиллагааг зогсоох боломжгүй. Тухайн төлбөр төлөгч нь өөрийн эрх ашгийг хангах үүднээс эсвэл шүүхийн байгууллагаас тухайн захирамжийг шийдвэр гүйцэтгэгчид хүлээлгэн өгөх ёстой. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гарсан захирамжийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн аваагүй гэдэг нь манай нотлох баримт буюу бүртгэлийн дэвтрээр тогтоогдсон. Иймд төлбөр төлөгчийн зүгээс хуулийг хэрэгжүүлэхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргах замаар хуулийг хуулийн хэрэгжилтийг хангахгүй байгаа нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцэхгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П К ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь тэр анхны дуудлага худалдаа явагдсан өдрийнх нь урд өдөр аль нэг шүүх дээр шүүгчийн захирамж гарсан гээд байгаа. Шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ээр тухайн иргэний хэрэг маргааныг шийдвэрлэж дуусах хүртэл үйл ажиллагааг нь түр түдгэлзүүлсэн гэсэн агуулгатай захирамж байгаа. Гэтэл тухайн үедээ гаргаж байсан энэхүү гомдол нь өнөөдөр одоо эрх зүйн, эдийн засгийн хувьд ач холбогдлоо алдчихсан. Нэхэмжлэгчийн гаргасан тэрхүү үнэлгээний гомдол нь хүчингүй болоод, нэхэмжлэл нь үндэслэлгүй байсныг 3 шатны шүүх тогтоосон. Өөрөөр хэлбэл тухайн хэргийг түдгэлзүүлсэн захирамж болсон үндсэн нэхэмжлэл нь өөрөө 3 шатны шүүхээр хэрэгсэхгүй болсон учраас өнөөдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, өнөөдөр хэлэлцэж байгаа иргэний хэрэгт ямар нэгэн эрх зүйн үр дагавар, ач холбогдолгүй болж хувирсан. Тухайн хуулийн болоод төрийн байгууллагын өөрийнх нь процедур нь угаасаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, дуудлага худалдаа явагдаж байхад ч, тэр чинь гэнэтхэн нэг зарлачихдаггүй, тодорхой хуулийн хугацаатайгаар зарлаад, ажиллагаа процессоороо явагддаг. Тэрнээс гэнэт хэн ч мэдээгүй байхад дуудлага худалдааг зарлаад зарчихсан асуудал байхгүй. Тийм учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, буруутгах үндэслэлгүй болчихжээ. Ерөөсөө зөвхөн нэхэмжлэлийг бус энэ хэргийг бүхэлд нь шүүх хянан үзэж, тухайлан судлах байх. Өөрөөр хэлбэл энэхүү хэрэг нь ерөөсөө 2015 онд хөрөнгөө барьцаалж 100 000 000, 150 000 000 төгрөгийн зээл авснаас хойш 6 дахь жилийн намарлуугаа ороод явж байгаа. Эд нар ингээд зээлээ төлөх, шүүхэд нэхэмжлэл гаргах болохоор л дээд шүүх хүртэл явдаг, дээд шүүх нь бүрэлдэхүүн байхгүй гээд жил тойрдог. Шийдвэр гүйцэтгэл нь дуудлага худалдаанд оруулна гэхээр л шүүгчид өгөөд үнэлгээ юм уу, дуудлага худалдааг шүүгчээс түдгэлзүүлсэн захирамжаа яриад эхэлдэг. Яг тэр нь өмнө 6 жил тойрч байгаа процесстой адилхан. Сая дуудлага худалдаанд оруулангуут бас л өмнөх иргэний хэрэг дээр шүүхээс түдгэлзүүлсэн захирамж авчраад ингээд суучихдаг. Тийм учраас үндэслэлтэй, үндэслэлгүй энэ олон захирамжуудыг шүүгч хэргийг бодитоор бүхэлд нь хянаад хэргийг үнэн зөвөөр шийдэж, бодитой шүүхийн шийдвэрийг хангаж шийдвэр гүйцэтгэх газрыг ажлаа хийх бололцоогоор нь хангаж, бодитой шийдвэрлэж өгөх байх гэж бодож байна гэв.

 

Гуравдагч этгээд Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хариуцагчийн төлөөлөгч болон гуравдагч этгээд П К ББСБ ХХК-ийн төлөөлөгч нарын тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл хариуцагчийн гаргасан тайлбар нь шүүгчийн захирамж гарсныг мэдээгүй, гар дээр ирээгүй учраас би биелүүлээгүй ажиллагаа явуулсан гээд байгаа. Гэтэл шүүгчийн захирамж гэдэг нь өөрөө хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн нэг төрөл бөгөөд заавал биелэгдэх шинжтэй, гарсан даруйдаа хүчин төгөлдөр үйлчилдэг, хууль зүйн тодорхой үр дагавар бий болгодог акт, энийг хуульчлаад өгсөн. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 5.4.3-т шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг гарсан өдөрт нь хэргийн оролцогчдод шүүгчийн туслах мэдэгдэж, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гардуулсан, хүргүүлсэн, мэдэгдсэн тухай баримт №7-г үйлдэн хэрэгт хавсаргана гэж заасан байгаа. Тэгэхээр гарсан өдөр нь шүүхийн захиргааны ажилтан шүүгчийн туслах энэ талаар хэргийн оролцогчдод мэдэгдсэн, мэдэгдсэн байгаа нь өөрөө мэдээгүй, гарт заавал хэвлэмэл байдлаар ирээгүй, ирээгүйгээс болоод дуудлага худалдаа явуулсан нь өөрөө хуульд нийцнэ гэж ярьж байгаа нь огт үндэслэлгүй байна, цэвэр хууль зөрчсөн асуудал болно. Гуравдагч этгээд П К ББСБ ХХК-ийн төлөөлөгч хаанаас нэг юм захирамж олж ирээд гэж яриад байна. Монгол улсын шүүх, шүүгч энэ асуудлыг хэлэлцээд, үзэж хараад хэргийг хуулийн түвшин, шатанд шийдээд явж байгаа, шийдэх шийдэхдээ энэ хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл ямар нэгэн ажиллагаа хийж болохгүй, үнэн зөвийг шийдэх хүртэл түдгэлзүүлье гээд захирамж гаргахаар, хариуцагчийн зүгээс энэ захирамжийг би биелүүлэхгүй, хэвлэмэлээр ирээгүй гэдэг. Гэтэл хуульд зааснаар захирамж гарсан даруйдаа хүчин төгөлдөр байдаг учраас энийг заавал биелүүлэх ёстой. Шийдвэр гүйцэтгэгч нар тухайн үедээ өөрсдөө хариуцагчаар явж байгаа гэдгээ мэдсэн, явж байсан учраас ямар нэгэн байдлаар хариу гарсан, гараагүй талаар шүүхтэй тодорхой харилцаатай байх ёстой. захирамж гарсан гэдгийг мэдэгдэх үүргийг Б.Б хүлээхгүй, захиргааны байгууллага болон тэр цаад захирамж авах гэж байгаа байгууллага гэсэн хоёр төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, энэ бүгд хуульчлагдсан зүйл. Энэ хуульчлагдсан зүйлийг төрийн байгууллагын уялдаа холбоо болон байгууллагын захиргааны ажилчдын алдаатай буруу хийсэн үйлдлээс болоод өнөөдөр иргэн хүн эд хөрөнгөөрөө хохирч, эрхээ хасуулж боолгуулаад явж болохгүй л гэж байгаа. Тийм учраас энэ хууль зөрчиж хийсэн дуудлага худалдааг ийм ор үндэслэлгүй, хууль зөрчсөн тайлбараар үндэслэлтэй байна гэж ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.              

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Г хариуцагч НШШГГ-т холбогдуулан Анхны албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоолгож, анхны болон хоёр дах албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 15-ны өдрийн 2498 дугаар шийдвэрээр хариуцагч Л.Г, Б.Б, Л.Га нараас 146 430 556 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П К ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл 000000000 хаягт байрлах өмчлөх эрхийн 00000000 дугаартай, 372.3 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлал, тогтоол гаргасан болох нь зохигчдын тайлбар, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр тогтоогдож байна. /хх-ийн 30-39 /

  Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

  Төлбөр төлөгч нар дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул дээрх хүчин төгөлдөр шийдвэрүүдийн дагуу олгогдсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 01 сарын 26-ны өдрийн 00000000 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэн, хуульд заасан ажиллагааг явуулж, 2018.12.04-ний өдрийн 12/11 дугаар тогтоолоор Анхны албадан дуудлага худалдааг 2018 оны 12 сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутап хийхээр товложээ.

Анхны дуудлага худалдаа 2018.12.21-ний өдөр явагдсан боловч төлбөрт хураагдсан 000000000 хаягт байрлах өмчлөх эрхийн 00000000 дугаартай, 372.3 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгөнд санал ирээгүй /11 дугаартай/ үндэслэлээр худалдан борлогдоогүй байна. /хх-ийн 40,41-46/

  Дээрх нэхэмжлэлтэй холбоотойгоор 2018 оны 01 сарын 26-ны өдрийн 00000000 дугаар тогтоолоор эхлүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус шүүхийн 2018.12.20-ны өдрийн 00000 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ. /хх-ийн 70/

Харин төлбөр төлөгч Л.Г нь тус шүүхэд 2018 оны 12 сарын 04-ний өдөр 000000000 хаягт байрлах өмчлөх эрхийн 00000000 дугаартай, 372.3 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг, тус шүүхийн 2019 оны 02 сарын 15-ны өдрийн 358 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба давж заалдах болон хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 54-61/

Нэхэмжлэгч Л.Г нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт албадан дуудлага худалдааг мэдэгдээгүй, хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай гомдол гаргасанд тус газрын дарга Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 2020.12.21-ний өдрийн 00/0000 тоот албан бичгээр ...хоёр дахь албадан дуудлага худалдааг цуцалсан байна. гэх хариуг өгсөн байна.

Үүний дараа буюу 2021.01.06-ны өдрийн 1/21 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолоор 2021 оны 1 сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр зарласан байх ба 2021.01.08-ны өдрийн мэдэгдлийг нэхэмжлэгч Л.Г-ийн төлөөлөгч Б.А 2021.01.08-ны өдөр хүлээн авсан баримт хэрэгт авагдсан байх ба төлбөр төлөгч Б.Б нь 2021.02.05-ны өдөр ...Төлбөр төлөгч Б.Б миний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн 00000000 дугаартай, 372.3 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг 2021.01.21-ний өдөр дуудлага худалдаанд оруулж, 286 149 306 худалдан борлогдсон. Б.Б миний бие уг дуудлага худалдааг хүлээн зөвшөөрч байна. гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж, гарын үсгээ зурсан байна./хх-ийн 63, 68/

Нэхэмжлэгч тал ...түдгэлзүүлсэн захирамж гарсан байхад анхны дуудлага худалдааг явуулсан нь хууль зөрчиж явагдсан байхад хоёр дахь дуудлага худалдааг явуулсан нь хууль зөрчсөн. гэж тайлбарласныг, хариуцагч тал ...анхны дуудлага худалдааг явуулах үед 2018.12.20-ны өдрийн 00000 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж тус газарт ирээгүй байсан бөгөөд бид мэдэх боломжгүй байсан. Түүнчлэн төлбөр төлөгч нар энэ талаар мэдэгдэх болон гомдлоо гаргах эрх нь бүрэн нээлттэй байсан. Уг ажиллагаа хууль зөрчөөгүй. гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбараар төлбөр төлөгч нар нь анхны дуудлага худалдааг хууль зөрчиж явуулсан, түүнчлэн уг ажиллагааг хүчингүй болгуулах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасан эрхээ хэрэгжүүлж, холбогдох албан тушаалтанд хандаж шийдвэрлүүлсэн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар дуудлага худалдаа зохион байгуулах болон үнэлгээтэй холбоотой ажиллагаанууд нь тус тусдаа бие даасан ажиллагаа бөгөөд хуульд зааснаар дээрх ажиллагаатай холбоотой асуудлаар гомдол гаргаж, шийдвэрлүүлэх зохицуулалтыг хуулиар нэг бүрчлэн заасан байна.

  Нөгөөтэйгүүр Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020.12.21-ний өдрийн00/0000 тоот албан бичгээр ...хоёр дахь албадан дуудлага худалдааг цуцалсан байна. гэх хариуг өгснийг дээрх ажиллагаануудад гаргасан гомдол гэж үзэхээргүй байна.

Дээрхээс дүгнэхэд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан анхны болон хоёр дахь дуудлага худалдаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байх ба дээрх дуудлага худалдааг явуулахдаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч шаардлагаа баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.4 дахь хэсэгт заасныг баримтлан Анхны албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоолгож, анхны болон хоёр дах албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Л.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Л.Г-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй дурдсугай.

                                         

 

ДАРГАЛАГЧ                                   Б.МӨНХЖАРГАЛ