Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/718

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, улсын яллагч А.Намдаг (томилолтоор), шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч А.Очбадрал, шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 02937 1894 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, С овгийн Д.Х, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: **, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

2.Монгол Улсын иргэн, ** овгийн Д.Х, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд наран ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: **, урьд:

-Завхан аймгийн Улиастай сум дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

-Завхан аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял,

-Завхан аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 91 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Х, Д.Х нар нь бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын нутаг дэвсгэрээс ховор ургамлын жагсаалтад багтсан 292.4 кг хуурамч хонин арцыг түүж бэлтгэн, улмаар 2023 оны 09 дүгэр сарын 19-ний өдөр ** улсын дугаартай SUBARU IMPREZA маркийн тээврийн хэрэгслээр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэн, экологи-эдийн засагт 257,019,600 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч, ** овгийн Д.Х, С овгийн Д.Х нар нь бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын нутаг дэвсгэрээс ховор ургамлын жагсаалтад багтсан 273.6 кг хуурамч хонин арцыг түүж бэлтгэн, улмаар 2023 оны 09 дүгэр сарын 19-ний өдөр **улсын дугаартай SUBARU IMPREZA маркийн тээврийн хэрэгслээр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэж, экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлснээр хүрээлэн буй орчинд 240,494,400  төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-10 дахь тал),

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т-ийн “...Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж, ахуй нэгж байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг.  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаар журам батлах тушаал байдаг, уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого, 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг манай дансанд тушаах ёстой байдаг...Хуурамч Хонин арцыг түүж бэлтгэх зөвшөөрлийг тухайн аймаг, сумыг хариуцсан Засаг дарга нь олгодог, уг Хонин арцыг түүж бэлтгэхэд заавал сумын болон аймгийн Засаг даргаас зөвшөөрөл авч, татвар төлсний үндсэн дээр түүж бэлтгэх ёстой, би шинжээчийн дүгнэлтэд дурдсан 257,019,600 төгрөгийг нэхэмжилж байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21, 77-78 дахь тал),

-Гэрч Д.Г-ын “...2023 оны 9 дүгээр сарын 19-ний орой манай ах Х над руу залгаад “...хоёр ах нь арц түүчихсэн явж байгаад цагдаад баригдчихлаа” гэж хэлсэн. Манай хоёр ах арц түүхээр явсан шалтгаан нь одоогоос 9 хоногийн өмнө манай хамаатнууд уулзаад ямааны боодог хийж идэцгээсэн. Ингэхдээ эмээг нас барсны дараа нутаглуулсан газарт нь суварга босгоё гэж ярьсан. Эмээг ил нутаглуулсан ба тэр үйл ажиллагааг манай хоёр ах гардан хийсэн. Хоёр ахын амьдрал тэгширч өгөхгүй байгаа талаар ярилцаж байгаад суварга босгох санаа гарсан. 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр суварга босгох талаар ярилцаж шийдвэрлэсэн. Суварган дотор арц хийдэг гэж манай ахмадууд зөвлөлдөж ярьсан учраас хоёр ах маань арцанд явсан. Арцанд явахаас өмнө би хоёр ахтай Нарантуул зах орж арц худалдаж авахаар очиход тэнд 1 кг арц нь 7000 төгрөгийн үнэтэй байсан.  Худалдаж авах гэхээр өндөр үнэтэй байсан тул хэд хоногоос болъё гээд явцгаасан. Би суваргын элс, цементийг зохицуулахаар болсон. Х, Х нарыг хаанаас арц түүснийг өөрөө хараагүй учраас сайн мэдэхгүй байна. Өөрсдийнх нь хэлж байгаагаар Төв аймгийн Баянхангай сумын урд хэсэгт байдаг элснээс түүсэн гэж хэлсэн байсан...** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Д.Х ахын тээврийн хэрэгсэл байгаа юм...манай хоёр ах зөвшөөрөл авсан эсэхийг мэдэхгүй, шууд яваад түүчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 3249 дугаартай: “шинжилгээнд ирүүлсэн ургамал нь Cupressaceae-Агарууны (арц) овог, Juniperus L-Арцны төрөл, Juniperus preudosabina Fisch.et C.A.Mey- Хуурамч хонин арц байна. Хуурамч хонин арц нь Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал. Ургамал түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн Juniperus preudosabina Fisch.et C.A.Mey-хуурамч хонин арц нь Тагийн бүслүүрийн нураг, хад, ойн дээд захын хушин ой, ширэнгэд ургана. Ургамал-газар зүйн Хөвсгөл /Хотон/, Хэнтий, Хангай, Монгол-Дагуур /Ноён/, Монгол-Алтай, Дундад Халх /Яргайт/, Говь-Алтай /Их богд/ тойрогт тархан ургадаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамлын аль нь болохыг тодорхойлох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн ургамлын үндэс нь 12.8 хувийн чийгтэй байх тул хуурай байна. Шинжилгээнд ирүүлсэн ургамлыг нунтагласан тохиолдолд NMS 1976:85 стандартын дагуу хадгалж болно. Стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд чанар байдлаа алдах боломжтой. Стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд хэмжээ, жинд өөрчлөлт орох боломжтой. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад 1 кг хуурай Хуурамч Хонин арц ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 175,800 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу 292.4 кг ургамлын үндэсний экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 175800 төгрөг*292.4кг=51,403,920 төгрөг байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.3-т зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно гэсний дагуу тооцоолоход 51,403,920 төгрөг* 5= 257,019,600 төгрөг байна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 39-44 дэх тал)

-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1376 дугаартай: “Шинжлэгдсэн 12 шуудайтай ургамал нь Cupressaceae-Агарууны (арц) овог, Juniperus L-Арцны төрөл, Juniperus preudosabina Fisch.et C.A.Mey- Хуурамч хонин арц байна. Шинжлэгдсэн 12 шуудайтай ургамал нь бүгд нэг төрөл зүйлийн,...хуурамч хонин арц байна. Шинжлэгдсэн 12 шуудайтай ургамалд өөр төрөл, зүйлийн арц тогтоогдоогүй болно” гэсэн” дүгнэлт (шинээр гаргаж өгсөн),

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 81-85 дахь тал)

Шүүгдэгч Д.Х-ын яллагдагчаар өгсөн:“... хийсэн үйлдэлдээ маргах зүйлгүй, сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, би арц түүж бэлтгэх зөвшөөрөл аваагүй, би өөрийн хамаатны дүү болох Х-тай хамтран суваргад ашиглах зорилгоор Төв аймгийн нутагт байрлах арц ургадаг газар руу өөрийн эзэмшлийн **улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр явсан, ингээд Төв аймгийн Лүн сумын нутагт очиж арцаа түүж бэлтгээд 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хот руу орж ирэх гэж яваад цагдаад баригдсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 102-103 дахь тал),

Шүүгдэгч Д.Х-ын мөрдөн яллагдагчаар өгсөн: “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нагац ах Х-ын хамт Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүй хуурамч хонин арц түүж яваад эмээлийн пост дээр баригдсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 112 дахь тал)

-“Дамно” ХХК-ийн “Subaru Impreza” маркийн тээврийн хэрэгслийг 3,173,438 төгрөг”-өөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, тодорхойлолт, гэрэл зураг (хавтаст хэргийн 125-130 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 123 дахь тал) эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 137 дахь тал) зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай мэтгэлцэж оролцоно гэсэн болно.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамлыг түүж, бэлтгэж, тээвэрлэсэншинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Д.Х, Д.Х нарын зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүж бэлтгэн, тээвэрлэсэн идэвхтэй үйлдэл нь хууль бус болох нь илэрхий атал тэд экологи-эдийн засагт хор уршиг учруулсан ухамсарт үйлдэл байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгч Д.Х нь Завхан аймагт төрж өссөн бөгөөд бага залуудаа арц түүж байсан тул өөрсдийн түүж бэлтгэсэн арцыг ямаан арц гэж бодсон хэмээн мэдүүлж байсныг шүүх гэм буруугийн талаар маргасан гэж үзсэнгүй. Тэдний хувьд арц түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэлдээ огт маргаагүй боловч арцны төрөл зүйлийн хувьд эргэлзэж байсныг шүүх шинжилгээний байгууллагын нэмэлт шинжилгээгээр нэг мөр болгосноор хууль бус буюу хуурамч хонин арц түүсэн гэдэгтээ эргэлзэхгүй болж, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн юм. Харин шүүх шүүгдэгч Д.Х-ын энэхүү нөхцөл байдлын андуурлыг гэм буруугүйд тооцох, гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.6 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулан авч үзэх боломжтой хэмээн дүгнэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Х, Д.Х нарыг бүлэглэн Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийг зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамлыг түүж, бэлтгэж, тээвэрлэж үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Улсын яллагчаас “байгаль экологид 257,019,600 төгрөгийн хохирол учирсан тул шүүгдэгч нараас нөхөн төлүүлэх саналтай байна” гэсэн саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралаас “шүүгдэгч нар шунахайн сэдэлтээр арцыг түүгээгүй харин суварга босгох зорилготой байсан. Нэн ховор төрлийн биш ховор төрлийн арц түүсэн гэдгийг анхаарч хөнгөрүүлж үзнэ үү. Эд мөрийн баримтаар хураагдсан арцыг өмнөх шүүх хуралдаанаар жигнэхэд 18,8 кг зөрүү гарсан. Иймд нийт жингээс үүнийг хасаж 175,800 гаар үржүүлж 48,098,880 төгрөгөөр тогтоож, шунахай сэдэлт байгаагүй тул 5 дахин үржүүлэхгүйгээр хохирлыг тооцож өгнө үү. Битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийн төлбөрийг улсын орлого болгоход татгалзах зүйлгүй” гэсэн саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэрээс “арцны нийт жин 19 орчим кг багассан байсан, үүнийг хасуулах нь зүйтэй. Ургамлын аймагт хохирол учруулсан бол 5 дахин үржүүлэхээр заасан. Ургамлын аймаг гэдэг нь маш өргөн хүрээтэй ойлголт тул шүүгдэгч нарын түүж бэлтгэсэн хуурамч хонин арцыг 273,6 кг-аар тооцож 175,800 төгрөгөөр бодож 47,999,400 төгрөгийн хохиролтойд тооцож өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан болно.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 514 дүгээр зүйлийн 514.2-т “Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж тус тус заажээ.

            Урьд шүүх хуралдаанаар шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нарын хүсэлтээр эд мөрийн баримтаар хураагдсан 12 шуудай арцыг нэг бүрчлэн жигнэж үзэхэд 273,6 кг (шүүх хуралдааны тэмдэглэлээс) байсан тул хэргийн үйл баримтыг шинэчлэн тогтоогдсон хэмжээгээр тодорхойлсон болно. Ийнхүү шинэчлэн тогтоогдсон нөхцөл байдал нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрээгүйн дээр шүүгдэгч нарт ашигтай байх тул экологи-эдийн засагт учирсан хохирлын хэмжээг 273,6x175,800x5=240,494,400 төгрөгөөр тогтоов.

            Харин шүүхээс шүүгдэгч нарын хөрөнгө чинээ, эд хөрөнгийн байдал, цалин хөлс, орлого, төлбөрийн чадвар зэргийг харгалзан Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т зааснаар, эрх хэмжээний хүрээнд шүүхээс тогтоосон хохирлын хэмжээг хоёр дахин багасган шүүгдэгч нарын төлбөл зохих хэмжээг 120,247,200 төгрөгөөр тогтоож, үүнийг тэднээс хувь тэнцүүлэн 60,123,600 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэлээ.

           

            Түүнчлэн, энэ хэрэгт битүүмжлэгдсэн Д.Х-ын эзэмшлийн **улсын дугаартай, 3,173,438 төгрөгийн үнэлгээ бүхий “Subaru Impreza” маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөд, .. зарцуулна.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Д.Х-ын эзэмшлийн **улсын дугаартай “Subaru Impreza” маркийн тээврийн хэрэгслийг 3,173,438 төгрөгөөр бодож түүний хохиролд оруулан тооцох нь зүйтэй.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

            Улсын яллагч: “...шүүгдэгч Д.Х, Д.Х нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэх, хүрээг нь Д.Х-ын хувьд Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар, Д.Х-ын хувьд Сонгинохайрхан дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоох саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан арцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр: “...Улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна, харин хүрээний хувьд Улаанбаатар хотоос гарахгүй байх гэж тогтоож өгнө үү, Х мужаан хийдэг тул Нарантуул зах байнга ордог, мөн саяхан хагалгаа хийлгэсэн эмнэлгээр явах шаардлага байгаа тул зөвхөн хорооноос гарахгүйгээр байх боломжгүй байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал: “...Улсын яллагчийн санал болгосон ялын төрөл болон хэмжээн дээр эсрэг санал байхгүй. Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй тул улсын яллагчийн санал болгосон ялыг оногдуулж өгнө үү...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Д.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг, мөн шүүгдэгч Д.Х, Д.Х нарыг нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин тэднийг “байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Д.Х-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 61 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 62 дэх тал), жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Х-ын хувийн байдлыг,

             -Д.Х-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал), жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 55 дахь тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 117-118 дахь тал), таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 143-152 дахь  тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Х-ын хувийн байдлыг тус бүр тодорхойлов.

Анхан шатны шүүх талуудын санал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Д.Х, Д.Х нарт тус бүрд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т  зааснаар нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон бөгөөд тэднийг нийгэмшүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х, Д.Х нарыг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг жил зургаан сарын хугацаанд оршин сууж буй газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зайлшгүй шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг хүлээлгэв. Шүүгдэгч нар нь төлж барагдуулах их хэмжээний хохиролтой тул ажил хийх, хөдөлмөр эрхлэх боломжийг нь илүү нээлттэй байлгах үүднээс зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг боломжит байдлаар тогтоож өгсөн болно.

    1. Бусад асуудлын талаар

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж, экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа нийт 12 шуудай хуурамч хонин арцыг улсын орлого болгон хэрэгцээний дагуу ашиглуулахаар Шинжлэн ухааны академийн холбогдох хүрээлэнд шилжүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.С овгийн Д.Х, Я овгийн Д.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийг зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамлыг түүж, бэлтгэж, тээвэрлэж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

2.Шүүгдэгч Д.Х, Д.Х нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х, Д.Х нарыг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг жил зургаан сарын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, тэдэнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4.Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Х, Д.Х нарт сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.2 дах хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хоёр дахин багасгаж, хувь тэнцүүлэн шүүгдэгч Д.Х, Д.Х нараас тус бүр 60,123,600.00 төгрөгийг гаргуулан Байгал орчин, уур амьсгалын санд оруулсугай.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Х-ын эзэмшлийн **улсын дугаартай, 3,173,438 төгрөгийн үнэлгээ бүхий “Subaru Impreza” маркийн тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хурааж, шүүгдэгч Д.Х-ын хохиролд мөн үнийн дүнгээр оруулан тооцсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж, экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа нийт 12 /арван хоёр/ шуудай хуурамч хонин арцыг улсын орлого болгон эрдэм шинжилгээ, судалгаа хийхэд хэрэгцээний дагуу Шинжлэн Ухааны Академийн холбогдох хүрээлэнд шилжүүлсүгэй.

8.Шүүгдэгч Д.Х, Д.Х нар баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Х, Д.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА