| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2024/0140/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/156 |
| Огноо | 2024-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ****** дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго “шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 28-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт хохирогч *******тай маргалдаж нүүрэн тус газарт нь мөргөж хамар ясны цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, доод уруулын дотор салстын баруун хэсэгт зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүнийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас), хохирогч *******н мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас), гэрч *******ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас), хохирогч *******н согтолт тодорхойлсон тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дугаар хуудас), шүүгдэгч *******гийн согтолт тодорхойлсон тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас), хохирогч *******н биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ******* дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас), эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас), яллагдагчаар татах тогтоол танилцуулсан баримт (хавтаст хэргийн 42 дугаар хуудас), шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас), хохирогч *******н дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан, шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
2.1. Хохирогч *******н “...2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ амарч байтал манай хаалгыг нэг хүн цохиод байхаар нь очоод онгойлготол ******* гэх залуу өөрөө хаалга татаад шууд ороод ирсэн. Би хаалганы гадна гараад уулзчихаад буцаад гэр рүүгээ орсон чинь манай найз ******* дагуулаад гараад явсан. Би гэртээ байж байтал ******* намайг гараад ир гээд дуудахаар нь гарахад тэр 2 зогсож байсан. Би яваад очтол ******* над руу “чи пизда минь” гэх мэтээр үг хаяад байсан. Тэгээд над руу дөхөж ирээд миний нүүр хэсэг рүү мөргөсөн. ******* дундаар орж ирж салгаад цагдаад дуудлага өгсөн байгаа. ...*******гийн эхнэр бид хоёр нэг газарт хамт ажилладаг ба намайг эхнэртэйгээ хардаад энэ тэнд тааралдахдаа янз бүрийн үг хэлээд байдаг. Би нээх тоодоггүй байсан. Тухайн өдөр мөн л эхнэртэйгээ хардах шалтгаанаар хэрэлдэж намайг цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас);
- Гэрч *******ийн “...Өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 28-ны орой гэртээ байтал манай найз ******* над руу 18 цагийн үед залгаад “би архи уугаад муудчихсан байна, чи ирээд намайг хүргээд өг” гэхээр нь “хаана байгаа юм бэ” гэсэн чинь “Прогресс сургуулийн үүд нь дээр уулзъя” гэхээр нь гарсан. Очсон чинь байхгүй байхаар нь утас руу залгасан чинь айлд байна гээд байр болон тоотоо зааж өгсөн. Тэр айл руу ороод *******г авч гараад гэрт нь оруулж өгчхөөд унтахаар явъя гэж бодоод байж байтал хэсэг хугацааны дараа буюу 1 цаг орчмын дараа гэрийнхэн хаалгыг хүн цохиод байхаар нь нээх тоогоогүй. Тэгтэл хүн хаалга татаад ороод ирэхээр нь харсан чинь ******* гэх залуу ганцаараа орж ирээд ******* том өрөөнийхөө буйдан дээр хэвтэж байсан чинь “бос пизда минь, та нартай юм ярихгүй” гээд *******г дагуулаад гарсан. 5-10 минутын дараа ******* гэртээ орж ирэхээр нь би зөрөөд гарахад орцны үүдэн дээр Б..Дүгэрсүрэн зогсож байсан. Надад “би чамтай юм ярихгүй, *******г дуудаад гараад ирээч” гэхээр нь би буцаж ороод *******д “******* уулзъя гээд байна” гэж хэлэхэд за гээд намайг дагаад гарсан. ******* ******* 2 эхлээд ойр зуурын зүйл яриад байсан тэр хооронд би эхнэртэйгээ 2-3 минут орчим ярьсан. Тэр хоёрын дуу өндөрсөөд байхаар нь би хажууд нь очтол ******* *******г гараа нүүр хэсэг рүү нэг удаа цохихоор нь би дундуур ороод нөгөө хоёрыг ходуулсан. ...Тэгтэл ******* ******* руу “би чамайг 1 хутгалбал 5 жил 2 удаа хутгалбал 8 жил байдаг юм байна, чамайг алчих уу” гээд хэд хэдэн удаа давтаж хэлээд байхаар нь ******* гадуур өмсөж байсан хувцсаа тайлаад *******гийн хажуу талд очоод “за одоо хутгалчих” гээд урд нь зогстол “чи намайг өдөөд байна уу” гэж хэлээд нүүр рүү нь 1 удаа мөргөсөн. Тэгэхээр нь би тэр хоёрыг хоёр тийш болгоод *******г татаад цааш холдуулаад цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас);
- Шүүгдэгч *******гийн дээрх мэдүүлгүүдээр давхар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...Миний бие 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр *******тай 04 дүгээр сарын 28-ны өдөр уулзахаар тохирчихсон байсан ба 2024 оны 04 дүгээр сарын 28-ны орой уулзахаар гэрт нь очоод хаалга нь онгорхой байхаар нь гэрт нь орсон чинь хүмүүс байсан. Тэгэхээр нь би “хүмүүсийн хажуу талд юм яриад яах вэ, хоёулаа гадна уулзъя” гээд би түрүүлээд гарсан чинь хойноос ******* ******* гэх 2 найзтайгаа хамт гарч ирсэн. ******* гэх найз нь намайг найзтайгаа уулзуулахгүй гэхээр нь “би чамтай юм ярихгүй, би энэ хүнтэй уулзах асуудал байгаа” гэж хэлсэн чинь ерөнхийдөө ойлгоод “тэгвэл найз нь орлоо та 2 ярилцчих” гэсэн. ******* түрүүлж ороод ******* ******* 2 үлдсэн. Би *******д “чи яагаад миний хэлсэн үгийг ойлгохгүй байгаа юм бэ, би чамд боломж олгосон тайлбарлаж хэлсэн, эр хүн шиг ярилцсан шүү, чи яагаад чадахгүй байгаа юм бэ” гэсэн чинь “би чадахгүй, би чамтай юм яримааргүй байна, орлоо” гэж хэлээд гэр рүүгээ орох эргэх үед нь миний уур хүрээд “чи одоо намайг доромжлоод байна уу, би чамтай яаж ярих ёстой юм бэ” гэтэл ******* дундуур орж ирээд “чи одоо яах гээд байгаа юм бэ, наад асуудлаа өөрсдөө учраа олчих” гэж хэлээд байж байтал ******* гэр лүүгээ орсон. Тэгэхээр нь би *******д “за чи миний асуудлыг мэдэж байгаа, өөрийгөө миний оронд тавиад үз, би энэ залуутай өнөөдөр уулзан гэж ярьсан, тэгтэл та нар байна, танай найзыг би яах ч үгүй өмнө ч би яагаач үгүй, би энэ залуутай ярилцах хэрэгтэй байна, чи ороод дагуулаад гараад ир, би энэ хүнээс эцсийн шийдвэрийг сонсож байж явна” гэхэд “за би дагуулаад гараад ирье” гэж хэлээд буцаж ороод *******г дагуулаад гараад ирсэн. Бид 3 зэрэгцэж зогсож байгаад би *******д “чи эр хүн шиг байчихгүй яагаад хоёрын хооронд зан гаргаад байгаа юм бэ, энийг ингээд байж байсан ч болно гэж бодоод байгаа юм уу, чамайг нэрээ яая даа” гээд гараа далайсан. Тэгтэл ******* дундуур орж ирээд “чи ингэнэ гэж яриагүй шүү хоёулаа ийшлээд үзчихье” гэхээр нь “надад чамтай асуудал байхгүй, миний уур хүрээд байна, ******* чи юм дуугар даа” гэж хэлсэн. Тэгэх хооронд ******* “би юм яримааргүй байна” гэхээр нь “чи яагаад юм ярихгүй гээд байгаа юм бэ” гэж хэлээд ******* руу дөхөж очоод нүүр рүү нь нэг удаа мөргөсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас) зэргээр 2024 оны 04 дүгээр сарын 28-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч ******* нь эхнэртэйгээ хардсаны улмаас хохирогч *******н нүүрэн хэсэгт нь нэг удаа мөргөсөн үйл баримт тогтоогдож байна.
2.2. Хохирогч *******н биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ******* дугаартай “...*******н биед хамар ясны цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, доод уруулын дотор салстын баруун хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас)-ийг дээр тогтоогдсон үйл баримтуудтай харьцуулан дүгнэвэл: шүүгдэгч хохирогч руу хүч хэрэглэн довтолсон нэг удаагийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, доод уруулын дотор салстын баруун хэсэгт зулгаралт гэмтэл учирчээ.
2.3. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл 2024 оны 04 дүгээр сарын 28-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч ******* нь эхнэртэйгээ хардсаны улмаас хохирогч *******н нүүрэн хэсэгт нь нэг удаа мөргөж, хохирогчийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, доод уруулын дотор салстын баруун хэсэгт зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны болон хуулийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.
3.2. Бусад хүн рүү чиглэсэн цохих, өшиглөх аливаа үйлдлийг санаатай үйлдэл гэж үздэг. Учир нь ердийн ухамсрын хүрээнд уг үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл буюу хохирол учирч болохыг тухайн этгээд мэдэх ёстой буюу мэдсэн гэж үздэг. Тодруулбал шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулахыг мэдсээр байж халдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
3.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч *******н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тул шүүгдэгчийн үйлдэл уг гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.
3.4. Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
4.1. Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч *******н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч *******н “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дугаар хуудас), шүүгчийн туслах хохирогчтой утсаар ярьсан “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ******* надад хохирол гэж мөнгө төгрөг өгөөгүй. Эм тариа авч өгөөгүй. Би *******гээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 89 дүгээр хуудас) үндэслэн шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.
Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нэхэмжлээгүй нь шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэх ойлголтыг бий болгохоос бус шүүгдэгчийг хохирлыг нөхөн төлсөн гэх хууль зүйн ухагдахууныг бий болгохгүй юм.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаар шүүгдэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг зэргээр шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Улсын яллагч “...шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх санал гаргасан ба шүүгдэгч тусгайлан санал гаргаагүй болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.
Шүүгдэгч *******д торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй. Мөн тус зүйлийн 160.2 дахь хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаа дуусгавар болоход шүүгдэгч торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, шүүгдэгчийн саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болохоор журамласан.
Тодруулбал шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т зааснаар торгох ялыг 120 хоногийн хугацаанд төлөх боломжтой бөгөөд тус зүйлийн 160.3-т зааснаар уг хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулан тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлдэг журамтай бие даасан процесс болохыг дурдах нь зүйтэй.
3.2. Мөрдөгч 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас) авсан байна. Шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
4. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харгайхан ургийн овогт Баатаржавын Дүгэрсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
4. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА