Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 00026

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 Нарийн бичгийн дарга                        Ч.Ариунсайхан

 Улсын яллагч                                      Н.Дүүрэнжаргал

             Шүүгдэгч                                                Ц.Цогтбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн Ц.Цогтбаатарт холбогдох 201718020015 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                            

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн: 1983.12.16-нд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, Боловсролгүй, Мэргэжилгүй, Ам бүл: 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн Рашаантын 11 тоотод оршин суух хаягтай, Эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан ял, шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овгийн Цэвэлмаагийн Цогтбаатар РД: ЙС83121615

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Ц.Цогтбаатар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багт байрлах хогийн цэгийн орчимд Х.Мягмарсүрэнг зодож, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Цогтбаатар мэдүүлэхдээ: ...Би тэр өдөр дүү рүүгээ утсаар яриад маргааш шургаагт явна шүү гэсэн чинь агаа би эмнэлэг дээр байна. 5 давхарын мөсөн гулгуур дээр хүнтэй муудалцаад хамраа хугалуулчихлаа гэсэн. Тухайн үед манай эхнэр хүүхэд эмнэлэгт хэвтэж байсан. Би дүү дээрээ иртэл хамар нь хавдаад хажуу тал нь далийсан байсныг хараад яасан юм гэтэл мөсөн гулгуур дээр нэг баньд манай найз охины малгайг шүүрээд зугтахаар нь чи болиоч жоохон хүүхэд дээрэлхээд гэж хэлээд эргээд хартал намайг цохичихлоо гэж хэлсэн. Би тэр хүүхдийг хайгаад мөсөн гулгуурын талбай ортол байхгүй байсан. Тэгээд найзаас нь утасны дугаарыг нь аваад ярьтал өөдөөс хэрэлдээд томроод байсан. Би тэгэхээр нь цагдаа руу залгаад хэлтэл бид нар хайж байна, чи тэр хүүхдийг олвол цагдаа дээр аваад ирээрэй гэж хэлсэн. Би тэгээд тэр хүүхдийг олоод цагдаа руу явж байтал, ахаа цагдаа сэргийлэх гээд яах юм бэ. Эвлэрье, та намайг нэг цохичих, үгүй бол дүүтэй чинь зодолдоё. Тэгээд салчихий гээд байхаар би постны арын  рамын хойшоо явсан. Би тэнд очоод цохиогүй. Машин дотор хоёр цохисон. Тэгээд манай дүүтэй хоёулаа зодолдоно гээд зогсож байснаа зодолдохгүй байхаар нь би зодолдооч яасан бэ. Арчаагүй гэдэг нь хүүхдэд зодуулчихаад алив яв гэсэн чинь, манай дүү агаа би зодолдох тэнхэл алга. Хамар, толгой өвдөөд байна. Энэ хүүхэд ч гэсэн зодолдоод яах юм, бие муутай гээд байна гэхээр нь би шууд цагдаа дээр аваад ирсэн хийсэн хэрэгтээ гэмшиж байна миний буруу гэв.

            Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй хохирогч Х.Мягмарсүрэн мэдүүлэхдээ: ... Би 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн орой найз охин Мөнхжаргалын хамт Мандал сумын 1-р багт байрлах “Мөсөн арал” мөсөн гулгуурын талбайд очоод найз охин Мөнхжаргалын тоглуулж байтал Мөнхжаргалыг нэг банди ороолтноос зулгаагаад өдөж, хоргоогоод байсан. Тэгэхээр нь би тэр бандийг “Болиоч” гэхэд тэр банди тоохгүй байсан юм. Тэгэж байгаад Мөнхжаргал над дээр хүрээд ирэхэд араас нь нөгөө банди хүрээд ирэхээр нь би “Болиоч” гэхэд тэр банди яваад өгсөн. Тэгтэл хажуугаас Цогбадрах гэх банди хоёр найзын хамт ирээд “Чи яагаад бацаан дээрэлхээд байгаа юм бэ” гээд надруу дайраад байхаар нь би найз охин Мөнхжаргалыг гутлыг нь солиулаад явах гэтэл хашиж зогсчихоод явуулахгүй байхаар нь би айсандаа Цогбадрахыг нүүр рүү нь нэг удаа цохьчихоод, найз охин Мөнхжаргалыг аваад гүйгээд явсан. Тэгээд гэртээ дөнгөж орж ирээд байж байтал Цогбадрахын ах гээд нэг хүн надруу утсаар “Чи яахаараа хүүхэд зодож байдаг юм. Чамайг алнаа” гэх мэтээр орилоод байсан. Дараа нь Цагдаагийн газраас залгаад “Чи Цагдаагийн газарт ирээд учраа олчих” гэхээр нь би найз охин Мөнхжаргалын хамт Цагдаагийн газар руу явж байтал Цогбадрахын ах гэх хүн дахиж залгаад, “Ахын дүү хаана байгаа юм бэ, хоёулаа цуг Цагдаагийн газар руу явъя, ганцаараа хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь би байгаа газраа буюу Мандал сумын 1-р багт байрлах “Ганзам” дэлгүүрийн ард талд явж байгаагаа хэлсэн. Тэгтэл удаагүй цагаан өнгийн, ачаатай 8092 дугаарын бонго маркийн автомашин ирээд дотроос нь нэг ах бууж ирээд “Чи надтай ярьсан хүүхэд мөн үү” гэхээр нь би “Мөн” гэхэд шууд намайг багалзуурдаж аваад, Цогбадрах араас нь бууж ирээд шууд миний нүүр рүү цохьсон юм. Тэгээд намайг шууд Цогбадрах болон түүний ах бариад авсан. Тэгэхэд Мөнхжаргал “Болиоч ээ” гээд орилоход бас нэг ах бууж ирээд Мөнхжаргалын гарыг мушгиад бариад авсан. Тэгээд намайг ганцааранг нь авч явах гэхэд Мөнхжаргал орилж байгаад цуг машинд суугаад явсан юм. Тэгээд машин дотор Мөнхжаргалын гарыг мушгиж барьсан ах нь машинаа бариад, тэгээд намайг жолоочийн хажуу талд суулгаад, миний өвөр дээр Цогбадрах суугаад, Цогбадрахын ах миний хажууд суугаад, Мөнхжаргал түүний өвөр дээр суугаад явж байсан юм. Тэгээд машин дотор явж байхад Цогбадрахын ах нь миний нүүр рүү цохиод эхэлсэн. Тэгээд нэг хүн рүү утсаар залгаад “Энэ хоёрыг яахуу олчихлоо” гэхэд тэр хүн нь “Чи өөрөө наанаа зохицуулчихаа” гэхэд замын цагдаагийн постоор эргэх гэж байгаад болиод, хойшоо эргээд хогийн цэг рүү явсан. Тэгтэл Мөнхжаргал дотор муухайраад байна гэж орилоод хогийн цэгний наад талд зогсоогоод, машинаас буусан. Тэгтэл Цогбадрахын ах нь жолоочийнхоо чихэнд “Энийг өвөлжөө рүү авч яваад зохицуулчихъя” гэсэн. Тэгээд жолооч нь хөдлөх гэхэд Мөнхжаргал хаалга хаагаагүй хаалган дээр нь зогсож байсан болохоор хаалганаас зулгаагаад байсан. Тэгэхээр нь би түлхүүрийг нь эргүүлээд машиныг нь унтраасан юм. Тэгтэл жолооч нь шууд миний эрүү рүү шууд мөргөсөн, Цогбадрахын ах нь “Ямар овоо бацаан бэ' гээд багалзуурдаад, нүүр рүү 3-4 удаа цохисон. Тэгээд Цогбадрахын ах нь өөрөө машинаас буугаад, намайг машинаас татаж буулгаад, халааснаасаа боодолтой мөнгө гаргаж ирээд “Чи чинь сая төгрөгний үнэтэй юм байна ш дээ, чамайг алсан байхад чиний араас хэн ч ирэхгүй" гээд нүүр рүү мөнгөөрөө цохиод байсан. Тэгээд Цогбадрахын ах нь гадуур хувцасаа тайлаад намайг “Чи надтай үзчих” гэхээр нь би “Үгүй ээ цагдаа явъя” гэсэн. тэгтэл тэр ах “Үгүй ээ, Чи манай дүүтэй зодолд, тэгээд манай дүүг зодвол би чамайг ална, манай дүүд зодуулвал би бас чамайг зодно” гээд байсан. Тэгэхээр нь би “Үгүй ээ ахаа. Би зодолдохгүй ээ. Би цагдаа дээр очоод намайг зодсон гэж хэлэхгүй” гэж хэлсэн. Тэгтэл тэр ах “Чи янхны яриагаар яримаар байна уу” гэхээр нь би “Янхны яриа гэж юу байдаг юм бэ” гэхэд “Цагдаа, шүүхээр явахыг хэлдэг юм” гэхээр нь би “За тэгье, явъя. Би очоод юу ч хэлэхгүй” гэж хэлсэн. Тэгээд Цагдаагийн газар руу явахдаа намайг болон манай найз охиныг машиныхаа урд алхуулаад зугтвал дайраарай гээд байсан. Цогбадрахын ах нь бид хоёртой цуг алхсан. Цогбадрахын ах нь жолоочдоо “Энийг алхуулаад, найз охиныг нь аваад түрүүлээд явж бай, бид хоёр алхаад очьё” гэсэн. Тэгэхэд Мөнхжаргал “Үгүй, би суухгүй” гээд суулгүй алхсан. Алхаад явж байхад Цогбадрахын ах нь байн байн гэдэс рүү цохих гээд дайраад байсан. Би цохих гээд байхаар нь хойшлоод зугатаад байхад тэр ах “Энийг зугтвал дайраад алчих” гээд байсан. Тэгээд замын цагдаагийн постон дээр очоод машиндаа суулгаад Цагдаагийн газар дээр ирсэн. Цагдаагийн газар дээр ирээд Цогбадрахын ах нь “Нөгөө хоёрыг олоод ирлээ” гэсэн. Тэгээд Цогбадрах, бид хоёроос регистрийн дугаар, утасны дугаар гээд мэдээлэл авсан. Цагдаагийн газар дээр байхдаа жижүүр цагдаад нь Цогбадрах болон түүний ах, жолооч ах гурав болсон асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байсан. би уг нь цагдаад хэлэхгүй гэж бодож байтал манай найз охин Мөнхжаргал жижүүрийн эмэгтэй цагдаад нь хэлсэн байсан юм. Тэгээд тэр гурав түрүүлээд гараад явсан. Араас нь Мөнхжаргал бид хоёрыг гарахад Цогбадрахын ах нь “Би чамайг дараа таарсан газар чинь алнаа” гэж орилоод байсан. Дараа нь 3 хоногийн дараа Мобикомын үүдэнд Цогбадрахын ахтай тааралдахад “Чамайг дайраад алсан ч яадаг юм, Чи шүүх дээр надаас юу ч олж долоохгүй, би чамаас юм олж долооно” гээд над руу дайраад байсан. /хх-ийн 10-11-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч С.Мөнхжаргал мэдүүлэхдээ. ... Би 2017 оны 01 сарын 07-ны өдрийн 19:00 цагийн үед найз банди Мягмарсүрэнгийн хамт “Мөсөн арал” мөсөн гулгуурын талбайд тоглож байтал нэг банди миний ороолтноос зулгаагаад, өдөж хоргоогоод байсан. Тэгэхээр нь би “Болиоч” гэхэд тэр банди тоохгүй байсан. Тэр үед Мягмарсүрэн тоглоогуй сууж байсан болхоор би Мягмарсүрэн дээр очиход тэр банди араас дагаад хүрээд ирсэн. тэгтэл Мягмарсүрэн уурлаад “Болиоч” гэхэд тэр банди тоогоогүй. Тэгтэл хажуугаас Цогбадрах хоёр найзтайгаа хүрч ирсэн. Тэгэхэд Мягмарсүрэн намайг гутлаа солиод хүрээд ир гэхээр нь би гутлаа соличихоод хүрээд ирэхэд Цогбадрах гэх банди нь доошоо тонгойсон байсан. Тэгтэл Мягмарсүрэн намайг хөтлөөд гүйсэн. Би дагаж гүйгээд бид хоёр шууд гэртээ ирсэн. Дөнгөж гэртээ орж ирээд байж байтал Мягмарсүрэнгийн утас дуугараад “Цагдаа байна. Коток дээр хүрээд ир” гэсэн. Тэгээд Мягмарсүрэн бид хоёр мөсөн гулгуурын талбай руу явж байхад Цогбадрахын ах гэх хүн Мягмарсүрэн рүү байн байн запгаад хэл амаар доромжлоод байсан. Тэгээд Мягмарсүрэнг хаана явж байгааг асуухад "Ганзам дэлгүүрийн хойд талын Алтай дэлгүүрийн хажууд явж байгаагаа хэлсэн. Удалгүй цагаан өнгийн ачааны машин ирээд нэг ах бууж ирээд Мягмарсүрэнг шууд багалзуурдаад авсан. Тэгээд Цогбадрах нь бууж ирээд Мягмарсүрэнгийн нүүр рүү цохисон, тэгхээр  би болиоч гэхэд жолооч нь бууж ирээд миний гарыг мушгиад машины цаад тал руу аваад явсан. Мягмарсүрэнг машин руу чихээд байхаар нь би явуулахгүй гэхэд Цогбадрахын ах нь хүчээр чихээд байсан. Цогбадрахын ах нь “Цагдаагийн газар руу явах гэж байгаа” гэхээр нь за за гээд Мягмарсүрэн бид хоёр машинд нь суусан. Машинд суугаад хөдлөнгүүт Цогбадрахын ах нэг хүн рүү утсаар яриад “Энэ хоёрыг яах уу, зохицуулчих уу” гэхэд нөгөө хүн нь тэгэхгүй юу дөө” гэсэн. Тэгээд машин дотор явж байхдаа Мягмарсүрэнг зодох гээд босож ирээд дайраад байсан, бас халааснаасаа мөнгө гаргаж ирээд нүүр рүү нь цохиод байсан. Тэгээд жолоочийнхоо чихэнд “Өвөлжөө рүү явчих, алаад хаячихъя” гэж хэлээд байсан. Тэгээд явсаар байгаад хогийн цэгний наад талд би “Бууя” гэж хэлсээр байгаад зогсоогоод, би буусан. Намайг буугаад хаагаагүй байхад хөдлөх гээд хаалгаа хаах гээд байхаар нь би хаалганд нь зүүгдээд явуулаагүй. Тэгэхэд хөдлөх гээд байхаар нь би “Хөөе дайрлаа ш дээ” гэхэд Цогбадрахын ах нь “Чамайг дайрсан ч яадаг юм. алсан ч яадаг юм” гээд байсан. Тэгтэл Мягмарсүрэн машиныг нь унтраагаад, түлхүүрийг нь сугалаад авсан. Тэгтэл Мягмарсүрэнг зодоод байх шиг байсан. яг хэн нь зодсоныг хараагүй. Би тухайн машины гадна талд байсан. Тэгээд машинаас Мягмарсүрэн бууж ирээд, араас Цогбадрахын ах нь бууж ирээд шууд гадуур хувцасаа тайлаад Мягмарсүрэн рүү дайраад “Хоёулаа зодолдьё” гэхэд Мягмарсүрэн “Үгүй ээ, цагдаагийн газарт нь учраа ольё” гэхэд тоохгүй зодолдох гээд дайраад байсан. Тэгээд Мягмарсүрэн “Цагдаагийн газар учраа ольё, би цагдаад юм хэлэхгүй” гэсэн. Тэгээд Мягмарсүрэн, бид хоёр Цогбадрахын ахтай цуг алхаад, Цогбадрах, жолоочтойгоо цуг машинтай араас явж байсан. тэр ах нь “Энэ хоёрыг зугтвал араас нь шууд дайраарай” гээд байсан. Явж байх хугацаандаа тэр ах нь Мягмарсүрэнгийн араас цохих гээд дайраад байсан. Тэгээд замын цагдаагийн постны тэнд очоод машинд нь суугаад Цагдаагийн газарт ирсэн. /хх-ийн 13-14-р хуудас/

              Мөрдөн байцаалтанд яллагдагч Ц.Цогтбаатар мэдүүлэхдээ: оны 01 сарын 07-ны өдрийн орой 19:00 цаг өнгөрч байх үед дүү Цогбадрах руу маргааш модонд явна шүү гэж хэлэх гээд утсаар ярихад дүү Цогбадрах “Агаа би хүүхдэд зодуулаад хамраа хугалуулчихлаа" гэхээр нь эмнэлэг дээр очиход манай дүү Цогбадрах 3 найзын хамт байсан. Болсон үйл явдлыг асуудлыг Мөсөн гулгуурын талбайд байхдаа нэг бандитай муудалцаад, цохиулсан гэж хэлсэн. Тэгээд дүүгээ аваад цагдаагийн газар руу очсон. Цагдаагийн газар дээр ирэхэд дүүг чинь зодсон Мягмарсүрэнг олох юм бол дагуулаад ирээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь буцаад эмнэлэг ороход тодорхойлолт нь гарсан байсан. Тэгээд эмнэлэгээс гараад би дүүгээ дагуулаад Мөсөн гулгуурын талбайд ирэхэд Мягмарсүрэн гэдэг хүүхдйн найз нь байхаар нь найзаас нь утсыг нь авсан. Тэгэхэд тэр Мягмарсүрэнгийн найз нь бас өөдөөс хэрэлдэх гээд байхаар нь би “Т а нар насанд хүрээгүй жоохон хүүхдүүд байж яахаараа ахмад хүмүүртэй ингэж харьцдаг юм” гээд орхисон. Тэгээд Мягмарсүрэнгийн утас руу залгаад би “Цагдаагаас ярьж байна. Чи энэ хүүхдйин хамар цохиод гэмтээсэн байна. Цагдаа дээр ирж учраа ол” гэхэд Мягмарсүрэн өөдөөс шууд уурлаад “Чи лала минь битгий утсаар тоглоод бай. Би та нартай уулзаад явдаг завтай хүн биш, Уулзахдаа тулбал маргааш уулзана” гээд уурлаад хараагаад байхаар нь би “Би чиний зодсон хүүхдийн ах нь байна. Чи ирж учраа ол” гээд жоохон хараасан. Тэгээд Цагдаагийн газарт буцаад очиход Цагдаагийн жижүүр “Мягмарсүрэн гээд хүүхэд “Зүүнхараа” политехникийн коллежэд суралццаг юм байна. одоо байхгүй байна гэж байна. Мягмарсүрэнг олвол дагуулаад ирээрэй” гэхээр нь би буцаж гараад Мягмарсүрэн рүү дахиж утсаар “Миний дүү 2-лаа эр хүн шиг учраа олчихье” гэхэд тэгье гээд Төмөр замын хойд талд Мягмарсүрэнтэй уулзахаар очиход Мягмарсүрэн найз охинтойгоо явж байсан. Тэгээд Мягмарсүрэнг машиндаа суулгах гэхэд суухгүй байхаар нь би суулгах гэхэд суухгүй надтай заамдалцахаар нь би бас Мягмарсүрэнг заамдалцаж, барьцалдаж байгаад Мягмарсүрэн сүүлдээ “Заза сууя агаа” гэхээр нь найз охинтой нь цуг суулгаад, миний машин Бонго фронтер маркийн машин болхоор дүү Цогбадрах, Раднаабазар болон Мягмарсүрэн, түүний найз охиныг кабендаа чихэж суулгаад явж байх замдаа миний уур хүрээд, тэр Мягмарсүрэнг айлгах зорилгоор нүүр рүү нь 2 удаа цохиод “Яахаараа чи хүүхэд зодож байдаг юм. Би чамайг цагдаагийн газарт өгнөө, алнаа” гээд хараасан юм. Тэгтэл Мягмарсүрэн “Ахаа, цагдаа явахгүйгээр учраа олчихье” гэхээр нь би “Чи миний дүүгийн хамрыг гэмтээсэн учраас нэг бол би чиний хамрыг ийм болгоно. Эсвэл чи миний дүүтэй зодолдоод зодож чадвал би юм ярихгүй, дүү маань зодуулчихвал би өөрөө шөнөдөө дүүгээ хот авч яваад эмчлүүлнэ” гэхэд Мягмарсүрэн “Тэгье” гээд бид нар хогийн цэг орох замд байдаг модны раамнуудын хашааны цаахан талд очсон. Тэгээд дүү Цогбадрах, Мягмарсүрэн нарыг машинаас буулгахад тэр хоёр зодолдохгүй цаана очоод юм яриад суугаад байсан. Тэгээд эргээд ирэхээр нь би дүүдээ “Цохиод аваач, яагаад зодохгүй байгаа юм. Арчаагүй царайлаад хүнд зодуулчихаад, өөрөө зодож чадахгүй” гэхэд дүү Цогбадрах “Үгүй ээ яахын бэ агаа, бие муутай гэнээ, элэг уушиг өвддөг гээд байна. Тэгээд ч миний хамар өвдөөд байна.  Эмчид үзүүлье гэхээр нь  би  заза тэгье гээд бүгдийг нь машинд суулгаад цагдаагийн газарт ирсэн гэх /хх-ийн 28-р хуудас/

      Шинжээч Г.Ган-Эрдэнийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 44 тоот акт: гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтэнд “Мягмарсүрэнгийн биед тархи доргилт, хүзүүнд цус хуралт, баруун хөмсөг, зүүн гарын сарвуунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй/хх-ийн 17-р хуудас/

            Шүүгдэгч Ц.Цогтбаатарын хувийн байдлыг тогтоосон баримт иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 31-р хуудас/, ял шалгах  хуудас, /ХХ-ийн 29-30 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар: 

           

            Шүүгдэгч Ц.Цогтбаатар нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн орой 19 уагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багт байрлах хогийн цэгийн орчимд Х.Мягмарсүрэнг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. Х.Мягмарсүрэнгийн биед тархи доргилт, хүзүүнд цус хуралт, баруун хөмсөг, зүүн гарын сарвуунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Ц.Цогтбаатар анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул Ц.Цогтбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг  хохирогч, шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүйг, Ц.Цогтбаатарт өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  Тогтоох нь:

        

1.Шүүгдэгч Боржигон овгийн Цэвэлмаагийн Цогтбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Ц.Цогтбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Ц.Цогтбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

        3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, Ц.Цогтбаатар нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

        4. Ц.Цогтбаатарт авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

        5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.    

        6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий  этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй.

    

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ                                Б.АЛТАНЦЭЦЭГ