Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 1778

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/01254 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НЗДд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацралын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.  

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б нь Хан-Уул дүүргийн 65 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр 2012 онд ажилд ороод өнөөдрийг хүртэл ажиллахдаа ямар нэгэн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй. 2016 онд Нийслэлийн тэргүүний цэцэрлэг, тус ондоо Хан-Уул дүүргийн хошой тэргүүний, 2017 онд Хан-Уул дүүргийнхээ шилдэг эрхлэгчээр шалгарч байсан. Мөн 2015 онд Алтан гадас одонгоор шагнуулсан. Миний бие 2005-2010 оны хооронд АНУ-ын Лос-Анжелос хотод Калифорний эх сургуулийг Бизнесийн удирдлагаар мастерын зэрэг хамгаалсан ганцхан эрхлэгч болно. Удирдлагын академийг 2001 онд Боловсролын удирдлагын магистр хамгаалсан. Цэцэрлэгийн багшийн сургуулийг 1992 онд төгссөн. Ингээд ажиллаж байх хугацаанд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Авлигатай тэмцэх газраас дуудаж тантай хамаарал бүхий хамаатны 2 хүн чинь ажилладаг бөгөөд мөнгөн урамшуулал илүү олгодог юм байна. Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон төрсөн дүү Б.Зоригтбаатарыг манаачийн, төрсөн эгчийн охин Б.Ууганцэцэгийг туслах багшийн ажлаас нь тус тус чөлөөлсөн.

Үүнээс хойш ахиад Авлигатай тэмцэх газраас санхүүгийн баримт, өөрийнхөө нягтлантайгаа ир гээд дахиж дуудахаар нь нягтлантайгаа очоод хамаатны гээд байгаа хоёр хүнд ямар байдлаар ямар хэмжээтэй мөнгөн урамшуулал олгодог байснаа болон тэр хоёрыг ажлаас халагдах өргөдлийнх нь дагуу ажлаас халсан тухайгаа хэлээд тушаал шийдвэрийг нь хуулбарлаж өгсөн, дахиж дуудаж уулзаагүй. Тус газраас хамаатныхаа хоёр хүнд мөнгөн урамшуулал илүү өгсөн эсэх талаар ямар нэгэн дүгнэлт гараагүй, тогтоогдоогүй байхад 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн огноотой Б/18 тоот тушаалыг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хуулийн зөвлөх н.Ууганбаяраас авсан. Тус тушаалын үндэслэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэсэн байсан. Гэтэл тушаалаас Б.Б нь сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл ноцтой зөрчлийн алиныг гаргасан нь харагдахгүй. Өөрөөр хэлбэл Авлигатай тэмцэх газрын шалгалтаар зөрчлийг арилгасан, өөр арга хэмжээ авч болох байхад ажлаас нь шууд халсанд гомдолтой байгаа. Б.Б нь Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичигт дурдсанчлан эрх мэдлээ хэтрүүлсэн зүйл байхгүй. Б.Ууганцэцэгийн хувьд багшлах эрхгүй гэж хэлэхгүй, дадлага хийж байсан, эрхтэй хугацаандаа багшийн орон тоонд түр ажиллаж л байсан. Уг хоёр хүнд илүү урамшуулал, цалин олгож байсан гэдэг нь тушаал шийдвэрүүдээс харагддаггүй. Энэ хоёр хүний талаар тухайн үедээ мэдүүлээгүй ч гэсэн шалгалтын үеэр ажлаас нь нэгэнт чөлөөлсөн. Иймд Б.Бг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, түүний ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Авлигатай тзмцэх газраас 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 05/519 дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн 65 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Бд Авлигын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохщуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулмйн 29 дүгээр зуйлийн 29.2.4-т зааснаар хариуцлага тооцуулах үндэслэл тогтоогдсон тул холбогдох арга хэмжээ авч хариу ирүүлэхийг шаардсан. Б.Б нь өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Б.Зоригтбаатарыг 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 69 дүгээр тушаалаар тус цэцэрлэгт манаачаар ажилд авч 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн, мөн өөрийн төрсөн эгчийн охин Б.Ууганцэцэгийг тус цэцэрлэгт 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаар тушаалаар угаагчаар, 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар туслах багшаар, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар багшлах эрхгүй байхад багшаар тус тус ажилд авах шийдвэр гаргаж, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Б.Зоригтбаатар, Б.Ууганцэцэг нарыг ажиллаж байх хугацаанд тэдгээрт 2016 онд А/ЗЗ, А44, 2017 онд А/06, А/14, А/17 дугаар тушаалуудаар мөнгөн урамшуулал олгосон нь тогтоогдсон. Энэ зөрчил нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс үрьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд апбан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Авлигын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”; 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоосон.

Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр хэсгийн 1.3-т “Сургуулийн захирал ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ”, 5 дугаар хэсгийн 5.1-д “Ажилтан тухайн сургуулийн дотоод журам, хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолт, энэхүү гэрээ болон дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах үүрэгтэй”, 6 дугаар хэсгийн 6.2.6-д “ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагаар тогтоогдсон”, 7 дугаар хэсгийн 7.1-д “Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн болон хууль тогтоомжид заасан бусад зөрчил гаргасан бол холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т “Хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-д зааснаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/18 дугаар захирамжаар Б.Бг цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Иймд тушаал шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т тус тус зааснаар НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай Б.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан мөн боловч тэрээр ТҮ-ний албан тушаалтан тул Хөдөлмөрийн тухай хуулиар эрх зүйн байдал буюу хөдөлмөрлөх эрх нь зохицуулагдах ёстой. Өөрөөр хэлбэл тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл хулээлгэнэ" гэж заасан байна. Хэрвээ сахилгын шийтгэл хүлээлгэнэ гэж зааснаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг хүлээлгэх ёстой гэж үзэж байна.

Тухайлбал, анх авилгатай тэмцэх газар 2017 оны 10 сарын сүүлээр дуудаад өөрийн хамаарал бүхий хүнийг ажил авсан байна гэхээр нь тэдгээр хамаарал бүхий хүмүүсээ халсан боловч тус газраас /хх-126/ сонсох ажиллагааны тэмдэглэлийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 10 цаг 10 минутанд хийсэн тэмдэглэлтэй танилцахад "Захиргааны акт" гэсэн хэсэгт Авилагтай тэмцэх газраас зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцпага тооцуулахаар хүргүүлж буй албан бичиг гэсэн байгааг харахад энэ үед уг зөрчлийг илэрсэн гэж үзэх үндэслэлтэй. Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулгад 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 05/9420 тоот /хх 124/, тус газраас огноо нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөр 05/519 тоотоор засаг даргад хүргүүлсэн /хх 106/ албан бичгүүд Авилгатай тэмцэх газраас ирэхээс өмнө албан бичиг тус засаг даргад ирсэн байна гэж үзнэ.

...Хөдөлмөрийп тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар сахилгын шийтгэл хүлээлгэсэн актаа тушаал гарсан өдөр буюу ажил хүлээлгэж өгөх хугацаа буюу 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өгөх ёстой атал 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээлгэж өгсөн бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ажлыг нь хүлээлцсэн боловч ажил хүлээлцэх тушаал шийдвэр нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Б/31 тоот тушаал гарсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т "Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан cap, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна" гэж заасныг зөрчиж 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 2 cap 20 хоногийн дараа сахилгын шийтгэлийг ногдуулсан байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч НЗДд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлгүй, Авлигатай тэмцэх газрын шалгалтын явцад өөрийн хамаарал бүхий төрсөн дүү Б.Зоригтбаатар, төрсөн эгчийн охин Б.Ууганцэцэг нарыг хүсэлтээр нь ажлаас чөлөөлсөн, тэдэнд илүү цалин урамшуулал олгож эрх мэдлээ хэтрүүлсэн зүйл байхгүй, өөр арга хэмжээ авч болох байтал ажлаас шууд халсан нь үндэслэлгүй” гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “Авлигатай тэмцэх газраас хийсэн шалгалтын явцад нэхэмжлэгч Б.Б нь өөрийн хамаарал бүхий этгээдүүдийг ажилд авч, илүү шагнал, урамшуулал олгож, эрх мэдлээ хэтрүүлсэн, хуулийн хэм хэмжээг зөрчсөн болох нь нэгэнт тогтоогдсон, Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрх бүхий этгээд шаардсан үндэслэлээр Б.Бг ажлаас нь чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй” гэж тус тус тайлбарласан байна.

Нэхэмжлэгч Б.Б нь 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Боловсролын газартай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулан Хан-Уул дүүргийн 65 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан ба Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/18 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан дээрх тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажил хүлээлцэх акт болон зохигчдын тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Ажил олгогч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 65 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Б нь албан үүргээ гүйцэтгэхдээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 11 дүгээр зүйлийн 11.1, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6-д заасныг тус тус зөрчиж, өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Б.Зоригтбаатар, төрсөн эгчийн охин Б.Ууганцэцэг нарыг ажилд томилж, удаа дараа мөнгөн урамшуулал олгон, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, холбогдох хууль тогтоомжид заасан мэдэгдэл тайлбарыг гаргаагүй болох нь Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтаар тогтоогдсон гэсэн үндэслэлээр 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх 5, 130-134/

 

Нэхэмжлэгч Б.Б нь дээрх ажлаас халсан тушаалын үндэслэл болсон үйлдэл буюу өөрийн төрсөн дүү Б.Зоригтбаатар, төрсөн эгчийн охин Б.Ууганцэцэг нарыг ажилд авсан, тэдэнд мөнгөн урамшуулал олгосон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг зөрчсөн, Б.Ууганцэцэгийг багшлах эрхгүй байхад нь хүмүүжүүлэгч багшаар томилсон, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон нь Авлигатай тэмцэх газраас хийсэн хяналт, шалгалт буюу тус байгууллагын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 05/519 тоот албан бичиг, түүний хавсралтууд, Б.Зоригтбаатар, Б.Ууганцэцэг нарыг ажилд томилсон, чөлөөлсөн тушаал шийдвэр, мөнгөн урамшуулал болон цалингийн нэмэгдэл олгосон тушаал шийдвэрүүд, цалингийн картийн хуулгаар нотлогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. /хх 160-205/

 

Авлигатай тэмцэх газар нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 05/519 тоот албан бичигтээ Б.Б ямар зөрчил гаргасан болох, тэр нь тогтоогдсон талаар дурдаж, Б.Бгийн гаргасан зөрчилд нь Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3, Нийтий албанд нийтийн болон хувийн ашиг сохирхлыг зохицуулах, ашиг сохирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасны дагуу хариуцлага тооцож, хариуг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний дотор ирүүлэхийг НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нарт тус тус мэдэгдсэн. /хх 124, 126/

 

Хэргийн 128-129 дүгээр талд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Сонсох ажиллагааны тэмдэглэл” авагдсан байх ба уг тэмдэглэлд Б.Бгийн зөрчил гаргасан талаар ажиллагаа хийгдэж, уг тэмдэглэлээр тогтоогдсон үйл баримтын талаар 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Авлигатай тэмцэх газраас хариуцагчид хүргүүлсэн нь уг өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах талаарх хуулийн хугацааг тооцох нь зүйтэй. Иймээс хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/18 дугаар тушаал хугацаандаа гарсан, 2 сар 20 хоногийн дараа сахилгын шийтгэл ногдуулсан гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/01254 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                                    

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                        Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                  Д.ЦОГТСАЙХАН