Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/759

 

                        

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Отгонбаярыг байлцуулж, улсын яллагч Б.Ундрах, шүүгдэгч С.З, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 03138 0745 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д овгийн С.З, ** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, хувиараа Замын-Үүд суманд тээвэр хийдэг ажилтай, ам бүл дөрөв, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Мандала хотхон ** дүгээр байрны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: **, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч С.З нь урьд барилгын бараа, материал худалдан авдаг байсан Ш.Т-ыг их хэмжээний хар панер худалдаж авахыг мэдээд бусдад учруулсан өр зээлийн асуудлаа шийдэх зорилгоор түүнд “хар панер байгаа, Хятад улсын Эрээн хот руу машин гарчихсан, удахгүй ачаад ороод ирнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад би болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар Ш.Т-ын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Москвагийн гудамж ** тоотод байхдаа шилжүүлсэн нийт 37,825,000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.      Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүгдэгч, Д овгийн С.З нь урьд барилгын бараа, материал худалдан авдаг байсан Ш.Т-ыг их хэмжээний хар панер худалдаж авахыг мэдээд бусдад учруулсан өр зээлийн асуудлаа шийдэх зорилгоор түүнд “хар панер байгаа, Хятад улсын Эрээн хот руу машин гарчихсан, удахгүй ачаад ороод ирнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад би болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар Ш.Т нь 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Москвагийн гудамж ** тоотод байхдаа нийт 37,825,000 төгрөгийг шилжүүлсэн” болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал), хохирогч Ш.Т-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12, 113 дахь тал), гэрч Г.Э-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 103-104 дэх тал), шүүгдэгч С.З-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 96-97 дахь тал), шүүгдэгчээр “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, ямар нэгэн гаднын нөлөө, дарамт шахалт байгаагүй, хэргийн материалтай бүрэн уншиж танилцсан, маргах зүйл байхгүй, прокурортой эрүүгийн хариуцлагын талаар урьдчилан тохиролцсон, хууль зүйн үр дагаврыг ойлгож мэдсэн, цаашид давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг хүлээн зөвшөөрсөн...” гэж мэдүүлсэн зэрэг нотлох баримтаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдов.

Эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байсан тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

1.2.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.З нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан нь гаднын нөлөөгүй, бусдын дарамт шахалтгүй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа байгаагүй болохыг өөрөө батлан илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнээр давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг ойлгосон байх бөгөөд тэрээр өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

1.3.     Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч С.З-ын үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үйлдсэн” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.З-ыг “залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.4.     Хохирол, хор уршиг

Хохирогч Ш.Т нь хохирлын 37,825,000 төгрөгийг бүрэн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.З-ыг бусдад төлөх төлбөргүй талаар тогтоолд тусгах нь зүйтэй.  

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн … 17.3 дугаар зүйлд... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж заасан боловч уг гэмт хэрэг нь 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр үйлдэгдсэн байгаа учир сэтгэцийн гэм хорыг нөхөн төлүүлэх шаардлагагүй юм.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч С.З нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Прокурорын санал болгосон ба яллагдагч С.З-ын хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд заасан хүрээ хязгаарын дотор байх тул шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.    

Харин шүүгдэгч С.З нь шүүхээс тогтоосон гурван сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хууль зүйн үр дагавартайг тогтоох хэсэгт тусгайлан сануулав.

2.2.      Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг Эрүүгийн хэргийн тусгай архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.З нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Д овгийн С.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч С.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.З-т оногдуулсан нэг сая төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.З-т сануулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг Эрүүгийн хэргийн тусгай архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.З нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА