Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2021/02095

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 04 өдөр                       Дугаар 183/ШШ2021/02095                           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .... дүүргийн .... дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, ..... плазад байрлах, ..... ХХК /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ..... дүүргийн ..... дугаар хороо, .... тоотод оршин суух, .... овогт Р.Э /РД:...../-д холбогдох,

 

                гэрээний үүрэг, гарсан зардалд 284,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, нарийн бичгийн дарга Ч.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Р.Э нь манай үйлчилгээний нөхцөлийг  хүлээн зөвшөөрч 2018.11.05-ны өдөр төхөөрөмжийн үйлчилгээ зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу ..... гэсэн дугаартай ..... ..... төхөөрөмжийг  /1ширхэг/ 24-н сарын хугацаанд сар болгон 30,000 төгрөгний цэнэглэгч картаар цэнэглэх нөхцөлтэйгөөр  худалдан авсан. Гэтэл Р.Э нь  гэрээний үүргээ үл биелүүлж төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 280,000 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-д заасны үйлчилгээг хаасан. Бид удаа дараа төлбөр төлөхийг сануулан утсаар болон шуудангаар удаа дараа мэдэгдлийг өгч байсан боловч одоог хүртэл төлөөгүй байна. Иймд Р.Эгаас төлбөрийн үлдэгдэл болох 280,000 төгрөг үүнээс 7 дугаар зүйлийн 7.2 дах хэсэгт заасны дагуу 280,000 төгрөг, нотариатын зардалд 4500 төгрөг нийт 284,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хариуцагч Р.Эд холбогдох нэхэмжлэгч ..... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

           Нэхэмжлэгч нь төхөөрөмж /үйлчилгээ/ зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг, гарсан зардалд нийтдээ 284,500 төгрөгийг Р.Эгаас гаргуулахыг хүссэн байна. 

          Хариуцагч Р.Э 2021.07.21-нд нэхэмжлэлийг хувийг гардан авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож буйгаа мэдсэн бөгөөд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хариу өгсөн байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээх бөгөөд тухайлбал 25.2.1-д шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 25.2.3-т шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, 25.2.4-т шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй болно.

 

Хэргийн баримтаас үзэхэд ..... ХХК, Р.Э нарын хооронд 2018.11.05-ны өдөр төхөөрөмж /үйлчилгээ/ зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, энэ гэрээний дагуу хэрэглэгч нь ..... дугаарлалтай ..... ..... төхөөрөмжийг 24 сарын хугацаанд сар болгон 30,000 төгрөгийн цэнэглэгч картаар цэнэглэх нөхцөлтэйгөөр зээлээр ашиглаж эхэлсэн байна.

 

Дээрх гэрээний 5.2-т хэрэглэгч үйлчилгээний сунгалтыг  тогтоосон дүн бүхий цэнэглэгч картаар гэрээний нийт хугацаанд 6 сар болон түүнээс дээш удаа цэнэглээгүй тохиолдолд  гэрээг дангаар цуцалж, энэ гэрээний 3.4-т заасан төлбөрийг нэхэмжлэх эрхтэй гэж заажээ.

 

 Шүүх талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бөгөөд Иргэний тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Мөн үйлчилгээний гэрээний дагуу болон Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар хэрэглэгч нь харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэглэгчийн мэдээлэл, харилцагчийн гүйлгээний баримтаас үзэхэд хэрэглэгч Р.Э нь ..... дугаарлалтай ..... ..... төхөөрөмжийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байна.

 

Төхөөрөмж /үйлчилгээ/ зээлээр худалдах худалдан авах гэрээний хугацаа 24 сар, ..... ..... төхөөрөмжийн үнэ 280,000 төгрөг, сард төлөх зээлийн төлбөр 30,000 төгрөг байх ба  нотариатын зардалд 4500 төгрөг нийтдээ 284,500 төгрөгийг нэхэмжилсэн ..... ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлтэй байна.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаар хэргийг шийдэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Р.Эгаас төхөөрөмж /үйлчилгээ/ зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг, гарсан зардалд нийтдээ 284,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ..... ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,185 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 9,185 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Д.ЭНХЦЭЦЭГ