Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2116

 

Ч Н ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

    Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/02587 дугаар шийдвэртэй, Ч Н ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, У ТӨХК-д холбогдуулан эрчим хүчээр хангах тухай 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн гэрээнд 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батсуурийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Болдбаатар, Б.Сайнбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батсуурь, Ү.Эрдэнэсувд, Д.Амарбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Ган-Өнөр нар оролцов.

    Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чандмань Налайх Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар нь У ТӨХК /түүнийг төлөөлж Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төв/-тэй 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 2 жилийн хугацаатай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг анх байгуулсан. Тус гэрээнд Тк ХХК-ийн ЦТП буюу ус дулаан дамжуулах 3 пазын 401407053059 дугаар бүхий тоолуурын цэгийг нэмж 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж Чулуунбатаар гарын үсэг зуруулж тамга дарсан учир Ч Н ОНӨААТҮГазраас ус, дулаан дамжуулах төвийн цахилгааны төлбөрийг хариуцах ёстой гэж У ТӨХК нэхэмжлэлийг өмнө нь гаргасан. Гэтэл хувийн хөрөнгөөр баригдсан ус, дулаан дамжуулах төвийг Нийслэлийн өмчид шилжүүлээгүй. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 68 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын тогтоол гарч, Нийслэлийн засаг даргын захирамж гарч, Өмчийн харилцааны газраас уг хөрөнгийг манай өмч мөн гэж ямар нэгэн хөрөнгийг шилжүүлэн өгдөг. Одоог хүртэл дээрх ЦТП буюу ус дулаан дамжуулах төв нь Тк ХХК-ийн өмчлөлд байгаа бөгөөд уг ЦТП-ийн цахилгааны төлбөр 120 000 000 төгрөгийг манай байгууллагаас нэхэмжилж байгаа. Гэтэл уг гэрээний нэмэлт өөрчлөлт нь 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хийгдсэн байдаг. Уг гэрээнд орсон нэмэлт өөрчлөлтөд дарагдсан тамга нь Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар гэх манай хуучин, тэр үед хүчингүй болсон тамга байгаа. Тухайн үед манай байгууллага уг тамгыг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст хураалгаад 1 жил гаран болсон байсан. 2014 оны 5 дугаар сард Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тогтоолоор манай байгууллагыг орон нутгийн өмчид шилжүүлсэн. Уг тогтоолын дагуу 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс манай байгууллагын бүх тамга, тэмдэг, дардас, кассын тэмдэг зэргийг хурааж авсан байсан бөгөөд манай байгууллага 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэх тамгыг хэрэглэж эхэлсэн. Гэтэл уг гэрээнд 2015 онд буюу 1 жилийн дараа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Тийм учраас уг гэрээг манай байгууллага байгуулаагүй, байхгүй тамгыг дарж нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэл байхгүй байсан. Нэмж хэлэхэд ЦТП-ийн дулааны хоёр ялтсан халаагч ажилладаг. Гол цахилгааныг хэрэглэж байгаа хөдөлгүүрүүд нь 30 кВт, 15 кВт-ийн хоёр хөдөлгүүр байдаг. Уг хөдөлгүүрүүд нь дулааны станцаас үйлдвэрлэж байгаа дулааныг ус, дулаан дамжуулах төв дээр хоёр дугаар хэлхээгээр эргүүлж хоёр том хүчтэй насосоор 1 км гарангийн цаана байгаа 700 гаран айлын орон сууцны халаалтыг хариуцан ажилладаг. Уг орон сууцны айл бүрээс цахилгаан дулааны төлбөрийг 100 хувь дулааны станц хурааж авдаг. Манай байгууллага уг төлбөрийг хурааж авдаггүй бөгөөд уг цахилгааныг хэрэглэдэггүй. Иймд уг гэрээнд 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч У ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Д.Амарбаясгалан, Ч.Батсуурь нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэглэгч талаас цэг нэмэх хүсэлтийг тавьсан тохиолдолд манай байгууллага уг хүсэлтийг хүлээж авахгүй байх боломжгүй юм. Ч Н ОНӨААТҮГ-ын зүгээс 3-н пазын тоолуурын цэг нэмэх тухай тус газрын дарга н.Чулуунбатын гарын үсэгтэй, Тунгалагт гэх цохолттой бичгээр хүсэлтээ гаргасан. Уг хүсэлтийг үндэслээд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэхэмжлэгч байгууллага нь манайд 17 цэгтэй байдаг. Уг тоолуурыг манай талаас хүчээр нэмж байгуулсан зүйл байхгүй. Байгууллага хоорондоо хүсэлт тавиад манай талаас тоолуурт нь цэг нэмж, цахилгааны төлбөрийн код дээр уг 3 пазын тоолуурыг нэмж төлбөрийг тооцож эхэлсэн. Тухайн үед 30 000 000 төгрөгийн өр байсан бол одоо 140 000 000 төгрөгийн өр үүссэн байгаа. Нэхэмжлэгч талаас 140 000 000 төгрөгийг төлөхгүй байх хугацаа хожих зорилгоор шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байгаа байх. Нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу манай талаас хэрэглэгчийн гаргасан хүсэлтийг хангаж, цэг нэмж цахилгаан дулаанаар хангасан, Нэхэмжлэгч тал нь нийт 17 цэгтэй буюу 17 тоолууртай. Тэдний нэг нь 3059 код тоолуур байгаа. Байгууллагын тамга өөрчлөгдөх болон дарга нь амралттай байх зэрэг нь манай байгууллагад хамааралгүй бөгөөд ямар ч ач холбогдолгүй, байгууллагын дотоод асуудал байх. Манай талаас хэрэглэгчийн хүсэлтийн дагуу цэг нэмж тоолуур хийсэн, өөр ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй зүйл байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч Н НӨҮГ /хуучин нэрээр/, хариуцагч У ТӨХК /түүнийг төлөөлж Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төв/-ийн хоорондох байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Эрчим хүчээр хангах тухай гэрээнд 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт ...хүчингүй болсон тамга ашигласан, байгууллагын төлөөлөх эрх бүхий этгээд ээлжийн амралттай байх үед гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт... гэж дүгнэн хүчин төгөлдөр бусад тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний 2.2.1.-д хэрэглэгч өөрийн тухай мэдээлэл болон цахилгаан шугам, тоноглолынхоо схем горим зориулалт хүчин чадал үзүүлэлтүүдийг хангагчид үнэн зөв өгөх, мэдээлэлд өөрчлөлт орох тохиолдол бүрт цаг тухайд нь мэдэгдэж байх. Нэн тухай хангагчид мэдэгдээгүй бол үүсэх хохирлыг хангагч тал хариуцахгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл, Ч Н ОНӨААТҮГазар нь анх гэрээг байгуулахдаа НӨҮГ байсан ба гэрээний явцад ОНӨААТҮГ болсон бол өөрийн аж ахуй нэгж байгууллагын өмчийн хэлбэр, тамга, тэмдгийн өөрчлөлтийг албан бичгээр мэдэгдэх үүргийг биелүүлэлгүйгээр нэмэлт гэрээг байгуулсан нь манай байгууллагын буруутай үйл ажиллагаа биш юм. Манай байгууллагын зүгээс тус байгууллагын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гээд байгаа Г.Чулуунбатыг ээлжийн амралттай байсныг мэдэх боломжгүй бөгөөд шүүхийн шийдвэрт дурдагдаад байгаа 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Чандмань Налайх НӨҮГ-ын захирал Г.Чулуунбат нь ээлжийн амралттай байснаас гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан тамга тэмдэг гарын үсэг хуурамч болохыг Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж тогтоолгохоор хүсэлт гаргасан болохоос биш үнэхээр хуурамч байжээ гэдгийг тогтоосон эрх зүйн акт, эрүүгийн журмаар шалгаад шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байхгүй байхад уг гэрээнд зурагдсан гарын үсэг тамга тэмдэг хуурамч байна гэж дүгнэн гэрээний нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Гэтэл Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын 2018 оны 06 сарын 05-ны өдрийн 117 дугаар тогтоолоор тамга тэмдэг гарын үсэг хуурамч биш болох нь тогтоогдож гэмт хэрэг үйлдээгүй байна гэж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Учир нь хэрэглэгч байгууллага гэрээнд заасны дагуу өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн цахилгаан эрчим хүчээр хангагдах эрхээ эдэлж, өөрийн байгууллагын өмчийн хэлбэр түүний өөрчлөлтийн талаар урьдчилан мэдэгдэх үүргээ биелүүлэлгүйгээр санаатайгаар байгуулсан гэрээ байсаар атал үүнийг хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түүнчлэн УБЦТС ТӨХК, Налайх хэрэглэгчид үйлчлэх төвтэй Ч Н ОНӨААТҮГазар 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах тухай гэрээнд 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж 401407053059 дугаартай тоолуур бүхий цэг нэмсэн. Уг тоолуурт үүссэн цахилгаан эрчим хүчний төлбөр болох 30 641 248 төгрөгийн төлбөрийг манай байгууллагын зүгээс Ч Н ОНӨААТҮГ болон Тк ХХК-иудаас шаардаж 3 шатны шүүхээр шийдвэрлүүлсэн. Анхан шатны шүүх Ч Н ОНӨААТҮГ-аас 10 724 437 төгрөг, Тк ХХК-иас 19 916 811 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч У ТӨХК, Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгож шийдвэрлэсэн бол, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 917 дугаар магадлалаар уг гэрээнд 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1 тоолуурыг нэмж оруулан тооцохоор болсон нэмэлт өөрчлөлт оруулсан ба уг тоолуур нь маргааны зүйл болох ЦТП буюу ус дулаан дамжуулах төвд хамаарах, ЦТП нь Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ Налайх хороололд байрших талаар талууд маргаангүй байна. Хариуцагч Тк ХХК болон Ч Н ОНӨААТҮГ-ын хооронд 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу ЦТП-д ашигласан цахилгаан эрчим хүчний төлбөрийг хариуцагч Тк ХХК 2015 оны 12 дугаар сарыг хүртэл хугацаанд төлсөн үйл баримт тогтоогдсон. ЦТП буюу ус дулаан дамжуулах төвийн бичиг баримтыг Ч Н ОНӨААТҮГ-т 2015 оны 5 дугаар сарын 12, 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр тус тус хүлээлгэн өгсөн. Иймд ЦТП буюу ус дулаан дамжуулах төвийн ашиглалт Ч Н ОНӨААТҮГ-т шилжсэн байна. Иймд нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний цахилгааны төлбөрийг хариуцагч Ч Н ОНӨААТҮГазар нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасны дагуу төлөх үүрэгтэй тул тус газраас 2015 оны 12 сар, 2016 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэлх хугаацааны төлбөрт 30 641 248 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Тк ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Улсын дээд шүүх 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 001/ХТ2017/00937 дугаар тогтоолоор хариуцагч Ч Н ОНӨААТҮГазар нь ...Шинэ Налайх хороололд байрлах ЦТП буюу ус дулаан дамжуулах төвийг Тк ХХК-иас өөрийн эзэмшил, ашиглалтад хүлээн авсантай холбогдуулан уг ЦТП-ийн цахилгааны төлбөрийг У ТӨХК-ний Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төвд төлөх үүргийг гэрээгээр хүлээж, Шинэ Налайх хорооллын оршин суугчидтай ус дулаанаар хангах гэрээ байгуулж, тэднээс нэхэмжлэлд дурдсан хугацааны ус, дулааны төлбөрийг авсан үйл баримт тогтоогджээ. Иймд нэхэмжлэгч байгууллагатай Ч Н ОНӨААТҮГазар эрчим хүч худалдах худалдан авах гэрээ байгуулсан, тус гэрээ болон хуульд заасны дагуу хэрэглэсэн цахилгааны төлбөрийг хэрэглэгч төлөх үүрэгтэй, гэж тус тус дүгнэн талуудын хооронд 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан цахилгаан эрчим хүчээр хангах тухай гэрээнд 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 401407053059 дугаар тоолуурт үүссэн цахилгаан эрчим хүчний төлбөр болох 30 641 248 төгрөгийг Ч Н ОНӨААТҮГ-аас гаргуулж, манай байгууллагад олгож шийдвэрлэсэн. Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ хүчин төгөлдөр байж гэрээний үндсэн дээр үүрэг шаардах эрх үүссэний дагуу шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа нь нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа гэж үзэх нөхцөл болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ч Н ОНӨААТҮГ нь хариуцагч У ТӨХК-д холбогдуулан эрчим хүчээр хангах тухай 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн гэрээнд 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх.1/, хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хх.71, 90/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Ч Н НӨҮГ /хуучин нэрээр/ хариуцагч У ТӨХК, түүнийг төлөөлж Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төв-тэй 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 2 жилийн хугацаатай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ /хх.8-13/ байгуулжээ. Хэргийн 13 дугаар хуудасны ар талд талуудын байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр эрчим хүчээр хангах гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хуулбар нотариатаар гэрчлүүлснээр авагдсан байна. Уг нэмэлт өөрчлөлтийн хэлцэлд гарын үсэг зурсан хэсэгт дарагдсан гэх хариуцагч байгууллагын тэмдэг нь гаргацгүй, уншигдахгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг гаргаж өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх, шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасныг анхан шатны шүүх анхаараагүй байна. Анхан шатны шүүх хуульд заасан шаардлага хангаагүй баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ талуудын 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай шаардлага гаргасан бөгөөд тус гэрээний нэмэлт өөрчлөлтийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй буюу төлөөлөх эрхгүй этгээд хийснээр хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа бол уг гэрээнээс үүссэн ямар үр дагаврыг арилгуулахаар шаардаж байгаа нь тодорхойгүй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл тодорхой болсноор талууд тухайн маргааны үйл баримтын талаар нотлох баримтаа гаргаж мэтгэлцэх, шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/02587 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ