| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2024/0115/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/112 |
| Огноо | 2024-06-06 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,
Шүүгдэгч: Э.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Б овогт Э-ийн Б-ид холбогдох эрүүгийн 2335001210... дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ............................ өдөр Увс аймгийн ....................... суманд төрсөн, ............ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ...................................................................... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Э-ийн Б-, (регистрийн дугаар: ......................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б- нь 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Малчин сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Могойн гол” гэх нэртэй газарт .............. улсын дугаартай “Toyota prius-30” загварын автомашиныг Улсын чанартай А-18 кодтой хатуу хучилттай авто замд жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б, 12.3-д заасан заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч С.С-Оын амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Б- нь 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Малчин сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Могойн гол” гэх нэртэй газарт ................... улсын дугаартай “Toyota prius-30” загварын автомашиныг Улсын чанартай А-18 кодтой хатуу хучилттай авто замд жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б, 12.3-д заасан заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч С.С-Оын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг харилцаа холбооны хэрэгслээр хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 14 дэх тал);
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг (1 дэх хавтаст хэргийн 17-27 дахь тал);
3. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 28-39 дэх тал);
4. Автомашин буюу тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 40-44 дэх тал);
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С-О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... Эрэгтэй дүү С.С-О нь олон жил гадаад улс болох .......... ганцаараа амьдардаг байсан. Мөн бага эмэгтэй дүү ............ улсад ажиллаж, амьдарч байгаа бидний эцэг эх олон жилийн өмнө бурхан болсон. Улмаар манай ............. амьдарч байсан дүү 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Монголд ирээд Улаанбаатар хотод баяр үзчихээд олон жил нутаг руу яваагүй Увс аймгийн ....................... сум нутагтаа очоод ирье гээд бид Увс аймаг явахаар болсон. Ингээд 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр дүү С.С-Оын найз болох Х-гийн машинтай эмэгтэй дүү С.С-, С.С-О бид нар гарах гэж байтал надад ажил гараад би явж чадахгүй Улаанбаатар хотод үлдсэн юм. Ингээд тухайн хүмүүс Увс аймаг руу яваад 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ....................... суманд очиж хоноод, маргааш нь буюу 2023 оны 07 дугаар сарын 16-ны өглөө Зүүнговь сумаар дайраад Хар .............. Хяргас нуурын хажууханд ирчихсэн байна, амарч байна тухайн газарт хоноод маргааш өглөө нь явна гэж надтай дүү С.С-О утсаар ярьж байсан. Ингээд 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр дүү С.С-О бид нуурын хөвөөнд байна, манай сумын нэг нутгийн танил залуу болох Э.Б- гэх залуу сандал авахаар ирчихсэн бид уулзаж байна гээд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай хөгжилдөөд утсаар ярьсан. Тухайн үед Э.Б- мөн адил надтай утсаар ярьж мэнд мэдэлцээд утсаа тасалсан юм. Удалгүй орой Улаанбаатарын цагаар 17 цагийн орчимд байх С.С-Оын найз Х- над руу залгаад С.С-О зам тээврийн осолд ороод нас барчихлаа ах гэж хэлсэн. Ингээд би Увс аймагт ирээд өөрийн төрсөн дүү С.С-гаас яасан, юу болсон талаар асуухад бид Хар .............. нуурын эрэг дээр Э.Б-той уулзаад Э.Б- биднийг гаргаж өгсөн, ингээд бид Улаанбаатар хот руу хөдлөөд явах гэж байтал Х-гийн машины бензин дуусаж байсан тул Хар Т-ийн колонк ороод бензин авъя гэж хэлээд буцаад орохоор явахад дүү С.С-О би Э.Б-ийн машинд хамт суучихъя гэж хэлээд ороод суусан, тэгээд хөдлөөд удаагүй байхад зам тээврийн осолд орчихлоо гэж надад хэлсэн. Өөрөөр би ямар нэгэн зүйл мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1дэх хавтаст хэргийн 70-74 дэх тал);
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... Би төрсөн дүүгээ алдсан боловч тухайн үед сэтгэл санаагаар унаж маш их гомдолтой байсан. Одоо би Э.Б-ийн байгаа байдлыг харсан, биеийн байдлыг нь харсаар байж нэг нутаг, нэг төгсөлтийн залуу, өөрөө эрүүл мэндээрээ хохирсон байгааг хараад, мөн санаатай үйлдэгдсэн гэмт хэрэг биш тул надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1дэх хавтаст хэргийн 75-78 дахь тал);
7. Гэрч Б.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр би аав, ээжийн хамтаар Хяргас нуурын амралтад амарч хоносон бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 17-ны өглөө 8 цагт аав Э.Б-ийн найз гэх Х- гэх хүн Хяргас нуурын хажууханд ойрхон байна ирээд ачаагаа авчих гэж залгасан. Тухайн авах гэж байсан ачаа нь 3 сандал байсан юм. Ингээд аав сандал авахаар миний эзэмшлийн тоёота приус 30 маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад ганцаараа явсан. Ингээд бүтэн өдөржин холбоо, сүлжээгүй байж байгаад 15-16 цагийн орчим байх аавыг ирж сандал аваарай гэж хэлсэн, найз Х- нь над руу залгаад аав чинь зам тээврийн осолд орчихлоо гэж хэлсэн. Ингээд очиход тухайн осол болсон гэх газар нь Увс аймгийн Малчин сумын нутаг дэвсгэр болох Могойн гол гэх нэртэй газар байсан бөгөөд аавын машин тухайн газарт замаас гараад онхолсон байдалтай, машины хоёр талд хоёр эрэгтэй хүн хэвтэж байсан. Тухайн үед би ойртож очоод харахад нэг нь манай аав Э.Б- машинаас шидэгдсэн байдалтай, хөл гар нь хугарсан ухаангүй байдалтай байсан.Мөн машины нөгөө талд хэвтэж байсан үл таних эрэгтэй хүний хажууд эгч нь бололтой хүн орилж, хашгичаад зуураад уйлаад байсан. Ингээд би эмнэлгийн тусламж авах зорилгоор хамгийн ойрхон гээд Наранбулаг сумын эрүүл мэндийн төвд дуудлага өгсөн. Тухайн үед эмнэлэг хүлээгээд зам дээр зогсож байгаад зам дагуу явж байсан Улаанбаатар хотын эмнэлгийн машин зогсоож Улаанбаатар хотын эмч гэх үл таних хүнээс тусламж авч эм тариа хийлгэсэн. Ингээд хэсэг хугацааны дараа Наранбулаг сумын эмч ирээд яаралтай Улаангом сумын нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэх шаардлагатай гэж хэлээд тээвэрлээд явсан. Би чухам осол яагаад гарсан, миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг хэн нь жолоодож явсан гэх талаар юу ч мэдэхгүй байна. Ингээд удалгүй цагдаагийн байгууллага хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг (1дэх хавтаст хэргийн 79-83 дахь тал);
8. Гэрч Д.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... Ингээд өглөө буюу 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр босоод бид Улаанбаатар руу хөдлөх гэж байтал 3 ширхэг сандал мартсан байна гээд утсаар нагац ах хүнтэй яриад байсан. Тэгж байтал бидний байсан газарт сандал авахаар үл таних эрэгтэй хүн ирсэн бөгөөд тухайн хүмүүс нийлээд хамтдаа архи ууж байсан, би машин барина гээд тэднээс холдоод нуурын усанд орж байсан бөгөөд орой 16 цагийн орчим байх бид явахаар болж хөдлөх гэтэл Х- ахын машины бензин дуусаад Хар Тэрмис рүү орж бензин авахаар тухайн газраасаа хөдлөөд явсан. Тухайн үед би Х- ахын тээврийн хэрэгсэл жолоодоод миний жолоодож явсан машинд Х- ах, мөн үл таних эмэгтэй явж байсан. Тухайн үед сандал авахаар ирсэн Э.Б- гэх хүний машинд бидэнтэй хамт явж байсан С.С-О гэх залуу бензин колонк хүртэл хамт суугаад явъя гэж хэлээд суугаад хөдлөөд явсан. Тухайн үед Э.Б- нь миний барьж явсан машины урд явж байсан бөгөөд урдаа явсан машиныг гүйцэж түрүүлээд урд нь гараад маш хурдтай явж байсан. Ингээд хэсэг хугацаанд яваад өгсөөд гараад иртэл Э.Б-ийн жолоодож явсан цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон байдалтай замаас уначихсан замын хажууд байсан. Ингээд бид зогсоод гүйгээд очиход жолоо барьж явсан Э.Б- болон С.С-О нар машинаасаа шидэгдээд хоёр талд газарт хэвтэж байсан бөгөөд Х- ах Э.Б-ийн хүү рүү залгаж зам тээврийн осол болсон талаар хэлж байсан. Тухайн манай машинд явж байсан үл таних эмэгтэйн төрсөн дүү нь С.С-О гэх залуу нас барчихсан байдалтай байсан. Ингээд Наранбулаг сумын эмч ирээд С.С-Оыг нас барсан байна гэж хэлээд Э.Б-ийг нь тээвэрлээд аваад явсан...” гэх мэдүүлэг (1дэх хавтаст хэргийн 84-86 дахь тал);
9. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаартай "...Амь хохирогч С.С-Оын биед баруун зулай, чамархай, духны зүүн дэлбэнгийн аалзан хальсан доор цус харвалт, хоёр талын олон хавирганы хугарал, дух, зүүн шанаа, зүүн чих, нуруу, баруун бугалга, баруун шуу, хэвлий, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шуу, баруун өвдөг, зүүн гуянд зулгаралт, цээж, баруун бугалга, баруун гуя, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо... Амь хохирогч С.С-О нь тархи, цээжний хавсарсан гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ..." гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 114-117 дахь тал);
10. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Шүүх химийн шинжилгээ” 138 дугаартай “...Э.Б-ийн биеэс авсан гэх цус шинжилгээнд тэнцэхгүй...” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 140-141 дэх тал);
11. Шүүгдэгч Э.Б-ийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 180-182 дахь тал) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч Э.Б- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хууль зүйн дүгнэлт:
1. Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан бөгөөд “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм” нь Монгол Улсын Засгийн газраас хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт юм.
2. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох гэмт хэргээс ялгагдана.
3. Шүүгдэгч Э.Б- нь 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Малчин сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Могойн гол” гэх нэртэй газарт ....... улсын дугаартай “Toyota prius-30” загварын автомашиныг Улсын чанартай А-18 кодтой хатуу хучилттай авто замд жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” жолоочийн үүргийг, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хүний амь насыг хохироосон байна.
4. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаартай "...Амь хохирогч С.С-Оын биед баруун зулай, чамархай, духны зүүн дэлбэнгийн аалзан хальсан доор цус харвалт, хоёр талын олон хавирганы хугарал, дух, зүүн шанаа, зүүн чих, нуруу, баруун бугалга, баруун шуу, хэвлий, зүүн мөр, зүүн бугалга, зүүн шуу, баруун өвдөг, зүүн гуянд зулгаралт, цээж, баруун бугалга, баруун гуя, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо... Амь хохирогч С.С-О нь тархи, цээжний хавсарсан гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ..." гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 114-117 дахь тал)-ээр талийгаач С.С-О нь зам тээврийн ослын улмаас тархи, цээжний хавсарсан гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан болох нь нотлогджээ.
5. Иймд шүүгдэгч Э.Б-ийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” жолоочийн үүргийг, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас нэг хүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон” гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
6. Шүүгдэгч Э.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба шүүгдэгч Э.Б-ийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, хүний амь нас эрсдэх гол шалтгаан нөхцөл болсон байна.
7. Шүүгдэгч Э.Б- үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан нь тогтоогдсон ба шүүгдэгч Э.Б- нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С-д гэмт хэргийн хор уршигт 30.000.000 (гучин сая) төгрөг төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С- нь “...оршуулгын болон сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг барагдуулсан тул миний бие гомдолгүй болно” гэх тодорхойлолтыг бичгээр гаргаж өгсөн, мөн тэрээр мөрдөн байцаалтын шатанд “...би Э.Б-ийн байгаа байдлыг харсан, түүний хувьд бид нэг нутаг, нэг төгсөлтийн залуу, өөрөө эрүүл мэндээрээ хохирсон байгааг хараад мөн санаатай үйлдэгдсэн гэмт хэрэг биш тул надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Б-оос гаргуулах гэмт хэргийн хор уршиг байхгүй гэж үзлээ. (1дэх хавтаст хэргийн 75-78 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 43 дахь тал);
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1. Шүүгдэгч Э.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Э.Б- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (1 дэх хавтаст хэргийн 186 дахь тал);
Шүүгдэгч Э.Б-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 30.000.000 (гучин сая) төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
3. Шүүгдэгч Н.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
Прокуророос шүүгдэгч Э.Б-ийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Э.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан байх бөгөөд түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуульд “хөнгөн” гэмт хэрэгт хамааруулж хуульчилсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Б-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулахаар заасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой,
Түүнчлэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байх хориглосон агуулгатай заалт хуульд байхгүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С- нь Э.Б-оос цаашид хохирол, төлбөр нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх саналыг гаргаж шүүгдэгч Э.Б-ид танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Иймд шүүгдэгч Э.Б-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Б-ид тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Э.Б- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ердийн журмаар ял оногдуулахыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилээр хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
6. Шүүгдэгч Э.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Б-ид тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Шүүгдэгч Э.Б- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ердийн журмаар ял оногдуулахыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилээр хасах нэмэгдэл ялыг түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Э.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хор уршиггүй, нотлох баримтаар гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч Э.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА