Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/114

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч М.М,

Шүүгдэгч: Х.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Ш овогт Х-гийн Б-т холбогдох эрүүгийн 2435000000... дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....................... өдөр Увс аймгийн ................. суманд төрсөн, ............ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .......................... ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Увс аймгийн ................. сумын ...................... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш овогт Х-гийн Б-, (регистрийн дугаар: ......................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б- нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн ................. сумын 1 дүгээр багийн нутагт “Бор толгой” гэх газрын хажууд байрлах хатуу хучилттай авто замд ................ улсын дугаартай “Toyota sienta” загварын автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2, 12.3-д заасан заалтуудыг тус тус зөрчиж, явган зорчигч Э.А-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Х.Б- нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн ................. сумын 1 дүгээр багийн нутагт “Бор толгой” гэх газрын хажууд байрлах хатуу хучилттай авто замд .............. улсын дугаартай “Toyota sienta” загварын автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2, 12.3-д заасан заалтуудыг тус тус зөрчиж, явган зорчигч Э.А-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг харилцаа холбооны хэрэгслээр хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал);

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-14 дэх тал);

3. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-17 дахь тал);

4. Х.Б-ын 701935 дугаартай жолооны үнэмлэхийн хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 22-23 дахь тал);

5. Хохирогч Э.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр... Ганаа гэх танил залуутай уулзаад 0.75 литрийн Ерөөл нэртэй архи хувааж ууж дуусгачхаад, дахин би өөрийн мөнгөөрөө 0.5 литрийн Ерөөл нэртэй архи аваад тухайн газраа уугаад бид явсан...би Бор толгойгоос төв зам дагуу нийлж ордог туслах замаар төв замд орж ирээд замын хажуугаар ................. сумын төв рүү орж ирээд явж байсан, гэнэт хаанаас юм машин гарч ирээд намайг мөргөх шиг болсон, тухайн үед би зарим үйлдлээ санаад байгаа бөгөөд эмнэлэг явъя гэж хэлээд намайг жолоо барьж байсан үл таних ах машиндаа суулгаад эмнэлэг дээр ирсэн... би машинд мөргүүлж байх үед ганцаараа явж байсан...сүүлд тухайн хүний нэрийг сонсоход Б- гэж байсан. Тухайн үед Б- өөрөө жолоо барьчихсан явж байсан бөгөөд ээж нь гэх настай хүн хамт явж байсан... миний аарцаг яс өвдөөд таяг тулаад алхаж гишгэж чадахгүй байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-27 дахь тал);

6. Гэрч Ц.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр…хүү Б- нь өөрөө тээврийн хэрэгслээ жолоодоод, би хүүгийн хажуу суудалд суугаад явж байтал урдаас машин ирж байсан бөгөөд тухайн машины гэрэл их тод тусаад бидний хажуугаар зөрөх үед баруун талд буюу жолооч талд ямар нэгэн юм сүүдэгнээд газар унах шиг болсон юм. Ингээд хүү Б- машинаа зогсоогоод бид буугаад харахад машины баруун урд хажуу хэсэгт үл таних хүн машинд мөргүүлсэн байдалтай хэвтэж байсан...согтуу би зүгээрээ гэж хэлээд газраас босож ирсэн ...гар нь шалбарсан харагдаж байсан... Тэгээд тухайн залууг суулгаад эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал);

7. Гэрч Т.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Манай хүү ослын улмаас аарцаг нь гэмтсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээг бүрэн авсан бөгөөд тухайн үед осол гаргасан Х.Б- нь өдөр оройн хоол цай болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд шаардлагатай зүйлсийг өгдөг байсан. Эмнэлгээс гараад гадуурх эмчилгээнд шаардлагатай эм тариа, алтан гагнуур хүртэл хийлгэж өгсөн. А- гэмтсэнтэй холбогдуулан надаас болон хүүгээс гаргасан мөнгөн хохирол байхгүй. Х.Б- нь эм тариа, эмнэлгийн бүхий л зардлыг барагдуулж өгсөн, мөн гэр орон худалдаж аваарай гээд бэлнээр 2 сая төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал);

8. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 218 дугаартай "...Э.А-ийн биед ууцны 1, 2, 3 дугаар нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун, зүүн умдаг, суудал ясны сэлтэрхий үүсгэсэн хугарал, зүүн талын түнхний үе дайрсан хугарал, зүүн дунд чөмөгний их эргүүлэг дайрсан хугарал, цээжний зүүн талын 4, 5, 6,7, 8, 9, 10,12 дугаар хавирганы хугарал, зүүн шуунд цус хуралт, зүүн шуу, ташаа, өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо...Ууцны 1, 2, 3 дугаар нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун, зүүн умдаг, суудал ясны сэлтэрхий үүсгэсэн хугарал гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 55-58 дахь тал);

9. Шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 24/03 дугаартай “...Зам тээврийн хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй хандсаны улмаас осол гарсан гэж дүгнэлээ. Уг тээврийн хэрэгсэл нь Зам тээврийн хөдөлгөөнд оролцох шаардлагыг хангаж байна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 67-70 дахь тал);

10. Шүүгдэгч Х.Б-ын өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 91-92 дахь тал) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Х.Б- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хууль зүйн дүгнэлт:

1. Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн  хуульд заасан бөгөөд  “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм” нь Монгол Улсын Засгийн газраас хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт юм.

2. Шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх тул гэмт хэрэгт тооцох ба Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6-д зааснаар зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг зам тээврийн осол гэж ойлгохоор заасан тул Х.Б-ыг зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу зам тээврийн осол гаргасан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

   Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчилсан.

   Шүүгдэгч Х.Б- нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн ................. сумын 1 дүгээр багийн нутагт “Бор толгой” гэх газрын хажууд байрлах хатуу хучилттай авто замд ............... улсын дугаартай “Toyota sienta” загварын автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”  гэх заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргаж, явган зорчигч Э.А-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байна.

3. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 218 дугаартай "...Э.А-ийн биед...Ууцны 1, 2, 3 дугаар нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун, зүүн умдаг, суудал ясны сэлтэрхий үүсгэсэн хугарал гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлтээр Х.Б-ын гаргасан зам тээврийн ослын улмаас хохирогч Э.А-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь нотлогджээ. (хавтаст хэргийн 55-58 дахь тал);

4. Иймд шүүгдэгч Х.Б-ын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2, 12.3-д заасан заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Э.А-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад  заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн  үндэслэлтэй байна.

5. Шүүгдэгч Х.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба шүүгдэгч Х.Б-ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

6. Шүүгдэгч Х.Б-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч Э.А- мөрдөн байцаалтын шатанд “...Надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан бөгөөд одоо надад Х.Б-аас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол байхгүй...” гэх тодорхойлолтыг гаргаж, нотариатаар гэрчлүүлж, ирүүлсэн нь хавтаст хэргийн 111-112 дахь талд авагджээ.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Б-аас гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

1. Шүүгдэгч Х.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Х.Б- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 96 дахь тал);

Шүүгдэгч Х.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.000.000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлүүдэд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

3. Шүүгдэгч Х.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

Прокуророос шүүгдэгч Х.Б-ын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Түүнчлэн шүүгдэгч Х.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Х.Б-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

5. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Б-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн  хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзах саналыг гаргаж шүүгдэгч Х.Б- болон түүний өмгөөлөгчид танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

6. Иймд шүүгдэгч Х.Б-ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Б-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн  хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Х.Б- нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ердийн журмаар ял оногдуулахыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилээр хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

7. Шүүгдэгч Х.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хор уршиггүй, нотлох баримтаар гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудсын хамт Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч Х.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Х-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Б-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн  хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б- нь  тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ердийн журмаар ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилээр хасах нэмэгдэл ялыг түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Х.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хор уршиггүй, нотлох баримтаар гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудсын хамт Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шүүгдэгч Х.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.БОЛОРМАА