Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/115

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч,  өмгөөлөгч Д.Д,

Шүүгдэгч: М.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт М-гийн Ц-т холбогдох эрүүгийн 2435000000... дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....................................... өдөр Увс аймгийн ............ суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Увс аймгийн ............ сумын .............. багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт М-гийн Ц-, (РД:...................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цагийн орчимд Увс аймгийн ............  сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн М.Б-ийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цагийн орчимд Увс аймгийн ............ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн М.Б-ийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул М.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна” гэх  дүгнэлтийг,

2. Шүүгдэгч М.Ц-ын өмгөөлөгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч М.Ц- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байгаа. Гэм буруугийн маргаан байхгүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулж, хохирол хор уршгийг арилгасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Энэ хэрэг гарах болсон шалтгаанд хохирогчийн зүй бус зан харилцаа нөлөөлсөн гэж үзэж байна. Улсын яллагчийн гаргасан ялын саналтай холбогдуулан хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” гэх дүгнэлтийг,

3. Шүүгдэгч М.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт: “Хийсэн хэрэгтээ маш их  гэмшиж байна. Дахин би хэрэгт холбогдохгүй. Хэргээ хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

Эрүүгийн 2435000000... дугаартай хэргээс талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Хохирогч М.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... М.Ц- нь согтуу орж ирээд цай ууж байгаад та намайг үхсэн малын сэгээ ав гэж хэлсэн, та худал хэлсэн байна, тэр мал чинь миний мал биш гэж над руу ууж байсан аягатай цайгаа шидэх үед толгойны хажуугаар уг аяга зөрсөн. ...М.Ц- нь намайг гараараа зүүн шанаа руу нэг удаа цохихоор нь би зөрүүлээд дух хэсэг рүү гараараа нэг удаа цохисон.  М.Ц- нь дахиад модоор нэг удаа зүүн гарын шууны дээд хэсэг рүү цохих үед гар хугарсан. ...Дахин миний зүүн хөл, бөгс хэсэг рүү тус тус нэг удаа өшиглөж бид хоёр салсан. ...Миний зүүн гар хугарсан. ...Гар хадуулсны нөхөн төлбөр 400.000 төгрөг, хувийн эмнэлгийн төлбөр 500.000 төгрөг, мөн 50.000 төгрөг бэлнээр өгсөн. Энэ хохирол дээр нэмээд өнөөдөр 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал хүсэлт байхгүй. ...Би сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжлэхгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-48 дахь тал);

2. Иргэний нэхэмжлэгч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Байгууллагын зүгээс энэ хэргийн хохирогч М.Б-т эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөр болох 3.235.037 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал);

3. Гэрч Ц.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М.Б-, М.Ц- хоёр хоорондоо маргалдаж...дээр доороо ороод зодолдож нэг нэгнээ гараараа цохиж, байгаад газраас барьцалдсан байдалтай боссон. Тэгтэл М.Ц- нь газраас 30 см урттай 4 см өргөн мод аваад М.Б-ийг цохисон. ...М.Б-ь ах миний зүүн гар хугарчихлаа гэхэд М.Ц- зодоон хийхээ больж, би гарыг нь хугалсан зүйл байхгүй гэж хэлээд барьж байгаад явсан...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал);

4. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 217 дугаартай “...Үзүүлэгч М.Б-ийн биед зүүн бугалга ясны сэлтэрхий үүсгэсэн зөрүүтэй ташуу далд хугарал, баруун сарвууны алганы 5 дугаар шивнүүрийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн шанааны үстэй хэсгийн заагт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо...Зүүн бугалга ясны сэлтэрхий үүсгэсэн зөрөөтэй ташуу далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 82-83 дахь тал);

5. М.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед гал түлдэг жижиг модоор М.Б-ийн гар уруу цохисон. Маргааш нь нөгөө цохисон мод хаана байгаа талаар асуухад Н би шатаагаад хаячихсан гэж хэлсэн. ...М.Б-иас уучлалт гуйсан...би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 100-101 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргээс:

1. Хохирогч М.Б-ийн Увс аймгийн Цагдаагийн газарт гаргасан “...Ц-аас хохирол 10.000.000 (арван сая) төгрөг авсан. Одоо сэтгэл санааны болон бусад хохирол байхгүй” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 133 дахь тал);

2. Хаан банк дахь М.Ц-ын данснаас хохирогч М.Б-т 10.000.000 төгрөг шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 134 дэх тал);

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн М.Ц-аас Эрүүл мэндийн даатгалын санд 3.235.037 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогч М.Б-т 500.000 төгрөг шилжүүлсэн баримт, мөн Нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэхэд төлсөн 400.000 төгрөг, эмийн сангаас авсан эмийн 72.000 төгрөгийн хохирлын баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Ц- нь шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт нотлох баримтын үнэлгээ:

1. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:

 - Шүүгдэгч М.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цагийн орчимд Увс аймгийн ............  сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн М.Б-ийн гарыг модоор цохиж, эрүүл мэндэд нь  хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт тогтоогджээ.

Тодруулбал: Хохирогч М.Б-ь мөрдөн байцаалтын шатанд: ”...М.Ц- юугаар цохисон болохыг тэр үед анзаараагүй, миний зүүн гарын хэсэг рүү цохисны дараа гар амьгүй болоод унаад  хөдлөхгүй болохоор нь залуу гар хугалчихлаа гэхэд намайг цохихоо больчихсон.” гэж, гэрч Ц.Н мөрдөн байцаалтын шатанд “...М.Б-, М.Ц- хоёр дээр доороо ороод зодолдож нэг нэгнээ гараараа цохиж байгаад газраас барьцалдсан байдалтай босох үед М.Ц- газраас 30 см урттай 4 см өргөнтэй модыг барьж аваад М.Б-ийг цохисон, гэтэл М.Б-ь ах миний зүүн гар хугарчихлаа гэхэд М.Ц- зодоон хийхээ больсон.” гэж, шүүгдэгч М.Ц- мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж тус тус мэдүүлснээс үзэхэд хохирогч М.Ц-ын эрүүл мэндэд учирсан “зүүн бугалга ясны сэлтэрхий үүсгэсэн зөрүүтэй ташуу далд хугарал” гэмтлийг шүүгдэгч М.Ц- учруулсан болох нь эргэлзээгүй нотлогдож байна.

Шүүгдэгч М.Ц-ын үйлдлийн улмаас хохирогч М.Б-ийн эрүүл мэндэд “зүүн бугалга ясны сэлтэрхий үүсгэсэн зөрүүтэй ташуу далд хугарал, баруун сарвууны алганы 5 дугаар шивнүүрийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн шанааны үстэй хэсгийн заагт зулгаралт гэмтлүүд учирсан байх бөгөөд уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, зүүн бугалга ясны хугарал нь хөших, мушгих, дарагдах үйлдлээр үүсэх   боломжтой, зүүн бугалга ясны сэлтэрхий үүсгэсэн зөрүүтэй ташуу далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл болох нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэгтэй, эрх бүхий шинжээчдийн дүгнэлтээр  тогтоогдсон байна.

-Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрчүүдээс мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, тэдгээрийн мэдүүлэг өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй, хохирогч М.Б-ийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Гэмтлийн зэрэг тогтоох журамд үндэслэсэн, шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээр дурдсан нотлох баримтуудыг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон хэргийг шийдвэрлэв.

Хууль зүйн дүгнэлт:

1. Прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч М.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байх тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан бол дээрх гэмт хэргийн шинжийг хангана.

Шүүгдэгч М.Ц- нь хохирогч М.Б-ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан, түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч М.Ц-ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч М.Ц-ын хохирогч М.Б-ийг зодсон үйлдэл, хохирогчийн биед учирсан хүндэвтэр хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч М.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Ц- болон түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч М.Ц-, хохирогч М.Б- нарын хэн аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж шүүх үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт  хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт ”Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

2. Шүүгдэгч М.Ц-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Б-ийн эрүүл мэндэд “зүүн бугалга ясны сэлтэрхий үүсгэсэн зөрүүтэй ташуу далд хугарал” бүхий, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол учирсан нь эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч М.Ц- нь хохирогч М.Б-т гэмт хэргийн хор уршигт 10.000.000 (арван сая) төгрөг, хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөрт 500.000 төгрөг, нэгдсэн эмнэлэгт мэс засал хийлгэж, хадаас хадуулахад гарсан зардалд  400.000 төгрөг, мөн бусад зардалд 50.000 төгрөг, нийт 10.950.000 тус тус төлж барагдуулснаар хохирогч М.Б-ь нь цаашид нэхэмжлэх хохиролгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байна. (Хавтаст хэргийн 48, 133, 134 дэх тал),

Мөн шүүгдэгч М.Ц-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, тэрээр 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийлгэн, хугарсан гарыг эвлүүлж хадах мэс ажилбарт орсон нь тогтоогдсон байх бөгөөд хохирогчийн тухайн эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 3.235.037 төгрөг төлсөн байна.

Мөрдөн байцаалтын шатанд нийгмийн даатгалын байгууллагаас хохирогч М.Б-ийн эмчилгээ, оношилгоонд төлсөн зардал буюу төрд учирсан хохирол 3.235.037 төгрөгийг гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.Ц-аас нэхэмжилснийг тэрээр бүрэн төлж барагдуулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч М.Ц- нь гэмт хэргийн хор уршигт хохирогч М.Б-ьт 10.950.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч болох нийгмийн даатгалын байгууллагад 3.235.037 төгрөг, нийт 14.185.037 төгрөг төлсөн нь хохирогчийн мэдүүлэг болон банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, дансны хуулга зэргээр нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Ц-аас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 1. Шүүгдэгч М.Ц- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч М.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”  дүгнэлтийг,

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Миний үйлчлүүлэгч М.Ц- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохирол, мөн төрд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа. Иймд түүнд улсын яллагчийн гаргасан ялын саналаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна" гэх дүгнэлтийг,

4. Шүүгдэгч М.Ц- нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Дахин би хэрэг үйлдэхгүй” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

-Шүүгдэгч М.Ц- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.  (хавтаст хэргийн 114 дэх тал),  

-Шүүгдэгч М.Ц-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэргийн хохирол, хор уршигт нийтдээ 14.185.037 төгрөг төлсөн нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Ц- нь хувийн байдлын хувьд .... онд төрсөн, ... настай, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Увс аймгийн ............ сумын ........... багт мал маллаж амьдардаг, өрхийн амьжиргааны түвшин 409-ээс дээш оноотой, тэрээр урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хувийн байдал тогтоогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.

Түүнчлэн шүүгдэгч М.Ц-ын хувийн зан байдлын талаар хавтаст хэргийн 74-78 дахь талд авагдсан гэрч Х.О, М.С нарын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг М.Ц-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх үндэслэлтэй байна.

6. Иймд шүүгдэгч М.Ц-ын гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, бусад хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч М.Б-т болон эрүүл мэндийн даатгалын санд нийт 14.185.037 төгрөг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч М.Ц- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт М-гийн Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногт сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол, хор уршиг байхгүй, гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч М.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд заасан журмын дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БОЛОРМАА