| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2024/0121/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/120 |
| Огноо | 2024-06-11 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Д.Б,
Шүүгдэгч: П.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн З овогт П-гийн М-ад холбогдох эрүүгийн 2435000000... дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ................................ өдөр Увс аймгийн .................. суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн .................. сумын .......................... оршин суух хаягтай, урьд Увс аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан, З овогт П-гийн М-, (регистрийн дугаар: ..................................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.М- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн .................. сумын 4 дүгээр багийн нутагт согтуугаар “Мустанг-5” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.М- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн .................. сумын 4 дүгээр багийн нутагт согтуугаар “Мустанг-5” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг харилцаа холбооны хэрэгслээр хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал);
2. “Согтуурал шалгах драгер 6820 загварын ARLD-0639 багажаар шалгахад 3.33% согтолтой байсан” гэх эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, согтуурал шалгасан гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-5 дахь тал);
3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 13-17 дахь тал);
4. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ЗШ/199 дугаартай “Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д зааснаар холбогдогч П.М-ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан” гэх шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 10-12 дахь тал);
5. Гэрч С.П-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Увс аймгийн Өндөрхангай сум дахь цагдаагийн хэсгийн жолооч, цагдаагийн дэд ахлагч А-ийн хамт 2024 оны 05 дугаар сарын 06-ны орой 22 цагаас Өндөрхангай сум дахь цагдаагийн хэсгийн жолооч, цагдаагийн дэд ахлагч А-ийн хамт албаны тээврийн хэрэгсэлтэй тус сумын 4 дүгээр багийн нутаг буюу сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 00 цаг 30 минутын үед 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдрийн шилжих шөнө тус сумын 4 дүгээр багийн нутаг арын гэр хорооллын замд хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэх хугацаанд улбар шар өнгийн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг эрэгтэй хүн жолоодож явсан ба тухайн тээврийн хэрэгслийг зогсоон шалгаж тухайн жолоочоос жолооны үнэмлэх болон тээврийн хэрэгслийн гэрчилгээг шалгуулах шаардлага тавихад тухайн жолооч надад хандаж жолооны үнэмлэх болон тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй байна гэсэн тул би тухайн жолоочоос регистрийн дугаар асууж албаны цахим төхөөрөмжид регистрийн дугаар хийж шалгахад В,С, СЕ, D ангиллын №196745 дугаартай жолооны үнэмлэхтэй П- овогтой М- /........................./ гэх хүн байсан ба тухайн жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул түүнийг цагдаагийн хэсэг дээр аваачин согтуурал шалгах драгер багаж үлээлгэн шалгахад 3.33%-ийн согтолттой гарсан. Тэгээд ар гэр асран хамгаалагчид хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал);
6. Гэрч Д.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2024 оны 05 дугаар сарын 06-ны орой 22 цагийн орчим .................. сумын 4 дүгээр багийн 810 тоотод байх манай эхнэр О-ийн төрсөн дүү Б.М-ын гэрт өөрийн эзэмшлийн Хюндай портер маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй банз буулгаж өгөх ажлаар явж очиход тэдний гэрт эхнэр О байсан. Тэгээд би тэдний хашаанд машинаа оруулаад ачиж ирсэн банзаа буулгаж дуусаад хүргэн дүү М-ын гэрт ороод хоол цай уугаад сууж байтал манай эхнэрийн дүү Б.М- хажуудаа манай сумын иргэн П.М- буюу У хоёр хамт орж ирээд манай эхнэрийн дүү Б.М- нь өөрөө авч ирсэн 1 шилтэй 0.75 литрийн Хараа нэртэй архи задалж түүнийг нь манай хүргэн дүү М- хажууд нь цуг орж ирсэн П.М- бид 3 хувааж ууж дуусаад дахин ганц шил авч ирнэ гэхээр нь би гэртээ харьж амарлаа гэж хэлээд тэдний гэрээс гарч хашаан дотор байсан Хюндай портер маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг асаагаад явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал);
7. Гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... Би 2024 оны 05 дугаар сарын 06-ны орой 22 цагийн орчим .................. сумын ................ тоотод байх гэртээ байж байтал манай хүргэн ах болох Д.М нь портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож манай хашаанд банз авч ирж буулгачхаад манай гэрт орж ирээд хоол цай уугаад сууж байтал манай нөхөр Б.М- манай сумын П.М- буюу У гэх залуутай гэрт 1 шилтэй 0.75 литрийн Хараа нэртэй архи авчихсан орж ирээд Д.М ахад задалсан. Тэгээд тухайн архийг манай нөхөр, Д.М ах мөн манай нөхөртэй цуг манайд орж ирсэн П.М- нар хувааж уугаад сууж байсан. Би гэрээс гараад манай хажуу талд байдаг төрсөн ээж Б-ын гэрт ороод байж байтал манай хашааны дотор байсан Д.М ахын машин асаад хашаанаас гараад явсан. Тэгээд удалгүй байж байтал манай нөхөр Б.М- намайг дуудаад Д.М ахыг цагдаа нар зогсоочихлоо гэж хэлэхээр нь би гэрээс гараад харахад цагдаа нар Д.М ахыг машинд суулгаж аваад явсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал);
8. Гэрч Ж.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... Би 2024 оны 05 дугаар сарын 06-ны орой 17 цагийн орчим .................. сумын 3 дугаар багийн нутаг Яргайт гэх газраас С гэх хүнтэй цуг З гэх айлаас очиж шөлний хонь авах ажилтай явж байтал миний машин халаад асахгүй зогсож байсан. Тэр үед замд манай сумын иргэн П.М- нь үхэр хайж яваад сумын төв рүү буцаж байна гээд хээр таарч уулзаад хоёр ах ямар ажилтай яваа юм гэж хэлээд 100 грамм байна уу гэж бид хоёроос асуухад С урд нь жаахан архи уусан байсан тул айлд хүргэж өгөх гэж байсан 0.5 граммтай Хараа нэртэй архи задалсан, тухайн архийг Самданжамц, П.М- хоёр хувааж уусан. Харин би машин тэрэг муутай зам муу байгаа болохоор хоёр удаа амсаад өнгөрөөсөн. П.М- С-ын задалсан архийг ууж дуусаад П.М- өөрийн мотоциклио унаж сумын төв явсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал);
9. Шүүгдэгч П.М-ын өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч П.М- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хууль зүйн дүгнэлт:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ зүйлд заасан "согтуурсан" гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,
-"Тээврийн хэрэгслийн жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно гэж,
-"Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн" гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тус тус заажээ.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч П.М- нь урьд 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар “Мустанг-5 маркийн мотоцикль жолоодсон гэх зөрчилд холбогдож, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ЗШ/199 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн" гэж үзнэ.
Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 1 дэх хэсгийн 1.3-д “Согтууруулах ундааны зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зориулалтын багаж ашиглаж хувь хэмжээг тодорхойлох, эсхүл шүүх эмчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай эсэхийг зориулалтын тандагч багаж ашиглан тандалт хийж болно” гэж, мөн журмын 2 дахь хэсгийн 2.5-д “...шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%0), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль (%0), илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” тус тус заажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П.М-ыг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн .................. сумын 4 дүгээр багийн нутагт “Мустанг-5” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг “Drager 6820” маркийн, “ARFC-0639” серийн дугаартай, стандартын шаардлага хангасан тандагч багаж ашиглан шалгахад холбогдогч П.М-ын амьсгал дахь спиртийн агууламж 3.33 промиль (%0) байсан нь хавтаст хэргийн 004-005 дахь талд авагдсан гэрэл зургийн үзүүлэлт болон эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр нотлогдож байх тул шүүгдэгч П.М-ыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Иймд шүүгдэгч П.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
3. Шүүгдэгч П.М- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч П.М-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас ямар нэгэн хохирол учирсан эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.М- нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1. Шүүгдэгч П.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч П.М- нь урьд Увс аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан нь түүний мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49 дэх тал) зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-д “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт зааснаас бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд П.М- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж, ял эдэлж дуусгавар болсон нь тогтоогдож байх тул түүнийг дээрх үндэслэлээр хүндрүүлэх үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүгдэгч П.М-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.
3. Шүүгдэгч П.М- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
Прокуророос шүүгдэгч П.М-ын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
4. Түүнчлэн шүүгдэгч П.М- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул П.М-ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.
5. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 10 (арав) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх саналыг гаргаж шүүгдэгч П.М- болон түүний өмгөөлөгч нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
6. Иймд шүүгдэгч П.М-ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 10 (арав) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч П.М-ад тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч П.М- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ердийн журмаар ял оногдуулахыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилээр хасах нэмэгдэл ялыг шүүгдэгч П.М-ад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
7. Шүүгдэгч П.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.М-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт П-гийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 10 (арав) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч П.М-ад тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Шүүгдэгч П.М- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ердийн журмаар ял оногдуулахыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилээр хасах нэмэгдэл ялыг түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхээр тогтоосугай.
6. Шүүгдэгч П.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хор уршиггүй, нотлох баримтаар гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч П.М-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА