Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/122

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн ... овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 2435000000... дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..... оны ... дугаар сарын ... -ны өдөр Увс аймгийн .... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Увс аймгийн ... ....................... ...  ажилтай, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Увс аймгийн .... сумын ... дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .... овогт Б.Б, (Регистрийн дугаар: ................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн ... сумын .. дугаар багийн нутагт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан иргэн Ц.Б-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн .... сумын ... дугаар багийн нутагт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан иргэн Ц.Б-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Увс аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.А-ийн “илтгэх хуудас” (хавтаст хэргийн 1 дэх тал);

2. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 238 дугаартай “...Үзүүлэгч Ц.Б-ийн биед цээжний баруун талын 4 дүгээр хавирга суганы шугамаар зөрөөтэй далд хугарал, баруун бугалга, баруун мөрний үений ар хэсэгт цус хуралт, зүүн хацар, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цээжний баруун талын 4 дүгээр хавирга суганы шугамаар зөрөөтэй далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 3-35 дахь тал);

3. Хохирогч Ц.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... Би 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр сонгуулийн хуралд оролцохоор ... сумын ...-р багт байх өөрийн гэрээс сумын төвд 12 цагийн үед орж ирсэн ба хуралд оролцож дуусаад багын таньдаг найз нөхөд болох Т гэр бүлийн хамт, Б гэх найз гэр бүлийн хамтаар ... сумын төвөөс 3 км зайд байдаг .... гэх газар очиж 2,5 литрийн Сэнгүр нэртэй 3 ширхэг пиво хувааж ууцгаасан. Тухайн ... гэх газрын дээд талд Б.Б гэх манай .............. гэр байдаг ба Б.Б нэг том пивотой ирсэн ба тэрийг хувааж ууж дуусаад Б.Б-ийн гэрт очихоор болцгоож Т, Б бид гурав сумын төв рүү Б-ийн машинтай орж 2,5 литрийн 3 ширхэг пиво авч буцаад Б-гийн гэрийн гадаа ирж машин дотор уусан. Тэгээд эхний нэг том пиво хувааж ууж байхад би нам эвслийн асуудлаар Б.Б-тэй жаахан маргалдсан ба Б.Б миний эхнэр С бид хоёрыг өөр нам юм байна, хоёр намаас мөнгө идэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Б-д уурлаж, ................... хүн байж энэ өвөл цас зудтай байхад малчдаа эргэж ирсэн үү, мөн эхнэр чинь манай багийн эмч хүн бас ирээгүй, та хоёр ч гэсэн нэг гэр бүл шүү гэж хэлж маргалдсан. Тэгээд би гэр лүүгээ харья гэж эхнэртээ хэлээд Б.Б-ийн машинаас ууж байсан пивоо шидээд буухад Б.Б араас бууж ирээд намайг түлхэж унагаан дээрээс нэлээн хэдэн удаа өшиглөхөд манай эхнэр Ц.С намайг Б-ээс салгасан. Тэгээд би эхнэртэйгээ гэр лүүгээ харьсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь тал);

4. Гэрч Ц.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Б бид хэдийг манай гэрт очицгооё гэж хэлсэн ба бид хэд Б.Б-ийн гэрт очиход эхнэр хүүхэд нь унтаж байсан. Сумын төв рүү Б.Б-ийн машинтай орж сумын төвийн дэлгүүрээс архи пиво авах гэхэд дэлгүүр ажиллахгүй байсан. Тэгээд буцаад явж байхад Ж гэх хүн таараад бид хэдэд 2,5 литрийн Сэрүүн нэртэй 1 ширхэг пиво өгснийг бид Б.Б-ийн гэр лүү явах замд уугаад  явж байсан ба пиво талдаа орж байхад Б.Б-ийн гэрийн гадаа ирсэн. Тухайн үед манай нөхөр Ц.Б, Б.Б хоёр хоорондоо сумын төвөөс гарахдаа намтай холбоотой асуудлаар хэрэлдээд байсан ба Б.Б-ийн гэрийн гадаа очиход бас хэрэлдсээр байсан. Тэгээд манай нөхөр Ц.Б, Б.Б-ийн машинаас буугаад машины дугуйг өшиглөхөд Б.Б миний машиныг өшиглөлөө гэж хэлээд манай нөхрийг заамдаж аваад хэд хэдэн удаа цохиж унагааж босож ирэхэд нь дахиад өшиглөж унагаагаад байсан. Тэгээд Т бид хоёр манай нөхөр Ц.Б болон  Б.Б нарыг салгаж би нөхөр Ц.Б-ийг аваад гэртээ харьсан. Тэгээд гэрт очсоны дараа манай нөхөр халуураад толгой, хавирга, гар, хөл хэсгээр өвдөөд байсан учир аймгийн төв рүү орж эмнэлэгт үзүүлсэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал);

5. Гэрч М.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр эхнэр Ш-ийн хамтаар өөрийн 1 тооны тугалтай үхэр хайж явсан ба сумын төвийн дэлгүүр дээр зогсоход Ц.Б эхнэрийн хамт байсан. Бид уулзаж ярилцаж дэлгүүрээс 2,5 литрийн Сэрүүн нэртэй пиво авч хадлангийн талбайн ард очиход Б эхнэрийн хамтаар байсан. Ингээд бид зургаа нийт 2,5 литрийн 3 ширхэг пиво хувааж уугаад дуусаж байхад засаг дарга Б.Б ирээд 2,5 литрийн 1 ширхэг пиво задалсан. Тэр пиво ууж дуусах үеэр  Б.Б хэдүүлээ манай гэрт очицгооё гэж хэлээд тэднийх рүү явцгаасан. Замдаа Б болон  Б, түүний эхнэр бид дөрөв сумын төв орж архи пиво авах гэхэд дэлгүүр ажиллахгүй байсан тул буцаад явж байтал замд Ж гэх хүн таарч, 2 бид хэдэд 1 ширхэг, 2.5 литрийн пиво өгсөн. Тэгээд бид  Б.Б-ийн машинд тэр пивоо задалж уунгаа Б-ийн гэр лүү явж байтал  Ц.Б, Б.Б хоёр хоорондоо нам эвсэл болон сумын багийн асуудлаар маргалдаад байсан. Тэгээд Б.Б-ийн гэрийн гадаа очиход тэр хоёр машинаасаа бууж хоорондоо барьцалдаж маргалдаад байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал);

6. Шүүгдэгч Б.Б-ийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Б-ийн эрүүл мэндэд “Цээжний баруун талын 4 дүгээр хавирга суганы шугамаар зөрөөтэй далд хугарал” бүхий гэмтэл учирсан нь тогтоогдсон ба уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 238 дугаартай дүгнэлтээр нотлогджээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд прокуророос Б.Б-ийн дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 Шүүгдэгч Б.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч Ц.Б нь мөрдөн байцаалтын шатанд “...Б.Б надад эмчилгээний зардал гэж 500.000 төгрөг өгсөн. Иймд нэхэмжлэх хохирол байхгүй, гомдол санал байхгүй” гэх тодорхойлолтыг гаргаж, нотариатаар гэрчлүүлж, нотлох баримтаар ирүүлсэн нь хавтаст хэргийн 60 дахь талд авагджээ.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б-ээс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

   1. Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 57 дахь тал);

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 500.000 (таван зуун мянга) төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

3. Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

Прокуророос шүүгдэгч Б.Б-ийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Б.Б-д танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Иймд шүүгдэгч Б.Б-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

 4. Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн хор уршигт 500.000 (таван зуун мянга) төгрөг төлснийг дурдаж, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулж, хохирогчид олгох хохирол, хор уршиггүйг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                             Б.БОЛОРМАА