Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/123

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч М.М,

Шүүгдэгч: О.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д-оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн ... овогт О.Х-д холбогдох эрүүгийн 2435000700... дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .......... оны ... дугаар сарын ...-ны өдөр Увс аймгийн ... суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт амьдардаг, Увс аймгийн ... сумын ... дугаар багийн ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ... овогт О. Х, (Регистрийн дугаар: .............................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Х нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн ... сумын ... дугаар багийн нутагт байх ... тоот хашаанд иргэн Ц.О-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа галын дэгээ төмрөөр түүний нуруун тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Х нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн ... сумын ... дугаар багийн нутагт байрлах ... тоот хашаанд иргэн Ц.О-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа галын дэгээ төмрөөр түүний нуруун тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал);

2. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан баримтууд (хавтаст хэргийн 1-43 дахь тал);

3. Ж.М-ийн эзэмшлийн гал хутгах зориулалт бүхий дэгээ төмрийг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл (хавтаст хэргийн 44-47 дахь тал);

4. Ц.О-ын өвчний түүхийн хуулбарыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 49-50 дахь тал);

5. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 170 дугаартай “...Үзүүлэгч Ц.О-ын биед бүсэлхийн зүүн хажуу, ар хэсэгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Бүсэлхийн зүүн хажуу, ар хэсэгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 62-63 дахь тал);

6. Хохирогч Ц.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай том хүү Ж.М нь 2023 оны 12 дугаар сард тусдаа гарч эхнэр Д.Д-тэй хамт өөрийн гэрээр манай хашаанд амьдрах болсон. Манай хүү Ж.М .. .. ... ажилладаг. 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүү Ж.М нь Ховд аймгаас ирсэн бөгөөд 04 дүгээр сарын 05-ны орой нь буюу 23 цагийн үед хүү М манай гэрт орж ирээд эхнэр Д-ийн бие өвдлөө, гэр лүү ороод ирээч гэхээр нь дагаад ороход бэр Д нь архи уучихсан зуухны дээд хэсэгт газарт хэвтээд ёолоод байхаар нь 103-д дуудлага өгсний дараа эмч ирж үзэж тайвшруулах тариа хийчхээд явсан.Гэтэл Д нь өөрийн гар утсаараа эгч Х, ээж О нартай холбогдож намайг ирж аваарай, эд нар алж байна гэж хэлсэн. Удалгүй бэрийн төрсөн эгч Х, ээж О нар гэрт нь ирээд Д.Д-ийн хоёр хүүхдэд уурлаж харсаар байж яагаад архи өгдөг юм гэж хэлээд хоёр хүүхдийг өшиглөж унагаахад намайг дагаж орсон бага хүү болох Д нь яаж байгаа талаар асуухад манай хүүхдийг ташихаар нь би яагаад хүүхдүүд цохиод байгаа юм бэ гэхэд О.Х надруу руу уурлаж галын доод хэсэгт байсан галын хайч болох урт төмөр аваад миний нуруун тус газарт нэг удаа цохиход манай бага хүү салгасан. Тухайн үед том хүү М эмчийг машинд суулгахаар гараад явчихсан байсан. О.Х уурлаж энэ хөлдөөгчийг гаргаж хая гэж хэлээд бүгдийг нь бүлнэ гээд хоолны шкафаас хутга хайж байхад манай хүү М орж ирсэн. О.Х нь манай хүүг ташихад М нь О.Х-г түлхсэн. Харин манай худ болох О нь хэн нэгнийг зодож цохисон зүйл байхгүй, Д-д яагаад архи өгсөн бэ гэж байсан. Тэгээд маргааш нь би гэмтлийн эмчид үзүүлсэн, эхо, рентгэнд харуулж шинжилгээнүүдийг нэгдсэн эмнэлэг дээр өгч шинжилгээний хариунуудыг авч шинжээч эмчид үзүүлэхэд хөнгөн гэмтэл учирсан гэж хэлсэн. Эмчийн бичиж өгсний дагуу нийт 20.000 гаруй төгрөгийн эм авсан. Мөн бусад зардалд 30.000 гаруй мянган төгрөгийн зарлага гарсан. Одоо нуруу бага зэргийн өвдөж байгаа боловч ер нь хэвийн байгаа. 04 дүгээр сарын 06-ны өдөр бэрийн эгч Х нь ирж уучлалт гуйж надад 50.000 төгрөг өгсөн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал);

7. Гэрч Д.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр би гэртээ байж байхдаа өөрийн нөхөртөө уурласны улмаас болон шүд өвдөж байсан тул гэрт байсан архийг авч уусан. Гэтэл нөхөр унтаж байгаад босож ирээд архи уулаа гэж надад уурлаж намайг алгадаж бага зэргийн цус гарсан. Нөхөр гэрээс гарч яваад хадам ээжийг дуудаж ирээд эмнэлэгт дуудлага өгсөн. Түүний дараа би өөрийн эгч О.Х рүү утсаар ярьж манай нөхөр намайг архи уулаа гэж уурлаж цохисон гэж хэлсэн. Удалгүй манай ээж О, эгч Х нар ирээд хадам ээжтэй маргалдаж, эгч Х нь галын хайчаар нэг удаа хадам ээжийг цохисон. Бусдаар өөр хүмүүсийг цохисон зүйл байхгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал);

8. Гэрч Ж.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр оройхон гэртээ эхнэрийн хамт байж байгаад унтаад босож ирэхэд манай эхнэр ганцаараа гэрт байсан архи уугаад согтчихсон байхаар нь би босож ирээд яагаад архи ууж байгаа юм гэж хэлээд алгадсан. Манай ээж нэг хашаанд байдаг тул орж дуудахад ээж намайг дагаж гэрт орж ирэхэд манай эхнэрийн бие өвдсөн байдалтай байхаар 103 дуудаж үзүүлэхэд хэвийн байна гэж хэлсэн. Тэр үед Д.Д нь өөрийн төрсөн эгч рүү яриад дуудсан байсан бөгөөд би тухайн яаралтай тусламжийн эмчийг хашаанаас гаргаж машинд нь хүргэж байх үеэр манай хадам эгч Х, хадам ээж О нар ирээд хадам эгч Х нь манай ээж О-г галын хайч болох дэгээ төмрөөр бөөрөн тус газарт цохичхоод маргалдаж байхад нь би орж салгахад нэг нь цагдаад дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дахь тал);

9. Шүүгдэгч О.Х-ийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 80 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч О.Х-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.О-ын эрүүл мэндэд “бүсэлхийн зүүн хажуу, ар хэсэгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтлүүд учирсан нь тогтоогдсон ба уг гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 170 дугаартай дүгнэлтээр нотлогджээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч О.Х нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд прокуророос О.Х-ийн дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч О.Х-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Шүүгдэгч О.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 Шүүгдэгч О.Х-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч Ц.О нь мөрдөн байцаалтын шатанд “...намайг цохисон О.Х нь миний хохирлыг барагдуулсан учраас гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. ....  тоот дансаар 250.000 төгрөг авсан” гэх тодорхойлолтыг гаргаж, нотариатаар гэрчлүүлж, нотлох баримтаар ирүүлсэн нь хавтаст хэргийн 100 дахь талд авагджээ.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Х-ээс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

   1. Шүүгдэгч О.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч О.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 250.000 (хоёр зуун тавин мянга) төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

3. Шүүгдэгч О.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

Прокуророос шүүгдэгч О.Х-ийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч О.Х болон түүний өмгөөлөгч нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Иймд шүүгдэгч О.Х-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч О.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн галын хайч буюу дэгээ төмөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт О.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

 4. Шүүгдэгч О.Х нь гэмт хэргийн хор уршигт 250.000 (хоёр зуун тавин мянга)-н төгрөг төлснийг дурдаж, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулж, хохирогчид олгох хохирол, хор уршиггүйг дурдсугай.

5. Шүүгдэгч О.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн гал хутгах зориулалт бүхий дэгээ төмөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Шүүгдэгч О.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                             Б.БОЛОРМАА