| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2024/0130/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/127 |
| Огноо | 2024-06-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/127
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ө.Н,
Шүүгдэгч: Ц.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Ц овогт Ц-гийн Ж-д холбогдох эрүүгийн 2435000000... дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...................................... өдөр Увс аймгийн ........... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс баяд, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., эхнэр, ... хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн ........... сумын ........ багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц овогт Ц-гийн Ж-, (регистрийн дугаар: .....................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Ж- нь 2019 оны 10 дугаар сарын сүүлээр Увс аймгийн ....................... сумын 1 дүгээр багийн нутаг Шар харганы далан гэх нэртэй газраас иргэн Я.О-ын эзэмшлийн Мустанг-5 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, иргэн Я.О-т 1.540.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Ж- нь 2019 оны 10 дугаар сарын сүүлээр Увс аймгийн ....................... сумын 1 дүгээр багийн нутаг Шар харганы далан гэх нэртэй газраас иргэн Я.О-ын эзэмшлийн Мустанг-5 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, иргэн Я.О-т 1.540.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Увс аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Т-ийн “илтгэх хуудас” (хавтаст хэргийн 1 дэх тал);
2. Хохирогч Я.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ... Миний бие 2019 оны 10 дугаар сард ....................... сумын 1-р багийн нутаг Дэрс гэх газар намаржиж байсан. Дүү М-тай малаа нийлүүлж сувай, үржлээр нь ялган авч тусдаа хариулдаг байсан. М- тухайн малуудыг хоёр тусдаа ялгаж хариулдаг болохоор тэр жил буюу 2019 оны 07 сард худалдаж авсан цэнхэр өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг М-т мал хариулахдаа унаж хэрэглэж бай гэж түр өгсөн байсан юм. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын сүүлчээр тухайн мотоциклийг намаржааны хойно барвааны араа нь эвдрээд тавьсан байсныг хулгай аваад явсан байна гэж хэлсэн. Тэгээд тухайн мотоциклийг хайх зав гараагүй, мөн цагдаад ч мэдэгдээгүй юм. Тэгээд дараа жил нь буюу 2020 оны 04 сард ар давж ирээд тухайн алдсан мотоциклын сургийг нь гаргаад ........... сумын иргэн Ж- гэгч хулгайлсан гэдгийг мэдээд очиж тухайн иргэнтэй уулзахад “мотоциклийг би аваад явсан юм, төлөөд өгье цагдаа шүүхээр битгий яваач” гэж гуйгаад 2.500.000 төгрөг өгсөн. Тэгээд миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Тухайн миний мотоциклийг Ж- гэгч сэлбэж, моторыг нь аваад өөрийнхөө мотоциклдоо тавьсан гэж байсан юм. Миний алдсан мотоцикль нь 2019 онд үйлдвэрлэсэн, хайрцагтай нь 2.300.000 төгрөгөөр худалдаж авч байсан шинэ мотоцикл байсан юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 3-5 дахь тал);
3. Гэрч Ш.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Миний бие Увс аймгийн ....................... сумын 1-р багийн нутагт мал маллаж амьдардаг бөгөөд хавар, намрын үед Үзүүрийн булаг гэх газар ойрхон бууж малаа хариулдаг юм. Тэр жил буюу 2019 оны 10 сарын сүүлчээр ах О-ын эзэмшлийн мустанг-5 маркийн цэнхэр өнгийн мотоциклоор өөрийнхөө болон ахын малыг нийлүүлж хариулдаг байсан ба өдрийн сайн санахгүй байна, 10-р сарын сүүлчээр айлууд нүүдэл хийж байсан үе байсан. Өдөр нь мотоциклоор мал хариулж яваад барвааны араа нь хий эргээд байхаар нь түрж авчраад ....................... сумын 1-р баг Шар харганы далан гэх нэртэй газарт намаржааны бууцын хойд талд тавьсан ба гэрт ойрхон байсан. Тэгээд гэрээ 7-8 км зайд байрлах өвөлжөө рүү зөөж буулгаад 2-3 хоногийн дараа сумын төвөөс сэлбэгийг нь захиж авхуулаад намаржааныхаа хажууд иртэл ахын мотоциклийг хулгайлаад аваад явсан байсан. Ойр орчим явган хүн явсан гутлын мөр байсан юм. Тэгээд Я.О- ах бид хоёр тэр хавийн айлуудаас асуугаад олоогүй. Мөн манай намаржааны орчим ........... сумын .................... багийн цөөхөн айлууд байдаг байсан. Тэгээд Я.О- ах 2020 оны хавар ар луу давж ирээд 04 сарын үеэр мотоциклийг нь хулгайлсан хүнийг олоод, төлүүлж шинэ мотоцикль авхуулсан гэсэн. ........... сумын иргэн Жаргаа буюу Ж- гэх иргэн хулгайлж авсан байна гэж надад хэлж байсан. Мөн урд намар нь буюу 2019 оны 10-р сард манай намаржаатай ойр байсан айл байсан байна лээ. Я.О- ахын алдсан гэх мотоцикль нь 2019 оны 07 сард шинээр нь, хайрцагтай мотоцикль худалдаж аваад угсарсан мотоцикль юм. 3 сар явсан шинэ мотоцикль байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь тал);
4. Гэрч С.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ... Би 2019 оны 12 сарын мал тооллогоор Даланхуруу багийн айлуудаар мал тоолоод явж байхдаа Я.О-ын гэрт ороход О- намайг дуудаж уулзаад намаржааны тэнд тавьсан мотоциклио хулгайд алдлаа, нэг нь аваад явсан юм шиг байна, хавартаа ар давахаар сураг нь сонсогдох байлгүй гэж хэлж байсан. Тухайн үед цэнхэр өнгийн, шинээр авсан мустанг-5 маркийн мотоцикл гэж хэлж байсан. Гаалийн бичиг баримт нь байгаа юм уу гэхэд гаалийн бичгийг нь худалдаж авахдаа шатаагаад хаясан гэж хэлж байсан юм. Тэгээд 2020 оны 06 сард Я.О-тай тааралдахдаа өнгөрсөн намар алдсан мотоциклоо олж авсан, хүн аваад явсан байна. Төлж өгөхөөр болсон гэж хэлж байсан. Тухайн үед чухам ямар хүн мотоциклийг хулгайлж авч явсныг хэлээгүй ба саяхан буюу 2024 оны 04 сард ........... сумын Ж- гэдэг хүн авч явсан байна лээ. Сүүлд төлүүлж авлаа гэж хэлж байсан. Өөрөөр надад мэдэх зүйл байхгүй. Яаж хулгайлж, хэнээс сонсож олж авсан талаар хэлээгүй ба эвдрээд хаяад маргааш нь очиж авах хооронд аваад явсан байна лээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал);
5. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 120 дугаартай “...2019 оны 10-р сарын байдлаар Увс аймгийн ....................... суманд Мустанг-5 загварын мотоциклийн зах зээлийн үнэлгээг 1.540.000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 15 дахь тал);
6. Шүүгдэгч Ц.Ж-ы өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Ж- болон түүний өмгөөлөгч Ө.Н нар нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хууль зүйн дүгнэлт:
1. Шүүгдэгч Ц.Ж- нь 2019 оны 10 дугаар сарын сүүлээр Увс аймгийн ....................... сумын 1 дүгээр багийн нутаг Шар харганы далан нэртэй газраас иргэн Я.О-ын эзэмшлийн Мустанг-5 загварын мотоциклийг хулгайлан авч, хохирогчид Я.О-т 1.540.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
3. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулсан буюу захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үйлдлийг ойлгодог.
4. Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар халдаж, хохирол, хор уршиг учруулсныг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тогтоожээ.
5. Шүүгдэгч Ц.Ж- нь ....................... сумын 1 дүгээр багийн нутаг Шар харганы далан нэртэй газарт намаржааны бууцын хойд талд тавьсан байсан иргэн Я.О-ын эзэмшлийн 1.540.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, улмаар уг мотоциклийн эд ангийг өөр мотоцикльтой сэлбэж, захиран зарцуулсан нь тогтоогдсон бөгөөд тэрээр өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.Ж-ы дээрх хууль бус үйлдэл, хохирогч Я.О-т учирсан 1.540.000 төгрөгийн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Ц.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
6. Шүүгдэгч Ц.Ж- болон түүний өмгөөлөгч Ө.Н нар гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.
7. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай
Шүүгдэгч Ц.Ж-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Я.О-ын эд хөрөнгөд 1.540.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч Я.О- нь мөрдөн байцаалтын шатанд “...надад учирсан хохирол болох 2.300.000 төгрөгийг Ц.Ж- бүрэн төлж барагдуулсан тул ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тодорхойлолтыг гаргаж, нотариатаар гэрчлүүлж, ирүүлсэн нь хавтаст хэргийн 54 дэх талд авагдсан тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Ж-аас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Ц.Ж- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ц.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.300.000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Ж- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 40 дэх тал);
3. Шүүгдэгч Ц.Ж- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
4. Прокуророос шүүгдэгч Ц.Ж- болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
5. Түүнчлэн шүүгдэгч Ц.Ж- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Ц.Ж-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.
6. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж-д хорих ял оногдуулахгүйгээр 7 (долоо) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Ж-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж-аас гэмт хэрэг үйлдэж, хууль бусаар олсон орлого 1.540.000 төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх саналыг гаргаж, шүүгдэгч Ц.Ж-, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзлээ.
7. Иймд шүүгдэгч Ц.Ж-ы эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 7 (долоо) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Ж-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж-ы хувьд ногдох хөрөнгөөс гэмт хэрэг үйлдэж, хууль бусаар олсон орлого болох 1.540.000 төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
8. Шүүгдэгч Ц.Ж-д оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан энэхүү шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж-д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж шийдвэрлэв.
9. Шүүгдэгч Ц.Ж- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Ц-гийн Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж-д хорих ял оногдуулахгүйгээр 7 (долоо) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Ж-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Ж- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ердийн журмаар ял оногдуулахыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж-ы хувьд ногдох эд хөрөнгөөс гэмт хэрэг үйлдэж, хууль бусаар олсон орлого 1.540.000 (нэг сая таван зуун дөчин мянга) төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Энэ шийтгэх тогтоолоор Ц.Ж-аас гаргуулах гэмт хэргийн хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч Ц.Ж- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА