Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/129

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,

Шүүгдэгч: К.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д-оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн ... овогт К.Г-д холбогдох эрүүгийн 2435000000... дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр Увс аймгийн ........... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ........, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Увс аймгийн ... сумын ... дугаар баг ... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ... овогт К.Г, (Регистрийн дугаар: ...................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч К.Г нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн ... сумын ... дүгээр багийн нутагт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан иргэн П.Л-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний хүзүүн тус газарт хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч К.Г нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн ............сумын ... дүгээр багийн нутагт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан иргэн П.Л-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний хүзүүн тус газарт хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал);

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-9 дэх тал);

3. “К.Г-ийн согтуурал шалгахад 1.92%-ийн согтолттой байсан” гэх эрх бүхий албан тушаалтны согтуурал шалгасан магадалгаа, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15 дахь тал);

4. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 249 дугаартай “...Үзүүлэгч П.Л-ийн биед хүзүүний зүүн доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Хүзүүний зүүн доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц, ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой... Хүзүүний зүүн доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 60-61 дэх тал);

5. Хохирогч П.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2024 оны 05 дугаар сарын 09-ний өглөө10 цагийн үед миний найз К.Г нь манай гэрт ирсэн бөгөөд тухайн үед бид хоёр К.Г-ийн мотоцикльтой айл руу гэрийн унь хийх мод хүргэж өгөхөөр яваад тухайн айлдаа мод хүргэж өгчхөөд К.Г замдаа айлд үлдсэн. Би тухайн үед хүний машин янзлахаар явж байгаад эргээд 15 цагийн үед би К.Г-ийн үлдсэн айлд иртэл К.Г байсан, тухайн үед К.Г бид хоёр зүс таних Г гэх айлд очсон юм. Тэгээд тухайн Г, К.Г бид гурав 0.5 литрийн Ерөөл гэх архийг хувааж уугаад сууж байтал К.Г нь надтай хэрүүл, маргаан хийгээд байхаар нь би гэрээс гар гээд хальт түлхсэн. Тухайн үед К.Г гэрийн хаалгаар хальт гараад эргэхдээ тухайн айлын хоолны тавиур дээр байсан бор өнгийн иштэй хутгыг авч, миний хүзүү хэсэг рүү шаасан юм. Тэгээд би эргэж хартал миний хүзүүнээс нэлээн цус гарахад би хүзүүгээ орны даавуу болон 00-ын цаасаар дарж өөрийн эхнэр Ц.О-ийг дуудсан ба манай эхнэр ирээд цагдаа дуудсан юм. ...Миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учирсан зүйл байхгүй, би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал);

6. Гэрч Ч.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн үед манай гэрт миний найзууд болох П.Л, К.Г нар нилээн согтуу 0.33 литрийн савлагаатай 1 шил архи авч ирсэн бөгөөд би тухайн үед К.Г, П.Л хоёрт хоол хийж өгөөд хальт унтчихсан байсан. Гэнэт хүмүүс орилолдоод байхаар нь сэртэл К.Г, П.Л нар хоорондоо хэрэлдэж байсан ба барьцалдаж аваад гэрээс гараад явсан юм. Гэтэл К.Г нь гэрээс гарах үедээ тогооны тавиур дээр байсан хутгыг аваад П.Л-ийн шилэн хүзүү хэсэг рүү хальт хатгах шиг болсон. Тэгтэл П.Л орилж намайг хутгалчихлаа гэж хэлсэн ба тухайн үед П.Л-ийн хүзүүнээс нэлээн их цус гарч П.Л өөрийн эхнэрийг дуудсан. Эхнэр нь ирээд цагдаа дуудсан юм..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал);

7. Гэрч Ц.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр миний нөхөр П.Л нь манай гэр бүлийн найз болох К.Г-ийн хамт мод янзалж байгаад 11 цагийн үед гэрээс гараад явсан бөгөөд тухайн үед ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй, айлд гэрийн мод хүргэж өгөхөөр гарсан юм. Тэгтэл 17 цагийн үед миний нөхөр П.Л над руу залгаж К.Г намайг хутгалчихлаа, цагдаа дуудаарай гэхээр нь би түүнийг хаана байгааг нь асуусан. Тухайн үед би нөхөр П.Л-г хэр гэмтсэнийг харж байж цагдаа дуудъя гэж бодоод очсон юм. Тэгээд би тухайн айлд очиход нөхөр П.Л галын урд талд хүзүүгээ дараад сууж байсан ба эргэн тойронд нь цустай цааснууд байсан. Тэгээд би юу болсон гэж дахиж лавлан асууж байтал К.Г хутгалчихлаа гэж хэлсэн бөгөөд тухайн үед уг гэрийн эзэн гэх хүн К.Г наад хоёр чинь муудалцаад К.Г хутгалсан гэж хэлсэн тул би цагдаа дуудсан юм..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дэх тал);

8. Шүүгдэгч К.Г-ийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч К.Г-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Л-ийн эрүүл мэндэд “хүзүүний зүүн доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий гэмтэл учирсан нь тогтоогдсон ба уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 249 дугаартай дүгнэлтээр нотлогджээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч К.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд прокуророос К.Г-ийн дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч К.Г-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Шүүгдэгч К.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 Шүүгдэгч К.Г-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Л-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч П.Л нь мөрдөн байцаалтын шатанд “...К.Г надад эмчилгээний зардал гэж 3.000.000 (гурван сая) төгрөг өгсөн. Иймд хохирол, гомдол байхгүй. Энэ хүнд хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх тодорхойлолтыг гаргаж, нотариатаар гэрчлүүлж, нотлох баримтаар ирүүлсэн нь хавтаст хэргийн 85 дахь талд авагджээ.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч К.Г-ээс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

   1. Шүүгдэгч К.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч К.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 74 дэх тал);

Шүүгдэгч К.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 3.000.000 (гурван сая) төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

3. Шүүгдэгч К.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

Прокуророос шүүгдэгч К.Г-ийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Г-д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч К.Г-д танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Иймд шүүгдэгч К.Г-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч К.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч К.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт К.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Г-д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Г нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

 4. Шүүгдэгч К.Г нь гэмт хэргийн хор уршигт 3.000.000 (гурван сая) төгрөг төлснийг дурдаж, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулж, хохирогчид олгох хохирол, хор уршиггүйг дурдсугай.

5. Шүүгдэгч К.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч К.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                             Б.БОЛОРМАА