Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 1779

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01780 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ТБ ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт төлсөн 6 400 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одонтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Б

Хариуцагчийн төлөөлөгч: Ц.Т

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б нь бага насны 2 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор ТБ ХХК-тай такси ажиллуулах тухай гэрээ байгуулах гэсэн боловч хариуцагчийн зүгээс автомашин жолоодсон он хүрэхгүй байна гэх шалтгаанаар гэрээ байгуулаагүй, харин хэн нэгний нэр дээр гэрээ байгуулж болно гэж санал тавьсан. Үүний дагуу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Н.Эрдэнэбилэгийн нэр дээр “Жолоочийн хооронд байгуулсан такси явуулах гэрээ”-г байгуулан урьдчилгаа 1 000 000 төгрөгийг ТБ ХХК-д төлж, Соната-6 маркийн 80-12 УБП улсын дугаартай автомашиныг хүлээн авч таксины чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нэхэмжлэгч М.Б 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өдрийн 25 000 төгрөгөөр тооцож сард 500 000 төгрөг төлж байсан бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийт 5 005 000 төгрөгийг тушаасан. Ингээд нэхэмжлэгч М.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлөх байсан 500 000 төгрөгийг бага хүүхдийнх нь биеийн байдал муудсаны улмаас төлж чадаагүй бөгөөд өөрийн чадах хэмжээгээр 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 295 000 төгрөг, 12 дугаар сарын 15-ны өдөр 100 000 төгрөгийг төлсөн. Гэтэл ТБ ХХК-ийн зүгээс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дутуу мөнгө төллөө, ямар ч шалтгаантай байсан заавал мөнгө тушаах ёстой гээд Соната-6 маркийн 80-12 УБП улсын дугаартай автомашиныг хураан авч өөр хүнтэй гэрээ байгуулан авто машиныг өгсөн. М.Бийн хувьд өдөр тутмын төлбөрийг зарим үед хожимдуулдаг байсан боловч нөхөн төлдөг байсан. Нэхэмжлэгчийн хувьд өөрийн эзэмшиж байсан автомашиныг үндэслэлгүйгээр ТБ ХХК-ийн захиргаанд хураалгасан ба бага насны 2 хүүхэдтэй аргагүй шалтгаантай байсан, тушаагүй мөнгө цөөхөн үлдсэн талаар удаа дараа тайлбарласан боловч өрх толгойлсон эмэгтэй байх нь компанид хамааралгүй гээд хүлээн аваагүй байдаг. Иймд хариуцагч ТБ ХХК-д төлсөн 5 400 000 төгрөг, автомашин хүлээн авах үед урьдчилгаанд төлсөн 1 000 000 төгрөг, нийт 6 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Тэрбиш шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТБ ХХК нь 2002 оноос Улаанбаатар хотод нийтийн тээврийн такси үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа. Урьд нь ТБ ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байсан жолооч Н.Эрдэнэбилэг өөрийн биеэр М.Бийг дагуулж ирж, гэрээ байгуулах ажиллуулах санал тавьсан. Манай компаниас тавьж байгаа шаардлага бол юуны өмнө тухайн хүн 2 жил тээврийн хэрэгсэл жолоодсон байх шаардлагатай тул М.Бийн хугацаа хүрэхгүй байсан. Бид гурван талаасаа ярилцаад Н.Эрдэнэбилэгтэй такси ажиллуулах тухай гэрээ хийж, Соната-6 маркийн 80-12 УБП улсын дугаартай машиныг хүлээлгэж өгсөн. Н.Эрдэнэбилэг нь өөрийн хамаатан М.Бт уг машиныг өгч, цаашид эзэмшиж, орлого тушааж хувьд гаргана гэсэн. Манай компанийн гэрээний нэг үндсэн нөхцөл бол өдрийн орлого 30 000 төгрөг байдаг боловч М.Бийн амьдрал байдлыг нь ойлгосоны үндсэн дээр өдрийн орлогыг 25 000 төгрөг болгон буруулж, тушааж байхыг зөвшөөрсөн. М.Б нь гэрээгээ зөрчин орлогоо байнга дутуу тушаан, заримдаа бүтэн сараар ч төлбөр хийхгүй, машин хураагдах өдрийг хүртэл, ажлын 256 хоногт, гэрээний өдрийн орлого 30 000 төгрөгөөр тооцоход 2 280 000 төгрөг дутуу тушааж 76 хоногийн төлбөр хийгээгүй, бидний харилцан тохиролцсоноор өдрийн орлого 25 000 төгрөгөөр тооцоход 40 хоногийн төлбөр 1 000 000 төгрөг дутуу тушаасан. М.Б утсаа авахгүй, ирж уулзахгүй, удаа дараа хойноос нь хөөцөлдөж эрэн сурвалжлуулах болсон. Бүх жолооч нарын нэгдсэн хурлыг сондгой cap бүрт (2 сард 1 удаа) хийдэг бөгөөд, 2017 оны 04 дүгээр сарын 01, 05 дугаар сарын 27, 09 дүгээр сарын 20-ны өдрийн хурлыг нийт 3 удаа тасалсан. Манай компани Нийслэл хот доторхи такси үйлчилгээний зөвшөөрөлтэй учраас хот хооронд үйлчилгээнд явахыг эрс хориглодог. Гэтэл М.Б Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатарын чиглэлд нууцаар тогтмол байнга явж байсан. Компаниас удаа дараа явахыг хориглож өөрт нь байнга анхааруулсаар байхад үл тоомсорлон, талдаа 680 км, нийт 1360 км-н алсын замд дур мэдэн яваад байсан.

Н.Эрдэнэбилэг өөрөө хүсэлт гаргаж М.Б нь үгэнд орохгүй байна, би өөрөө ч олж чадахгүй, цаашид хойноос нь хөөцөлдөж хариуцаж чадахгүй гэсэн тул гэрээ цуцалж, машинаа цаашид буцааж өгөх хүсэлт өөрөө гаргасан тул Такси ажиллуулах тухай гэрээний 2.6, 2.7, 2.8, 4.6 заалтуудыг үндэслэн, мөн гэрээт жолооч Н.Эрдэнэбилэг өөрөө машинаа буцаах хүсэлт гаргасан тул гэрээг цуцалсан. Компанийн хувьд гэрээг цуцалж, М.Бээс автомашиныг буцаан аваад М.Бийн компанитай байгуулсан гэрээний хэрэгжилт буюу 5 400 000 төгрөгийг орлого тушаасан байдлыг харгалзан уг төлбөрийг хасаж тооцон Х.Ганзориг гэдэг хүнтэй 260 хоногийн хугацаатайгаар гэрээг дахин байгуулсан гэжээ. 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие ТБ ХХК-тай гэрээ байгуулан автомашин хүлээн авч өдөр тутам 30 000 төгрөгийн орлого тушааж, тохиролцсон хугацаа дуусахад уг автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар тохиролцсон. Гэтэл манай хүргэн ахын дүү М.Б надтай адил автомашинтай болох хүсэлтэй байсан тул миний бие түүнийг Ц.Тэрбиш захиралтай уулзуулахад М.Б жолооч болоод 2 жил болоогүй тул гэрээ байгуулах, автомашин өгөх боломжгүй гэсэн ч тал талаас ярьж тохиролцон М.Бийн өмнөөс би гэрээ байгуулж, автомашиныг М.Бт эзэмшүүлсэн. Мөн өдрийн орлого 25 000 төгрөг байхаар тохиролцсон. Гэтэл М.Б өдрийн орлогоо төлөхгүй хугацаа хэтрүүлдэг, хот хоорондын тээвэр хийдэг асуудал ихээр гарч улмаар надаас М.Бийг байнга асуудаг, олж ирэхийг даалгадаг болсон тул би өөрөө компанид хүсэлтээ гаргаж, автомашинаа буцаан өгсөн гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.3, 205.5 дахь хэсэгт заасныг баримтлан, ТБ ХХК-иас 6 400 000 төгрөг гаргуулах тухай М.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч М.Бийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117 350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одонтуяа давж заалдах гомдолдоо: “...2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр "Жолоочийн хооронд байгуулсан такси явуулах гэрээ"-г гуравдагч этгээд Н.Эрдэнэбилэг, "Тэбэ сервис" ХХК нарын хооронд байгуулагдсан боловч бодит байдалд М.Б, "Тэбэ сервис" ХХК-ийн хооронд гэрээ хийгдсэн тал дээр хэргийн оролцогчдийн зүгээс маргадаггүй. 

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагчид урьдчилгаа 1 000 000 төгрөгийг төлж Соната-6 маркийн 80-12 УБП улсын дугаартай автомашиныг хүлээн авч таксины чиглэлийн үйл ажиллагааг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өдрийн 25 000 төгрөгөөр тооцож сард 500 000 төгрөг төлж байсан бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийт 5 005 000 төгрөгийг тушаасан байдаг. Ингээд нэхэмжлэгч М.Б ар гэрийн гачигдалтай байдлын улмаас 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлөх байсан 500 000 төгрөгийг төлж чадаагүй боловч нөхөж 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 295 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 100 000 төгрөгийг төлсөн. Гэтэл хариуцагч "Тэбэ сервис" ХХК-ийн зүгээс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Соната-6 маркийн 80-12 УБП улсын дугаартай автомашиныг хураан авч өөр хүнтэй гэрээ байгуулж өгсөн нь худалдагч буюу "Тэбэ сервис" ХХК гэрээнээс татгалзсан байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Хариуцагч "Тэбэ сервис" ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээнээс татгалзсан байх тул Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар худалдагч гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Иймд М.Бийн төлсөн 6 400 000 төгрөгийг хариуцагч "Тэбэ сервис" ХХК-иас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч ТБ ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 6 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь буруу болжээ.

Хэрэгт ТБ ХХК, Н.Эрдэнэбилэг нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр такси ажиллуулах тухай гэсэн нэртэй гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ТБ ХХК нь “Соната-6” маркийн 80-12 УБП улсын дугаартай автомашиныг Н.Эрдэнэбилэгийн эзэмшилд шилжүүлэх, Н.Эрдэнэбилэг 7 хоногийн ажлын 5 өдрөөр тооцож, нийт 440 өдөр, хоног тутам 25 000 төгрөгийн төлбөрийг ТБ ХХК-д төлөхөөр тохиролцсон нь талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл түрээслэгч нь түрээсийн зүйлээс үр шим хүртэх тул уг харилцаа нь түрээсийн гэрээний харилцаанд хамаарна.

Харин Н.Эрдэнэбилэг нь гэрээг дуусгавар болсны дараа автомашиныг өмчлөлдөө шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон нь гэрээ дуусгавар болоход өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой нэмэлт тохиролцоо байх тул уг тохиролцоог үндэслэн талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх нь буруу юм.

Дээрх бичгээр байгуулагдсан гэрээний тал нь нэхэмжлэгч М.Б биш байх бөгөөд М.Б, ТБ ХХК-ийн хооронд амаар гэрээ байгуулагдсан ч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан түрээсийн гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангахгүй байна. Иймд талуудын хоорондын такси ажиллуулах тухай түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Автомашиныг М.Бийн эзэмшлээс нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сард гаргуулан авсан. М.Б нь бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сар хүртэл 256 хоног эзэмшиж, ашиглаж байсан тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ” гэж заасныг үндэслэн тооцвол М.Б 6 400 000 төгрөгийг 256 хоногийг 1 өдрийн 25 000 төгрөгөөр тооцож төлөх үүрэгтэй ба тэрээр 6 400 000 төгрөгийг төлсөн байна. Иймд Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас мөнгөн төлбөр шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтэд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв сонгон хэрэглээгүй тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01780 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “205 дугаар зүйлийн 205.3, 205.5 дахь” гэснийг “493 дугаар зүйлийн 493.6 дахь” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одонтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одонтуяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 350 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                     ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

 

                                                                     Д.ЦОГТСАЙХАН